Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

1 цаг 9 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Д.АРИУН

 

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөрш зэргэлдээ Канадтай худалдааны дайн эхлүүлж, В.Путин, В.Зеленский, Д.Трамп нарын гуравласан уулзалт болж магадгүй мэдээлэл авчирсан америкийн Тагнуулын төв газрын даргын айлчлал болж, бас Непал болон Төвдийн нутагт байгалийн гэнэтийн гамшиг нүүрлэсэн зэрэг нь наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхний өдрүүдийн дэлхийн улс төр, геополитик, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гол мэдээллүүд байлаа. Яг үүнтэй зэрэгцэн Төв Азийн таван орны нэг Киргизийн нийслэл Бишкект болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт болж өнгөрөв.

Жил бүр ээлжлэн гишүүн орнуудын нэгд болдог дээд хэмжээний уулзалтыг энэ удаад зохион байгуулж, даргалах үүрэг хүлээсэн Киргиз нь зөвхөн дээд хэмжээний уулзалт төдий бус илүү өргөн хүрээтэйгээр улс орноо харуулахад чиглэсэн томоохон алхам хийж чадсан гэдгийг олон улсын хэвлэлүүд тэмдэглэж байна. Тодруулбал, Киргизийн хувьд дэлхий дахинд болж буй томоохон үйл явдлууд, геополитикийн сүүдэр дор өөрийн соёл, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагааны зорилтуудаа олон улсын анхааралд хүргэх боломжийг ашигласан нь уулзалтын бас нэгэн чухал тал байв.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад гишүүн орнуудын төрийн тэргүүн нараас гадна ажиглагч болон ажил хэргийн түнш зэрэг статустай улс орны өндөр төвшний албан тушаалтнууд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын удирдагч нар ирсэн. Энэ нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг олон улсын яриа хэлэлцээ, дипломат болон ажил хэргийн уулзалтын талбар болгодог хүрээг илүү өргөжүүлжээ. Өмнө нь мэдээлж байсанчлан ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн уулзалтаараа  Бишкекийн тунхаглал гаргаж, 28 бичиг баримтад гарын үсэг зурсан.

Киргиз улс  “ШХАБ+” өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+ орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч энд хэлсэн үгэндээ “Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг улс орны хувьд олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлэх бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлж, НҮБ-ын зорилго, олон улсын эрх зүй, тэгш эрх, харилцан хүндэтгэлд суурилсан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг тууштай дэмждэг. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд энэхүү үйл хэрэгт ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө идэвхтэй ажиллах болно” гэж онцолсон.

“ШХАБ+” форматын хүрээнд дэлхийн 17 орны удирдагч нар болон НҮБ-ын тэргүүн А.Гуттериш нарын олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцсон уулзалтын үеэр дэлхийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудад НҮБ-ын үүрэг оролцооны сэдэв илүүтэй хөндөгджээ. Тухайлбал, Казахстаны Ерөнхийлөгч ШХАБ-ын үндсэн зарчмуудыг Олон талт үзэл ба энх тайвны төлөөх дипломат ажиллагааны олон улсын өдөрт зориулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай тогтоолд тусгах санал гаргасан байна. Токаев Ерөнхийлөгч НҮБ-ын үйл ажиллагааг шүүмжилж буй байр суурь олон байгааг дурдсан ч, тус байгууллагыг орлох өөр хувилбар одоогоор байхгүй гэж онцолжээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган "Турк улс тус байгууллагад /ШХАБ/-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хэтийн төлөв нь бусад аль нэг блок эсвэл Барууны орнуудтай харилцаагаа таслах гэсэн үг биш" гэж хэлсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсан үг байв.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орон болох Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаас өрнөдийн хэвлэлүүдийн анхаарлыг татаагүй боловч зохион байгуулагч орны хувьд ихээхэн ашигтай байх яриа хэлэлцээ хийгдсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Үүнд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Киргиз, Хятадын хооронд байгуулсан мөнхийн сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ, мөн “Бедель” боомт, хилийн гүүр барих, шинжлэх ухаан, боловсрол, соёл, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн гэрээ хэлцлийг дурджээ. Мөн Киргиз улсыг ШХАБ-ыг даргалах хүрээнд дэвшүүлсэн тээврийн коридор, бүс нутгийн харилцан уялдаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах, уулын бүс нутгийг хөгжүүлэх зэрэг практик асуудад олон улсын мэдээллийн гол урсгалд төдийлөн гараагүй өнгөрч байгааг 24.kg онцолсон байна.

Хятад улсын Төв Азийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаа тус бүсийн орнуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төслүүд ч нэмэгдэж байгаа. Евразийн хөгжлийн банкны тайлангаас иш татан euronews энэ оны дөрөвдүгээр сард мэдээлэхдээ Хятадын Төв Азийн орнуудад оруулсан нийт хөрөнгө оруулалт 2025 оны дунд үе гэхэд 35.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оноос хойш 1.5 дахин өссөн үзүүлэлт гэж дурдаж байсан.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг тойрсон Орос, Хятад, Энэтхэг тэргүүтэй орнуудын олон улсын шинэ дэг журам байгуулах оролдлого, Украйны дайн, АНУ-ын нөлөөтэй өрсөлдөх хандлага гэсэн өнцгөөс харсан дэлхийн томоохон хэвлэлүүдийн мэдээний ард Киргизийн дотоодод болон бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой чухал баримт бичгүүд гарсан гэдгийг Киргиз, Хятадын удирдагч нарын уулзалт яриа хэлэлцээний үр дүн харуулж байна. 

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев Киргиз улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа хэрхэн ажилласан талаар Бишкек хотод болсон дээд хэмжээний уулзалтын дараа өөрийн үнэлэлт дүгнэлтээ хуваалцсан байна. Тэрээр хэлэхдээ, ШХАБ-ын 25 жилийн ойтой давхцаж байсан тул тус улс давхар үүрэг ачааг  хүлээсэн гэдгийг тэмдэглжээ.  Киргиз улс даргалах хугацаандаа 200 гаруй арга хэмжээ зохион байгуулсан гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев хэлсэн байна. Энэ хугацаанд боомт, ложистикийн төвүүдийн дарга нар, үндэсний стандартчиллын байгууллагууд, хүний эрхийн үндэсний байгууллагуудын хооронд уулзалт хийх механизмыг эхлүүлж, тээвэр, төмөр замын судалгаа, биеийн тамир, спортын чиглэлээр хамтран ажиллах тусгай ажлын хэсгүүдийг байгуулсан гэдгийг тэрээр дурджээ.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлт болсон. Нээлтийн ёслол нь тус улсын нийслэлд шинээр байгуулагдаж байгаа 51 мянган хүний суудал бүхий “Бишкек арена”-д болж, Ерөнхийлөгч Садыр Жапаров гэргийн хамт хүндэт зочдоо биечлэн угтаж авав. Энэхүү наадмын нээлтийг Төв Азийн бус нутгийн орнуудаас гадна Монгол Улсад ч зарим телевиз шууд дамжуулсан.

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баяр ёслолын энэ арга хэмжээнд оролцсонгүй. Хятадын Төвдийн өөртөө засах оронд хөрсний нуралтаас үүдэлтэй үер гамшиг болсонтой холбоотойгоор оролцохгүй гэдгээ зохион байгуулагч орны удирдагчид урьдчилан мэдэгдсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

Дэлхийн нүүдэлчдийн наадам хийх санаачилга гаргаж эхлүүлсэн орон бол Киргиз. Тус улс анх 2014 онд зохион байгуулсан. Тус наадмын албан ёсны сайтад  бичсэнээр Дэлхийн нүүдэлчдийн наадам нь НҮБ-аас соёл хоорондын харилцан яриа, тогтвортой хөгжлийн тавцан гэж хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын томоохон хөдөлгөөн болж өргөжсөн гэж тодотгожээ. Энэ жилийн Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нь энэ сарын 6-ныг хүртэл үргэлжлэх ба оролцогч улс орон болон тамирчдын тоо, нээлтийн ёслолын арга хэмжээ, цар хүрээгээрээ өмнөхүүдээсээ ялгарсан, Киргиз улсыг өөрөөр харуулах нэг өнцөг болжээ. Дэлхийн таван тивийн 100 гаруй орны 3000 гаруй тамирчид цуглаж, спортын 40 гаруй төрлөөр өрсөлдөж байгаа ба Монгол Улсаас үндэсний спортын 28 төрөлд 135 тамирчин бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Дашрамд дурдахад энэ жил уг наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн барилдаан орсон байна. Дараа жил Дэлхийн нүүдэлчийн VII наадмыг зохион байгуулах  орон нь ОХУ-ын Татарстан байх бололтой. Учир нь Садыр Жапаров Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын албан ёсны нээлтийн үгэндээ энэ тухай дурдсан. “ОХУ 2028 онд Татарстанд Дэлхийн нүүдэлчдийн VII наадмыг зохион байгуулахад бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлсэн гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна” гээд үүний төлөө Оросын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, бас энэхүү олон улсын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахад Оросын талд цогц дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд цаашид ч үзүүлэх болно гэж хэлсэн билээ.

Дэлхийн 17 орны төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд цугласан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцүүлэн өөрийн улсын санаачилж эхлүүлсэн Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтээ олон улсын спортын томоохон арга хэмжээ болдог стандарт, жишгээр хийж үндэсний онцлог бахархал, нүүдэлчдийн өвөрмөц уламжлал соёлыг харуулав. Энэ нь ч  олон улсын хэвлэлүүдийн мэдээлэлд ч нүүдэлчдийн VI наадамд анхаарал татсан сэдэв болов. Тухайлбал, Бишкект Орос, Энэтхэг, Иран, Турк, Пакистан, Казахстан, Беларусь зэрэг улсын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд цугларсан бөгөөд наадамд 104 орны тамирчин оролцож буйг Reuters мэдээлсэн байна. Үндэсний бөх, морьт харваа зэрэг уламжлалт спорт, Төв Азийн нүүдэлчин ард түмний соёлын өвийг харуулсан тоглолт, парад бүхий нээлтийн арга хэмжээ онцгой байсныг тус агентлаг онцолжээ.

Ингэснээр Киргиз зөвхөн их гүрнүүдийн дипломат уулзалт зохион байгуулсан орон төдийгүй нүүдэлчдийн соёл, өв уламжлалыг олон улсад сурталчилсан өөрийн гэсэн соёлын томоохон арга хэмжээг бий болгосон улс гэдгээрээ тодорч харагдав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

1 цаг 9 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

1 цаг 9 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

1 цаг 9 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

18 цаг 21 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

20 цаг 31 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин