Гэгээн нуурын хөвөөнд

49 мин
Нийтэлсэн: Админ
 19 мин унших

Түмэн худаг, буман зул

 

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаас Тайшир зүгт уруудсаар, Улаан үзүүрээс Дулаанхар өөд өгсөв. Өвдөг давсан их өвс наран сөрөгт тэнгис мэт, өндөр харлаг Даравгайн үзүүр аварга хөлөг мэт. Тоглож өссөн багын бууриа эргэхээр тод замаас хажууш хазайлаа. Малын жим баларч, гэрийн буурь эдгэж, Даравгайн худаг “нүд аньжээ”. Говь нутагт худаг мөхөх юутай гунигтай. Ерөөс говь, хээр газар худаг гаргасан хүн хамгийн гавьяатай бөгөөд төр, улсын эрхэм дээд цолтон, шагналтнаас ч илүү нутаг орондоо алдар хүндтэй байсанж. Шинжлэх ухааны онол, нээлт лугаа адил худаг эзнээрээ нэрлэгдэж, домогших нь түгээмэл. Ийнхүү эрт цагт Дарь авгайн гаргасан худаг энэ цагт дарагдахыг үздэг азгүй хүн ээ, би. Тэндээс цааш давхисаар Улаандэлийн худаг дээр очлоо. Малгай унаж, толгой эргэм энэ гүний худаг эдүгээ сүрхий “инновацлагджээ”. Нарны эрчим хүчээр, хүний оролцоогүйгээр суурь хонь усалж байхтай таарах нь тэр. Гүн худгийн хүрдний гарыг тэмээ, мориор эргүүлдэг байсныг ирээдүйн хүмүүс мэдэхээргүй болж. Худгийн дөрвөн талд нутгийн дөрвөн хот буусан нь авдрын хээ мэт харагдав. Мал ууж буй цэнгэг уснаас магнайгаа шавшаад цааш хөдөллөө.

Улаандэлийн худгаас хөнгөн тэрэгний хөлөвчийг хэдхэн дэвсээд Улаанбоомын бараа харагдана. Урьдын нэр нь Улаанбоом, одоо бол Тайширын усан цахилгаан станц, түүнийг тэжээгч Гэгээн нуур, бас түүнийг тэтгэгч Монголоо даасан Отгонтэнгэрийн рашаан болор тунгалаг Завхан голын хөвөө цэнхэртэнэ.

Гэгээн нуурынхаа хөвөөнд л очиж хонох гэж хаа холоос яваа билээ. Алтай, Хангайн нурууны зааг нутагт 20 гаруй километр сунаж тогтсон энэ нуур бол монгол орны хамгийн залуу бөгөөд хүний ухаан, хүчирхэг гараар бүтээгдсэн гайхамшиг юм. Гэгээн нуурын эзлэх талбайг устай зүйрлэвэл Арын хангайн Өгий нуураас хоёр дахин том, газартай жишвэл Европ тивийн Сан-Марино улсын нутаг дэвсгэртэй дүйцэхүйц болжээ. Ингэснээр монгол орны 50 километр квадратаас дээш талбайтай нууруудын 27-д бичигдэж байна.

Биднийг Тайширын сургуулийн сурагч байхад нэгэн өглөө манай сумын урдхан талын дэвсэг дээр нисдэг тэрэг буулаа. Яг л их зохиолч Д.Нацагдоржийн 1934 онд бичсэн “Соёлыг гайхав” өгүүллэг Цагаан-Оломын бяцхан сууринд дахин амилав. Газар, усны шинжээч, усны байгууламжийн инженерүүд хөлөглөсөн тэр нисдэг тэргээс хойш хар, шар, цагаан арьстан хичнээн хүн Тайширын төв Цагаан-Олом хийгээд Улаанбоомын хавцалд ирж, буцсаныг тоолсон хүнгүй.

2002 оны нэгдүгээр сарын хорьд, өвлийн адаг сарын шинийн есний балжиннямтай өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Улсын Их Хурлын гишүүн Р.Цогтбаатар, Д.Оюунхорол, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, усны барилга, байгууламжийн инженер, төслийн монгол талын удирдагч Т.Ганболд, Б.Очиржав тэргүүтэн Улаанбоомд морилж, Тайширын усан цахилгаан станцын шавыг тавихад тус сумын хамгийн өндөр настан Д.Раднаа гуай ерөөл айлдаж, мөн сумын алдарт уяач Д.Зоноройжав гуай хос хонгор морио төрийн тэргүүн болон салбарын сайдад бэлэглэж байсныг хэвлэлийн хуудас гэрчлэн үлдээжээ. Улаанбоом руу хөтлөх улс амьтны замыг улам тодруулсан энэ ажилд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби болон Кувейтын сан дэмжлэг өгч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Синохайдро” корпораци, “Камко интернейшнл” компанийн инженерүүд бүтээн босголцсон түүхтэй.

Завхан голыг зангидан Гэгээн нуурыг хурааж, Тайширын усан цахилгаан станцыг бүтээн босгох амаргүй ажил 10-аад жил өрнөж, тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт, хэлцэл талцал, хэрүүл эсэргүүцэл, сонгуулийн амлалт, хүсэн хүлээлтийн үр дүнд гэрлээ түгээж, гэгээгээ цацраасан юм. Ингэснээр Говь-Алтай, Завхан аймгууд ХХI зуун гарсан хойно лааны гэрлээс лампны гэрэлд шилжиж байлаа. Завхан голын усыг “Ус биш тос” гэж хэлсэн Хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүүгийн зөгнөлт тодорхойлолт биелэл болж, өнөөдөр зөвхөн газар тариалангийн хувьд биш эрчим хүчний салбарт ч “тос” болсоор байна.

Анхны хайгуул, судалгаанаас нь эхэлж тооцвол 40 гаруй жилийн дараа биелэлээ олсон энэ ажилд хамгийн урт удаан хугацаагаар оролцож, насан эцэслэх хүртлээ зааж, зөвлөж, Гэгээн нуураа сахиж амьдарсан Гүржавын Хишигхүү агсныг Тайширынхан төдийгүй Алтай, Завханыхан ашид хүндлэх учиртай билээ. “Гэгээнтний айлдварыг ёсчилж гэгээлэг үйлс бүтээв. Гэгээн нуурыг мэлтэлзүүлж гэрэл элчийг түгээв” хэмээх бичээст гэрэлт хөшөө түүний нэрэмжит станцын далангийн эхэнд буй.

Үзээгүйгээ үзэж, мэдэхгүйгээ мэдэх гэсэн хүн зоны хөл, хүлгийн жолоог юу ийш нь дуудна вэ? Тэр бол уулыг өргөж, усыг эргүүлж, нуур бүтээсэн ардын түүх. Энэ түүх эрт урьдын цагт биш, эдүгээ бидний үед Улаанбоомын улаан хавцал, Гэгээн нуурын цэнхэр хөвөөнд бичигдсэн юм. Зуун булаг нийлж гол болдог, зуун гол нийлж мөрөн болдог гэх ардын үг бий. Тэгвэл энэ нутагт түмэн худаг ундраах ардын хүсэл биелж, буман зул бадраах бурхдын ерөөл цогцолсон юм. Буман зул харанхуйг ялав. Байгалийн сайхныг харах сайхан. Хүний бүтээсэн гайхамшгаар бахдах бүр ч сайхан. Ийм л сайхныг үзэж, эх орноороо бахдах гэж хаа холоос тэрэг унаагаар ирсээр байгаа нь юутай сайхан.

Сайхан газар сайн хүн санаагаараа гэж. Далан өөд зорчих урт хонгилын үүдэнд “Тайшир ногоон эрчим" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амартүвшинтэй таарах нь золтой учрал болов. Тэрбээр сайх далан дээр зогсоод “Манай станц 18 дахь жилдээ ажиллаж, 400 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 300 мянган тонн нүүстөрөгч агаар мандалд хаягдахаас чөлөөлсөн тул Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Цэвэр хөгжлийн механизмын төсөл”-д Монгол Улсаас анх удаа бүртгүүлж, урамшуулал авсан байгууламж боллоо” хэмээн бахархал дүүрэн инээмсэглэв. Түүнчлэн станцаас доош 600 орчим километр урсах Завхан голын урсцыг хянаж, Айраг болон Хяргас нуурын экосистемийг тогтвортой байлгах горимыг тохируулдаг экологийн байгууламж болсныг нэмж бахадлаа.

Ангир чуулж, адуу тургилсан Завхан гол Отгонтэнгэрээс Айраг нуур хүртэл 808 километр, тэр замд Тайширын сайхан нутгаар 82 километр газрыг туулан урсдаг. Хуучин цагт мал багширсан, одоо цагт машин сүлжилдсэн энэ голын хөвөө нутагт хүмүүний арга, ухаанаар бүтсэн хуучин, шинэ хэд гурван суурин буй.

Анхных нь Манж Чин Улсын Сайшаалт ерөөлт хаан (Айсингиоро Юнянь)-ы долдугаар буюу нийтийн тооллын 1802 онд зарлигаар нэрийдсэн Наробанчин гэгээнтний “Соёлыг бадруулагч” сүм хийд бол хоёр дахь нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар буюу аргын тооллын 1924 онд бууриа зассан Тайшир сумын төв Цагаан-Оломын суурин. Гурав дахь нь Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүүгийн санаачилгаар 1972-1973 онд байгуулагдсан Хуримтын услалтын систем, түүнийг түшиглэсэн Хуримтын суурин юм. Он цагийн хувьд Гэгээн нуураас төө өмнө байгуулагдсан боловч одоо нэгэнт Гэгээн нуурын хөвөөнд гэгдэх болсон дээрх гурван суурингийн түүхээр аялахад аяны богцонд мэдлэг нэмэх нь гарцаагүй.

 

Хоёр бурхны авшигт буурь

 

Гэгээн нуурыг хөвөөлөн давхисаар Овооно хар уулын шилээр давж, гэдрэг эргэн наран ургах зүгээс Наробанчин хийдийн туурь дээр ирэв. Манай багийнхан туурийн бэлээс живаа оддыг харж хонохоор майхнаа зэхэцгээлээ.

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг гэгдэх Наробанчин гэгээн Энэтхэг орноо тав, Түвд орноо дөрөв, Монгол орноо долоо хувилан мэндэлснээс 1700-гаад оны дундаас XX зууны эхэн хүртэл амьдарч байсан дүрүүд цөмөөр урьдын Завхан голын зах, хожидын Гэгээн нуурын хөвөөнд амьдран сууж, номын хүчээр нар аргамжиж, газар товчилж, сэлэм зангидаж байсан гэдэг. Тэдний шид увидасын тухай элдэв хууч, домог амнаас аманд уламжилж, чихнээс чихэнд дамжсаар Завхан голын чулуу шигээ элийж мөлийжээ.

Номтой шүнтэй мэргэдийн орон энэ хүрээнд Наробанчин хутагтын номын багш Дилов хутагтын дүрүүд заларч, ялангуяа XX зууны төр, шашны гарамгай зүтгэлтэн Башлуугийн Жамсранжав тууль мэт аж төрөөд, дууль мэт одсон билээ.

 Наробанчин гэгээнтний хүрээ хийд Завхан голын зах, Чандмань уулын өвөрт XVIII зууны сүүлчээс баригдаж, оройтой сүм болсноосоо хойш алтан ганжир, номын хүрдэн, бодь мөрийн хос гөрөөсөө 130 гаруй жил наран, саранд гялалзуулжээ. Энэ гурван жарны сунагар хугацаанд дотоод, гадаадын лам, хар, эргэлчин, мөргөлчин, зочин гийчин, худалдаачин, хувьсгалчид өдий төдийгөөр ирж, буцсаныг хэн ч эс мэднэ. Хүрээ хийдийн хөх чулуун гортигт хөл тавигчдын дотор “Хүн, араатан, бурхад” номоороо шуугиан тарьсан Польшийн аялагч, уран зохиолч, нийгмийн зүтгэлтэн  Фердинанд Оссендовски, “Азийн зүрх” номоороо дуулиан дагуулсан Оросын нэрт зураач, сэтгэгч, гоц үзэгдэл судлаач Николай Константинович Рерих нар багтаж, гайхамшигт энэ нутаг орны сураг чимээг Европ, Ази, Америк дахинд бүтээлээрээ дамжуулан хүргэсэн байдаг.

Шамбалын орон буюу газар доорх улсын эзэн хаан Рэгдэндагва буддын шашны зан үйлийн ёслолын үеэр Сиам (өнөөгийн Тайланд), Энэтхэгт таван удаа, 1380-аад онд Монголын Эрдэнэзуу хийдэд, 1890 онд Наробанчингийн хийдэд үзэгдсэн талаар, улмаар түүний зөгнөл айлдварыг сийрүүлсэн Дилав хутагтын яриаг Ф.Оссендовски англи хэлээр бичиж, 1922 онд Нью-Йоркт хэвлүүлсэн “Хүн, араатан, бурхад” номондоо шигтгэжээ. Мөн Далай лам ч, Богд хаан ч энэ хийдэд морилон ирсэн бөлгөө хэмээжээ.

Хоёр гэгээнтний хүрээ, шавьд амьдарч байсан сонин, содон, аймаар, гайхмаар хүмүүсийн тухай Д.Хүрэл, Т.Батхутаг, Д.Равдан зэрэг радио шиг ахмадуудаас сонсож дуулснаа эргэн сөхвөл уншууртайхан зохиол биччихэж болмоор. Тухайлбал, зохиолч Х.Эрдэвийн “Буман тарнийн цадиг” романы нэгэн дүр Дулам, түүний хүү Равдангийн үйл явдал, хууч дуртгалаар Халхын хоёр гэгээнтэн хийгээд Дэргэдэхийн Гэндэн, Анигай Гэндэн, Дун-Аа Поврон, Соёо бор Намжил заан, Будчухал зэрэг бодит хүмүүст холбогдох мэдээ, баримт дэвтэрлэгдэн үлдсэн нь ардаас авсан алт, түүхээс түүсэн эрдэнэс болой.

Алтан дэлхийн бөөрөн дэх алга дарам энэ газар ХХ зууны эхэн гэхэд 7-8 сүм, дуган, 400 орчим айл өрх, 1800-аад хүн амтай, тэдний 300 орчим нь лам хувраг байсан гэх баримт бий. Гучаад оны гунигт хэлмэгдүүлэл энэ хийдийг яахан тойрох вэ? 300 ламын дийлэнх нь улаан намын золиос болж, цагаан номын цадигт мөнхөрсөн. Цөөнх нь цөхөрч, шаналж насыг хураасан. Тэдний нэг, нутгийн олондоо Амбуу хэмээн хүндлэгдсэн Цэрэндоржийн Самбуу(1888-1999) гуай 111 насалж, өнөө цагийн гэгээг өөрийн нүдээр харсан билээ. Олны мэдэх “Харандаа хад” буюу Цагаан-Оломын гүүрний баруун талын босоо хүрмэн чулуут хар толгойн оройд Амбуугийн аравнайлсан 13 овоо буй. Зам зууртаа залбираад өнгөрөхөд зөвдөхөөс, буруудахгүй газар даа.

Гэгээн нуурын хөвөөнд хэдэн алагтай адуу гэгээнтнээ хүлээсэн сүмийн буурийг бараадан зогсох нь зураг шиг, шүлэг шиг, зөгнөл шиг. Хөдөөх нуурын эрэг дэх хөх туурь юу эсийг өгүүлж дууснам. Намхан, цомхон ч гэлээ оройдоо овоотой, олон хуврагийн гороотой Нармандах уулыг нуурын арал болчихно чинээ хэн зүүдлэх билээ дээ. Гэгээн зүүдээ манаж хоноод өглөөн нарнаар өтгөн шаргал цай самарч, өрмөөр арвайн гурил зуурч суух монгол тансаглал биш гэж үү.

 

Рашаанаар амилсан арвайн тариалан

 

Хоёр гэгээнтний хүрээний тууриас буцах замаараа рашаан, нуур, далан, тариалангийн талбай бүхий Хуримтын бэсрэг суурингаар орлоо. Хуримтын эхэнд ходоод, дотрын рашаан буй. Хуримтлагдсан рашаан Хуримтын нуур болдог. Рашаант нуураас тариалангийн талбай руу шуудуу татаж арвай, хүнсний ногоо, малын тэжээлийг усалдаг гэхээр яасан тансаг санагдана вэ?

Говь нутгийг өөрчлөн байгуулагч, гарамгай менежер Г.Лодойхүүгийн үед бум бужигнаж, түм түжигнэж, трактор тачигнаж, тариа халиурч байсан энэ хөндий өнөө бол ажин түжин байхуй. Өвгөрсөн хэсэг бургас, түүнээс доохно тариагаа усалж буй хоёр залуу, нэг бүсгүй, нуурын усанд хоргодсон сүрэг адуу, бүлэг ангир байгаа нь яамай. Бас Орхоноос зорьж, Отгонтэнгэрт мөргөөд эндэх Гэгээн нуурыг үзэх гэж яваа тэрэгтэй хүмүүс далангийн аман дээр тохиож, усан цахилгаан станц хүрэх зам асуух нь хань татам.

Одоогоос хагас зуун жилийн тэртээ “Сүхбаатарын зам” нэгдлийн дарга Г.Лодойхүү гуай Хуримтын далан дээр зогсоод “Энэ Хуримтын хөндий усалгаатай, жимсний цэцэрлэг, хүнсний ногооны тариалангийн талбай болно. Алимны хэдэн зуун мод суулгасан. Цаад жилээс Хуримтын алим иднэ. Сонгино, байцаа, ягаан сармис, манжин, лууван гээд юу эс тарьж болох вэ? Ягаан саримсыг уржнангаас тарилаа” хэмээн хожмын Ардын уран зохиолч, төрийн шагналт Сэнгийн Эрдэнийн дуу хураагуурт ярьсан нь “Лодойхүүгийн зан” найруулалд бууж, сонины хуудаснаа хэвлэгдсэн байдаг. Тухайн үеийн улсын төсвийн 550 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7000 кубметр усны нөөцтэй, 135 га талбайг услах хүчин чадалтай Хуримтын нуурыг мөн л хүний ухаан, хөдөлмөрчдийн гараар бүтээсэн билээ. Рашааны хундага, айргийн сөн мэт энэ бяцхан нуур эгшиглэнт шувууд, буянт малын соронзон болжээ.

Хуримт зэрэг таван бригадыг багтаасан “Сүхбаатарын зам” нэгдэл “арван хошуу мал”-тай болох зорилт тавьж, адуу, тэмээ, монгол үхэр, сарлаг, хонь, ямаанаас гадна зөгий, тахиа, гахай, хоёр төрлийн туулай үржүүлж, социалист хөдөлмөрийн олон аварга, гавшгайч төрүүлснийг ахмад үеийнхэн андахгүй ч, шинэ үеийнхэн мэдэхгүй болжээ. Хуримтын услалтын систем, Хуримт бригадынхан тэр янзаараа 1990-ээд он, тодруулбал Ардчилсан хувьсгалтай золгосон. Монголын малыг богино хугацаанд 200 саяд хүргэх тухай Зөвлөлтийн удирдагч В.И.Сталины үл гүйцэлдэх даалгавар, коммунизм, социализмын монгол дахь туршилтын төгсгөлд “Сүхбаатарын зам” нэгдэл бутарч, малчид малаа, тариаланчид трактораа хувьдаа авсан тэр цагаас талбай нь хумигдаж, тариаланч нь цөөрсөөр яваа ажээ.

Увсын чацаргана, Ховдын тарвас, Булганы айрагтай дүйх Алтайн брэнд нь арвайн гурил, суль, цульхир. Тайшир, Чандмань, Шарга, Халиуны арвай, Хөхморьтын суль, цульхир, Бигэрийн дарсгүйгээр Алтай нутгийн шимт дээжийн иж бүрдлийг төсөөлөх аргагүй. Арвайн гурил гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөнийг зөөлрүүлж, ашигтай бактерийг дэмждэг, цусан дахь сахрыг жигд барьдаг гэцгээж байна. Ийм шидэт үрлийн тариалангийн талбай нь Хуримтын хөндий билээ.

Хуримтын талбайгаас хураадаг өөр нэг шидэт үрэл бол улаан хальст саримс юм. Хуримтаас Завханд нутагшуулсан, эсрэгээрээ Завханаас Хуримтад нутагшуулсан ч гэж ярьдаг. Үрийн нөөцгүй үедээ харилцан хадаг барьсан байж ч мэднэ. Юутай ч 1970-аад онд Завханы улаан хальстыг Хуримтад авчирсан нь өгөөжөө өгсөөр өнөөг хүрчээ. Нэгдлийн жилүүдэд сумын төвийн “Саримсны байшин”-г хариуцаж байсан ахмад тариаланч М.Сэрээтэр, Ардчилсан хувьсгалын дараа энэ голоос тодорсон анхны Улсын аварга тариаланч С.Сайханжаргал, удам залгасан залуу аваргууд “Тайширын улаан хальст саримс” гэх ховор эдийг тариалсаар иржээ.

 

Олноо угтсан Оломын суурин

 

Хуримтаас баруун тийш, Гэгээн нуураас баруун хойш 10 гаруй километрт Тайшир сумын төв Цагаан-Оломын суурин буй. Аялагч бидний замын зураг Гэгээн нуурыг хөвөөлж, дараагийн өртөө үзэсгэлэнт Талын хүрхрээ (Шарга), мөнх цаст Сутай (Тонхил) зүгийн нутаг тийш зурагдсан тул энэ тэмдэглэлд Тайшир сумыг бүхэлд нь биш, замын суурин Тайширын төвийг цухасхан дурдаад мордох болно.

Зам хаашаа вэ, тэрэг тийшээ дээ. Замын хүзүү заяаг хөтөлнө. Зам гэснээс, “одоо эхлүүлнэ” гэж олон жил яригдсан Улиастай-Алтай чиглэлийн 198 километр хатуу хучилттай автозам барих төслийн ажил 2022, 2023, 2024 онд цаасан дээр “эхэлсээр”, 2025 онд газар дээрээ эхэлсэн билээ. Улиастайгаас Алдархааны нутгаар дайрч, Цагаанхайрхан хүрэх 40 километр автозамыг 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийн өмнөхөн ашиглалтад оруулахаар дарга нар тууз хайчилж, гүйцэтгэгчид ажилдаа гараад байна.

Энэ зам хоёр аймгийг холбоод зогсохгүй өрнө зүгт Алтайгаас Бургастай боомт хүртэл, умар зүгт Нөмрөг-Улаангом чиглэлийн авто замаас Арцсуурь боомт хүртэл сунайж, Алтай, Хангайг нэвт туулан ОХУ-БНХАУ-ыг холбосон Монгол Улсын баруун бүсийн нэг коридорын бүрдэл хэсэг болох юм.

Ирээдүйн зам ч, одоогийн зам ч тэрэг, хөсгийг Тайширын гүүр, Цагаан-Оломоор заавал гатлуулна. Гол мөрний гаталж болох гүехэн газар, гармыг олом гэдэг. Ногоон гэрлээр цагаан шугамаар замаар гарах дүрмийг мэдэх хүний толгойд Цагаан-Олом хэмээх нэрийн утга, агуулга тодроод л ирнэ.

1932 оны 12 дугаар сард болсон Алтай аймгийн удирдах ажилтны өргөн зөвлөгөөнөөр аймгийн төвийг Цагаан-Оломд суурьшуулахаар шийдвэрлэж, Засгийн газарт мэдэгдэн батлуулжээ. Тэр ёсоор 1933-1934 онд Алтай аймгийн төв болж явсан Цагаан-Оломын суурин өнөөдөр Монгол Улсын 330 сумын төвийн хамгийн цөөн хүн амтай нь болжээ. Аймгийн төв, зах зээлдээ хамгийн ойр энэ сумын иргэдийн тал хувь нь аймгийн шинэ төв Есөнбулагт оршин сууж, төрийн албан хаагчдын мөн хувь нь даваа гарагт Цагаан-Олом дахь ажилдаа ирээд баасан гарагт Алтай хот дахь гэртээ очдог шинэ маягийн хөдөлмөрийн хэмнэлийг бий болгожээ. Дээр дурдсан хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор Цагаан-Оломоос Алтай хотод очих хугацаа 20 минут болж, өнөөх Улаанбаатарт хэрэгжүүлэх гэж зүдээд буй “Хорин минутын хот” бодлого энд хялбархан хэрэгжих юм. Харандаа хадны элсэн дээрээс 20 минутын өмнө ухаалаг утсаар шууд харалцаан хийсэн нөхөр бууз жигнэх зуурт Алтай хотноо ирчихсэн, Ардын дуу, бүжгийн “Алтай” театрын тоглолтыг үзээд сууна гэсэн үг.

1946 оны хавар байсан гэдэг. Цагаан-Оломын гүүрний зүүн дэнж дээр онгоц газардаж, баруун хилд ажиллахаар яваа БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайд, хошууч генерал Дашийн Цэдэв, хэдэн цэргийн хүнтэй бууж иржээ. Тэдний дундаас хошууч генерал Михайлов мөнөөх галч өвгөн Лодойг таньж, “Товариш Юнденов” хэмээн дуудснаар тэдний нөхөрлөлийн түүхийг сөхсөн гэдэг юм. Тэд 1917 онд тухайн үеийн Оросын Петрбург хот дахь тус улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордонг эзлэх байлдаанд оролцож, дараа нь ЗХУ-ын анхны таван маршалын нэг С.М.Будённий удирдсан морьт цэргийн бүрэлдэхүүнд орж, Хар тэнгисийн эрэг хүртэл хоёр жил найман сар гаруй амь өрссөн тулалдаанд мөр зэрэгцэн байлдаж явжээ. 1919 онд Улаан армийн Алс Дорнодын тусгай армийн бүрэлдэхүүнд орж, Цагаантантай тулалдаж явсан эрэлхэг дайчин Лодой ер бусын хувь тавилангаар 1921 онд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Хиагт, Да хүрээг чөлөөлөх байлдаанд оролцож, Ардын хувьсгалын партизан болжээ. Хоёр улсын дөрвөн байлдаанд оролцсон хэрнээ баатар болж чадаагүй энэ хүн Цагаан-Оломын сууринд аж төрж, буудлын галчаар ажиллаж байсан нь сонирхолтой бөгөөд гунигтай.

Бас нэгэн удаа “Царцаа ногоо” буюу АН-2 онгоц шуугьж ирээд газардаж гэнэ. Онгоцноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, маршал Хорлоогийн Чойбалсан, монгол, орос хүмүүстэй буугаад иржээ. Тайшир сумын дарга С.Гаваа гуай маршалыг албан өрөөндөө урьж, орон нутгийн ажил байдлаа танилцуулсан байна. Тэгэхдээ “Манай намын үүрийн дарга ажлаар хөдөө явсан” гэж гэнэ. Маршал Чойбалсан ширээний ард суугаад танилцуулгыг сонсох зуураа санамсаргүй хөлөө жийснээр хэрэг манджээ. Хөлд нь зөөлөн зүйл мэдрэгдсэн тул тонгойж харвал хөдөө ажлаар явсан гэх дарга нь согтуу унтаж байх нь тэр. Хоёр дарга баахан банга, донго хүртсэн нь мэдээж. Энэ явдал хөгтэй бөгөөд сургамжтай.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Цагаан-Олом, Улаанбоомд зочлохын өмнө Тайширынхан гурван гэр барьж, шинэхэн халаадаа өмсөөд ширээний бүтээлгээ зэхсэн байжээ. Гэтэл гэрүүд нисдэг тэрэг буух зурваст хэт ойр байна гэж анхааруулсан тул тамгын газрын албан хаагчид мөнөөх гурван гэрийг 20 минутад 200 метрт шилжүүлэх ажлыг амжуулж чаджээ. Усан цахилгаан станцыг барих жилүүдэд манай хамт олон дотоод, гадаадын зочин угтахаас үдэх хүртэл, байр, хоолтой байлгах, газарчлах, хэлмэрчлэх, ард иргэдтэй уулзуулах, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, бэлэг хадаг бэлдэх зэрэг арын албаны амаргүй ажлыг уйгагүй хийсэн дээ хэмээн станцын шав тавьсан цагаас анхны цахилгаанаа өгөх хүртэл Тайшир сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Пүрэвдорж ярьж билээ.

Одоо Цагаан-Оломд сум бүхэнд байх ёстой төрийн байгууллагууд, цөөвтөр өрх үлджээ. Нутгийн удирдлагын ордон, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг нь шинэ, сургууль нь шинэвтэр, эмнэлэг нь хуучивтар барилгатай ажээ. Ерөнхий боловсролын сургууль нь Улсын баатар Даржаагийн Хаянхярваагийн, хүн эмнэлэг нь Ардын бөгөөд хүний гавьяат эмч Загдын Сарайдамбын нэрэмжит юм.

Д.Хаянхярваа баатрын үр хүүхдүүд болон үе үеийн багш, төгсөгчдөөс сургуулийн хашаанд тарьсан модод бяцхан сууриндаа чимэг болон сүндэрлэж байна. Цэцэрлэгийн хашаан дахь хайлаасууд ч сайхан саглайжээ. Сүүлийн жилүүдэд тарьсан залуу модод хуучин сууриндаа өнгө нэмжээ.

Тэрэг унаандаа түлш сэлбээд Алтай хотын зүг хөдөллөө. Жаргах нарны улбар туяанд хуучин суурин цайвалзаж, шинэ нуур гэрэлтэж үлдлээ. Гэгээн нуурын хөвөөгөөр гүймэгхэн аялахад ийм ажээ. Хэдхээн жилийн өмнө таван эрдэнэ налайж байсан саруул хөндийд чандмань эрдэнэ цэлэлзэж, загас, жараахай сүрэглэж байгаа нь илбэ, шидийн мэт санагдана. Гэгээн нуурын ёроолд морь унаж, хонь хариулж явсан гэрчүүд олон бий дээ. Тэдний дурсамжийг дэвтэрлэж үлдээвэл алсдаа сонин. Манай монголчууд аянчин гийчнээс “Сонин сайхан юу байна?” гэж асуудаг даа. Би сонин сайхнаа дэлгэлээ.

Тайшир гэдэг нэр “Та ийш ир” гэсэн урилга мэт. Цаашид урилга нутгаа хөгжүүлэх зорилго хэрэгтэй байна даа. Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн нутгийг хамарсан сэргээгдэх эрчим хүчний тогтолцооны гол тохируулга болсон Тайширын усан цахилгаан станц, Гэгээн нуурт түшиглэсэн аялал жуулчлалын бүсийг бий болгож, усан гулгуур, усны мотоцикл, наран шарлага, хоноглох отог бүхий говийн тэнгисийн гоё эргийг бүтээмээр санагдана. Гэгээн нуурын хөвөөнд уулзацгаая.

Сэтгүүлч Т.Сайхнаа

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

49 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

49 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

15 цаг 21 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

16 цаг 7 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

16 цаг 16 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

16 цаг 46 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

16 цаг 48 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

16 цаг 51 мин
АН-ын дарга О.Цогтгэрэл Ли Ганьжэтэй уулзлаа

Ли Ганьжэтэй уулзлаа

16 цаг 53 мин
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

20 цаг 17 мин