Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-2027 оны төсвийн төслийг та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Засгийн газар өөрөө хууль зөрчсөн байна гэж манай бүлгийнхэн үзэж байгаа. 2026 оны тавдугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 оны Монгол Улсын төсвийн зарлагын дээд хязгаарыг 36.5 их наяд төгрөг байхаар тогтоосон. Гэтэл одоо Засгийн газар 42 их наяд төгрөгийн зарлагатай төсөв өргөн барьж байна. Энэ нь нэг бол Төсвийн хүрээний мэдэгдлээ үгүйсгэж байгаа, үгүй бол УИХ-аас баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг.
Төсвийн тодотголоор зарлагаа мөн их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн. Ирэх оны төсвийг ч дахиад ийм хэмжээний зарлага, алдагдалтай өргөн барьж байна. Эдийн засаг цаашдаа үүнийг даах уу гэдэг маш том асуудал. Миний хувьд даахад маш хэцүү гэж харж байна.Жишээлбэл, 2027 оны улсын төсвийг 42 их наяд төгрөгийн зарлагатай өргөн барьсан нь өмнөх төсвөөс 32.7 хувийн өсөлттэй гэсэн үг. Нэг талаасаа төрийн өмчит компаниудын орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, ногдол ашиг хэлбэрээр авч байгаа бол түүнийг дагуулаад зарлагаа өсгөх логик байж болохгүй.Энгийнээр айл өрхөөр жишээлж болно. Айл орлого сайтай үедээ тодорхой хэмжээний хуримтлал бий болгодог. Харин олсон орлогоо тэр дор нь бүгдийг нь үрээд байвал цаашдаа яах вэ. Улс ч ялгаагүй.Нэгэнт Засгийн газрын зардал 35 их наяд төгрөгийн түвшинд тогтчихвол дараа нь буулгахад маш хэцүү. Ирэх жил дахиад нэмэгдэх суурь бий болно. Тиймээс төсвийн зарлагыг огцом өсгөх нь өөрөө маш хортой. Нэгэнт бий болгосон тогтмол зардлыг буцааж танахад амаргүй.
-Тэгвэл АН-аас ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Одоогоор бүлгийн хурал дээр төсвийн танилцуулга үргэлжилж байна. Манай гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа. Хурал хараахан дуусаагүй байна. Би өөр уулзалттай байсан учраас түрүүлээд гараад ирлээ. Тиймээс бүлгээс эцэслэсэн байр суурь гараагүй байна.
-“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хувийн сургуулиудтай гэрээ хийх ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгсөн үү?
-Сая Сангийн яамныхны өгсөн мэдээллээр “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хувийн сургуулиудтай уулзалтууд хийсэн юм байна. Боловсролын яам болон хувийн сургуулиудын зүгээс тодорхой уулзалтууд хийгдсэн гэсэн.
Ерөнхийдөө ажил нь эхэлчихсэн, төсвийн тодотгол батлагдахыг хүлээж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн. Та бүхэн холбогдох байгууллагуудаас нь дахин тодруулж болно.
-Сүүлийн үед үүсээд байгаа асуудлууд, тухайлбал Их Засаг их сургуультай холбоотой хувьсах зардлын асуудал болон Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг та хэрхэн харж байна вэ?
-Эхний асуудлын тухайд нэг зүйлийг хэлмээр байна. УИХ-ын гишүүдэд төсвийн задаргааг ихэвчлэн PDF файлаар өгдөг. Засгийн газар наймдугаар сарын 31-нд төсвөө өргөн барьсны дараа би УИХ-ын гишүүдийн группт “УИХ-ын дарга аа, төсвийн мэдээллийг Их хурлын гишүүдэд Excel файлаар өгөх тал дээр анхаараач” гэдэг хүсэлтийг есдүгээр сарын 5-ны орчимд тавьсан.
-Төсвийн задаргаатай холбоотой Excel файл хаанаас гарсан юм бэ?
-Төсвийн байнгын хорооноос манай дундын группт Excel файлаар тавьсан. Сэтгүүлчдийн олсон гээд байгаа тэр файл нь ажлын файл байсан болов уу гэж харж байна. УИХ-д төсөв орж ирэхдээ үйл ажиллагаа нэг бүрээрээ задарч орж ирдэггүй, бүхэлдээ орж ирээд дараа нь сайд нар багцаа задалдаг. Тиймээс яригдаад байгаа мэдээлэл нь тухайн багцын задаргааны нэг хэсэг байсан байх.
Эцсийн хувилбарыг ерөнхийдөө PDF файлаар өгдөг. Өнгөрсөн жил манай ажлын албаныхан PDF файлыг тусгай программаар Excel рүү хөрвүүлж ажиллаж байсан. Энэ жил би УИХ-ын гишүүдийн группт “Төсвийн мэдээллээ Excel файлаар өгөөч. PDF файл дээр ажиллахад хүндрэлтэй байна” гэдэг хүсэлт тавьсан. Есдүгээр сарын 5-ны орчимд Төсвийн байнгын хорооны дарга Excel файлыг гишүүдийн группт оруулсан байсан.
-Тэгвэл Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуультай холбоотой асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Арай тийм зүйл байхгүй байлгүй дээ гэж бодож байна. Арай ч тийм ёс зүйгүй үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна. Харин үнэхээр тийм зүйл болсон нь тогтоогдвол огцрох л хэрэгтэй. Тэр тохиолдолд Засгийн газар кабинетаараа хариуцлага хүлээх асуудал яригдана.
-АН-ын бүлгийн 40, 41 гишүүн гарын үсэг зурсан гэх бичиг байгаа. Энэ нь Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах шаардлага мөн үү?
-Ерөнхийдөө гурван хуудас бичиг байгаа. Тэр бичигт үнийн өсөлт, Засгийн газрын хариуцлагагүй байдал, улс төрийн хариуцлага тооцох зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах тухай ганц асуудалтай бичиг биш.
Анх энэ бичиг гарах болсон шалтгааны нэг нь хавар цэргийн ангид нэг цэрэг амиа алдсан асуудал. Сүүлийн жилүүдэд энхийн цагт цэргийн алба хааж байхдаа 46 хүн амь насаа алдсан асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор цэргийн анги, салбарын сахилга, хариуцлагыг сайжруулах, нөгөө талаас салбарын сайдад улс төрийн хариуцлага тооцох шаардлага тавьсан.
Тиймээс 41 гишүүний гарын үсэг зурсан гэх албан бичигт үнийн өсөлт ч бий, Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагааны асуудал ч бий, улс төрийн хариуцлага тооцох шаардлага ч бий. Нийтдээ гурван хуудас бичиг.
-41 гишүүн гарын үсэг зурсан нь баттай юу?
-Би О.Цогтгэрэл даргаас тэгж сонссон. Би эхэнд нь гарын үсэг зурсан хүмүүсийн нэг. Бүлгийн хурлаар ярилцаад “гарын үсгээ цуглуулъя” гэдэг байдлаар гишүүд зурсан.
Ерөнхийдөө Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн агуулгатай. Хариуцлага алдсан хүмүүст Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхий сайдын асуудлыг өргөн барина гэсэн утга ч бий.
-Тэгвэл гарын үсгийн тоо нь хүрчихсэн байхад яагаад уг бичгийг өргөн барихгүй байгаа юм бэ?
-Тэрийг О.Цогтгэрэл даргаас, намын даргаас асуусан нь зөв байх. Би өчигдөр эзгүй байсан учраас бүлгийн хуралд оролцож амжаагүй.
Хуулиар нийт УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд асуудлыг өргөн барих нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас Засгийн газарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалтууд бий.
Засгийн газрын зүгээс “Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир” гэж АН шаардлага тавьж байгаа нь манай талд ийм бичиг байгаа шүү гэдгээ хэлж байгаа хэрэг. Бидэнд тэр бичиг бий, хэзээ ч өргөн барих боломжтой. Энэ тухай таван сар орчим ярьж байна. Ер нь өргөн барих бол нэг минутын л ажил.
-Хууль зүйн салбарт ч ноцтой асуудал сөхөгдлөө. Цагдаагийн алба хаагч Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцсан байж болзошгүй гэх асуудал гарсан. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Ер нь нөхцөл байдал ийм л болчихоод байна. Сүүлийн хэдэн жил, ялангуяа МАН гурав дахь удаагаа Засгийн эрх авснаас хойш хөл, толгой нь олдохоо больсон. Эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцлагагүй байдал даамжирч, удаан хугацаанд бугшсан зүйлс нь одоо илэрч байгаа хэлбэр гэж харж байна.
Энэ бол хүмүүс бие биедээ хайртай, дургүйдээ хоёр тал болж маргалдаад байгаа асуудал биш. Үндсэндээ хэн нь илүү эрх мэдэлтэй байх вэ гэдэг булаацалдаан. Эрх мэдэл, мөнгөний төлөөх тэмцэл нь ил гарч байна. Тэрийгээ бүр ил тод, ичихгүй хийдэг болчихсон байна.
-Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна уу?
-АН-ын зүгээс ч, миний хувьд ч нэг зарчим байнга ярьдаг. Тодорхой асуудалд хариуцлага тооцох үндэслэл бий болсон бол хариуцлага хүлээх ёстой албан тушаалтанд нь заавал хариуцлага тооцох хэрэгтэй.Хэрэв үнэхээр гүйцэтгэх ажиллагааны шугамаар явж байгаад Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс ял, хэрэг наймаалцах хэлбэрээр цагдаагийн дэд хурандаа тухайн иргэн дээр очсон нь тогтоогдвол холбогдох бүх хүнд хариуцлага тооцох ёстой. Ерөнхий сайд Хууль зүйн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн Батлут сайдад хариуцлага тооцох үндэслэл байгаа бол түүнд ч хариуцлага тооцох ёстой.Хариуцлага тооцохгүй явсаар ирсэн учраас асуудал улам бугшиж байна. Нэг нь хариуцлагагүй байхад нөгөө нь “Тэр ингэж болж байхад би яагаад болохгүй гэж” гэдэг байдал руу ордог. Ингээд Засгийн газрын гишүүд бие биетэйгээ барьцаж, дотоод зөрчлөө ил гаргаж байгаа дүр зураг харагдаж байна.
Эх сурвалж:www.polit.mn