Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

2026-08-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.Чулуун-Эрдэнэ

 

“Бүс ба зам” хамтын хөгжил судалгааны төвийн үүсгэн байгуулагч, Хятад судлаач (Ph.D)

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэлээ бадраая” уриан дор яг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Зүүн болон Төв Азийн бүс нутагт анх удаа чуулж буй энэхүү дээд хэмжээний уулзалт нь Монгол Улсын геополитикийн байр суурийг бататгах, “зөөлөн хүчний” дипломат бодлогод шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал юм. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан экологийн хямралыг шийдвэрлэх энэхүү том амбицыг хөрсөн дээр бодитой ажил хэрэг болгох гол түлхүүр нь бүс нутгийн орнуудын прагматик түншлэл билээ. Үүний тод жишээ нь Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа бөгөөд энэ нь зөвхөн хоёр орны асуудал биш, Зүүн хойд Азийн экологийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой юм.

 

COP15, COP16-аас COP17 хүртэл: “Талын үйл ажиллагааны хөтөлбөр” ба Монголын онцлог

 

Олон улсын уур амьсгал, экологийн дээд хэмжээний хэлэлцээрүүд цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, ээлжит зохион байгуулагч орныхоо газар зүй, нийгэм-эдийн засгийн онцлогийг дэлхийн бодлогод гүнзгий шингээсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2022 оны COP15 (Абижан) ган гачиг, хүнсний аюулгүй байдлыг хөндсөн бол, 2024 оны COP16 (Эр-Рияд) санхүүжилтийн механизмыг шинэчлэх томоохон шийдвэрүүдийг гаргасан [1].

Тэгвэл Улаанбаатар хотноо өрнөж буй COP17 хурал өмнөх чуулгануудаас юугаараа ялгаатай вэ? Хамгийн том онцлог нь Монгол Улс энэ удаагийн индэр дээрээс дэлхий нийтэд “Талын үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda)-ийг санал болгож буй явдал юм. Энэ нь байгаль хамгааллыг зөвхөн “мод тарих” гэсэн явцуу хүрээгээр хязгаарлахгүйгээр, дэлхийн хуурай бүс нутгийн экосистемийн амин сүнс болсон бэлчээрийн доройтол, нүүдлийн мал аж ахуйн асуудлыг олон улсын бодлогын цөмд оруулж ирснээрээ стратегийн онцгой ач холбогдолтой. Түүнчлэн Монгол Улсын идэвхтэй санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласан нь өнөөдрийн COP17-ийн хэлэлцүүлгүүдтэй салшгүй уялдаж байна [2].

 

 Глобал санхүүжилтийн дутагдал ба "Тэрбум мод" хөдөлгөөний олон улсын жин

 

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтын хамгийн сул тал нь санхүүжилт байсаар ирсэн. НҮБ-ын албан ёсны тооцоогоор дэлхий даяар жилд 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн дутагдал үүсээд байгаа бөгөөд хувийн хэвшлийн оролцоо нийт санхүүжилтийн дөнгөж 6 хувийг л эзэлж байна [2]. Монгол Улсын Засгийн газраас NDC зорилтыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатайгаас 5.2 тэрбум нь цөлжилтийг сааруулахад шаардлагатай байгаа юм [3].

Яг энэхүү эгзэгтэй асуудлыг хөндөж, COP17 хурлын үеэр "Газрыг нөхөн сэргээх шинэлэг санхүүжилтийн механизм" зэрэг өндөр түвшний хэлэлцүүлгүүд идэвхтэй өрнөж байна. Газрыг нөхөн сэргээхэд зарцуулсан 1 ам.доллар бүр 7-30 ам.доллар болж эргэн төлөгддөг эдийн засгийн өндөр өгөөжийг [4] ашиглан хувийн хэвшлийн хөрөнгийг татах нь чухал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын ногоон дипломат бодлогын гол нэрийн хуудас болоод зогсохгүй, дотоодын нөөц бололцоог нэгтгэсэн хамтын ажиллагааны механизм болж чадсан билээ. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд зөвхөн мод тарихаас гадна бэлчээрийн засаглалыг сайжруулах комплекс бодлого үгүйлэгдэж байгааг сануулсаар байна.

 

Хятадын туршлага ба Шинжлэх ухааны үндэслэлтэй "Ногоон засаглал"

 

Цөлжилттэй тэмцэх үндэсний хүчин чармайлтад хөрш орнуудын, тэр дундаа БНХАУ-ын технологийн туршлага, бодит оролцоо онцгой ач холбогдолтой. Хятад улс "Гурван хойд" хамгаалалтын ойн мега төслөөрөө дэлхийд анх удаа доройтсон газрын хэмжээг "тэг өсөлт"-д хүргэж чадсан туршлагатай.

Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу "Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх судалгааны төв"-ийг Улаанбаатар хотноо байгуулах түүхэн шийдвэр 2023 онд гарсан билээ. Энэхүү төвийн үйл ажиллагааг хөрсөн дээр бодитой хэрэгжүүлэх стратегийн хүрээнд COP17-ийн үеэр буюу 17-ны өдөр Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвөөс "1+2+2" цогцолбор төслийн загварыг албан ёсоор танилцууллаа.

Уг төсөл нь Улаанбаатар болон Замын-Үүд хотуудыг зангидсан 1 хамтарсан төв, цөлжилттэй тэмцэх 2 загвар бааз, экологийн хяналт-шинжилгээний 2 станцаас бүрдэх бүс нутгийн хэмжээний мега бүтээн байгуулалт юм. Гэвч судлаачийн хувьд онцлон тэмдэглэхэд, энэхүү төслийн стратегийн ач холбогдол нь зөвхөн барилга байгууламж барихаар хязгаарлагдах ёсгүй. Алсын хараатайгаар харвал тус төв нь Монгол Улсын экологийн мэргэжилтнүүд, ойн инженерүүд болон цөлжилттэй тэмцэх чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах үндэсний хамгийн том хүний нөөцийн бааз, мэдлэгийн уурхай болох ёстой юм. Бидэнд өнөөдөр энгийн ажилчид төдийгүй хөрс судлаач, усны инженер, GIS аналистууд, ганд тэсвэртэй ургамлын генетикчид ус агаар шиг хэрэгтэй байна. "1+2+2" төв нь Хятадын дэвшилтэт технологийг шууд хуулбарлах бус, Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан нутагшуулах чадвартай үндэсний шинжлэх ухааны боловсон хүчнийг бэлтгэх стратегийн чухал алхам юм.

 

Дүгнэлт

 

Экологийн тогтолцоонд газарзүйн хил хязгаар гэж үгүй. Говийн гүнээс дэгдсэн шар шороон шуурга хэдхэн хоногийн дотор хөрш орнуудын тэнгэрийг бүрхдэг шиг, цөлжилттэй тэмцэх асуудал ч хил дамнасан шинжтэй бөгөөд гагцхүү шинжлэх ухаанд тулгуурласан, нэгдмэл бодлогоор шийдэгдэх ёстойг COP17-ийн индэр бидэнд дахин сануулж байна. Монгол Улсын "ногоон дипломат" ажиллагааг бодит үр дүн болгохын тулд дараах бодлогын алхмуудыг хийх шаардлагатай:

Шинжлэх ухааны бие даасан үнэлгээ: Гадаадын өндөр технологи, хөрөнгө оруулалтыг нутагшуулахдаа судалгааны төв, тинк танкуудыг судалгаанд идэвхтэй татан оролцуулж, аливаа төслийг хэрэгжүүлэхээс өмнө олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, мөн экологийн болон нийгэм-эдийн засгийн үр нөлөөг нарийвчлан тооцох;

Боловсон хүчнийг бэлтгэх ба нутагшуулах: "1+2+2" зэрэг цогц төслүүдийг ашиглан экологи, ойн аж ахуйн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг олноор бэлтгэж, гадны туршлагыг Монголын нөхцөлд тохируулан өөрчлөх чадавхыг бүрдүүлэх;

Эдийн засгийн хөшүүрэг ба ногоон санхүүжилт: Хятадын "Кубучийн загвар"-аас суралцаж, цөлжилттэй тэмцэх үйл явцыг малчдын амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн төсөл болгон хувиргах. Урт хугацааны ногоон санхүүжилтийн тогтолцоо буюу нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний төлбөрийн механизмыг нэвтрүүлэх.

Газраа нөхөн сэргээж, итгэлийг бадраах үйлс нь хоосон лоозон бус, харин Монголын тэгш өндөрлөгт ажиллаж эхэлсэн шинжлэх ухаанч "ногоон хөдөлгүүр"-ийн бодит үр дүн байх учиртай. Энэхүү ногоон хөдөлгүүрийг ажиллуулах гол түлхүүр нь олон улсын хамтын ажиллагаа болон бидний өөрсдийн бэлтгэсэн үндэсний мэргэжилтнүүдийн ур ухаан байх болно.

 

Ашигласан эх сурвалж:

 

[1] UNCCD Official Documents for COP17.

[2] UN News - "Restoring Land, Restoring Hope" at COP17.

[3] Монгол Улсын Засгийн газар. NDC зорилтын баримт бичиг.

[4] НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) тайлан.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21