Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
BBC агентлагийн 2026 оны 8-р сарын 30-ний өдрийн нийтлэл
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэльтэй байгуулсан уг хэлэлцээрийг “түүхэн” гэж тодорхойлж, энэ нь АНУ-ын газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын бензиний үнийг мэдэгдэхүйц бууруулна гэж мэдэгдсэн байна. Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригес уг хэлэлцээрийг сайшааж, энэ хэлэлцээр Венесуэлийн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болно гэж үзжээ. Гэхдээ газрын тосны салбарын зарим шинжээч уг хэлэлцээрийн бодит үр нөлөөнд эргэлзэж байна. Ялангуяа Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл олон жилийн турш хөрөнгө оруулалт дутмаг, дэд бүтэц муудсан, улс төрийн тогтворгүй байдалтай тулгарч ирсэн учир 65 тэрбум баррель нөөцийг бодитоор олборлож, зах зээлд гаргахад олон жил шаардагдаж болзошгүй гэж үзэж байна.
Трамп Ираны дайны улмаас огцом өссөн бензиний үнийг буулуулах дотоодын дарамт шахалттай тулгарч байгаа. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн тухайн үеийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа дэлхийд хамгийн томд тооцогддог Венесуэлийн газрын тосны нөөцийг ашиглахаа амласан юм. Мадурог баривчилсны дараа АНУ-ыг дэмжиж байсан, дэд ерөнхийлөгч асан Родригез АНУ-тай байгуулсан эрчим хүчний гэрээ 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мэдэгджээ. Тэрээр түүхий нефтийн олборлолтыг өдөрт 1.5 сая баррель болгон нэмэгдүүлэх, байгалийн баялгийнхаа бүрэн эрхийг хадгалах зорилт тавина гэдгээ ч онцолжээ. Мөн энэхүү хэлэлцлээр Венесуэл улсын ирээдүйг тодорхойлно гэж үнэлж байна.
Уг хэлэлцээрт 65 тэрбум баррель нөөцтэй нь батлагдсан стратегийн газрын тосны 17 ордыг хөгжүүлэх, Венесуэлд "100 тэрбум гаруй ам.доллар, 209 тэрбум гаруй ам.долларын татварын хөрөнгө оруулалт" хийхээр тусгасан тухай Венесуэлийн түр ерөнхийлөгч өмнөх мэдэгдэлдээ дурдсан юм. "Эдгээр хөрөнгө оруулалт зөвхөн Венесуэл улсын газрын тосны салбарыг сэргээгээд зогсохгүй улсын эдийн засгийн өсөлт, Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст эрчим хүчний аюулгүй байдал, олон улсын зах зээл дээрх тэнцвэрийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна" гэж тэрээр үнэлж байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу АНУ-ын засгийн газар Венесуэлийн олон жилийн туршлагатай хувийн оператор" компанитай хамтарсан үйлдвэрийн 55 хувийг эзэмшинэ гэж АНУ-ын албан тушаалтан BBC агентлагийн АНУ дахь түнш CBS News-агентлагт мэдэгджээ. Тус мэдээнд Венесуэлийн түр ерөнхийлөгч Родригес уг компанид газрын тосны ордод 100 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах эрх олгосон болохыг дурдсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг хэлэлцээрийг "Америк болон Венесуэлийн ард түмний хувьд асар том ялалт" гэж нэрлэжээ. Тэрээр "Венесуэлийн ард түмний хувьд энэ хэлэлцээр хувийн хөрөнгө оруулалтад ойролцоогоор 100 тэрбум ам.доллар оруулж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг дэмжиж, Венесуэлийн эдийн засгийг сэргээн босгоход түлхэц болно" гэж дүгнэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн мэдэгдсэнээр Марко Рубио болон Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар Венесуэлийн удирдлагатай "хувийн бизнесийн түншлэлийн замаар" тохиролцоонд хүрсэн юм байна.
Энэхүү хэлэлцээр нь АНУ-д гадаад улсын үндэсний нөөц баялгийг шууд удирдах эрх олгож байна. Энэ хэлэлэцээр 2003 онд Саддам Хуссейнийг Америкийн удирдлаган дор хөөсний дараа Иракийн газрын тосны орлогыг АНУ-ын дэмжлэгтэй Эвслийн Түр Засаг захиргаа хянаж байснаас илүү өргөн хүрээтэй харагдаж байна. Өмнөд Америкийн Венесуэл улсад тус гэрээ хууль эрх зүйн болон үндсэн хуулийн сорилттой тулгарч болох эсэх нь тодорхойгүй байна. Вашингтон, Каракасын хоорондох гэрээний албан ёсны текст ил болоогүй байна. Венесуэлийн сөрөг хүчний хууль тогтоогч Хенрике Каприлес засгийн газрын "ил тод бус байдал, авилга"-аас болж уг гэрээнд олон эргэлзээ төрж байгааг хэлжээ. Тэрээр засгийн газар Үндсэн хуулийн дагуух гэрээний хууль эрх зүйн үндэслэл, Венесуэлийн ард түмэн үүнээс юу хүлээж авахыг тайлбарлах шаардлагатай гэж мэдэгджээ. Эрчим хүчний зөвлөх компани болох Goldwyn Global Strategies-ийн ерөнхийлөгч Дэвид Голдвин Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын засгийн газар Венесуэлийн газрын тосны ордуудыг ашиглах түрээсийн гэрээ байгуулсан нь "өмнө нь байгаагүй онцгой" үйл явдал боллоо. Энэ гэрээ Венесуэлийн үндсэн хууль эсвэл нүүрсустөрөгчийн хуулийг зөрчих эсэх нь тодорхойгүй байна гэж мэдэгджээ.
Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын хуульч Александр Куйпер BBC-д өгсөн ярилцлагадаа уг хэлэлцээр "маш чухал" байж болох ч зарим талаар болгоомжлох шаардлагатай гэж үзжээ. "Энэ гэрээ газрын тосны үнийг бууруулах хүчтэй", гэхдээ "Бидний мэдэхгүй зүйл бол эдгээр нөөц бодит хөрөнгө оруулалт болж хувирах эсэх, мөн уг хөрөнгө оруулалт үр дүнд хүрэхэд хэр хугацаа шаардагдах вэ гэдэг асуудал юм" гэж мэдэгдсэн байна. Америкийн Аюулгүй Байдлын Төвийн судалгааны төвийн судлаач Рэйчел Зиемба “уг хэлэлцээр нь Венесуэлд ажлын байрны өсөлт болон импортыг нэмэгдүүлэхэд тусалж болох ч нөлөөллийг нь хэмжихэд хэтэрхий цөөн мэдээлэл байна. "Энэ нь дараагийн сард эсвэл бүр дараагийн жилд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд ямар нэгэн мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх магадлал багатай" гэж тэр BBC-д ярьжээ.
Уолл Стрийт Журнал сонин АНУ-ын эрчим хүчний компаниуд болох Шеврон болон Халлибуртон Венесуэлийн газрын тосны ордуудын дэд бүтцийг шинэчлэхэд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулах гэрээ байгуулахад ойртож байгаа талаар баасан гарагт мэдээлжээ. Венесуэл улсын батлагдсан газрын тосны нөөц дэлхийд хамгийн том буюу ойролцоогоор 303 тэрбум баррель гэж тооцогддог боловч 1990-ээд оны сүүл үеийн оргил үеэсээ хойш үйлдвэрлэл нь огцом буурсан. Ингэж буурахад төрийн өмчит газрын тосны компанийн хяналтыг чангатгаж, эдийн засгийн гол тулгуурыг нь чиглүүлсэн АНУ-ын хориг арга хэмжээ голлон нөлөөлжээ.
АНУ-Израилийн Ираны эсрэг явуулж буй дайны нөлөөгөөр Персийн булангийн Ормузын хоолойгоор дамжих газрын тосны нийлүүлэлт буурснаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ мэдэгдэхүйц өссөн. Энэ нөхцөл байдал 11-р сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өмнө олон нийтийн сэтгэл дундуур байхад нөлөөлж байгаа. Иймээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын шатахууны үнийг бууруулах зорилгоор Венесуэлтэй гэрээ байгуулж байна. Гэсэн хэдий ч Венесуэлийн газрын тосны нөөц нь "хүнд, исгэлэн" ангилалд багтдаг учраас ийм төрлийн газрын тосыг боловсруулахад илүү хэцүү, зөвхөн дизель түлш, асфальт хийхэд ашигладаг. Харин АНУ ихэвчлэн бензин үйлдвэрлэхэд шаардлагатай "хөнгөн, шингэн” газрын тос үйлдвэрлэдэг. Дональд Трамп АНУ-ын газрын тосны компаниудаас тус улсын газрын тосны үйлдвэрлэлийг сэргээхэд дор хаяж 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cx2zlwe7qj1o
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 163 (7905)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn