Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр 10.02 цагт гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр долоон гишүүн орон нутагт ажиллаж байгаа бол 18 гишүүн гадаад томилолт байна гэв. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй есөн гишүүн чөлөө авсан бол эрүүл мэндийн шалтгаанаар Х.Баттулга нарын дөрвөн гишүүн чөлөө хүсжээ.
С.Бямбацогт: Хууль санаачлагчийн эрхийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй
УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм. Тэрээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэлээ. Хувийн хэвшлийн орон зайг тэлж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуульдаа эзэн болоход анхаарахыг Улсын Их Хурлын дарга уриалаад, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулан хэлсэн юм. Мөн “Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын заагийг маш тодорхой тогтоосон. Улсын төсвийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин түүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, хянаж, батлах эсэхээ шийдэх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.Энэ хоёр бүрэн эрхийг хольж хутгах, мөн төсвийн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын эрхийг хязгаарлах хууль тогтоомж Монгол Улсад байхгүй. Нөгөө талаар оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдэх эрх гагцхүү парламентад хадгалагдаж буйг онцлон сануулъя.Нэг зүйлийг энд зориуд тодруулж хэлье.Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Тамгын газар бүрдлийг нь шалгах, хянах зохицуулалттай. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль санаачлагчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдлийг бүрэн хангуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм аа. Харин хууль санаачлагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх Улсын Их Хурлын даргад ч, ерөөс хэнд ч байхгүй” гэлээ.
Эдийн засаг 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрчээ
Улмаар үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдаж, үдээс хойш нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сагийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтийг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх зорилгоор 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар тооцсон байна.
Н.Учрал: Төрийн ажлын залгамж чанар гэж байх ёстой, алдааг нь засаад урагшилна
Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас Төсвийн тодотголтой холбоотой асуудлаар асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Өнгөрсөн онд нэгэнт алдаатай төсөв баталсан учраас одоо энэ хүрээгээ өөрчлөөд, төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Би дагаж орж ирсэн хуулиудтай холбоотой асуулт асууя. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийг уншаад маш их баярлалаа. Миний яриад байсан өөр өөртөө чөдөр тушаа тавьж байгаа асуудлыг чөлөөлж байгаа юм байна. Хуулийн 19.9 заалтыг хүчингүй болгож байгаа юм байна. Бид энэ чөдөртөө баригдаад гадаадаас олон зээл авчхаад ашиглаж чаддаггүй. Хаврын чуулганаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл төсөвт орохгүй гээд тусгайлсан хуулиа баталчихсан. Цаана нь бас өчнөөн зээл авчихсан байдаг. Энэ чөдөр тушаагаа тайлаач гэдэг шаардлагыг өгсөн. Тэгсэн чинь уг хуулийн 6.1.2 заалтад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байх гэсэн зүйл заалтаар солигдоод ороод ирлээ. Энэ зарчмын ямар өөрчлөлтийг хийж байна вэ. Ялгаа нь юу байх вэ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-2024 оноос өмнө бол нийт орлого, зарлага дээр тэнцвэржүүлсэн тэнцлийн тухай ярьдаг байсан. Нийт орлого, зарлага хоёрын тэнцлийг ярьдаг байсан. Тэрнээс хойш суурь тэнцэл гэж олон улсын практикт огт байхгүй сүүлд ОУВС-гийн гайхаж байсан. Суурь тэнцэл гэдэг нь гадаад зээл бондыг алдагдалд тооцохгүй. Ийм заалт хийнгүүтээ суурь тэнцэл нь хоёр хувь ашигтай байна гэдэг хууль баталчихсан. Бид төсвийн сахилга батаа нэмэгдүүлж, тэнцвэржүүлсэн тэнцэл бол нийт орлого, зарлагын алдагдлыг тооцно. Алдагдал нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэнэ гэж 2024 оноос өмнө явж ирсэн зарчим. Бид гадаад зээлээ хэрэглэж чадахгүй болчихжээ. Тийм учраас нэгдсэн орлого, зарлагаа тавиад тэнцвэржүүлсэн тэнцлээрээ явъя гээд 2024 оныхоор буцааж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Энэ төсөв 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Батлах батлахдаа 75 хувийн дэмжлэгтэй баталсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын гишүүд 1.2 их наядын үргүй зардал байгааг багасгах боломжтой гэдэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасан. Гэтэл бид бүхэн төсвөө анх өргөн барьснаараа явна гээд зүтгэсэн. Арван сарын дараа төсвөө тодотгохдоо 1.4 их наядаар төсвөө танахаар болж байна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдал гэж шууд хэлнэ. Тухайн үеийн тооцооллоор 1.2 их наядын зардлыг бууруулах боломжтой гэж бодитоор тооцоолж байсан.Тэгэхэд батлахгүй явчхаад одоо ээлжит бус чуулган хуралдуулж, төсвөө тодотгоно гэж ажил болж байна. Хэмнэлт хийгээд байна уу гэхээр буцаагаад урсгал зардлаа 1.4 их наядаар нэмэгдүүлж байна. Тэр мөнгөө хаанаас авах вэ гэхээр төрийн өмчит компаниудаас 80 тэрбумыг төвлөрүүлэх байсан орлогоо нэг их наяд болгож оруулж ирж байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Төсвийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг хариуцлагатай үг хэлье. Энэ удаа Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирэхдээ сангийн хуваарилалт руу огт ороогүй. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сантай холбоотой сангийн хуваарилалт дээр үг, үсэг бичээгүй. Үе үеийн Засгийн газар Ирээдүйн өв сангаасаа авах ёстой гэдэг юм билээ. Би дэмждэггүй. Хоёрдугаарт, ТӨК-иуд Баялгийн сангийн хууль батлахаас өмнө ногдол ашиг төвлөрүүлдэг байсан. "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг бүгдээрээ ногдол ашиг төвлөрүүлдэг байсан. Засгийн газар хувьцаа эзэмшигч учраас. Гэтэл 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг батлахдаа төрийн өмчийн уул уурхайн компаниуд 34 хувиа хуримтлалын санд хийнэ, үлдсэн хэсгийг хуучнаар "Эрдэнэс Монгол" дээр төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлнэ" гэж заалтаар ногдол ашиг өгөх зардлыг түрүүлээд дундын компани авдаг болсон байсан. Ерөнхий сайдын хүний хувьд "Эрдэнэс Монгол"-ын дэргэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хэлээд хуримтлалаар нь нийгмийн төсөл хэрэгжүүл гэж улстөржүүлж болно. Гэхдээ би хүсээгүй. Төр авах ёстой ногдол ашгаа төсвөөрөө дамжуулан авч, 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх гэж байгаа татварын ачааллыг бууруулж, тэтгэвэр тэтгэмждээ нэмэрлэх ёстой гэж үзсэн. Тэрнээс биш ТӨК-ийн үйл ажиллагаа, засаглал бол энд огт хамаагүй. Төрдөө ногдол ашгаа төвлөрүүлж, УИХ хэрхэн зарцуулахаа шийдье гэсэн юм. Харин ТӨК-иудаас төвлөрүүлсэн 1.5 их наяд төгрөгөөр та бүхний баталсан багш, эмчийн цалинг нэмж, 50 хувьд хүргэхгүй бол бага орлоготой, ахмадуудаа хамгаалах бодлогыг хамгаалахгүй бол өрхийн орлого 4.9 хувиар агшсан байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Төсвийн тодотгол чинь намрын чуулганаар бус хаврын чуулганаар орж ирэх байсан юм. Би тухайн үед нь хэлээд бараагүй. Өнгөрсөн 2025 оны сүүлчээр төсөв мөнгөгүй болж, тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар 1.2 их наяд төгрөгийг татвар төлөгчдөөс түрүүлээд авчихсан. Энэ дээр аудитынхан дүгнэлтээ гаргачихсан. Энэ дээр хариулт хэлээд өгөөрэй. Мөн нэг бичлэг үзүүлье. 988 тэрбум төгрөгийн асуудал байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Г.Очирбат гишүүн үндэслэлтэй зүйл хөндөж байна. Төрийн ажлын залгамж чанар гэж байх ёстой. Гэхдээ алдааг нь засаад урагшлах ёстой гэж бодож байна. Тийм учраас асуудлыг сууриар нь шийдэх ёстой гэдэг үзэл баримтлалтай байдаг хүн. Ардчилсан намын гишүүдийн шаардлага бол асар зөв.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Сайдууд цалингаа тавих зардалтай үлдсэн гэж байгаа ч бодит байдал ондоо байна. Зарим сайдын урсгал зардал хяналтаас алдагдлаа. Шадар сайд Т.Доржханд сая долоодугаар сард цахилгаан эрчим хүч экспортлох стратегийг 790 сая төгрөгөөр боловсруулах тендер зарласан. Би маш их шүүмжилсэн. Эрчим хүчний салбарын бодлого стратеги боловсруулах үүрэгтэй учраас Стратеги, бодлогын хэлтэс яаманд байдаг. Гэтэл энэ хэлтсийн хийх ёстой ажил дээр татвар төлөгчдийн мөнгөөр тендер зарлаж байна. Мөн Шадар сайд нь доороо яамтай давхцуулан эрчим хүчний экспортын хэлтэс байгуулчихсан. Маш өндөр зардалтай хэлтэс байгуулчихсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Сайд нар дээр нэмэлт зардал байхгүй. Цалингаа тавиад л энэ оноо дуусгана. Илүү зардал байхгүй.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Эрчим хүчний салбар дээр хоёр бодлого барьж байгаа. Хэрэглэгч талдаа дулаан цахилгааны үнэ тарифыг 2026-2027 онд шилжих цаг хугацаанд нэмэхгүй. Ингэхийн тулд Засгийн газар зардлаа танаж, эрчим хүчний салбарт татаас хэлбэрээр олгоно. Нийтдээ 107.3 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнэ тарифаа нэмж, иргэдэд үнийн өсөлт болж очих эрсдэлтэй. Өнгөрсөн жил дулаан, цахилгааны хязгаарлалтыг 17 удаа хийсэн. Ирэх өвөл хязгаарлалт хийхгүй нь тулд шаардлагатай засвар шинэчлэлийг хийхээр 97.2 тэрбум төгрөг гээд нийт 200 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр оруулж ирсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 168 (7910)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn