ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 цаг 0 мин
Нийтэлсэн: Админ
 23 мин унших

Т.БАТСАЙХАН

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Түүний мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

“Улс төржилт хэрээс хэтэрч, гэр бүл, охин үрийн минь нэр төрд халдах боллоо”

-Сүүлийн үед сенсац, шуугиан дагуулж байгаа асуудалтай холбоотой тодорхой мэдээллийг баримттайгаар өгөх шаардлагатай гэж үзлээ.Өнгөрсөн хугацаанд төрийн алба хашиж, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн, төрийн сайдын хувьд ажил төрөлтэй холбоотой аливаа гүтгэлэг, доромжлолыг тэвчээртэй хүлээж авч ирсэн. Төрийн сайд хүн ийм асуудалд хат сууж, ажлаа үргэлжлүүлэх ёстой гэсэн зарчмаар өнөөдрийг хүрлээ.Харамсалтай нь намайг хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж, эзгүй байх үед миний эрхэлж байгаа ажил төдийгүй удам судар, гэр бүл, цаашлаад амьдралд хөл тавьж байгаа охин үрийн минь нэр төрд үндэслэлгүйгээр халдах боллоо. Улс төржилт хэрээс хэтэрч байгаа учраас энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөхөөр шийдсэн.Би Увс аймагт, хил дээр ажиллаж байгаад өчигдөр шөнө ирсэн. Өмнө нь долдугаар сарын 29, 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Хөвсгөл аймагт хойд хилийн шугамыг баталгаажуулах, шинэчлэх ажлаар ажиллаж байх үед мөн миний гэр бүлийг хүний ёсонд баймгүй байдлаар гүтгэсэн.Тухайн үед би сайд, даргын хувиар биш, иргэн хүний хувьд, тэр дундаа үр хүүхэд, хань ижлээ гүтгүүлсэн эцэг хүний хувьд хуулийн дагуу гомдол гаргаж, шалгуулсан.Гэтэл харамсалтай нь дахин гүтгэлэг тарааж, улам даамжруулж байна. Цаашлаад энэ асуудал хил хязгаараа алдаж байгаа учраас өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийж байна.

“Улс төрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын угсарсан мафийн сүлжээ ажиллаж байна”

 -Монголын улс төрд өмнө нь эвдрэлцэж, хэмхэлцэх асуудал байсан. Улс төрийн намууд, улс төрчдийн хооронд зөрчил тэмцэл өрнөсөөр ирсэн. Гэхдээ хэзээ ч өнөөдрийнх шиг хэрээс хэтэрч, хүний ёсноос гажуудаж, гэр бүл, үр хүүхдийг улс төрийн барьцаа болгож, улс төрийн увайгүй шуналынхаа золиос болгон нийгэмд амьдаар нь дүүжилдэг зүйл байгаагүй.Тиймээс энэ асуудал хэзээ, юунаас болж эхэлсэн, яагаад ийм түвшинд хүрсэн, цаашдаа яагаад бүр байж боломгүй хэмжээнд хүрч байгаа талаар үе шаттайгаар тайлбарлая.Миний харж байгаагаар үүний шалтгаан нь өнгөрсөн хугацаанд улс төрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын оролцоотойгоор бий болсон мафийн сүлжээтэй холбоотой. Энэ сүлжээ өнөөдөр Монгол Улсын сүүлийн олон арван жилийн улс төрийн түүхэнд байгаагүй хэмжээнд ажиллаж байна. Улс төр, төрийн байгууллага, хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагуудыг хүртэл татан оролцуулж, улс орныг хорлох хэмжээнд хүрч байна гэж үзэж байгаа.Хамгийн сүүлийн үйл явдлаас эхэлье. Миний хувьд үүнийг санамсаргүй тохиолдол гэж харахгүй байна. Эртнээс төлөвлөсөн, үе шаттай, нарийн зохион байгуулалттай, цаг хугацааны хувьд хүртэл тодорхой давхцалтай үйл явдлууд өрнөсөн гэж үзэж байна.Өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийсэн. ШШГЕГ бол төрийн цэргийн, тусгай чиг үүргийн байгууллага. Төрийн алба, цэргийн алба болон холбогдох хууль тогтоомжоор мөрдэс зүүсэн алба хаагчид улс төрд татагдан орох, улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглосон зохицуулалттай.Гэтэл бүлгээрээ сууж байгаад ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал гэж би харж байна. Үүнийг төрийн нэр, түмний өмнө өргөсөн тангараг, хууль биелүүлэх нэрийн дор өөрсдийн хууль бус үйлдлээ нуух гэсэн хүмүүсийн амь гарах оролдлого гэж үзэж байгаа.Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг аваад маш тодорхой шаардлагууд тавьсан. Монгол Улсад хууль зүйн нэгдсэн бодлого байх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд зөвхөн хуулийн асуудал ярихаас гадна дотоод хэрэг, аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн.Учир нь дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Ийм үед Монгол Улсын хил, төрийн “хар хайрцгийн бодлого”, шийдвэр гаргах болон хууль тогтоох байгууллагуудын үйл ажиллагаанаас эхлээд аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлын нөхцөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага улам нэмэгдэж байна.Монгол Улсын “хар хайрцгийн бодлого”-ыг гадаад орчны нөхцөл байдал тогшиж байна. Монголын ард түмний зүрх сэтгэлийг зөвхөн гадаад нөхцөл байдал төдийгүй дотоодын дайснууд ч тогшиж байна.

“ШШГЕГ-ын удирдах албан тушаалтнуудтай холбоотой асуудлуудыг ч шалгах шаардлагатай”

-“Монголчууд та бүхэн юу хийж байна вэ, Монголын ард түмэн юу бодож байна вэ, Монголын төр засаг юу хийж байна вэ. Ингэж харсаар, суусаар байгаад элдэв эрсдэл, гадна, дотнын явуулгад өртөх үү” гэсэн зүрх сэтгэлийн тогшилт ирж байна гэж ойлгож болно. Тийм учраас би хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай, дээрэм, авлига, хээл хахуулийг хүлээн зөвшөөрөхгүй, хар тамхи, цахим залиланг таслан зогсоох ёстой гэсэн хугацаатай үүрэг, даалгавар өгсөн. Үүнтэй холбоотой миний гаргасан шийдвэрүүд бүгд бий.Намайг ажил авснаас хойш иргэд, аж ахуйн нэгж, алба хаагчдаас маш олон өргөдөл, гомдол ирсэн. Гэтэл өнөөдөр төрийн цэргийн байгууллагын мөрдэс зүүсэн алба хаагчид бүлэглэн ийм үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн харж байна. Миний хувьд үүнийг өөрсдийн хууль бус үйл ажиллагаа, хулгай, дээрэм илчлэгдэхээс айсан хүмүүсийн зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна. Үүнээс өмнө ч бичлэг хийсэн асуудал бий. Тэр талаар дараа нь дэлгэрэнгүй ярья.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудтай холбоотой асуудлуудыг ч шалгах шаардлагатай гэж үзэж байгаа.Тухайлбал, ШШГЕГ-ын дэд дарга Бямбажав өмнө нь Тагнуулын ерөнхий газарт мөрдөгчөөр ажиллаж байсан. Түүнтэй холбоотой өмнөх үйл ажиллагаа, Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлууд бий гэж би үзэж байгаа. Мөн дүн шинжилгээ, хяналтын газрын дарга Цогжаргалтай холбоотойгоор гадаадын иргэнийг албан тушаалын байдлаа ашиглан заналхийлсэн, залилан мэхэлсэн гэх асуудал яригддаг. Нямгомбо гэх албан тушаалтны хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа гэж миний зүгээс мэдээлэлтэй байна.Үүнээс гадна “Хадгаламж” банк, талийгаач Батхүү, “Алтан”-тай холбоотой алтны орд, тусгай зөвшөөрлүүдийн асуудал бий. Миний ярьж байгаа мэдээллээр Монголбанкны барьцаанд байсан, 123 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан найман тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой авлига, хээл хахуулийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг шалгах шаардлагатай.Би Намсамандад  уг нь итгэж, төрийн цэргийн байгууллагын үйл хэргийг өндөрт өргөж, салбарынхаа нэр хүндийг авч яваарай гэж захиж байсан. Салбартаа олон жил ажилласан гэдэг үндэслэлээр саяхан Үндэсний их баяр наадмын үеэр бригадын генерал цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, дэмжсэн.Гэтэл миний авсан мэдээлэл, ирсэн өргөдөл, гомдлуудад хоригдлуудаар хувийн байр, байшин болон зуслангийн хаус бариулсан гэх асуудал дурдагдсан. Мөн төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөг олгосон гэх асуудал бий.Алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдолд ч ноцтой зүйлүүд дурдагдсан. Тухайлбал, нэг алба хаагч өөрийнх нь нэр дээр 10 сая төгрөг бичиж, гарын үсэг зуруулахдаа мөнгөн дүнг нь нуун зуруулаад, өөрт нь дөрвөн сая төгрөг өгч, үлдсэн мөнгийг өөр зориулалтаар зарцуулсан гэж гомдолдоо бичсэн байна. Энэ бол тухайн иргэн, алба хаагчийн өөрийн гараар бичиж ирүүлсэн гомдол.Мөн албан тушаалтнууд өөрсдөдөө орон сууц авсан гэх асуудал бий. Нэг байрыг үнэ төлбөргүй, өөр нэг байрыг их хэмжээний хөнгөлөлттэй авсан гэх мэдээлэл ирсэн. Гэтэл нөгөө талд нь олон мянган алба хаагч өдөр, шөнөгүй ажиллаж, орон байрны асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна.Эдгээрийн цаана шалгаж, тогтоох шаардлагатай олон асуудал байгаа. Иргэдийн гүйцэтгэх ажиллагааны хуудас биелэхгүй, хүмүүс хохирлоо барагдуулж чадахгүй байхад хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, бэлнээр авдаг гэх мэдээлэл ч ирсэн.Тиймээс миний ярьж байгаа эдгээр асуудлыг холбогдох баримт, өргөдөл, гомдолтой нь хамтатган шалгаж, үнэн зөвийг нь тогтоох ёстой.

“Г.Занданшатар Ерөнхий сайдаар зарим ордыг сум, орон нутагтай хамтран ашиглах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт үүрэг, чиглэл өгсөн”

-Хамгийн ноцтой асуудлын нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулдаг бүтэц бий болсон явдал гэж би үзэж байгаа. Үүнийг таслан зогсоох талаар албан даалгавар өгсөн. Холбогдох албан даалгавар, баримтууд нь надад бий.Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд их хэмжээний нөөцтэй, өндөр чанарын нүүрсний орд, мөн Монгол Улсад ховор өндөр чанарын гантиг чулууны орд байдаг. Эдгээр ордыг ашиглахтай холбоотой асуудал ч бий. Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эдгээр ордыг сум, орон нутагтай хамтран ашиглах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт үүрэг, чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой албан бичиг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ШШГЕГ-ын даргад ирсэн.Гэтэл миний хувьд үүний цаана ордыг хууль бусаар ашиглах, гадна, дотнын хөрөнгө оруулагчид болон тодорхой хүмүүсийн ашиг сонирхлыг оруулах оролдлого явсан байж болзошгүй гэж үзэж байгаа.Өнгөрсөн долдугаар сард энэ асуудлаар миний өрөөнд хоёр ч удаа орж ирсэн. “Сайд аа, энэ асуудлыг дэмжээд Засгийн газрын хуралдаанд оруулж өгөөч. Тогтоолын төсөлд хувийн компани оруулж өгөөч” гэсэн санал хүртэл тавьсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, шаардлага тавьж буцаасан.Миний харж байгаагаар нэг талаас хамтарч хууль бус ашиг сонирхлоо хэрэгжүүлэх санал тавьсан, нөгөө талаас улс төрийн будилаан үүсгэж байгаа хүмүүсийн захиалгыг хэрэгжүүлэх оролдлого хийсэн байж болзошгүй. Үүнтэй холбоотой албан бичиг, баримтууд бий.Үүний цаана маш том ашиг сонирхол бий гэж харж байна. Хөрөнгө, санхүү, эрх мэдлийн асуудал яригдана. Тэр дундаа хуулийн байгууллагын нэр, эрх мэдлийг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг, эд хөрөнгийн ашиг сонирхол хэрэгжүүлдэг гэх гомдол, мэдээллүүд бий.Цаашлаад хоригдож байгаа хүмүүсийн ар гэр, эхнэр, хүүхдэд дарамт учруулдаг гэх асуудлууд ч яригдаж байгаа. Энэ бүхнийг шалгаж, үнэн зөвийг тогтоох ёстой.Үүнтэй холбоотой миний өгсөн албан даалгаврууд бий. Өнгөрсөн жил ч дуулиан дагуулсан асуудал гарсан. Тухайлбал, цагдаагийн байгууллагын алба хаагчдын орон тоог 770 орчмоор бууруулсан асуудал бий. Монгол Улсад гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, цагдаагийн энгийн алба хаагчдын ажлын ачаалал дийлдэхгүй хэмжээнд хүрсэн. Алба хаагчид гэр орондоо харьж чадахгүй ажиллаж, цалин хөлстэй холбоотой асуудал ч үүссэн.Гэтэл 777 цагдаагийн алба хаагчийн орон тоо болон 13 дахь сарын цалинтай холбоотой 7.9 тэрбум төгрөгийг тухайн үед ЗГХЭГ-ын дарга, Хэрэг эрхлэхийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярын үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлсэн гэж би үзэж байгаа. Ингэснээр нэг талд давуу байдал олгож, нөгөө талд цагдаагийн алба хаагчдын цалин, орон тоог бууруулсан асуудал үүссэн.Цагдаагийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн ажлаа хийхэд хүндрэлтэй, ажлын ачаалал их, ар гэртээ ч харьж чадахгүй нөхцөлд ажиллаж байхад 770 гаруй орон тоог хассан. Би энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Сая төсвийн асуудлыг хэлэлцэх үеэр цагдаагийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэх, алба хаагчдын цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх талаар ч ярьсан.Миний үзэж байгаагаар үүнээс үүдэн өнөөдрийн үйл явдлууд өрнөж байна.7.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэнтэй холбоотой албан бичиг, баримтууд бий. Цагдаагийн алба хаагчдын цалин, орон тооноос хассан хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлж, бусдад давуу байдал олгосон нь авлига, хээл хахуулийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг та бүхэн үзэж болно.Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод хамгийн эхний 01 тоот албан даалгавраа гаргасан. Уг албан даалгавраар ХЗДХ-ийн салбарын үйл ажиллагаа, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон үүрэг өгсөн.Тухайлбал, тусгай техник хэрэгсэл болон мэдээллийн санд нэвтрэх эрхийг зориулалтын бусаар ашиглах, иргэдийг хууль бусаар тагнаж, чагнасан байж болзошгүй асуудлаар олон гомдол, санал ирж байсан учраас хяналт, шалгалт хийх үүрэг өгсөн. Үүний дагуу цагдаагийн байгууллагын дотоод хяналт болон хөндлөнгийн хяналт шалгалт хийж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ч ажилласан.Мөн долдугаар сарын 22-ны албан даалгавраар төрийн албыг хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгохоос урьдчилан сэргийлэх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгүй байх, авлига, хээл хахуультай тэмцэх зэрэг асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн.Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол, төлбөрийг барагдуулах, гүйцэтгэх баримт бичгийн хэрэгжилт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох санд буцаан төвлөрүүлэх хөрөнгийн үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах үүрэг өгсөн.Харамсалтай нь эдгээр ажлыг хэрэгжүүлэх явцад өнөөдөр миний ярьж байгаа асуудлууд гарч байна.

“Оюутболдыг алт, уул уурхайн салбарын ашиг сонирхлын сүлжээтэй холбоотой байж болзошгүй”

-Дараагийн асуудал бол хууль бус алт олборлолттой холбоотой гэмт хэрэг.Би долдугаар сарын 8-нд, Үндэсний их баяр наадмын өмнө Хууль зүй, дотоод хэргийн салбарын шуурхай хуралдааныг хийж, хууль бус алт болон ашигт малтмалын олборлолттой тэмцэх үүрэг өгсөн. Тэр дундаа Сэлэнгэ, Төв, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт хууль бусаар алт олборлож байгаа этгээдүүд болон үүнд хууль, цагдаагийн байгууллагын алба хаагчид холбоотой эсэхийг шалгаж, таслан зогсоох чиглэл өгсөн. Гэвч миний өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт хангалтгүй байсан.Тухайн үед Цагдаагийн экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар Оюутболд ажиллаж байсан. Намайг дөрөвдүгээр сарын 4-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож байх үед тухайн хүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар томилсон. Миний зүгээс Оюутболдыг алт, уул уурхайн салбарын ашиг сонирхлын сүлжээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй ойр холбоотой, улс төрийн санхүүжилт болон хууль бус алт олборлолттой холбоотой асуудлууд бий гэж үзэж байна. Уурхайн талбай дээр цагдаа ажиллаж, хамгаалж байгаа мэт боловч цаана нь хууль бус үйл ажиллагаа үргэлжилдэг гэх мэдээлэл ч ирсэн.Ийм олон асуудал байсан ч өгсөн үүрэг, албан даалгаврууд хэрэгжихгүй байсан. Тиймээс наймдугаар сарын 26-наас эхлэн 14 хоногийн хугацаатай үүрэг өгч, цагдаагийн удирдлагуудтай биечлэн уулзаж, хууль бус алт олборлолттой тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг шаардсан.Үүний дараах 14 хоногийн хугацаанд 21 гэмт хэрэг, 60 зөрчил илрүүлсэн гэсэн мэдээлэл надад ирсэн.Нэг жишээ хэлье. Хууль бус алт олборлолттой холбоотой 500 тэрбум төгрөгийн асуудал, 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй байж болзошгүй асуудал, мөн таван тэрбум төгрөгийг хээл хахуульд өгсөн гэх асуудлыг шалгаж байгаа.Тэр бүү хэл цагдаагийн алба хаагчдад хахууль өгөхийг оролдсон тохиолдол гарсан. Миний хувьд ч тодорхой хүмүүсээр дамжуулан нөлөөлөх, ашиг сонирхолдоо татан оролцуулах оролдлого хийсэн гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой баримт, нотолгоо бий.Миний зүгээс Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Оюутболд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар, ЦЕГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим удирдах албан тушаалтантай холбоотой асуудлыг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн “Вайнд Майн” гэх компанитай холбоотой асуудал ч шалгагдаж байгаа.Энэ бол миний ярьж байгаа асуудлуудаас ердөө нэг нь. Үүнтэй адил хэдэн арван асуудал бий. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хэрэг бүрийн нарийн мэдээллийг дэлгэрүүлэн ярих боломжгүй.

 

“Хуулийн байгууллагын удирдлагууд хар тамхины хамгаалагчид болсон”

-Харамсалтай нь хууль сахиулах байгууллагын зарим удирдах албан тушаалтан, хурандаа, генералууд хар тамхины асуудлыг өнгөрсөн хугацаанд дарж, нуун дарагдуулж ирсэн гэж би үзэж байна. Хар тамхитай тэмцэх төсвийг хүртэл улсын төсвөөс зориуд хасаж ирсэн.Намайг ажлаа авахад Монгол Улсын хэмжээнд хар тамхи илрүүлэх 24-хөн ширхэг тест үлдсэн байсан. ЦЕГ-аас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хар тамхины тест авч өгөөч” гэсэн хүсэлт хүртэл ирсэн. Үүнтэй холбоотой албан бичиг нь бий.Ийм нөхцөл байдал байж болохгүй. Тиймээс би 14 хоногийн дотор хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж, цаашлаад богино, дунд, урт хугацааны стратеги боловсруулах үүрэг өгсөн.Миний үзэж байгаагаар хар тамхитай тэмцэх ажлыг зориуд эзэнгүйдүүлсэн. Хар тамхитай тэмцэх албаны орон тоог хасаж, алба хаагчдын чадавхыг сулруулсан. Үүний үр дүнд Монгол Улс эхэндээ хар тамхи дамжин өнгөрдөг улс байсан бол хэрэглэгч орон болсон. Одоо Зүүн өмнөд Азийн болон бусад улсын гэмт бүлэглэлүүд Монгол Улсыг хар тамхи үйлдвэрлэгч орон болгох эрсдэл үүсэж байна.Үүнтэй холбоотой албан бичиг ч бий. Өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх 1100 ширхэг анхан шатны оношлуур, тест хүлээн авсан боловч намайг дөрөвдүгээр сард ажлаа авах үед тестийн нөөц дуусаж, “Үүнийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн.Миний хувьд энэ бүхний цаана улс төрд нөлөө бүхий хүмүүс, тодорхой аж ахуйн нэгж, компанийн захирлууд, урлаг, соёлын салбарын нэр бүхий хүмүүс, тэр бүү хэл төрийн өмчит компанийн удирдлагууд хүртэл холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Хүүхэд, залуусыг хамарч байгаа хар тамхины хэргийг нуун дарагдуулж, цагдаагийн байгууллага дотроос хүртэл “хэргийг битгий мөрд, зогсоо” гэсэн чиглэл өгдөг гэх мэдээлэл бий. Энэ бүхнийг шалгаж тогтоох шаардлагатай.Би түрүүн хэлсэн. Өмнө нь ч Хууль зүй, дотоод хэргийн салбарт өөрчлөлт хийх гэж оролдсон сайд нарын эсрэг ийм арга хэрэглэж байсан түүх бий. 2012 онд Х.Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед нэг эмэгтэйтэй холбоотой асуудал гаргаж, зохион байгуулалттайгаар сайдын эсрэг ашиглаж байсан гэж би хардаг.Одоо эргээд харахад системийн өөрчлөлт хийе, бодлогын өөрчлөлт хийе, хууль бус үйл ажиллагаатай тэмцье гэсэн хүмүүсийг зориудаар зохион байгуулалттайгаар унагаах ажиллагаа дахин явж байна гэж үзэж байгаа.Намайг дөрөвдүгээр сарын 1-ний орчимд сайдаар томилогдох үеэс Булнай гэх эмэгтэй надтай холбоотой бичлэг хийж, гүтгэлэг тараасан. Үүний араас миний охин, гэр бүл, эхнэртэй холбоотой хүний санаанд багтамгүй, ёс бус мэдээллүүд тараасан.Би баян тансаг орчинд өсөөгүй ч аав, ээж, ах, дүү, гэр бүлийнхээ хайр халамж дунд өссөн хүн. Гэр бүлийн үнэт зүйл гэж юу болохыг мэднэ. Тийм учраас улс төрийн зорилгоор хүний үр хүүхэд, хань ижлийн нэр төрд халдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Энэ асуудлаар би сайдын хувиар биш, иргэний хувиар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэтэл миний үзэж байгаагаар тухайн гомдлыг шалгаж, үнэн мөнийг тогтоохын оронд өөр үйл ажиллагаа явуулсан.Миний авсан мэдээллээр Булнай гэх хүн Г.Занданшатарын ойрын хамаатан. Түүнийг зохион байгуулалттай, захиалгатайгаар энэ үйл ажиллагааг хийсэн, одоо ч үргэлжлүүлж байгаа гэж би үзэж байна.Мөн тухайн хүн цагдаагийн байгууллагын барилга, засвар үйлчилгээ, удирдлагын өрөө болон тусгай объекттой холбоотой тендерүүд авдаг, цагдаагийн алба хаагчидтай холбоотой бичлэг хийж, түүгээрээ дарамталдаг гэх агуулгатай иргэдийн гомдол, мэдээллүүд ирсэн. Үүнтэй холбоотой 1.2 тэрбум төгрөгийн асуудал болон “Арвин ур” гэх компанитай холбоотой баримтууд ч байна. -Өмнөговь аймгийн Цогтцэций сум, ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штаб, Нийгмийн хэв журам хамгаалах албаны шугам хоолойг шинэчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн болон хурлын танхимын засвар, хэрэг бүртгэх албатай холбоотой зэрэг олон тендерийг энэ хүн авдаг. Үүнээс цааш ярих олон асуудал бий.Миний үзэж байгаагаар энэ хүн ийм байдлаар тодорхой үйл ажиллагаагаа нууцаар явуулдаг. Улмаар надтай холбоотой зохион байгуулалттай гүтгэлгийг дахин хийсэн гэж хардаж байгаа.Тиймээс би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, үүний ард байгаа захиалагч, санхүүжүүлэгч, зохион байгуулагчийг олж тогтоохыг хүссэн. Манай гэр бүлийн зүгээс ч хуулийн байгууллагад гомдол гаргасан.Олон нийтэд тарсан бичлэгийг хэн ч харсан эргэлзээ төрөхөөр. Миний хувьд уг бичлэгийг зохион байгуулалттайгаар хамтарч хийсэн гэж үзэж байгаа.Бичлэг дээр байгаа хүмүүсийн нэг нь цагдаагийн байгууллагын мөрдөгч, хэлтсийн дарга Дашцэрэн гэж хүн байна. Цагдаагийн алба хаагчид хүнээс мэдүүлэг авах, байцаалт явуулах зориулалтын тусгай өрөө, тоног төхөөрөмж, бичлэгийн системтэй. Гэтэл ямар учраас эдгээр алба хаагч тухайн хүний гэрт очсон юм бэ. Яагаад тэр хүн бичлэгийг түрүүлж олон нийтэд тараасан юм бэ. Яагаад миний нэрийн өмнөөс хэрэг наймаалцаж, “маргааш хэргийг чинь хаачихъя” гэсэн агуулгатай зүйл ярьсан юм бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой.Тэр бичлэгт “сайд” гэж олон удаа дурдаж, С.Амарсайханы нэрийг оруулж ярихыг хүртэл хэлсэн байгаа. Миний хувьд үүнийг санамсаргүй үйлдэл гэж үзэхгүй байна.Үүний араас яагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд зохион байгуулалттайгаар гарч ирэв. Яагаад өөрсдийнхөө асуудлыг тайлбарлаж, хамгаалах үйл ажиллагаа явуулав гэдэг ч шалгах ёстой асуудал.Би энэ бүхнийг шалгуулахаар дахин гомдол гаргаж байгаа. Хүний нэрийн өмнөөс хэрэг наймаалцахыг завдсан эсэх, энэ үйл ажиллагаанд ямар хүмүүс оролцсон, хэн зохион байгуулсан гэдгийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж тогтоох ёстой.Хүнийг гадагшаа, дотогшоо явахыг нь отож, анаж байгаад ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг явдал Монголын улс төрд хэвшил болж болохгүй.Үүний цаана ямар холбоо, ашиг сонирхол байгааг ч шалгах хэрэгтэй. Хууль бус үйл ажиллагаа явуулж, улмаар хүмүүсийг барьцаалдаг байж болзошгүй гэж би хардаж байгаа.Иргэдээс ирүүлсэн зарим гомдолд тусгай камер байрлуулж, уулзахаар ирсэн хүмүүсийг нууцаар бичиж аваад, дараа нь тухайн бичлэгээр дарамталдаг гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагын зарим алба хаагч, мөрдөгчийг хүртэл ийм аргаар барьцаалсан байж болзошгүй гэж хардаж байна.

 

“Хэний ч гэр бүл, үр хүүхдийг улс төрийн болон нийгмийн золиос болгодог ёс бус үйлдэлтэй би хуулийн хүрээнд эргэлт буцалтгүй тэмцэнэ”

-Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллага, тэр дундаа Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар нарийн шалгаж, үнэн мөнийг нь тогтоох ёстой.Хүн гүтгүүлчихээд, тэр гүтгэлгээ үүрээд явдаг нийгэм байж болохгүй.Би цагдаагийн байгууллагынхаа мянга мянган алба хаагч, мөрдэс зүүсэн төрийн алба хаагчдадаа итгэдэг, хүндэлдэг. Тэдний нийгмийн асуудал, цалин хөлсийг анхаарч, бодлого, шийдвэр гаргаж байгаа.Харамсалтай нь мянга мянган алба хаагчийн нэрийг барьсан цагдаагийн байгууллагын зарим ялзарсан, илжирсэн дарга, удирдлагууд хууль бус үйл ажиллагаа, авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, иргэдийг хэлмэгдүүлдэг гэж би үзэж байна. Цаашлаад төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож байгаа этгээдүүдтэй хатуу тэмцэнэ.Дахиад нэг зүйлийг хэлье. Миний ажил, бодлоготой тэмц. Харин гэр бүл, үр хүүхдээр минь улс төр хийж болохгүй. Өөрсдийнхөө ёс бус сэтгэхүйгээр бусдыг, тэр тусмаа намайг гүтгэж, охин үрийн минь нэр төрөөр тоглож байгаа бол би эцэг хүний хувьд, хүний хүүгийн хувьд, эр хүний хувьд энэ асуудлын эцсийг хүртэл явна гэдгээ хатуу хэлье. Хэний ч гэр бүл, үр хүүхдийг улс төрийн болон нийгмийн золиос болгодог ёс бус үйлдэлтэй би хуулийн хүрээнд эргэлт буцалтгүй тэмцэнэ.

 

“Хөрөнгө хураах хуулийг ирэх долоо хоногт өргөн барина”

-Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих чиглэлээр Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлэхээр ажиллаж байна.Би энэ асуудлыг өмнө нь ч танилцуулсан. Авлигаар олсон хөрөнгийг хурааж, ирээдүй хойч үе, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлэх агуулгатай хуулийн төсөл. Миний үзэж байгаагаар энэ хуулийг өргөн бариулахгүй байх сонирхол, үүнтэй холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа ч давхар явж байна. Намайг олон жилийн турш газар наймаалдаг, авлига авдаг, хулгай хийдэг гэж гүтгэж ирсэн. Би тэр болгонд дуугүй явсан. Харин хоёр зүйл дээр дуугүй байхгүй. Миний эцэг, эх, удам судрыг үгүйсгэж, үр хүүхэд, гэр бүлээр минь тоглосон этгээдүүдтэй хуулийн хүрээнд тэмцэнэ.Тиймээс энэ хуулийг өргөн бариад хэн нь хөдөлмөрөөрөө хэдэн жилийн хугацаанд ямар хөрөнгө бий болгосон, ямар хэмжээний өр, зээл авсан, хэдий хэмжээний татвар төлсөн, хаана ямар хөрөнгө эзэмшдэгээ ил тод болгоё. Би өөрөөсөө эхэлнэ.Намайг хотын даргаар ажиллаж байх хугацаанд албан тушаалаа ашиглан авсан нэг метр квадрат газар байхгүй. Албан тушаал хашиж байхдаа авсан нэг ч тендер байхгүй.Одоо хар, цагаан, тос, усаа ялгах цаг болсон гэж үзэж байна. Гүтгэгдсэн бол гүтгэгдсэн гэдгээ нотлуулъя. Хууль зөрчиж, хулгай хийсэн бол тэрийг нь ч нотолж гаргаж ирье.Монголын улс төр цаашдаа төлөвшиж, цэвэрших ёстой бол үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Хэн нь хулгай хийсэн, хэн нь хууль бусаар хөрөнгөжсөн бэ гэдгийг ил тод, нарийн шалгуураар шалгая.Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн нэрээр хууль бусаар хөрөнгөжсөн, тэр хөрөнгө мөнгөө улс төр, сонгууль болон улс төрчдийг санхүүжүүлэхэд ашигладаг байж болзошгүй этгээдүүдийг ч ил болгох ёстой гэж үзэж байна. Үүний төлөө би эцсээ хүртэл ажиллана.Өнөөдрийг хүртэл нам, хамт олон, нөхөд гэж бодож, ард түмний амьдрал ахуй, сэтгэл зүй амаргүй байхад ядаж нэг нь дуугүй, нуруутай явъя, үнэн мөн нь аяндаа олдох байх гэж хүлээцтэй хандаж ирсэн.Гэтэл тэр хүлээц, хүндэтгэлийг хүссэнээрээ доромжлох, гүтгэх боломж мэт ойлгож болохгүй. Хуулийн нэрээр улс орноо тонодог этгээдүүд нь ариун цагаан болж, харин хөдөлмөрөөрөө амьдралаа босгож, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж ажиллаж байгаа хүмүүс нь хэлмэгддэг байж болохгүй. Үүний цаана ард иргэд, аж ахуйн нэгжүүд ч хохирч байна.Тиймээс бизнес, аж ахуйн нэгжүүдийг хууль бусаар дарамталдаг, хуулийн нэрээр эд хөрөнгийг нь булаан авдаг, алдагдалд оруулж, дампууруулдаг хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг ч өргөн барина.Үүнтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн өргөдөл, гомдлууд бий. Та бүхэн баримтуудтай нь танилцаж болно. Мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг хууль бусаар битүүмжилдэг, дансыг нь хаадаг, цаашлаад хилээр гарах эрхийг нь хязгаарладаг гэх гомдол, мэдээллүүд ирсэн. Ингэж дарамталж байгаад авлига, хээл хахууль нэхдэг асуудал хэрээс хэтэрсэн гэж би үзэж байгаа. Үүнтэй ч хатуу тэмцэж ирсэн.Өнөөдөр та бүхэн төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг ч харж байгаа байх. Хүмүүсийн нэрийг барьж, дунд нь яс хаяж, төр, засгийг тогтворгүй байлгахыг оролддог, түүнийхээ араар ашиг хонжоо хайдаг, авлига, ашиг сонирхлоо хэрэгжүүлдэг асуудал хэрээс хэтэрсэн гэж үзэж байна. Тиймээс өнөөдөр миний ярьсан асуудлууд дээр би хатуу байр суурьтай байгаа. Цаашид ч энэ байр сууринаасаа ухрахгүй гэдгээ хэлье.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 цаг 0 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

1 цаг 43 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

3 цаг 59 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

4 цаг 7 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

7 цаг 53 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

8 цаг 0 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

8 цаг 47 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

10 цаг 32 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

14 цаг 15 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

14 цаг 15 мин