Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас энэ оны төсвийн төсөлд тодотгол хийхээр өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Та өргөн барьсан төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд Н.Учрал болон Сангийн сайд З.Мэндсайхан нар Төсвийн тодотголын хуулийн төслийг танилцуулахдаа зорилго, зориулалтыг нь маш буруу тайлбарласан. Сангийн сайд З.Мэндсайхан 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гаргана гэж ярьсан. Хэмнэсэн мөнгөөрөө ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмнэ. Үлдсэн хэсгийг нь өвөлжилтийн бэлтгэлд зарцуулна гэсэн ийм үндсэн гурван чиглэлийг танилцуулсан.Энэ бол буруу. Өнөөдөр төсвийг хэн бүрдүүлдэг вэ, Монгол Улсын иргэн бүр татвараараа бүрдүүлдэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болгон хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа төлж байгаа. Тэд бүрдүүлнэ. Тэгэхээр Засгийн газрын шийдвэр Монгол Улсын иргэн бүрийн нийтлэг эрх ашгийг харсан байх ёстой. Зөвхөн нэг хэсгийн нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор төсвийн тодотголыг өргөн барьж болохгүй. Өнөөдөр цалин нэмэх хэрэгцээ байна уу гэвэл байна. Иргэдийн орлого хаанаа ч хүрэхгүй байгаа нь үнэн. Нийтийн зовлон болчхоод байхад зөвхөн нэг хэсгийнх нь асуудлыг шийдэхийн тулд төсвийн хэмнэлт хийе гэж ороод ирж байгаа нь учир дутагдалтай байна. Ерөнхий сайд “Бүсээ чангална” гэж хэлсэн. Гэхдээ уучлаарай, ард түмэн аль хэдийн бүсээ чангалсан байгаа шүү дээ.
-Төсөвт тодотгол хийх нь зөв, буруу гэсэн асуудал байнга яригддаг. Энэ удаагийн тодотгол холбогдох хууль тогтоомжтойгоо хэр нийцэж байгаа юм бэ?
-Бид яагаад төсвийн хүрээний мэдэгдэл гаргадаг юм. Хөгжлийн хөтөлбөрөө эхлээд боловсруулдаг юм. Яагаад бүхэл бүтэн бодлогын яамд, судалгааны газрууд байдаг юм. Төрийн энэ том бүтэц долоо хэмжиж, нэг огтолж байж шийдвэрээ гаргасан байх ёстой шүү дээ. Төсөв үндсэндээ дөрвөн төрлийн зардлаас бүрддэг. Нэгдүгээрт, халамж, тэтгэврийн зардал. Хоёрдугаарт, урсгал зардал, гуравдугаарт, хөрөнгийн зардал, дөрөвдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд энэ дөрвөн зардлынхаа яг алинаас нь танах уу, гэдэг нь сонин. Сонгуулийн жил ойртож буй учраас мэдээж халамж, тэтгэвэр, тэтгэврийн зардлаа хэмнэхгүй, бүүр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Уг нь төр хөрөнгийн зардал, урсгал зардлыг бууруулах ёстой. Тэгэхийн тулд Засгийн газар өөрөө бүтцийн өөрчлөлт хийх ёстой.
-Хөрөнгийн зардлаас бус хөрөнгө оруулалт, урсгал зардлаас танана гэж ойлгосон?
-Танаж болно. Гэхдээ үүний цаана гарах сөрөг үр дагаврыг бас тооцох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт бол улсын хэмжээнд эдийн засгийн эргэлт үүсгэдэг механизм. Хөрөнгө оруулалтын цаана ч гэсэн хүн байгаа шүү дээ. Тэр хүний амьдрал, тухайн аж ахуйн нэгжийн ажлын байртай холбоотой үйл ажиллагаа доголдоно. Ядаж Төсвийн тодотголыг ямар хугацаанд оруулж ирж байгааг анхаарах хэрэгтэй. Зургаадугаар сарын 1-ээс өмнө бүх тендер нь зарлагдаад, худалдан авалтын гэрээнүүд хийгдээд, ажлууд нь эхэлчихсэн байна. Тэгснээ есдүгээр сард нь төр “Ер нь бид болилоо” гэдэг байдлаар хандаж болохгүй. Энэ нь тендерт шалгарсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний дарамт болно. Хөрөнгө оруулалтыг танах нь өөрөө эдийн засгаа дэмжих бус, хорлож байгаа хэрэг. Харин үнэхээр чаддаг бол төр энэ хэмнэлтээ өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Болсон, болоогүй объектууд бий болгож, орон нутаг болон төрийн өмчит компаниудыг олноор байгуулж байна. Үүнийг дагаад төсвийн зардал улам нэмэгдэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг танахаас өмнө төр урсгал болон хөрөнгийн зардлаа эргэж харах шаардлагатай байна.
-Гэхдээ энэ асуудлыг зөвхөн тодотголоор шийдэх боломжгүй байх. Тийм үү?
