Нэг. Дорнын цэнхэр говь нутаг - Равжаа хутагтын наадам
Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюуны их тэнгэрлэг хүч чадал оршсон дорнын шаргал говиор айлчлах бүрт нэгийг мэдэрнэм. Дорноговь аймаг нь амжилт ялалтын 90 гаруй жилийн түүхтэй Хутагтын өлгий нутаг бөгөөд эдүгээ ХАА, уул уурхай, үйлдвэржилт, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлж хөгжиж байгаа аймгуудын нэг билээ. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тэргүүлэх байранд эрэмбэлэгдэн Монгол улсын шилдэг аймгаар удаа дараа шалгарсан Тэд энэ жилийн наадмаа тун ч даацтайхан зохион байгууллаа. Бүх аймгуудын сүлд далбааг наадмын цэнгэлдэх хүрээлэнд биежүүлэн өргөсөн нь нутаг нутгийн хүмүүсийн зүрх сэтгэлийг долгилуулсан сайхан ажил боллоо.
Дорнын шаргал говьд ажиллаж, амьдарч байгаа нутаг, нутгийн төлөөллүүдийг аймгийн засаг даргын хувьд хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч хөгжлийн бодлогоо хуучилсан засаг дарга О.Батжаргалаар тэд бахархана. Тусгайлсан ёслол хүндэтгэлийн цагаан өнгийн таван дээлтэй бүсгүйчүүд магнай дээрээ сувдан зүүсгэлээр чимэглэл хийж гоёсон тэд наадмын нээлтийн болон морьдын бай шагнал өгөх гол үзэмж болж байлаа.
Мөн хүндэтгэлийн өргөөнд хүрэн улаан өнгийн хантаазаар ижилссэн бүсгүйчүүд үйлчилгээний соёлын хэмжүүрийг мэдрүүлж маш сайхан эерэг уур амьсгалыг бий болгож байв. Эдгээр болон бусад олон шинэлэг, чимхлүүр ажлаараа зохион байгуулалтын ур чадварыг мэдрүүлсэн шилдэг эмэгтэй удирдагч Марта даргадаа тэд талархаж байлаа. Хол ойрын хориод аймгууд Хутагтын нутгаас олныг олж мэдэрч, онож туршлага судлаасай гэж хүснэ. Долдугаар сарын эхээр зохиогдсон наадмын дараа их говийн зоригтны өлгий нутаг Эрдэнэ суман дахь Элсэн бүрдэнд зочлох сайхан боломж тохиолоо.
Хилийн цэргийн 0129 дүгээр анги нь алба хаагчдын болон сумын хүүхдүүдийн зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаашид цахим (утас) хэрэглээг бууруулах, багаар ажиллах чадвар, сахилга хариуцлагын төлөвшлийг олгох, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор насны ангиллаар сонирхолд нь тулгуурлан “Сагсан бөмбөг”, “Волейбол”, “Даам”-ны эрчимжүүлсэн дугуйланг тусгай хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу зохион байгуулж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй хилчдийн залгамж халааг бэлтгэж, сум орон нутагт Хил хамгаалах байгууллага, ангийн үйл ажиллагаа, эх оронч үзлийг уг арга хэмжээний хүрээнд сурталчилсан нь дэмжин дэлгэрүүлмээр сайхан ажил байлаа.
Батсүхийн Болдбаатар нь Нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд төрийн цэргийн байгууллагын аварга шалгаруулах Волейболын тэмцээнүүдэд анги хамт олноо төлөөлөн жил бүр оролцсоор ирсэн аж.
Тус ангийг 15 жилийн турш нэр төртэй удирдан ажилласан Бэлтгэл хурандаа Х.Ранжинням төрөлх ангидаа хүндэтгэл үзүүлэн ангийнхаа дугаарыг бэлгэдсэн 129 мод, бутыг өөрийн гараар тарьж ургуулан ногоон ой мэт орчныг бий болгож үлдээсэн нь өнөөдөр бүгд урган төлжиж байгаль орчноо хамгаалж, байгууллагадаа үлдээсэн бүтээлч үйлсийн тод жишээ болж байна. Ахмад хилчний энэхүү сайн үйлсийн бүтээн байгуулалт нь хойч үеийн залууст хөдөлмөрч, эх оронч үзэл, бүтээн байгуулалтын үлгэр дуурайлал болон бусад анги салбарууд ч хэрэгжүүлмээр нийгмийн сайн үйлсийн нэг байлаа.
Дэлхийн даамны өсвөрийн аварга, Харуул хамгаалалтын салбарын хилчин байлдагч С.Болорын “Даам”-ны дугуйланд найман сурагч хамрагдаж байна.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс хугацаат цэргийн албанд сайн дураараа татагдсан нь эх орны торгон хилийн шугам дээр очих хүсэлтэй байсан олон залуусын мөрөөдлийн биелэл болсон мэт.
Дугуйлангийн суралцагч С.Жаргал-Ундрах “Дэд мастер” цолны болзол хангасан нь хичээл зүтгэлийн үр шим өгөөж ажээ.
Хил хамгаалах байгууллагын түүхт 93 жилийн ойг угтаж Б.Энхжаргал захирагчтай тус ангийн бие бүрэлдэхүүнд СГЗ Д.Ганболд захиралтай “Жиком пресс” хэвлэлийн хамт олноос нэн шинэхэн хэвлэгдсэн, уншууртай, утга зохиолын чиглэлийн 250 ном бэлэглэж буй нь бас нэгэн сюрприз боллоо.
Хоёр. Баруун бүсийн даншиг наадам болон Завханы тухайд
Жил бүрийн баяр наадмын шандасыг тодорхойлж бүс, бүсийн наадам орон нутагт зохион байгуулагддаг нь өөрийн гэсэн онцлог уламжлалтайгаар хөгжсөөр иржээ. Энэ удаагийн баруун бүсийн даншиг наадмыг Завхан аймгийнхан нэр төртэй зохион байгууллаа. Орхон аймаг, Эрдэнэт хотын 50 жил болон онцлог бусад наадмуудтай давхацсан учраас оролцогчид болон хамрах хүрээ төдийлэн их биш байсан, мэдээж Дорнын говийн наадмыг жилдээ нэг сонирхон үзээрэй гэж зохион байгуулагчдад хэлмээр, санаа авах сайн жишгүүдийг нутаг орондоо хэрэгжүүлээсэй гэж өөрийн эрхгүй хэлмээр санагдав.
Говь-Алтайн тухайд энэ хавар их хотын хамгийн үнэлгээ өндөр газруудын нэг Шангрилад төвхнөх шахуу бужигналдаад аймгийнхаа хөрөнгө оруулалтын чуулганыг сүржин, даржнаар хийцгээсэн мөртлөө нэг ч Гэрээ үзэглэсэнгүй, харин дөрөвхөн Санамж бичигт л гарын үсэг зурсан нь ичгэвтэр шахуу. Энэ аймгийг удирдаад байна уу, уруудуулаад байна уу гэж асуумаар. Гэтэл Дорноговь аймгийнхны хувьд дорнын шаргал говь нутагтаа хөрөнгө оруулалтын чуулганаа зохион байгуулж, хол ойрын зочид гийчид, түншлэгч, сонирхогч, хамтрагч нарт газар нутгийнхаа онцлог, хүн зоныхоо сэтгэгдэл хандлагыг өргөн хүрээнд мэдрүүлж эхлээд 47, нэмээд 20-иод Гэрээ, нийтдээ 60 гаруй гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг нь бахдалтай.
Гурав. Увсын бүтээн байгуулалтаас...
Уул усны диваажин Увсын цэнхэр хязгаар нутгийнхан 100 жилийн ойгоо сүрлэг бахадмаар тэмдэглэснээс хойш бүтээн байгуулалтын түрлэг өрнөсөөр л байна.
Увс нуур чиглэлийн 26.39 км авто замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгснөөр Улсын төсвийн 46.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт биежиж иргэд, аялагчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирч, Увс нуур чиглэлийн аялал жуулчлал, орон нутгийн эдийн засаг, худалдаа үйлчилгээний салбарын хөгжилд бодит дэмжлэг боллоо.
Улаангом сумын долоодугаар багийн авто зам буюу Нэгдүгээр сургууль орчмын авто зам нь 1.4 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй бөгөөд “Ногоон хот – Тогтвортой хөгжлийн дэд бүтэц" төслийн хүрээнд шинээр баригдсанаар орчны тоосжилтыг бууруулж, хотын дэд бүтцийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Ногоон төгөл цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвараас Улаан уул чиглэлийн 2.1 км авто зам, явган хүний болон дугуйн зам нь 2.8 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй бөгөөд мөн дээрх төслийн хүрээнд шинээр баригдана.
Улаангом сумын тавдугаар баг, “Эрдэмийн эхлэл” сургуулийн урд хэсгээс Улаан уул чиглэлийн 1.8 км авто зам нь сургууль орчмын замын нөхцөл сайжрах төслийн хүрээнд 2.8 тэрбум төгрөгний төсөвт өртгөөр баригдах юм.
Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун чиглэлийн 164.5 км хатуу хучилттай авто замын эхлэл болох 3.11 км замын ажлын гүйцэтгэгчээр “ЗГБ холдинг” ХХК шалгарч ажил хэвийн үргэлжилж байна.
Улаангом-Хандгайт чиглэлийн авто замаас Сагил сум хүртэлх хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчээр “Грандрөүд Групп” ХХК шалгарсан бөгөөд нийт төсөвт өртөг нь 6.2 тэрбум төгрөг болно.
Улаангом сумаас Тэс сум хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл төсөл арга хэмжээг улсын төсвийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жол” ХХК гүйцэтгэж байна.
Улаангом сумын Улаантолгойн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сэргээн засварлах төсөл, арга хэмжээг “Хаппи Бьюлдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн хүрээнд дөрвөн км үерийн хамгаалалтын далан, нэг км ус хуримтлуулах боомт, долоон км ус зайлуулах суваг, авто машины гарам, явган болон дугуйн зам зэрэг цогц бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд хэрэгжих дотуур байр, хөлбөмбөгийн талбай зэрэг иж бүрэн төсөл арга хэмжээг “Ингүүмэл үйлс” ХХК шалгарч гүйцэтгэж байна. Ингэснээр Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн боловсролын үйлчилгээг орон нутагт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Бөхмөрөн сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга төсөл арга хэмжээг 9.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Өлке констракшн” ХХК, Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны өргөтгөл, их засвар, гадна биеийн тамирын талбайн тохижилт төсөл, арга хэмжээг улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Кенжикү” ХХК, Өндөрхангай сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “Арвижих Увс” ХХК, Цагаанхайрхан сумын спорт заалны барилга төсөл, арга хэмжээг 3.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Содмандах” ХХК, Малчин сумын спорт заалны барилга төсөл, арга хэмжээг 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Баатарцагаан” ХХК, Давст сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга төсөл, арга хэмжээг 8.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Тоосгон-Уул” ХХК, Өмнөговь сумын дотуур байрны барилга 160 ор, Тэс сумын 150 ортой цэцэрлэгийн барилга төсөл, арга хэмжээг 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Зоос импекс” ХХК тус тус гүйцэтгэж байна. Баруунтуруун сумын Турууны голын 109.15 м урт гүүр, Бухын голын 9.6 м урт гүүр, 1.1 км авто зам төсөл арга хэмжээг 6.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Гангүүр” ХХК гүйцэтгэж байна.
Малчин сумын соёлын төвийн барилга, 17 сумын хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсөл, арга хэмжээ “Ланд овнер” ХХК, “Инженер Геодези” ХХК гүйцэтгэж байна.
Наранбулаг сум – Цэцэрлэгийн барилга төсөл, арга хэмжээг “Нармаржан” ХХК гүйцэтгэж байна.
Улаангомын дулааны Хоёрдугаар станцыг 20Гкал/ц-аар өргөтгөх төсөл, арга хэмжээг 8.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Ингүүмэл үйлс” ХХК гүйцэтгэж байна.
Эрчим хүчний сайдын багцаас "Бүс нутгийн найдвартай цахилгаан, дулаан хангамж Хоёрдугаар үе шат" төсөл арга хэмжээний хүрээнд Увс аймагт таван багц ажлыг 19,503.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлж байна.
Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай 163.3 км авто зам, Улаангом-Цагааннуур чиглэлийн 205 км хатуу хучилттай авто зам, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд болон Боршоо боомт чиглэлийн 74 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн засварлах ажлууд хийгдэнэ. Нийт төсөвт өртөг 100 орчим тэрбум төгрөг.
Боловсролын тухайд: “Дэлхийн иргэн” боловсролын төсөл, арга хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 онд 22 дугаар тогтоолоор баталсан бөгөөд Улсын төрөлжсөн олимпиад, уралдаанаас 32 медаль, оюуны спортын Олон улс, улсын чанартай уралдаан, тэмцээнээс 23 медаль, нийт 58 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
Сурлагын амжилтын Олон улсын үнэлгээ буюу PISA шалгалтын даалгаврын тавилаар “Анги нийтийн сорил”-ыг ерөнхий боловсролын 30 сургууль дээр урьдчилан бэлтгэсэн шалгалтын 35 цэгт төвлөрүүлэн зохион байгуулсан болно.
“Амжилтад хөтлөх - Амьдралын сонголт” хөтөлбөрийн хүрээнд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран Увс аймгийн 19 ерөнхий боловсролын сургуулийн 2,100 гаруй суралцагчийг мэргэжил сонголтын оношлох үнэлгээ, мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөх үйлчилгээнд хамруулсан нь сурагчид өөрийгөө танин мэдэж, авьяас чадвар, хүсэл сонирхол, өөрийн онцлогтоо нийцсэн мэргэжил сонголт хийх боломжийг ахлах ангийн сурагчдад олгож буйгаараа онцлогтой юм.
УИХ-ын гишүүн Б.Заяабалын санаачилгаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Дижитал Увс – Дэлхийн боловсрол” төслийн хүрээнд Увс аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт зориулсан хиймэл оюун ухааныг ашиглах арга зүй, дижитал эх үүсвэрүүдийг боловсролын салбарт өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн танхимын сургалтыг зохион байгуулж, 240 гаруй багшийг хамруулсан байна.
Мөн Увс аймаг, Инчон хотын Боловсролын газар, Он Хаппи ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд Төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн багш нараас бүрдсэн 30 гаруй төрийн албан хаагчийг Бүгд Найрамдах Солонгос Улсад туршлага судлуулж, орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажиллаж байна.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн үеийн компьютер томограф, MRI зэрэг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн бөгөөд “ЭБАЖИ” эмнэлэг MRI аппаратаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн 1400 гаруй иргэнийг оношилгоонд хамруулсан бөгөөд хөрш зэргэлдээ Тува улсын иргэд олноор ирж үйлчлүүлдэг болсон нь онцлог юм. Зэргэлдээ аймгуудаас ч 100 гаруй иргэн ирж үйлчлүүлжээ.
Аймгийн Засаг дарга Э.Насанбат, ЗДТГ-ын дарга У.Ганзориг, Засаг даргын орлогч С.Анхбаяр, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Оюунбилэг нарын удирдлаган дор Увс нутгийн хөдөлмөрч зон олон улам ихийг хийж бүтээх зориг төгөлдөр байна.
Дөрөв. Олон ястны өлгий Ховд болон Баян-Өлгий аймгийн наадмуудаас
Монгол Алтайн сүрлэг уулс, Алтай Таван Богдын мөнх цаст оргил, Ховд голын уудам хөндийд казакын домборын аялгуу, Урианхайн сурын уламжлал, Дөрвөд Тува ардын өв соёл зэрэгцэн өвлөгдөж ирсэн нь Баян-Өлгий нутгийн давтагдашгүй өнгө төрх, үнэт баялаг билээ. Олон хэл, соёл, уламжлал нэгэн нутагт харилцан хүндэтгэлтэйгээр оршин тогтнож нэгэн ирээдүйн төлөө нэгдэж чадсан нь тэдний хамгийн том бахархал, үнэт зүйл ажээ. Баян-Өлгий аймаг бол байгалийн үзэсгэлэн, өв соёлын олон төрлөөрөө онцгой бөгөөд өөр өөр ястан ардууд эв найрамдалтай аж төрж эх орныхоо хөгжил дэвшилд мөр зэрэгцэн хувь нэмрээ оруулж ирсэн Монгол Улсын баруун хязгаарын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон нутаг ажээ.
Энд төр хувийн хэвшил, иргэд олон нийтийн хамтын хүч, бүтээлч оролцоонд тулгуурлан бүтээн байгуулалтууд бодитой хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Улирагч онд Хөдөлмөрийн баатар Зайтэний нэрэмжит мэргэжлийн боловсролын сургуулийн 60 жилийн ойн номыг редакторлаж байсан миний бие энэ жил Хурамханы нэрэмжит ХДТ-ын 70 жилийн ойн номд оролцох хувь тохиолоо. Казак хүмүүсийн нягт нямбай, хариуцлагатай чанарын бэлгэдэл болж их ч даацтай бүтээл бий болов.
Арван жилийн өмнө театрынхаа 60 жилийн ойн номыг дан казах хэлээр хэвлэж байсныг театрын шинэ удирдлагууд анзаарч /Х.Айгүл нар/ “Монгол төрийн хэл, монгол хэлээр хэвлүүлнэ” гээд нэмэлт орчуулгатай гаргасан нь олон нийтийн сонирхолд тун ч нийцэв.
Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарысийн тухайд нийгмийн сайн үйлсийг өвөрмөц байдлаар хэрэгжүүлж ирснийг бусад аймаг сумдын удирдлагууд, нутаг орноо гэх сэтгэлтэй бизнесийн нөхдүүд ч дэмжүүштэй мэт.
Улирал тутамд амьдралын боломж тааруу гурваас таван гэр бүлд маш бодитой хөрөнгө оруулалт болгож орон байр, хашаа хороог нь шинэчилж санхүүгийн бодит туслалцаа үзүүлдэг байна. “Нэг хүн эргэж хараад хоёр хүнд тусалбал нийгэм маш хурдан хөгждөг” хэмээх филантропийн суурь ойлголт ч байдаг ажгуу.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж наймдугаар сарын эхээр зохиогдсон тус аймгийн наадам сонин сайхнаар дүүрэн. Хавраас эхэлж усалсан наадмын талбайн зүлэг ногоон дэнж нь халиуранхан найгаж, хүн ардынхаа хүсэл зоригийг мэдрүүлэх мэт ястан бүрийн онцлогийг илтгэсэн тамганы дүрс бэлгэдлээр орчин тойрноо чимэглэсэн нь тун ч донжтой.
Гэтэл хөрш Ховдынхон халцгай газарт тоос бужигнуулан наадамлаж буйтай таарлаа. Ховд хотын Захирагч болон хот тохижуулах газрынханы ажилд хандах хандлага, санаачилга үнэхээр дутаж байна. Аймгийн наадамтайгаа хамтатган шинэхэн Арслангийнхаа цолны найрыг өргөнөөр тэмдэглэсэн Ховдчууд маань бусад аймаг, орон нутгийнхны жишгээр бүхий л биет болон мөнгөн шагнал урамшил, бэлэг бэлгийн дээдийг өргөжхүй. Хачирхалтай нь, ус нутгийнхаа хүүхэд залуусын боловсрол, соён гэгээрэл, нийгмийн сайн үйлсэд "юу ч гялайлгасангүй дээ" гэж ард олон нь жиг жуг гэлцсээр үдсэн дээ, Улсын Арслангаа.
Бас 2026 онд байгаль орчны зорилтот хэрэгцээнд 22 тэрбум төгрөг батлуулсан аймгийн удирдлагуудаас иргэд, олон нийт гүйцэтгэл шаардаж байна, цаашдаа ч шаардахаа илэрхийлсэн болно. Төв талбайн усан оргилуурын бүтээн байгуулалтын ажил нь цэгцрэхгүйгээр намрын сартай золгосонд иргэд гомдолтой байна. Сайшаалтай нь Ховд нутагт шилмүүст мод нутагшуулж буй М.Амартүвшин зэрэг залуус ирэх жилийн наадмын өмнө олон наст холимог үрээр наадмын дэвжээг ногоон орчин болгохоо амлаж байлаа.
Хойтон жилийн наадам болтол хол байна даа, хол байна.
Экологийн сэтгүүлч Л.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)