Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

55 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар уламжлал ёсоор нээлтийн ёслолд оролцов. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ улс төрийн талцал, парламентын сахилга хариуцлага, хуулийн засаглал болон намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудыг онцоллоо. Тэрээр “Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй, амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна” гэв. Мөн УИХ хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө болон гишүүдээсээ эхлүүлэх ёстойг онцолж, УИХ-ын тухай багц хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатайг хэллээ. Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус, иргэдийн төлөөх цаг” хэмээн УИХ-ын дарга мэдэгдэв. Түүнчлэн олон жил үргэлжилсэн намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоох, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудыг нэн тэргүүнд эрэмбэлэн батлах шаардлагатайг онцолсон юм.

 

Намрын чуулганаар ямар хуулиуд хэлэлцэх вэ?

 

Энэ намрын чуулганаар орон сууцны залилангаас иргэдийг хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг төслийг хэлэлцэхээр эрэмбэлжээ.УИХ-ын дарга С.Бямбацогт намрын чуулганы онцгой анхаарах өөр нэг сэдэв нь хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал гэдгийг тодотгов.Тэрээр “Нийгмийн сүлжээнд ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя” гэлээ. Мөн Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхээ илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл өргөн бариагүйг сануулж, уг төслийг УИХ хүлээн авсан даруйдаа хэлэлцэх байр суурь хэвээр байгаагаа мэдэгдэв.“Энэ танхимд олон намын, олон байр суурь бий. УИХ-ын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой. Бид олон хууль батлах нь чухал биш. Харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарч ажиллацгаая” гэв.

 

АН-ын акц: Ерөнхий сайдаас итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэхийг шаардав

 

Намрын чуулган нээлтээ хийсэн эхний өдөр улс төрийн акц ч өрнөв. АН-ын бүлгийн гишүүд “Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир”, “Хэрэг наймаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул” гэсэн лоозонг ширээн дээрээ байршуулан шаардлага тавилаа.АН-ын бүлгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувьсах зардал нэрээр хувийн өмчийн сургуулиудад 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний дотор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий гэх “Их засаг Кингис” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан нь хууль зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлэв.Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой сүүлийн үед үүссэн асуудлыг хөндөж, Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-д итгэл үзүүлэх асуудлаа өргөн мэдүүлэх, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Хэрэв Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ АН-ын бүлгээс мэдэгдээд байна.

 

Төсвийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн АН гурав хоногийн завсарлага авав

 

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон байв.Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах болсон үндэслэлээ тайлбарлахдаа УИХ-ын дарга С.Бямбацогтын үйл ажиллагаатай холбоотой дөрвөн үндэслэл бүхий гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргаснаа мэдэгдэв.

Тэрээр “УИХ-ын даргаас асуулт байна. Та Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах юм уу. Яагаад шууд улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлж байна вэ. УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна гэдэг дөрвөн үндэслэл бүхий гомдлыг Ардчилсан намаас Цэцэд гаргасан” гэв.Мөн АН-ын бүлгийн хуралдаанд Сангийн сайд оролцсоныг дурдаж, Засгийн газар хууль зөрчсөн төсөв өргөн барьсан, УИХ-ын дарга бүрдэл хангасан хэмээн хүлээн авсан асуудлаар тайлбар шаардсан гэв.О.Цогтгэрэл “Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийг 43 их наядаар өргөн барьсан. Төсвийг Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд өргөн барьдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын 2027 оны төсвийг 36 их наяд буюу энэ хүрээнд өргөн барих ёстой” гэсэн юм.Түүний тайлбарласнаар Засгийн газар 2026 оны төсвийн тодотголтой хамтатган Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн нь АН-ын бүлгийн маргааны гол үндэслэл болжээ.“Хуулийг ирээдүйд өөрчилнө, тэр өөрчлөлтөд нийцүүлж хуулийг хэлэлцэнэ, ажил хэрэг явуулна гэдэг дүрэм журам байдаг уу. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын 2027 оны төсвийг хүлээн авч, хэлэлцэж эхлэх нь өөрөө хуулийн зөрчил. Хэлэлцүүлэг давхар явж байгаа, төсөв батлагдахаас өмнө хүрээг өөрчилнө гэдэг хууль эрх зүйн тайлбар биш” хэмээн О.Цогтгэрэл мэдэгдлээ.Ийм үндэслэлээр АН-ын бүлэг Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр гурав хоногийн завсарлага хүсэв. Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр тус бүр гурав хоногийн завсарлага хүссэнийг УИХ-ын дарга хүлээн авч, завсарлага өглөө. Ийнхүү УИХ-ын намрын чуулганы эхний өдөр парламентын сахилга, хариуцлага, шударга ёс, хуулийн засаглалыг чуулганы индрээс онцолсон бол танхимд АН-ын улс төрийн акц, Ерөнхий сайдад тавьсан шаардлага, төсвийн төслийг тойрсон хууль зүйн маргаан зэрэгцэн өрнөв. Харин 2027 оны төсвийн хэлэлцүүлэг АН-ын бүлгийн авсан гурав хоногийн завсарлагаар түр хойшиллоо.

 

Улс төрийн мэдэгдлүүд

 

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордонд улстөрчид цаг үеийн анхаарал татсан асуудлаар мэдэгдэл хийв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

- Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж Засгийн газар ийм нөхцөл байдалд орсон. Одоо нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт би үхэхээр чи үх гэж энэ асуудалд А.Ариунзаяа буруутай. О.Саранчулуун, С.Амарсайханаас боллоо гэж явуургүй жижиг улс төр хийж байна. Ингээд хол явахгүй дээ. Одоо бол МАН ажлаа хийх цаг. Би Н.Учралыг Ерөнхий сайд болж байхад нь хэлж байсан. Өөрийн толгойтой байгаарай гэж. Тэгвэл түүхэнд үлдэх Ерөнхий сайд болно. Өөрийн толгойгүй явбал хананд зургаа өлгүүлсэн түр хугацааны Ерөнхий сайд болно гэж. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Дандаа хүн хардаж сэрдэж байдаг хүмүүс сэтгэцээ үзүүлэх хэрэгтэй. Эмнэлэгтээ очиж хэвт л дээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: - Гурван шатны шүүхээр цагаадсан намайг дахин шүүж байгаа нь Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй гэх арга. Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүн шалгагдаж одоо 40 гаруй нь шүүгдэж байгаа. Тэр хүмүүс надаас болж л дахин дахин шүүхийн хаалга татаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Айж эмээгээд байх зүйл байхгүй. Юм хийе гэсэн бодол байна. Засгийн газар солигдоод иргэдийн амьдрал сайжрах эсэхийг МАН-аас асуу.  Ерөнхий сайдыг огцруулах бичигт би аль хэдийнэ гарын үсгээ зурчихсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:

-Улс төрчид, бизнесийнхэн, хуулийн хүчний байгууллагуудын өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ өнөөдөр бүрэн утгаараа Монголын сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээрээ ажиллаж байна. Энэ хууль бус бүлэглэл улс төр, улс орон, хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцуулж байна.  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын алба хаагчид улс төрийн аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттай. Харамсалтай нь бүлгээрээ сууж байгаад тавилаа. Төрийн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн нөхдийн амь тавих гэсэн процесс юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7916)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

55 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

55 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цаг 40 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

12 цаг 23 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

14 цаг 39 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

14 цаг 47 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

18 цаг 33 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

18 цаг 40 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

19 цаг 27 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

21 цаг 12 мин