Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

57 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Элчин сайд та айлчлалын гол үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын урилгаар энэ оны аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 14 жилийн дараа ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг бэхжүүлэх, 2024 онд тогтоосон стратегийн түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэртэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалаар цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтыг тодорхойлсон. Түүнчлэн Холбооны Канцлер Фридрих Мерц Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцож, ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүлсэн. 

Айлчлалын гол зорилго нь улс төрийн харилцан итгэлцэлд тулгуурласан стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, батлан хамгаалах болон бусад салбарын бодит хамтын ажиллагаагаар баяжуулах явдал байсан. Энэ хүрээнд бизнесийн хамтын ажиллагаа, их, дээд сургуулиудын түншлэл, шинжлэх ухааны судалгаа, соёлын харилцааг өргөжүүлэх тодорхой алхмууд хийгдлээ.

Цаашид айлчлалын үр дүнг байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилт, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт болон хоёр улсын иргэдэд хүрэх бодит өгөөжөөр бататгахын төлөө ажиллах нь чухал.

-Та эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийг дурдлаа. Ямар  бодит үр дүнг хүлээж байгаа вэ?

-Энэ удаагийн айлчлалын тэргүүлэх зорилтын нэг нь Монгол, Германы стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв.

Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулсан Монгол, Германы бизнес форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Форумын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлээр нийт зургаан баримт бичиг байгуулсан нь шууд тодорхойлогдох үр дүн юм. 

Тухайлбал, Монголбанк, Германы Холбооны банк хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан, Германы Сэргээн босголтын зээлийн банк болон Монголын “Чингис хаан баялгийн сан нэгдэл” тогтвортой хөгжил, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөгжлийн санхүүжилт, хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Монголын “GR Precast” компани Германы “CBS Home” компанитай хамтран Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон. “Blackbox Energy”, “SmartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт, “Хүнс Комплекс” компани Германы “Poly-clip System”, “Eberhardt” компаниудтай үйлдвэрлэл, технологийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоод байна.

Эдгээр санаачилга нь Германы технологи, санхүүжилт, туршлагыг Монголын эдийн засгийн боломжтой уялдуулах, үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөх боломжийг нээж байгаа юм. Одоо тохиролцоонуудыг бодит төсөл, хөрөнгө оруулалт, ажлын байр, үйлдвэрлэлийн үр дүнд хүргэхийн төлөө Элчин сайдын хувьд бүх хүч, нөөц боломжоо дайчлан ажиллах болно.

-Элчин сайд Та 100 жилийн түүхтэй хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд ямар шинэ боломж нээгдэж байгаа гэж үзэж байна вэ?

-Таны хэлсэнчлэн Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа зуун жилийн түүхтэй. Анх 1926 онд Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй монгол залуус Германд суралцаж эхэлсэн нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Өнөөдөр энэ уламжлал үргэлжилж, Германд 700 гаруй монгол оюутан суралцаж байгаагийн 126 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Саксони муж улсад боловсрол эзэмшиж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд долоон баримт бичиг байгуулсан нь хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо. Энэ хүрээнд багш, судлаач, оюутны солилцоо, хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн ашиглалтын дараах газрын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдсэнд баяртай байна.

Түүнчлэн Берлин хотноо болсон Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгт хоёр улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож, уур амьсгал, тогтвортой хөгжил, инженерчлэл, материал судлал, эрүүл мэнд, археологийн чиглэлээр хамтарсан судалгааны төслүүдийг хэлэлцсэн. Сонгогдсон төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгож, 2027 оны эхний улирлаас 12 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Монголын түүх, соёлыг Герман болон Европт сурталчлахад айлчлал ямар ач холбогдолтой байв?

-Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээсэн нь соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны онцлох үйл явдал болсон.

Үзэсгэлэнд Монголын түүх, нүүдэлчдийн соёл иргэншил, Монголын эзэнт гүрний өвтэй холбоотой археологийн олдвор, судалгааны үр дүнг толилуулж буй. Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа, тэр дундаа Орхоны хөндий, эртний нийслэл Хархорум хотын судалгаа нь хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны чухал хэсэг болдог. 

Тус үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2027 оны дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд Германы төдийгүй Европын олон нийтэд Монголын түүх, соёл, дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг танин мэдэх боломж олгож байгаа нь онцлог юм. Хоёр улсын Төрийн тэргүүн нар музейг нээж үг хэлэх үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хааныг дэлхийн түүхэнд нөлөө бүхий удирдагчдын нэг хэмээн онцолж, Монголын эзэнт гүрэн Ази, Европын түүхэнд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэсэн. Түүнчлэн 1999 оноос эхэлсэн Монгол, Германы археологийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд толилуулж буй нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын түншлэлийн бодит илэрхийлэл гэдгийг онцолсон.

Миний харж буйгаар энэ үзэсгэлэнгийн үнэ цэн нь зөвхөн түүхэн олдворуудыг дэлгэн үзүүлэхэд бус, харин Монголын түүх, өв соёлыг Европын олон нийтэд эх сурвалж, судалгаанд тулгуурлан таниулж байгаа явдал юм.

-Германд ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд чиглэсэн ямар үр дүн гарсан бэ?

-Хоёр улсын харилцааны үр өгөөж иргэдийн өдөр тутмын амьдралд хүрэх ёстой. Энэ хүрээнд Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх болсныг айлчлалын үеэр албан ёсоор зарласан нь чухал шийдвэр юм.

Консулын газар нээгдсэнээр Германд ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах, эрх ашгийг нь хамгаалах, мөн бизнесийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог дэмжих боломж нэмэгдэнэ.

Түүнчлэн хоёр улсын жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын асуудлаар хамтран ажиллах, холбогдох хэлэлцээр байгуулах боломжийг судалж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр зорьж байна. Эдгээр асуудал нь Германд ажиллаж, амьдарч буй иргэдийн амьдралд шууд хамааралтай учраас цаашид анхаарах шаардлагатай.

-Айлчлалын үр дүнг цаашид хэрхэн бодит ажил хэрэг болгох вэ?

-Айлчлалын дараагийн зорилт бол хүрсэн тохиролцоо, байгуулсан баримт бичгүүдийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг бий болгох явдал юм. Үүний тулд хоёр улсын төрийн байгууллага, бизнесийн төлөөлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмол үргэлжлүүлж, ажлын уялдаа холбоог хангах шаардлагатай.

Эдийн засгийн салбарт хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төслүүдийг урагшлуулах, Германы дэвшилтэт технологи, туршлагыг Монголын нөөц боломжтой уялдуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэхэд анхаарна. Сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, аж үйлдвэр, дэд бүтэц, хөгжлийн санхүүжилт нь хамтын ажиллагааны чухал чиглэлүүд юм.

Боловсрол, шинжлэх ухааны сал­барт байгуулсан баримт бичгүүдийн хэ­рэг­жилтийг хангаж, хамтарсан сур­галт, судалгаа, эрдэмтэн, судлаач, оюутны солилцоог өргөжүүлнэ. Мөн Франкфурт дахь Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг эхлүүлэх бэлт­гэлийг хангаж, иргэдийн жолооны үнэм­­лэх, нийгмийн хамгааллын асууд­лаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын хувьд айлчлалын үеэр эхлүүлсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, бизнесийн түншлэл болон иргэд хоорондын харилцааг дэмжиж ажиллана.

Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн төрийн айлчлал Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурийг бэхжүүлсэн өндөр ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 204 (7946)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

57 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

16 цаг 3 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

21 цаг 37 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22