Т.БАТСАЙХАН
УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал болж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал Герман улсаас эхэлсэн бол Фянландад, Беларусь Улсад үргэлжлэв. Улс төрийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Беларусь Улсад Төрийн тэргүүний түвшинд анхны айлчлалаа хийж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол, Беларусийн хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч айлчлалын эхэнд Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм. Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан. Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн. Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан. Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.
Газар олголтыг шалгах түр хороо байгууллаа

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүнээс “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” санал ирүүлснийг Улсын Их Хурлын хэлэлцэн дэмжлээ. Тогтоолын төсөлд УИХ-ын Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр газар ашиглалтын байдалд гарсан алдаа, зөрчил газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол шийдвэр газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тогтоохоор тусгажээ. Мөн Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг Нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-2025 оны шийдвэрүүд, Газрын тухай хуулийн хэрэгжилт газрын газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал, нийтийн эзэмшлийн газар ногоон байгууламж гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийсэн байдал, газар олголтын ил ил тод, мэдээллийн сангийн бодит байдал, одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан, хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргахаар тогтоожээ.Хянан шалгах түр хороог олонхыг төлөөлөн М.Бадамсүрэн, Б.Заяабал, С.Зулпхар, М.Мандухай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, цөөнхийг төлөөлөн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нараа, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтсон байна. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан.Ингээд “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь, “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 71 хувь, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” төслийг дэмжив. Харин Засгийн газраас Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу татан авах талаар албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд уншиж, танилцуулсан. Ингээд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэх төслүүдээ эгүүлэн татав

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, Оюу толгойгоос авах гурван их наядын ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татахаар шийдвэрлэлээ. Энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийв. Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа Оюу толгойгоос авах гурван наяд төгрөгийг төсөвтөө тусгаж өргөн барьсан. Харин төсвийн төслийг хэлэлцэх явцад нам, эвслүүд, гишүүд хуульд байхгүй янз бүрийн асуудлыг гаргаж, иргэдийг төөрөгдүүлж байна. Мөн зургаан байнгын хороон дээр 250 орчим зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ нь ихэвчлэн Оюу толгойн ногдол ашгийн хөрөнгө оруулалтыг өөр зүйлд зарцуулах саналууд байна. Нэг үгээр бол Засгийн газрын бодлого алдагдаж байна. Мөн Ерөнхий сайд Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулахаа ард түмнээсээ асууж байгаа. Өнөөдрийн байдлаар 96.6 мянган иргэн саналаа өгсөн байна. Үүнээс 56 орчим мянга нь Оюу толгойн ногдол ашгийг Хуримтлалын сандаа хадгалах, 30 орчим мянган нь эрчим хүчний дэд бүтцийн төсөлдөө зарцуулах санал өгсөн. Тиймээс энэ хуулиа эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ерөнхий сайд Н.Учрал “ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэдийн саналыг хүндэтгэж, ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах хувилбарыг сонгон, хуулийн төслийг татан авч байна. Энэ нь ногдол ашиг авах асуудлыг орхигдуулж байгаа гэсэн үг огт биш. Ногдол ашиг авах асуудлаар харилцан тохиролцсон. Одоо ногдол ашгийн хэмжээг эцэслэн тохирч, орж ирэх хөрөнгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэн, түүгээр дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна. Иргэдийн хувьд 2030 оноос эхлэн хуульд заасан нөхцөлийн дагуу хуримтлалаа ашиглах эрх үүсэх асуудал бий. Одоогийн хуулийн хүрээнд иргэдээс санал авахдаа ногдол ашгийг шууд дансанд нь шилжүүлэх эсэхийг асуух боломжгүй. Хэрэв ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Засгийн газрын хувьд ногдол ашгийн асуудлыг албажуулж, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэхийн зэрэгцээ Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 203 (7945)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn