Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

49 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Төмөрбаатарын Батсайхан

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр арваннэгдүгээр сарын 01-ээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барилаа” гэв.

 

Аудит: Төсвийн тусгай шаардлагуудыг хангаагүй

 

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэснийг онцлов.

 

“Төрийн залгамж чанар байх ёстой, алдааг нь засаад урагшлах гэж байна”

 

Үргэлжлүүлэн Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Ганбаатар, С.Эрдэнэболд, С.Одонтуяа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Туваан, М.Мандхай, Б.Уянга, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан нар Ерөнхий сайдаас асуулт асууж байр суурь илэрхийллээ. Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгээр хэн юу ярьсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Төсвийн тодотгол намрын чуулганаар бус, хаврын чуулганаар орж ирэх байсан юм. Би тухайн үед нь хэлээд бараагүй. Өнгөрсөн 2025 оны сүүлчээр төсөв мөнгөгүй болж, тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар 1.2 их наяд төгрөгийг татвар төлөгчдөөс түрүүлээд авчихсан. Энэ асуудал дээр аудитын байгууллага дүгнэлтээ гаргасан. Үүнд хариулт хэлээд өгөөч. Мөн нэг бичлэг үзүүлье. 988 тэрбум төгрөгийн асуудал байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Г.Очирбат гишүүн үндэслэлтэй зүйл хөндөж байна. Төрийн ажлын залгамж чанар гэж байх ёстой. Гэхдээ алдааг нь засаад урагшлах ёстой гэж бодож байна. Тийм учраас асуудлыг сууриар нь шийдэх ёстой гэсэн үзэл баримтлалтай хүн. Ардчилсан намын гишүүдийн шаардлага бол асар зөв.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Ерөнхий сайд Н.Учрал уянгалаг, гэгээн сайхан зүйл ярьж байна. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсөв рүү татаж авчхаад захиран зарцуулна гэдэг бол буруу. Та үнэхээр шударга шийдэх гэж байгаа бол төрийн өмчит, ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг иргэдэд бүтнээр нь өг. Төр ногдол ашиг авч яах юм бэ. Тэгж байж иргэдийнхээ бодит орлогыг дэмжих гэж байна. Ийм систем рүүгээ явъя л даа.

 

“Тендерт орж, халтуур хийдэг төрийн байгууллагуудыг татан буулгаж, төсвөө хэмнэе”

 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Сайдууд цалингаа тавих зардалтай үлдсэн гэж байгаа ч бодит байдал дээр ондоо байна. Зарим сайдын урсгал зардал хяналтаас алдагдсан. Шадар сайд Х.Доржханд сая долоодугаар сард цахилгаан эрчим хүч экспортлох стратегийг 790 сая төгрөгөөр боловсруулах тендер зарласан. Би үүнийг маш их шүүмжилсэн.Эрчим хүчний салбарын бодлого, стратеги боловсруулах үүрэгтэй Стратеги, бодлогын хэлтэс яаманд байдаг. Гэтэл энэ хэлтсийн хийх ёстой ажилд татвар төлөгчдийн мөнгөөр тендер зарлаж байна. Хоёрдугаарт, Шадар сайд нь доороо яамтайгаа давхцуулан эрчим хүчний экспортын хэлтэс байгуулчихсан. Маш өндөр зардалтай хэлтэс байгуулсан байна. Төрийн байгууллага тендерт нь шалгарсан гээд хээв нэг хариулаад сууж байна. Та бүхэн бод доо. Энэ бол зууны онигоо болж байгаа биз дээ. Төсвөө хэмнэе л дээ. Тендерт орж, халтуур хийдэг төрийн байгууллагуудыг татан буулгаж, төсвөө хэмнэе.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Сайдууд дээр нэмэлт зардал байхгүй. Цалингаа тавиад л энэ оноо дуусгана. Илүү зардал байхгүй.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Эрчим хүчний салбар дээр хоёр бодлого барьж байгаа. Хэрэглэгчийн талд дулаан, цахилгааны үнэ тарифыг 2026-2027 онд шилжих хугацаанд нэмэхгүй. Ингэхийн тулд Засгийн газар зардлаа танаж, эрчим хүчний салбарт татаас хэлбэрээр олгоно. Нийтдээ 107.3 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнэ тарифыг нэмэх, улмаар энэ нь иргэдэд үнийн өсөлт болж очих эрсдэлтэй. Өнгөрсөн жил дулаан, цахилгааны хязгаарлалтыг 17 удаа хийсэн.Ирэх өвөл хязгаарлалт хийхгүй байхын тулд шаардлагатай засвар, шинэчлэлийг хийхээр 97.2 тэрбум төгрөг, үүн дээр нийт 200 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж ирсэн.

 

Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөгийг ашиглаж байгаа, юунд зарцуулах вэ?

 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Төсвийн тодотголын орон зайг бий болгохдоо нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөгийн орон зайг ашиглаж байгаа юм байна. Сэлбэ дэд төвийн бондын орон зайг ашиглаж байна гэж ойлгож байна. Үүний улмаас бүтээн байгуулалтын хугацаа хойшлох уу.  Нийслэл өөрөө зарцуулаагүй, чөлөөт хэмжээ нь байгаа эсэхийг тодруулж асууя.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Нийслэлийн үнэт цаастай холбогдуулан ирэх онуудад тэр бондын мөнгийг ашиглаад явна. Тэрнээс биш бондын мөнгийг хураах боломжгүй. Энэ онд л ашиглахгүй байхаар нийслэлийн удирдлагатай ярилцсан. Үлдэгдлийг нь ирэх онуудад ашиглана. Ирэх оны төсвийг дагаад ашиглах эрх нь явж байгаа. Сэлбэ дэд төвийн гүйцэтгэл хэвийн үргэлжилнэ. Өвөлжилттэй холбоотойгоор дансанд нь хуримтлагдсан ашгийг нь ашиглаад явах боломжийг нээж өгсөн.

 

“Улстөрчид төрийн өмчит компаниудаас гар савраа татах хэрэгтэй”

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-1.5 их наядын буурах орлогыг төрийн өмчит компаниудын ногдол ашгаар 100 хувь санхүүжүүлэх юм байна. Зардлынхаа дунд хөрвүүлэлт хийгээд, урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх замаар том зургаар нь харвал төсвийн тодотголыг оруулж ирсэн байна.Түүхийг нь авч үзвэл 2025 оны улсын төсөв дэх ногдол ашгаас 2.7 дахин, сүүлийн зургаан жилд ТӨК-иудын оруулж ирсэн ногдол ашгаас 4.1 дахин их тоо байна. Ногдол ашгийг улсын төсөвт оруулаад, шаардлагатай санхүүжилтийг хийж зарчмыг анхааралтай дэмжиж байна. Ногдол ашиг гэдэг тухайн жилд цэвэр ашигтай ажилласан тохиолдолд орж ирдэг нөхцөлтэй орлого. Манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай улсад цэвэр ашигггүй байх тохиолдол гарна. Энэ эрсдэлийн менежментийг хийж явахгүй бол аюултай. Тэгэхээр төсөв ярихдаа 1.5 их наяд орлого төвлөрүүлэх үүрэг хүлээж буй "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал чуулганд сууж, хариулт өгөх хэрэгтэй.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газар ТӨК-ийн цэвэр ашгаас ногдол ашиг авах эрхтэй шүү дээ. Ногдол ашгаас авна, үйл ажиллагаанаас нь авахгүй. Ашигтай ажилласны дараах цэвэр ашгаас авна. Миний оронд өөр санаатай хүн байсан бол 1.5 их наядаар янз бүрийн төсөл хэрэгжүүлье гэж “пантаазлаад” баахан хувийн хэвшлийнхнийг урьж, бизнес рүү оруулж завхруулаад явах л байх. Надад тийм сонирхол алга, ард түмэндээ л хүртээе гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Ногдол ашиг ярихаар ямар компани ямар ашигтай ажиллаж байгааг яг үнэндээ УИХ-ын гишүүд мэдэхгүй байгаа. Тиймээс би Стратегийн ач холбогдолтой ордуудын ил тод байдлын тайлагналын тухай хуулийн төсөл санаачлан, энэ намрын чуулганаар өргөн барина. Эрдэнэт үйлдвэр Монголыг 40 жил тэжээсэн. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч удаа чуулган, байнгын хороонд ирж тайлан тавьж байгаагүй. Нэг талаас ашигт ажиллагааг төсөвтэй уяж байгаа нь нэг талаас сайн хэрэг. Жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавьж, ард түмний өмчийг хэрхэн захиран зарцуулснаа танилцуулдаг болох хэрэгтэй.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Байгалийн нөөцийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Б.Уянга гишүүн санаачилсан. Засгийн газар дэмжиж саналаа өгсөн. Та хуулийн төслөө нэгтгээд ажиллавал цаг хугацаа товчлох байх гэж бодож байна.

Нэг зарчим байх ёстой. Улстөрчид төрийн өмчит компаниудын засаглалд орохгүй шүү. Ногдол ашгаа төвлөрүүл гэдэг үүрэг өгөхөөс биш, үйл ажиллагаанд орохгүй.

2027 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна. Улстөрчид гар хөлөө дүрэхгүй. Тийм учир олон улсын хөрөнгө оруулалтын менежмент, санхүүгийн үйлчилгээний Franklin Templeton, Black rock-д засаглалыг нь өгнө. Улстөрчид төрийн өмчит компаниудаас гар савраа татах хэрэгтэй. Энэ тал дээр О.Батнайрамдал гишүүнтэй хамтарч ажиллая.

