Б.ГАРЬД
Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган эхлэхээр намрын жинхэнэ улс төр эхлэх тухай яриа улс төрийн хүрээнд гараад байна. Түүгээр, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа УИХ-ын ээлжит бус чуулган элдэв улс төргүй болоод дуусах бололтой.
Харин ээлжит чуулгантай зэрэгцээд УИХ дахь улс төрийн сөрөг хүчин болсон АН-ын санаачилсан бичиг УИХ-ын даргад өргөн барих эсэх нь олны анхааралд байгаа юм. Түүний араас УИХ дахь МАН-ын “30-ын бүлэг”-ийн зуны турш Хэнтий аймгийн Дадал сум, Булган аймгийн Уньтын рашааны хавьд хийсэн уулзалтуудаас гарсан шийдвэрүүд хэрэгжиж эхлэх мэдээлэл байна. Тодруулбал, лав Эпштэйний файлд Оюу толгой, улс төрийн сонгуулиуд, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх Монгол Улстай холбоотой дурдагдсан зүйлүүд үнэн эсэх, С.Баярцогтын асуудлаарх Дээд шүүхийн шүүгчдийн тусгай санал хүний эрхийг зөрчиж, дабл стандарт хэрэгжүүлсэн эсэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын зардлаар алдагдсан 110 сая ам.доллар улстөрчид, шийдвэр гаргагчдад авлига хэлбэрээр очсон эсэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийн талаарх сонсголуудын сураг дуулдаж, зарим нь огноо цагтайгаа товлогдоод байгаа юм. Үүний зэрэгцээ улс төрийн намууд, тэдгээрээс “төрсөн” бүлэг фракцууд сонин сонин улс төрийн акцуудыг санаачлан хэрэгжүүлж магадгүй талаарх мэдээлэл мөн улс төрийн хүрээнд таржээ. Тэдгээрийн нэг нь албан тушаалтнуудын авлигаар олсон өмчийг хураахтай холбоотой байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ХЗДХ-ийн сайд байхаасаа эхлээд одоог хүртэл ярьдаг Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хууль гэж бий. Тэрээр уг хуулийн төслийг сайд байхдаа УИХ-д өргөн барьсан. Тэгэхдээ “Энэ хуулийн төслөөр нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нөхөн төлүүлэх, хурааж авах, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилж, субъектүүдийг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдчихсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авчихсан мөртөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна. Мөн ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, ингэхдээ иргэний шүүхийн журмаар хураая гэж байгаа юм. Энэ нь ял шийтгэлгүйгээр хөрөнгийг нь хураана гэсэн үг.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан зүйлүүд дээр ял шийтгэлийн асуудал ярих Эрүүгийн хуулийн бололцоогүй болчхоод байгаа юм. Тиймээс олон жил энэ хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс ингээд санаа сэтгэл амар явж ирсэн. Үүнийг өөрчлөх хууль юм. 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж авсан хөрөнгө орлогыг заавал хураах тухай зохицуулалт орсон юм. Өөр нэг ойлголт байдаг нь өнөөдрийн хууль тогтоомжоор дээрх нөхцөлийг бололцоотой гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор 10 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах ямар ч боломжгүй. Ямар ч хуулийн бололцоо байхгүй” гэж байв. Гэвч, хэлэлцэх асуудлын дараалалд оролгүй өнөөг хүрсэн. Тэрээр өнгөрсөн хавал “Бүтэн нэг жил өнгөрсөн ч Хөрөнгө хураах хуул-ийн төслийг хэлэлцэхгүй байна. 100 сая төгрөг хүртэлх үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдог. Гэхдээ хураах нөхцөлгүй. Хууль бус хөрөнгө хураахдаа шүүхийн процессын дагуу явагдах учраас хэлмэгдэх асуудал байхгүй. Улстөрчидтэй хамаатан садан биш ч тендер аваад түрийвч нь болсон. Жирийн хүмүүсийн боломжийг хулгайлж буй төлөөний хүмүүсийн хөрөнгийг хураахаар тусгасан. Гол нь энэ хуулийг хэлэлцмээр байна" гэж байв. Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал “О.Алтангэрэл гишүүний Хөрөнгө хураах тухай хуулийг дэмжинэ. Хөрөнгийг нь хурааж нийтийн өмч болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр судалж байна. Бид авлигатай шат шатандаа ёс зүй, үйлдэл, хандлагаараа тэмцэх ёстой” гэж байсан юм. Улмаар яг ийм агуулгатай хуулийн төслийг өнөөгийн Засгийн газар бас санаачилжээ. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан 2026 оны наймдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдааны дараа "Засгийн газар авлига, албан тушаалаа ашиглан бий болгосон хөрөнгийг хурааж нийгмийн сайн сайхны санд зориулах анхдагч хуулийн төслийг, үзэл баримтлалтай нь танилцууллаа. Өөрөөр хэлбэл албан тушаалаа урвуулан ашигласан этгээдийн хөрөнгийг хуулийн дагуу хураана. Хураасан мөнгийг төсвийн мөнгө зэрэг бусад сангуудтай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөө зориулна. Энэ хуулийн төслийн дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар ажиллаж байна. Тус хууль нь хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдэг агуулгатай. Хөрөнгийг хураасны дараа прокурор, мөрдөн шалгах байгууллагаас авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах тухай юм. Жишээлбэл тодорхой нэгэн төрийн албан тушаалтан өөрийн албан ёсны орлогоосоо илүү хөрөнгө, эд хөрөнгөтэй байх юм бол шалгана. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиудад, хууль бус хөрөнгийг хураах, илрүүлэх заалтууд байдаг ч авлигын хэргээр ял эдлэхэд хөрөнгө нь үлддэг. Иймээс прокурор, АТГ-аас гэмт буруутай нь тогтоогдсон ч авлигын хөрөнгө нь байсаар байгааг тогтоож, улсын орлого болгох тухай асуудал” гэсэн юм. Түүний мэдээллээс “Орлогоос давсан хөрөнгөтэй албан тушаалтнуудыг шалгаж, хөрөнгийг хурааж нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна” гэснийг сонссон зарим нь “Бүтэхгүй зүйл ярьж байна” хэмээн тохуу хийгээд өнгөрсөн. Гэтэл уг хуулийг УИХ-аас хэлэлцэхээс өмнө “Албан тушаалтнуудын орлогоос давсан хөрөнгө болон авлигад авсан мөнгөө хэрхэн хувиргаж, хаана булдаг вэ” гэдгийг тодруулж, тодорхой жишээ баримтыг дэлгэх улс төрийн акц өрнөх юм байна. Албан тушаалтнуудын орлогоос давсан хөрөнгийн тухайд АТГ-т гаргаж өгдөг ХОМ-ээс ихээхэн хамаарна. Харин авлигад авсан мөнгөө хэрхэн хувиргаж, хаана булдаг, өөрөөр хэлбэл авлигын мөнгийг хэрхэн “угаадаг” талаарх мэдээлэл нийгэмд нэлээд дуулиан тарьж мэдэхээр байна. Учир нь эх сурвалжийн мэдээллээр, улстөрчид, албан тушаалтнуудын авлигад авсан мөнгө нь голдуу үл хөдлөх хөрөнгө болж хувирдаг байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвд Төрийн ордны эргэн тойронд, мөн суурьшлын эрэлттэй шинэ бүс болоод байгаа Яармаг, Бага тэнгэрийн ам зэрэг Улаанбаатар хотын төвд ойрхон утаа униар, дуу чимээ багатай тохиллог орчинд үл хөдлөх хөрөнгө болж хувирсан байдаг ажээ. Тэгэхдээ орон сууц, хаус хотхон, нэртэй зартай худалдааны төв, олны мэдэх болсон цамхаг буюу тауэр болж сүндэрлэжээ. Уг мэдээллийг бэлтгэж буй багийнхан эхний ээлжид энэ сарын сүүлчээр нэр бүхий нэлээд хэдэн улстөрч, албан тушаалтнуудын “угаасан мөнгө”-ний үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд танилцуулахаар бэлдэж байгаа мэдээлэл байна. Тиймээс, энэхүү “Улстөрчид авлигын мөнгөө хэрхэн хувиргаж, яаж угаадаг вэ” гэдэг улс төрийн акц намрын улс төрийг халааж магадгүй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7912)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn