Н.Мандуул: Шинэ шийдлүүдийг дүүрэгтээ туршиж, улсад хэрэгжүүлэх загвар бий болгоно

58 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Дүүргийнхээ хөгжлийн чиг хандлага, цаашид хэрхэн хөгжих боломжтой талаар ярилцлагаа эхлүүлье.   

- Манай дүүрэг нэлээд онцлогтой. 1992 онд тухайн үеийн Сүхбаатар дүүргээс тусгаарлан Чингэлтэй дүүрэг бий болсон. Газар нутгийн хувьд босоо, нарийн бүтэцтэй учраас бүсчлэлээр авч үзэх шаардлагатай. Ерөнхий төлөв байдлаар нь харвал, төвийн хэсэгтээ байшин, орон сууцны хороололтой. Ялангуяа 40, 50 мянгатын орчимд хуучны орон сууцны хорооллууд төвлөрсөн. Харин хойшоо явах тусам дэд бүтэц харьцангуй бага хөгжсөн, гэр хороолол ихтэй.

Хайлааст, Дэнжийн мянга, Долоон буудал зэрэг газрууд энд багтана. Үүнээс цааш зуслангийн бүс үргэлжилдэг. Тэнд дөрвөн улирлын турш тогтмол амьдардаггүй, манай дүүргийн байнгын оршин суугч биш боловч зуслангийн байшин, газар, орон сууц эзэмшдэг хүмүүс бий. Тиймээс дүүргийн нутаг дэвсгэрийг ерөнхийд нь гурван өөр төрлийн бүс гэж харж болно. Үүнийг харгалзан дүүргийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хөгжлийн бодлогоо төлөвлөхдөө бүс бүрийн онцлогт тохируулан өөр өөрөөр авч үзэх шаардлагатай. Ялангуяа зуслангийн бүс нь улирлын шинж чанартай. Тухайлбал, хог тээвэрлэлтийн хэрэгцээ зуны улиралд эрс нэмэгдэж, өвөлдөө багасдаг. Тиймээс тухайн бүсийн хүн амын хөдөлгөөн, улирлын онцлогт нийцүүлэн үйлчилгээгээ төлөвлөх хэрэгтэй болдог. 

-Гэр хорооллын хувьд дэд бүтцийн асуудал хамгийн их анхаарал татдаг. Дүүргийн дэд бүтцийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Би дүүргийн Засаг даргаар томилогдоод 1-2 жил болох гэж байна. Энэ хугацаанд тулгарч байгаа нэг том асуудал нь дэд бүтэц. Дэд бүтцийг шууд татаж шийдэх гэхээр манай хуучны, социализмын үеийн төлөвлөлт маш их хүндрэл үүсгэж байна. Тэр үед төвлөрсөн байдлаар үндсэн шугам сүлжээг газар доогуур хэдэн арван километрээр татаж, нэг төвөөс бүхэлд нь хангах зарчмаар төлөвлөсөн. Өнөөдөр манай үндсэн дэд бүтцүүдийн ихэнх нь ийм зохион байгуулалттай хэвээр байна. Харин одоо шинээр шугам татахын тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайгаас гадна газар чөлөөлөлт зэрэг олон асуудал дагалддаг. Жишээлбэл, Амгалангаас бохир усыг Сонгинохайрхан дүүрэг хүртэл газар доогуур 30 орчим километр урсгаж, цэвэрлэх байгууламжид хүргэж байгаа системтэй. Ийм төвлөрсөн тогтолцоо нь цаашдаа хүндрэл үүсгэхээр байна. Тиймээс цаашид дэд бүтцүүдээ илүү тархмал хэлбэрээр шийдэх шаардлагатай гэж харж байна.

Техник, технологи хөгжиж байгаа энэ үед шинэ шийдлүүдийг ашиглах хэрэгтэй. Бүгдийг нэг дор шийдэх боломжгүй ч тухайн бүсийн онцлогоос шалтгаалаад хэсэгчлэн, үе шаттайгаар шийдэх боломжийг эрэлхийлэх ёстой. Энэ ч утгаараа дүүргийн хэмжээнд илүү байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг оруулж, нэвтрүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, дулааны асуудал манай дүүргийн хувьд хамгийн хүнд нөхцөлүүдийн нэг байдаг. Тиймээс дулаан хангамж болон бусад дэд бүтцийн асуудлыг уламжлалт аргаас гадна шинэ, байгальд ээлтэй технологиор шийдэх боломжийг туршиж байна. Ерөнхий сайд Н.Учрал Чингэлтэй дүүргийг жишиг “Ногоон sendbox” дүүрэг болгон зарласан. Энэ хүрээнд янз бүрийн шинэлэг технологи, шийдлүүдийг туршиж үзэж байна. Мэдээж бүгд шууд төгс шийдэгдэхгүй.

Харин бодит нөхцөл дээр туршиж, хөрсөн дээрээ буухад ямар давуу болон сул талтай байна вэ гэдгийг нь тодорхойлж, үр дүнтэй шийдлүүдийг цааш нь нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байгаа. Газар ашиглалт, хот төлөвлөлтийг эхнээс нь зөв хийх ёстой. Аливаа газарт орон сууц барьж, иргэдийг суурьшуулахдаа нөгөө талд нь шаардлагатай нийгмийн дэд бүтцүүдийг заавал цогцоор нь шийдэх хэрэгтэй. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй холбоотой бүх асуудлыг хамтад нь төлөвлөх ёстой. Энэ бол дүүргийн хувьд ч хамгийн чухал асуудлуудын нэг болж байна.

-“Ногоон” дүүрэг болох зорилтын хүрээнд “Ногоон сургууль” төслийг хэрэгжүүлж 57 дугаар сургуулийн гадна орчны тохижилт, авто замын урсгалыг нэг чигт болгох зэрэг ажлуудыг хийсэн. Энэ  талаараа яривал. Бусад сургуулиуд энэ жишгийг хэрэгжүүлж эхэлсэн үү? 

-Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран  “Ногоон сургууль” төслийн хүрээнд 57 дугаар сургуулийг жишиг “ногоон” сургууль болгосон. Тус ажил өнгөрсөн хавраас эхэлж, есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Энд бид зүгээр нэг сургуулийн барилга байгууламжийн тодорхой хэсгийг засварлах байдлаар хандаагүй. Сургуулийг цогцоор нь шинэчлэх зарчим барьж байгаа. Үүний тулд тодорхой стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, тэдгээрийг мөрдөж ажиллаж байна. Хамгийн гол зорилго нь улсын болон хувийн сургуулиудын, мөн хот хөдөөгийн сургуулиудын боловсролын чанарын ялгааг бууруулах юм. Манай улсын ихэнх сургууль дэд бүтцийн асуудлаас шалтгаалаад аж ахуйн хүндрэл ихтэй байдаг. Барилга байгууламж нь хуучирсан учраас шугам хоолой эвдрэх, дулааны алдагдал ихтэй байх зэрэг асуудал байнга гардаг. Тиймээс эдгээр асуудлыг орчин үеийн технологийн шийдлүүдээр шийдэж, “Ногоон сургууль” гэсэн иж бүрэн, цогц концепц болгон хэрэгжүүлэхийг зорьж байна. Гэхдээ үүнийг зөвхөн бодлогын баримт бичиг, стандарт боловсруулаад яриад өнгөрөх боломжгүй. Бодит үр дүнг харуулахын тулд эхлээд дүүрэг дээрээ нэг сургуулийг жишиг болгон хөгжүүлж, бусад сургуулиуд дагаж хэрэгжүүлэх боломжтой загвар бий болгох нь зөв гэж үзсэн.

57 дугаар сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Ногоон сургууль” хөтөлбөрийг улсын хэмжээнд зарлаж, ирэх оны төсөвт 100 сургуулийг яг энэ жишгээр “Ногоон сургууль” болгох зорилт тавьсан. Улсын хэмжээнд 1730 гаруй сургууль байдаг. Үүний ойролцоогоор гуравны нэг нь дэд бүтцийн хувьд хангалтгүй нөхцөлтэй юм байна. Өөрөөр хэлбэл, сургуулиуд өдөр тутмын ийм олон хүндрэлтэй тулгардаг. 57 дугаар сургуулийг сонгосон шалтгаан нь Дэнжийн мянгад, гэр хорооллын бүсэд байрладаг. Ер нь улсын сургуулиудын хувьд хамгийн хүнд нөхцөлтэй байгаа, ялангуяа гэр хорооллын сургуулиудаас энэ ажлыг эхлүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Тиймээс ирэх жил манай дүүрэгт байгаа 20 орчим сургуулийг “Ногоон сургууль” болгох зорилт тавьж байна.   

-“Ногоон сургууль”-ийн давуу тал, онцлог юу вэ?

 -Юуны өмнө эрчим хүч, ашиглалтын зардлыг бууруулах том давуу талтай. Сүүлийн үед цахилгааны үнэ нэмэгдсэн. Сургуулиуд дулаанаа нүүрсээр эсвэл цахилгаанаар шийдэхэд зардал маш өндөр гардаг. Улсын хэмжээнд 700 гаруй сургуулийн ашиглалтын зардалд жил бүр 400-500 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Үүнийг ядаж 50 хувиар бууруулж чадвал маш их хэмжээний хэмнэлт хийх боломжтой. Тиймээс “Ногоон сургууль”-ийн нэг гол чиглэл нь эрчим хүчний хэмнэлт юм.

Гэхдээ бид зөвхөн эрчим хүчний хэмнэлт яриагүй. Сургуулийн бүс хүүхдэд хамгийн аюулгүй орчин байх ёстой гэсэн концепц баримталж байгаа. Эцэг, эх бага насны хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд, сургуулийн бүсэд орсон цагаас нь хойш ямар нэгэн аюул, эрсдэлгүй гэдэгт итгэлтэй, санаа амар байх ёстой. Би дүүргийнхээ нэг иргэнтэй хамт хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх үйл явцыг биечлэн явж үзсэн. Сургуулийн гадна талд зогсоолгүй, хөдөлгөөн замбараагүй учраас  хүүхдээ заавал хөтөлж оруулахын тулд зогсоол  хайхаас эхлээд эцэг, эхчүүдэд нэлээд хүндрэл, стресс үүсдэг юм байна. Тиймээс сургуулийн гадна орчныг бүрэн камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох, явган хүний замыг тохижуулах, хүүхэд буулгаж, суулгах тусгай аюулгүй цэг бий болгох зэрэг ажлыг төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, сургуулийн гаднах орчныг бүхэлд нь хүүхдэд аюулгүй болгоно.

Ногоон шийдлийн хүрээнд байгальд ээлтэй олон төрлийн арга хэмжээг мөн нэвтрүүлж байна. Тухайлбал, бага насны хүүхдүүдийн анги танхимд гидропоник аргаар тасалгаанд ургамал, ногоо ургуулах төхөөрөмж суурилуулж байгаа. Хүүхдүүд өөрсдөө ногоогоо тарьж, ургуулж, түүнийгээ үдийн цайндаа хэрэглэдэг болно. Мөн хог хаягдлыг ангилан ялгах дадлыг сурагчдад хэвшүүлэхээр ажиллаж байна. Хуванцар сав зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан цуглуулж, түүнийг хүлээн авдаг компанитай хамтран ажиллана. Үүнээс олсон орлогыг эргээд хүүхдүүдийн санаачилсан жижиг төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах зэрэг шийдлийг хэрэгжүүлэх боломжтой. Дараагийн нэг чухал чиглэл нь эрүүл орчин.

Гэр хорооллын бүсэд агаарын бохирдол их учраас сургуулийн анги танхимын цонхыг нээж, агаар сэлгэх боломж хязгаарлагдмал  байдаг. Нөгөө талаар хуучны сургуулийн барилгуудад агаар сэлгэлтийн систем хангалтгүй. Цонхоо нээхгүй байвал доторх чийгшил нэмэгдэж, энэ нь хүүхдүүдийн ханиад, томуу зэрэг өвчлөлд нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс анги танхимуудад агаарын чанарын индекс хэмжих төхөөрөмж болон агаар цэвэршүүлэгч суурилуулж, үзүүлэлтүүдийг дата хэлбэрээр цуглуулж байна. Мөн хүүхдүүдийн дунд тохиолддог хеликобактер зэрэг нян, бактерийн гаралтай халдварын  эрсдэлийг бууруулахын тулд сургуулийн гал тогоонд ариутгалын төхөөрөмж суурилуулж, сургуулийн эмчид шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг авч өгч байна. Ариун цэврийн өрөөнүүдийг ч шинэчилж, цэвэр, эрүүл орчин бүрдүүлэхэд  анхаарч байгаа.

-Үүн дээр “Ухаалаг сургууль” гэсэн бас нэг чиглэл нэмэгдэх байх?

-Тийм ээ. Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй Chromebook зэрэг технологийн шийдлийг сургалтад ашиглаж, хүүхэд бүр технологитой ажиллах боломжтой болох ёстой. Хиймэл оюуны эрин үе эхэлж байгаа энэ үед хүүхдүүд технологийн хөгжлөөс хоцрохгүй, түүнтэй хөл нийлүүлэн алхах чадвартай байх шаардлагатай. Ингээд ерөнхийд нь авч үзвэл “Ногоон сургууль” нь эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд аюулгүй, эрүүл орчинтой, байгальд ээлтэй, технологид суурилсан ухаалаг сургууль гэсэн үндсэн чиглэлийг цогцоор нь авч үзэж байгаа юм. Хамгийн чухал нь бид энэ бүхнийг зөвхөн стандарт, баримт бичгийн хэмжээнд үлдээхгүй. Үзүүлэлт бүрийг хэмжиж, хийсэн өөрчлөлтүүд хүүхдийн эрүүл мэнд, сургалтын чанарт бодитоор хэрхэн нөлөөлж байгааг дата, судалгаанд үндэслэн тооцдог болох ёстой. Өмнө нь ийм зүйлийг цаасан дээр төсөөлж, төлөвлөгөөний хэмжээнд ярьдаг байсан бол одоо бид бодит кейс бий болгочихсон. Тиймээс энэ кейс дээрээ бодит хэмжилт, судалгаагаа хийж, үр дүнг нь тооцож эхэлж байна.  

-“Ногоон сургууль” төслөөр сургуулиудын ашиглалтын зардлыг хэмнэнэ гэж ярьж байна. Гэтэл сургуулиудын урсгал зардлыг төсөвт нэгэнт суулгасан байгаа шүү дээ. Хэмнэлт гаргалаа гэхэд тэр мөнгө нь дүүрэгтээ үлдэх үү?

 -Уг нь хэмнэсэн хөрөнгөө бусад хэрэгцээндээ, тухайлбал цалин нэмэх, боловсролын  салбарынхаа бусад үйл ажиллагаанд зарцуулах боломж байх ёстой гэж харж байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдал бас амаргүй байна. Өнгөрсөн жил төсөв тасалдсан. Энэ жилийн төсөв ч тасалдалтай явж байна.  Нөгөө талд урсгал болон ашиглалтын зардал өндөр болсон. Тиймээс хэмнэсэн мөнгөө юунд зарцуулах вэ гэж “Алаагүй баавгайн арьсыг хуваах”-аас илүүтэй, хэмнэлт гаргасны дараа тэр мөнгийг буцаагаад татчих вий гэсэн болгоомжлол байна. Манай төсвийн тогтолцоонд “Та нар ийм хэмжээний хэмнэлт хийсэн юм байна” гээд дараагийн  санхүүжилтээс хасах, эсвэл гүйлгээн дээр нь барьж байгаад татах эрсдэл бий.

Тэгэхээр хэмнэлт хийсэн байгууллагадаа тодорхой хэмжээний урамшуулал, зарцуулах эрх үлдээдэг тогтолцоо байх нь зөв. Мэдээж хэмнэлт хийж чадвал сайн. Гэхдээ миний зорилго дүүргээ тусдаа “Вант улс” болгоод, хэмнэсэн мөнгөө зөвхөн эндээ төвлөрүүлэх биш. Харин дүүрэг дээрээ шинэ шийдлийг туршиж, үр дүнтэй байвал нийслэлийн бусад дүүрэг, цаашлаад улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой загвар бий болгохыг зорьж байгаа. Эхнээсээ үр дүн гарч байна. Аливаа ажлыг заавал олон жил бичиг цаас боловсруулж, судалгаа хийж, том төсөв ярьсны эцэст эхлүүлэх албагүй. Бид ингэж цаг алдсаар байтал өнөөдөр төлөвлөгөөндөө яриад сууж байгаа хүүхдүүд маань маргааш том болчихно. Тиймээс дүүрэг дээрээ эхлээд бодитоор хийж үзээд, “Ингэж хийж болдог юм байна, ийм үр дүн  гардаг юм байна” гэдгийг харуулахыг зорьдог. Жишээлбэл, 57 дугаар сургууль дээр НҮБ-тай хамтраад 1.5 орчим тэрбум төгрөгийн хүрээнд олон төрлийн шийдлийг хэрэгжүүлж байна. Эхлээд бага хэмжээнд туршиж, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Хийж үзээгүй байж  шууд асар их төсөв батлаад, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нь өөрөө эрсдэлтэй. Тиймээс хүмүүсийн амьдралыг бодитоор сайжруулах ямар шийдэл байна, түүнийг эхлээд дүүрэг дээрээ хэрэгжүүлж, ажилладаг загвар болгож харуулахыг зорьж байгаа юм. Хэмнэлтийг дэмждэг, үр өгөөжийг нь тухайн салбартаа эргүүлэн зарцуулах боломж олгодог төсвийн тогтолцоо хэрэгтэй гэж боддог. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7912)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээ

58 мин
Н.Мандуул: Шинэ шийдлүүдийг дүүрэгтээ туршиж, улсад хэрэгжүүлэх загвар бий болгоно

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

58 мин
“Итгэл найдварын ой” аяны хүрээнд Дэндийн амыг цэвэрлэлээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч. Мэндсайханы санаачилгаар тус дүүргийн 20-р хорооны нута

13 цаг 8 мин
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

21 цаг 27 мин
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

Өчигдөр 06 цаг 00 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

Уржигдар 15 цаг 27 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 14 цаг 42 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

Уржигдар 14 цаг 32 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

Уржигдар 14 цаг 03 мин