 

“Ирэх оноос төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллавал шууд татан буугдана”

 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: 

-Төсвийг сонгуулийн хэрэгсэл болгодгоо АН, МАН-гүйгээр болимоор байна. Саяхан АН-ын нэг гишүүн мэдэгдэл хийхдээ “Тойргийн гишүүдээрээ трактор тараасан. Энэ жил пад тараана” гэж хэлсэн. Ийм байдлаар явмааргүй байна. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсөвт татаж, цалин, тэтгэвэр нэмэх юм байна. Жил бүр ингэж явах уу.  Цаашид яах юм бэ.Цалин, тэтгэвэр нэмсний дараа өнөөдрийн 13 хувийн инфляц 18 хувь болно гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Хувийн хэвшил рүүгээ төрийн бодлого хэрхэн анхаарах вэ. Ажилгүйдэл 20 хувиар өсөж, 79 мянгад хүрсэн гэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Жил бүрийн ногдол ашгийг өмнөх оны ашгаас тооцож авна. “Эрдэнэс Тавантолгой” компани таван удаа иргэдэд ногдол ашиг тараахдаа төрд ногдол ашиг өгөөгүй. 2024 оны Баялгийн сангийн хуулиар 66 хувийг төсөл, хөтөлбөрт зарцуулна гэж байгаа. Үүнийг үе үеийн улстөрчдийн хэрэгсэл болгож болохгүй. Би ийм зүйлийг зогсоохыг хүссэн юм. Ирэх оноос төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллавал шууд татан буугдана. Цаашдаа ногдол ашгаа өгөх ёстой. Иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэх ёстой. Ирэх жил төрийн өмчит компаниудад 3.5 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх үүрэг өгсөн. Бараг зургаан их наяд төгрөгийн ашиг төвлөрүүлэх боломжтой юм билээ. Төсвөөс хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхгүй. Хувийн хэвшлээ дэмжинэ. Тэтгэврийг оны эхнээс инфляцтай уялдуулж 10 орчим хувиар нэмэх бол төрийн албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сараас нэмнэ.

 

“Улс төр ярих гэж байгаа бол та надтай ярь, төрийн албан хаагчид мэргэжлийн ажлаа хийж байгаа”

 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Төсвийн тодотгол гэдэг нь байгаа төсвийнхөө хүрээнд оруулж ирдэг байхад алдагдлаа нэмээд оруулж ирсэн байна. Ийм төсвийг УИХ батлах юм болов уу. Хуульдаа захирагдаж то­дот­­гол хийдэг болохоос “хууль өөр­чил өө, амьсгаанууд аа” гэж төсөв тодот­годоггүй. Ямар солиотой амьтан та нарын дээр гарчхаад үймүүлээд эхлэв. Төсвийн орлого бүрдээгүйн төлөө галзуурч байна. Тэр орлогыг өмнөх Занданшатарын Засгийн газар аваад идсэний төлөө та нар галзуурсан төсвийн шинэ бодлого руу шилжиж байна. Энэ бодлого биш. Сангийн яамны­хан хараад сууж болж байгаа юм уу. Төсөв, санхүүгийн бодлого онолын хувьд ингэж явах ёстой гэж ярих хүн Сангийн яаманд үлдээгүй юм уу.  Та нар мах, шатахуун нөөцлөх сав барина гэж байна. Тэр савнууд чинь хоосон байна.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Тодотгол хийх үндсэн зарчмын дагуу л тодотгол хийж байна. Төсвийн захи­рагч нарын төсвийн хооронд зо­хи­цуулалт хийх шаардлага үүссэн. Өн­гөр­сөн жил 2026 оны төсвийг бат­лахдаа Засгийн газар цалин нэмэхгүй гэж оруулж ирсэн. УИХ дээр цалин нэм­сэн, нэмэхдээ зардлыг нь тавихгүй батал­чих­сан. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд то­дотгол оруулж ирж байна. Дараагийн шалт­гаан нь таны хэлээд байгаа хоосон сав­нуудыг дүүргэх, стратегийн нөөц бүр­дүүлэх зорилгоор тодотголоор зард­лаа багасгаж, удирдаж болох хэсгийг энэ чиглэлийн хөрөнгө оруулалт болгон өөр­чилж байна.Дэлхий нийтээр гарч буй геополитикийн нөхцөлийг бид удир­даж чадахгүй. Тэндээс үүдсэн үнийн өсөлтийг бид хянаж чадахгүй. Сан­г­ийн яамны төрийн албан хаагчид мэр­гэжлийн ажлаа хийж байгаа. Улс төр ярих гэж байгаа бол та надтай ярь. Үүнийг хариуцах гэж би сайдаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7911)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

49 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

49 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

15 цаг 21 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

16 цаг 7 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

16 цаг 16 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

16 цаг 46 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

16 цаг 48 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

16 цаг 51 мин
АН-ын дарга О.Цогтгэрэл Ли Ганьжэтэй уулзлаа

Ли Ганьжэтэй уулзлаа

16 цаг 53 мин
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

20 цаг 17 мин