-Тийм ээ. Төрийн бүтцийн бодит өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэрэв үнэхээр бүсээ чангалах гэж байгаа бол чангалсан шиг чангал. Тухайлбал, төр олон барилга байгууламж, объект бий болгочхоод бүгдийг нь өөрөө ажиллуулах гэж зүтгэдэг байдлаасаа салах хэрэгтэй. Бүх зүйлийг төрөөр дамжуулж хийдэг, төвлөрүүлдэг тогтолцооноос салах цаг болсон. Өнөөдөр маш олон яам, агентлаг, төрийн байгууллага бий болсон. Цаг сайхан, нүүрсний орлого өндөр байх үед тодорхой чиг үүргийг хариуцуулахаар тусдаа бүтэц бий болгосон тохиолдол ч байна. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, Цахим засаглалын яамтай болсон. Гэтэл яам, агентлаг бүр дотооддоо цахим асуудал хариуцсан нэгжтэй байдаг. Ингээд нэг чиг үүргийг төрийн олон байгууллага давхар хэрэгжүүлж байгааг зайлшгүй эргэж харах хэрэгтэй. Үүний дараа Төсвийн тодотгол, хэмнэлтийн тухай ярих нь илүү бодитой.
-Манай улс уул уурхайн салбараас төсвийнхөө нэлээд хувийг бүрдүүлдэг. Төсвийн орлого багассан уу. Хэмнэлт гэхээс илүү орлого яаж олох вэ гэдэгт төвлөрч болохгүй юу?
- Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж байгаа. Гэхдээ үнэ буурч байгаа учраас төсөвт орж ирэх орлого тасалдах нөхцөл үүсэж байна. Нөгөө талдаа Монголын эдийн засгийн хэрэглээ байнга өсөж байна. Гэтэл дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Импортоор дамжаад валют гадагшилж байна. Тэгэхээр нэг талдаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, төсвийн орлого тасалдах эрсдэлтэй болж байгаа бол нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэл хангалтгүйгээс хэрэглээ нэмэгдэж, валютын урсгал гадагшилж байна. Энэ хоёр хүчин зүйл нийлээд эдийн засагт тодорхой хэмжээний дарамт болж байгаа юм.
-Төсөв батлагдах үед уул уурхайн орлого буурч болзошгүй эрсдэлийг тооцож, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн гэж ярьж байсан. Тэгэхээр төсөв эрсдэлд орсон үед авах арга хэмжээ, ашиглах нөөц манай улсад ер нь байдаг юм уу?
-Төсвийн эрсдэлийг урьдчилан тооцож, түүнд тохирсон арга хэмжээ авах бодлого манайд хангалтгүй байна. Өнөөдөр түүхий эдийн үнэ ямар байна вэ. Бид түүхий эдийн үнэ байнга өндөр байна, орлого энэ түвшинг хадгална гэж төсөөлж ирсэн. Дайн байлдаан, геополитикийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ буурах, байгалийн гамшиг зэрэг гэнэтийн эрсдэл гарахгүй юм шигээр бодлогоо төлөвлөж ирсэн. Уг нь түүхий эдийн үнэ буурвал яах вэ, экспорт тасалдвал яах вэ, төсвийн орлого төлөвлөснөөс багасвал ямар зардлаа танах вэ гэдгээ урьдчилан тооцсон байх хэрэгтэй. Гэтэл энд бодлого байдаггүй. Бүх орлогоо зарцуулчихдаг. Тэгээд эрсдэл үүсэхээр буцаад төсвөө тодотгож, бүх асуудлыг Сангийн яаманд төвлөрүүлэн, нэг газраар дамжуулж зохицуулах гэж үздэг. Уг нь төсөв, эдийн засгийн бодлого гэдэг нь өнөөдөр гарсан асуудлыг маргааш нь нөхөж шийдэх бус, эрсдэлийг урьдчилан тооцож, түүнд бэлэн байх ёстой юм. Тиймээс өнөөдөр үүсээд байгаа санхүү, төсвийн хүндрэл бол зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой асуудал биш. Эрсдэлийг урьдчилан тооцоогүй, нөөц төлөвлөгөөгүй, бодлогын алдаа.
- Монгол Улс шатахуунаа бараг 100 хувь импортоор авдаг орон. Засгийн газар өнөөгийн хямралт нөхцөл байдлыг олон улсын хүчин зүйлээс хамааралтай гэж тайлбарлаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-АНУ, Ираны мөргөлдөөн өнгөрсөн хоёр, гуравдугаар сард эхэлсэн. Мөргөлдөөн эхэлснээр нефтийн бүтээгдэхүүний зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Тэр үед буюу дөрөвдүгээр сард би өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байсан. Энэ нөхцөл байдалд зориулж тодорхой хэмжээнд татварын хөнгөлөлт үзүүлж, шатахууны нөөцийг бүрдүүлэх шаардлагатай” гэсэн саналыг тавьж байсан. Харамсалтай нь хэн ч сонсоогүй. Ер нь дөрөвдүгээр сараас эхлээд л зах зээлд мэдрэгдэж эхэлсэн шүү дээ. Энэ нь даамжирсаар өнөөдөр Монголын эдийн засагт дарамт үүсгэчихлээ. Аливаа эрсдэл үүссэний дараа арга хэмжээ гэж ярьж байгаа нь орсон борооны араас цув нөмөрч байгаатай ялгаагүй. Шатахуун бол суурь зардал мөн үү гэвэл мөн. Шатахууны үнэ өсөх юм бол тээврийн зардал, бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иргэдийн орлого, амьжиргаанд нөлөөлнө. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Зах зээлд нөлөөлнө, цаашлаад нийт эдийн засагт том доргилт болно. Ийм нөхцөлд зах зээл рүүгээ чиглэсэн арга хэмжээ авах ёстой.
-Ямар шийдэл байж болох вэ?
- Засгийн газар үеийн үед шатахууны үнийг тодорхой түвшинд барьж ирсэн. Гэтэл шатахуун импортлогчдын бодит өртөг Засгийн газраас зарласан үнээс давчихсан байна. Өөрөөр хэлбэл, импортлогчид шатахуунаа илүү өндөр өртгөөр авчхаад, төрийн тогтоосон үнээр борлуулах нөхцөл үүссэн. Тэгвэл энэ үнийн зөрүүг төр тодорхой нөхцөлтэйгөөр олгож болно. Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ төрөөс зүгээр мөнгө өгөөд орхиж болохгүй. Тодорхой нөхцөлтэй байх ёстой. Тухайлбал, орлогынхоо тодорхой хэсгийг шатахууны нөөц бүрдүүлэхэд зарцуулна. Нөөцийн сав, агуулахын хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Тодорхой хугацааны дараа гэхэд тэдэн тонн шатахууны нөөцтэй байх ёстой гэсэн ийм харилцан тохиролцоотой байх хэрэгтэй. Ингэж чадвал аж ахуйн нэгжүүдээ хүнд нөхцөлөөс гаргана. Ажлын байруудаа хадгална. Иргэдийн амьжиргаанд ирэх дарамтыг бууруулна. Шатахууны нөөцөө бүрдүүлнэ. Ер нь төр, хувийн хэвшлийн харилцаа зөвхөн татвараар хэмжигддэг байж болохгүй. Эдийн засаг сайн, аж ахуйн нэгжүүдийн орлого боломжийн үед татвараа төлүүлдэг. Харин эдийн засаг хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болоход төр дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгжүүдээ авч үлдэх, ажлын байрыг хамгаалах, зах зээлээ хадгалах ёстой. Хүнд үеийг төр, хувийн хэвшил хоёр хамтдаа давж гараад, нөхцөл байдал сайжрах үед эдийн засгаа эргээд хэвийн байдалд оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, төрийн үүрэг зөвхөн татвар авах биш, хүнд үедээ иргэд, аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, эдийн засаг, зах зээлээ авч үлдэхэд оршдог. Ийм бодлого дутагдаж байна.
-Өмнө нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Бас нэлээд санхүүгийн зөрчлүүд илэрч байсан юм билээ?
-2012 онд барилгын салбарт ч хэрэгжиж байсан. Гэхдээ нэг удаа алдаа гарсан гэдэг шалтгаанаар тухайн хөтөлбөрийг бүхэлд нь буруу гэж үзээд орхиж болохгүй. Харин хаана, ямар алдаа гарсан, хэн хариуцлага алдсан, хэрэгжүүлэх явцад юуг сайжруулах шаардлагатай байсныг дүн шинжилж, алдаагаа засаж байгаад дахин хэрэгжүүлэх ёстой. Алдаанаас нь сургамж авч, аргачлал, хяналтаа сайжруулж, илүү боловсронгуй болгох хэрэгтэй.
- Үнийн өсөлт иргэдийн нуруун дээр том ачаа болж байна. Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь бодит утгаараа иргэдэд дэмжлэг болж чадахгүй гэж та харж байгаа юм байна?
-Тийм ээ. Эдийн засгийн суурь асуудлыг шийдэхгүйгээр тодорхой хэсэгт нь мөнгө нэмж олгоод байвал орлогын хуваарилалтад өөрчлөлт орж, худалдан авалт нэмэгдэнэ. Худалдан авалт нэмэгдэхийн хэрээр эрэлт өсөж, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс зөвхөн цалин нэмэх асуудлаар хязгаарлах бус, яагаад цалин нэмэх шаардлага үүсээд байгааг харах хэрэгтэй. Шатахууны үнэ, дэд бүтцийн зардал, валютын ханш болон валютын нөөцтэй холбоотой хүчин зүйлүүд үүнд нөлөөлж байна. Тэгвэл эдгээр зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал яригдана. Зардал буурвал иргэдийн өдөр тутмын хэрэглээний үнэ дагаад буурах боломжтой. Өнөөдөр эдийн засгийн зардал өсөж байгаа үндсэн шалтгааныг олж, тэр суурь дээр нь арга хэмжээ авах ёстой. Мөн Монгол Улсын төсөв иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, орлогоос бүрддэг. Тиймээс төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах бүрдээ татварын орлогыг бүрдүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 157 (7899)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn