Ц.МЯГМАРБАЯР
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Наймдугаар сарын 24-нийг “Санхүүжилтийн өдөр” болгон зарласан бөгөөд Цэнхэр бүсийн өнөөдрийн хэлэлцүүлгүүдийн гол асуулт нь нэг байлаа. Газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэхэд шаардлагатай асар их хөрөнгийг хаанаас, хэрхэн босгож, амлалтыг бодит хөрөнгө оруулалт болгох вэ гэдэгт төвлөрч үүнд бүх үйл ажиллагаа явагдсан юм.
Өглөө Цэнхэр бүс өмнөх өдрүүдээс илүү “эдийн засгийн” өнгө аястай байв. Байгаль хамгаалах, доройтсон газрыг сэргээх тухай яриа энэ өдөр зөвхөн экологийн асуудлын хүрээнд үлдсэнгүй. Сангийн сайд нар, олон талт хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг дор цуглаж, газрыг хамгаалахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай, тэр мөнгийг ямар санхүүгийн механизмаар бодит төсөлд хүргэх талаар ярилцав.
Өдрийн өндөр түвшний хэсэг 09:00 цагт нэгдсэн хуралдааны танхимд нээгдэж, 11:00 цагаас “Эрүүл газар ба ган гачигт тэсвэртэй байдлын шинэлэг санхүүгийн механизм” сэдэвт сайд нарын яриа хэлэлцээ эхэллээ. Энэтхэг, Узбекистан, Ботсвана, Бутан, Тажикистан, Оман, Пакистан, Бангладеш, Сенегал, Кени, Нигери зэрэг олон орны сайд, дэд сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүдээс гадна НҮБ-ын байгууллагууд, Ногоон уур амьсгалын сан, олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож байна. Энэ хэлэлцүүлгээс тодорсон гол санаа нь газрыг нөхөн сэргээх санхүүжилтийг байгаль орчны салбарын төсөв, буцалтгүй тусламжаар хязгаарлаж болохгүй гэсэн байр суурь байлаа. Газрын доройтол нь хүнсний үйлдвэрлэл, усны нөөц, орон нутгийн иргэдийн амьжиргаа, улмаар шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, аюулгүй байдалтай шууд холбогдож байгаа учраас эрүүл газрыг эдийн засгийн стратегийн хөрөнгө гэж харах шаардлагатайг оролцогчид онцлов. Ингэхдээ улсын төсөв, хөнгөлөлттэй эх үүсвэрийг дангаар нь нэмэх бус хувийн хөрөнгө оруулалтыг татах баталгаа, даатгал, холимог санхүүжилт, тогтвортой хөгжилтэй уялдсан бонд, зээл зэрэг шинэ хэрэгслийг өргөн ашиглах асуудал яригдав. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөтэй татаасыг өөрчлөх, экологийн татвар, газрын доройтлын төлбөр зэрэг төсөв, татварын бодлогыг санхүүжилтийн урсгалыг өөрчлөх хэрэгсэл болгох боломжийг хэлэлцлээ.
Хөдөө аж ахуйн ногоон бизнесийг санхүүжүүлэх GIRAF сан нээгдлээ

COP17-ийн “Санхүүжилтийн өдөр”-ийн Цэнхэр бүсэд болсон Монгол Улсад шууд хамаарах онцлох үйл явдлын нэг нь “Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн хувийн хөрөнгө оруулалтын сан” /GIRAF/-гийн албан ёсны нээлт байлаа. Тус санг 2026 оны наймдугаар сарын 24-нд Монгол гэрт албан ёсоор нээж, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК хамтын ажиллагаагаа баталгаажууллаа. GIRAF-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК удирдах бөгөөд олон улсын байгууллага болон төрийн хамтарсан 92.6 сая ам.доллар, арилжааны банкуудаас 25 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт төвлөрүүлж, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт хүргэхээр төлөвлөжээ. Тус сан нь зөвхөн санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож байгаагаараа бус, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болон тогтвортой нийлүүлэлтийн сүлжээтэй холбож буйгаараа онцлог юм.
GIRAF-аар дамжуулан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон олон улсын түншүүдийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн тодорхой хэсгийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргалаас тус сангийн талаар тодруулахад “Сангийн зориулалт нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй малчин өрх, хоршоо, хөдөө аж ахуйн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн гаргах юм. АХБ-аас 37.5 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлийг Хөгжлийн банк авч улмаар манай “Ди Би Эм Ассет Менежмент” гэсэн охин компанийн дэргэд байгуулагдаж байгаа Хөрөнгө оруулалтын санд бид нэгж эрхийг нь худалдан авах замаар хөрөнгө оруулах юм. Ингэснээр Хөгжлийн банк тус сангийн 100 хувийн хөрөнгө оруулагч болох юм. Санд орсон хөрөнгийг арилжааны банкуудаар дамжуулан зорилтот бүлэг буюу тухайн бүс нутгийн малчдад зээл олгох юм. Тухайн зээл олгох банк нь АХБ-ны шалгуур хангасан байх ёстой. Түүнчлэн эхний шатанд 37.5 сая ам.доллар дээр нэмээд 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж болгон малчдад олгоно. Үүнийг олгохдоо малчин өрх нь малын үүлдэр угсааг сайжруулах эсвэл ашиг шимийг шинэлэг арга барилаар боловсруулж, нэмэгдүүлэх, малын өвчлөлийг бууруулах гэх мэт хөдөө аж ахуйн бизнест тодорхой хувь нэмэр оруулах инновац шингээсэн бүтээгдэхүүнд буцалтгүйгээр зээлийг нь урамшуулал болгон олгох юм. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагаанд Хөгжлийн банк шууд оролцохгүй, Хөрөнгө оруулалтын компани мэргэжлийн хөрөнгө оруулалтын мангийн менежерүүд удирдаж үйл ажиллагааг явуулна. Энэ үйл ажиллагааг явуулах, замын зураг, схемийг Азийн хөгжлийн банкнаас тогтсон Санхүүгийн зөвлөх багууд удирдана” гэсэн юм.
Азийн хөгжлийн банкны мэдээлснээр энэхүү сан нь малчид, хоршоод, жижиг, дунд бизнесүүдийн тогтвортой мал аж ахуйн өртгийн сүлжээнд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч хэвээр үлдээх бус, боловсруулалт, нэмүү өртөг болон тогтвортой үйлдвэрлэлд суурилсан бизнесийн тогтолцоо руу шилжүүлэхэд хувийн хөрөнгийг татах санхүүгийн шинэ суваг нээгдэж байна.
Энэ утгаараа GIRAF сангийн нээлт нь COP17-ийн Санхүүжилтийн өдрийн гол агуулга болох “газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөдөө аж ахуйн зорилтыг бодит хөрөнгө оруулалттай холбох” санааны Монголд хэрэгжиж буй бодит жишээ болж байна.
Тус хөрөнгө оруулалтын санг нээх үеэр Уур амьсгалын ногоон сангийн Ази Номхон Далайн бүс хариуцсан менежер Diane Jegam хэлэхдээ “Төслийн гол онцлог нь гурван чухал сэдвийг цогцоор нь харж байна. Үүнд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, аймаг сумдын эко ногоон эдийн засгийн хөгжил зэрэгт төвлөрч байна. Тухайлбал, малчдын зээлийн батлан даалтын эх үүсвэрийг онцолж хэлмээр байна. Малчид хоршоо хэлбэрээр ажиллахын тулд банкнаас зээл авах гэхээр тэдэнд барьцаанд тавих эд хөрөнгө байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангаас дамжуулж буй санхүүгийн бүтээгдэхүүн болох батлан даалтын системийг ашиглаж малчид арилжааны банкуудаас зээл авах боломжтой болж байгаа” гэлээ.
Санхүүжилтийн хоёр том түншлэлийг эхлүүллээ
Мөн өдөр Монгол Улсын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах хоёр чухал алхмыг өнөөдөр эхлүүллээ. Энэ тухай БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ "Өнөөдөр Санхүүжилтийн хоёр том түншлэлийг амжилттай эхлүүлж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд 200 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн “Эрмэлзлийн бичиг” байгууллаа. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк групп хоорондын “Тогтвортой эдийн засаг ба газрын эдийн засаг менежмент”-ийн (SMILE) хөтөлбөр хэрэгжүүлэхээр үзэглэлээ. Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилт бүрдүүлнэ. Эдгээрийг санхүүжилтийг ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээх, орон нутаг дахь бизнесийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэнэ” гэсэн юм.
Монголын бэлчээрийг “банк санхүүжүүлэх боломжтой төсөл” болгоно
Санхүүжилтийн өдрийн Монголд хамгийн шууд хамаарах хэлэлцүүлгүүдийн нэг нь “Pitching Bankable Solutions for Mongolia's Rangelands” буюу Монголын бэлчээрийн салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулах арга хэмжээ байлаа.
Энд Монголын National Green Lab-ийг бэлчээрийн нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийн сан бүрдүүлэх платформ болгон танилцуулж, анхны хөтөлбөрт шалгарсан төслүүдийг хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагчдад хүргэв. Үүний зэрэгцээ технологид суурилсан байгалийн нөөцийн менежмент, тогтвортой өртгийн сүлжээ, экосистемийн нөхөн сэргээлтийг санхүүжилттэй холбох зорилготой National Green Lab Investors' Network-ийг эхлүүлэхээр хөтөлбөрт тусгажээ.Энэ нь Монголын хувьд чухал өөрчлөлтийн эхлэл байж болох юм. Өмнө нь бэлчээрийн доройтлыг төсөв, төсөл хөтөлбөрөөр шийдэх асуудал гэж хардаг байсан бол одоо нөхөн сэргээлтийн тодорхой үр дүн, технологи, бизнесийн загвар бүхий төслүүдийг хөрөнгө оруулагчидтай шууд холбох оролдлого хийж байна.
Олон зуун тэрбум ам.долларын санхүүжилтийн тухай яригдаж байгаа ч энэ мөнгө бодит амьдрал дээр хэнд хүрэх вэ гэсэн асуудлыг Цэнхэр бүсийн хэлэлцүүлгүүд орхисонгүй.
“Жендер, залуучууд ба хөрөнгө оруулалт” арга хэмжээнд ган гачгийн эрсдэл хүн бүрд ижил тусдаггүйг онцолжээ. Ус, газар, санхүү, технологи, мэдээлэл, зах зээлд хүрэх боломж харилцан адилгүй учраас эмэгтэйчүүд, залуучууд болон эмзэг бүлгийг зөвхөн тусламж хүртэгч бус хөрөнгө оруулалтын түнш, шийдэл бүтээгч гэж харах ёстой гэсэн санааг дэвшүүлж байна.
Бэлчээрийн санхүүжилтийг дэлхийн түвшинд гаргах санаачилга
Оройн хөтөлбөрийн гол үйл явдлын нэг нь 16:30 цагаас төлөвлөгдсөн Rangelands Flagship Initiative буюу Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын албан ёсны нээлт юм. Энэ санаачилга нь бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд урт хугацааны хөрөнгө оруулалт татах, малчдын амьжиргааг дэмжих, улс орнуудын мэдлэг, санхүүжилт, хамтын ажиллагааг нэгтгэх зорилготой. Засгийн газар, санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүдийг нэг платформд холбохоор төлөвлөжээ.
Бэлчээрийн асуудал Монголын хувьд зөвхөн байгаль орчны сэдэв биш. Мал аж ахуй, малчдын амьжиргаа, ноолуур, хүнсний үйлдвэрлэл, ус, хөрс, орон нутгийн эдийн засагтай шууд холбогдоно. Тиймээс COP17-оос өвлөгдөн үлдэх томоохон санаачилгын нэгийг бэлчээрийн санхүүжилтэд чиглүүлж буй нь зохион байгуулагч Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой юм.
COP17-ийн найм дахь өдөр Цэнхэр бүсэд өрнөсөн хэлэлцүүлгүүдийг нэг өгүүлбэрээр зангидахад “газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох” тухай өдөр байлаа.
Өмнөх жилүүдэд дэлхийн улс орнууд доройтсон газрыг сэргээх томоохон зорилтууд дэвшүүлсэн ч зорилт, бодит санхүүжилтийн хооронд асар их зөрүү хэвээр байна. Тиймээс Улаанбаатарт энэ өдөр “хэдэн тэрбум ам.доллар хэрэгтэй вэ” гэдгээс илүүтэй “тэр хөрөнгийг ямар механизмаар, хэнээс татаж, ямар төсөлд оруулж, үр дүнг нь хэрхэн хэмжих вэ” гэсэн илүү бодит асуулт руу хэлэлцүүлэг шилжив. UNCCD ч Санхүүжилтийн өдрийн зорилгыг газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийг зөвхөн байгаль орчны асуудал бус эдийн засгийн тэсвэртэй байдал, хүнсний аюулгүй байдал, урт хугацааны хөгжлийн үндэс болгон санхүүгийн шийдвэрийн төвд авчрах явдал гэж тодорхойлсон.
Ийнхүү COP17-ийн найм дахь өдөр “газарт мөнгө зарцуулах уу” гэсэн хуучин асуултаас “эрүүл газарт хөрөнгө оруулахгүй байхын өртөг хэд вэ” гэсэн шинэ өнцөг рүү хэлэлцүүлгийг шилжүүлэв. Харин Улаанбаатарт яригдсан санхүүгийн шинэ механизм, сангууд, түншлэлүүд бодит хөрөнгө болж, доройтсон газарт хүрч чадах эсэх нь COP17-ийн дараах хамгийн чухал шалгуур байх нь ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 158 (7900)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn