Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулав. Нэр дэвшигч З. Ганзориг нь 1985 онд Булган аймгийн Булган суманд төржээ. 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Нэр дэвшигч З.Ганзориг нь төрийн албанд 14 жил, шүүгчээр 11 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 3 жил ажилласан болохыг П.Золзаяа дарга танилцуулав.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Сүүлийн үед Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц УИХ-ын хууль тогтоох бодлогын асуудлын агуулга руу орж байгаад шинээр томилогдож байгаа шүүгч анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Манай 143 орноос шүүхийн засаглалын шударга ёсны үзүүлэлтээр 68 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилээс нэг байраар ухарсан. Яагаад байр ухарч байгаа вэ гэдэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөл дүн шинжилгээ хийж байгаа байх. Иргэдийн шүүхэд итгэх итгэл унасан хэвээр байгаа. Жишээлбэл, Н.Алтанхуяг даргатай холбоотой асуудал дээр хэдэн ч удаа цагаадав, хэдэн удаа буцаав, сэргээв. Шууд утгаараа энэ бол улстөржилт. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. Түүний ар дээр шүүх хэргээр барьцаалж улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн үйлдэл гэж олон нийтэд уншигдаж байна. Улс төрөөс ангид байх, шүүх тунгалаг байх дээр яаж ажиллах ёстой гэдэг дээр таны итгэл үнэмшлийг сонсъё.
Нэр дэвшигч З.Ганзориг:
-Хараат бус байдалтай холбоотой хэд хэдэн зохицуулалт Шүүхийн тухай хуульд туссан. Жишээлбэл, шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахад нь хэн нэг этгээд, улстөрч, олон нийтийн зүгээс хууль бус шийдвэр гаргуулахаар нөлөөлсөн тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх боломжтой. Эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд шүүгчтэй уулзсан тохиолдолд энэ талаараа тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Энэ зохицуулалт маш чухал механизм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-АН-ын дарга байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүнийг хэдэн удаа шүүх гэсэн юм. Таван удаа шүүлээ, гуравт нь цагаадлаа, хоёрыг нь дахин шүүлээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд уяж байгаа морь нь гараанаасаа гарч чадахгүй зогчихоод байгаа юм уу. АН-аас өрсөлдөх гэж байгаа хүний хөлийг тушиж байгаа юм уу. Нийгэмд тэгж л харагдаж байна. Эрх барьж байгаа намаас шүүхэд нөлөөлж байгаа нь үнэн шүү дээ. Нэр дэвшигч ээ, ийм байж болдог юм уу. Шүүхийн нийт гаргаж байгаа нийт 400 орчим мянган шийдвэрийн 44.7 хувьд өөрчлөгдсөн байна шүү дээ.
Нэр дэвшигч З.Ганзориг:
-Шүүгч нарын хэрэглэж байгаа хууль нэг. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэглэж байгаа хууль, арга зүй Давж заалдах шатны шүүхээс түүнийг хянаж байгаа хууль тайлбарлаж байгаа араг зүй зөрөх тохиолдол байна. Энэ зөрүүнээс үүдэн өөр шийдэл гаргах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Агуулга нь бол Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах замаар Анхан шатны шүүхийн алдаа зөрчлийг арилгах үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Шүүхээс хэрэг буцаадаг хуулийг 2016 онд алга болгосон. 2017 онд буцаагаад оруулаад ирсэн. 2022 онд алга болгосон. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэрэг буцаах ямар ч зүйл заалт байхгүй. Монгол Улсад тийм хууль байхгүй. Үндсэн хууль дахь гагцхүү хуульд захирагдана гэдэг энэ агуулга байхгүй болсон. Улсын дээд шүүх хүртэл хэрэг буцаагаад сууж байдаг. Гэтэл хууль зөрчөөд байгаа, огт хуульгүйгээр хэргээ шийдэхгүй буцаагаад байдаг .
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Шүүхийг улс төр, аливаа нөлөөнөөс ангид, хараат бус бие даасан байх баталгааг парламент өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Шүүхээс өөрсдөөс нь нэхэхээс гадна. Шүүхэд гишүүд өөрсдөө нөлөөлж байна уу үгүй юу гэвэл бараг өөрсдөө нөлөөлж байгаа юм шиг л бүгд танхимд ярилаа. Тэгэхээр энэ асуултыг өөрөөсөө асуух ёстой.
ШЕЗ-ийн дарга П.Золзаяа:
-Шүүхээс өмнө болж байгаа асуудал. Хуулийн хувьд тодорхой болгох шаардлага байгаа гэж бодож байна. Халдашгүй байдлыг яаж хамгаалах юм, хэрэгт холбогдсон тохиолдолд ямар байгууллага яаж оролцох юм гэх мэт зүйлс тодорхой байх хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Хувийн байж болзошгүй. Гэхдээ шүүхэд ажиллаж байгаад хоёр ч бизнесийн байгууллагад дараалан ажилласан, эндээсээ удалгүй гарчээ. Эргээд есөн жил гаруй анхан шатны шүүхэд ажилласан байна. Нууц биш бол яагаад гэдгээ хэлж болох уу. Сүүлийн үед иргэдэд банк санхүүгийн байгууллага, зарим бизнесийн үйлчилгээний зөвхөн зөвшөөрөх гэдэг гэрээний нөхцөлөөр иргэдэд хэлцэл хйих боломж олгохгүй тулгадаг явдал их байгаа. Нийт хэргийн 20 орчим хувь апплипкэйшний зээл байна гэх тоо байна.
Нэр дэвшигч З.Ганзориг:
-2012 онд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн батлахад Шүүгчийн туслахыг шүүгч болгохгүй гэсэн зарчим байсан. Би хуульчаар сурсных шүүгч болно гсэн зорилготой байсан учраас шүүхээс гарсан. Компанийн хуульчаар ажилласнаар хуулийг хэрэглэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 207 (7949)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn