Т.ХАЛИУНАА
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзулаас тодрууллаа.
-Монгол Улс анх удаа гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай болж, хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хуулийн төслийн талаар яриагаа эхлүүлье?
-Хуулийг 2026 оны арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хууль нь хүүхэд төвтэй, хүүхэд хамгааллын тогтолцооны нэгдмэл байдалд суурилсан байдлаар гэр бүлийн хэргийг шийдвэрлэх шинэлэг процесс ажиллагааны журмыг бий болгож байгаагаараа онцлог бөгөөд анхдагч.Тухайлбал, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгаж, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг шүүхийн ажиллагааны салшгүй хэсэг болгохын сацуу хүүхэд хамгааллын тогтолцоо болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай уялдуулан зохицуулж байгаа нь онцлог юм. Ингэснээр гэр бүлийн маргааныг зөвхөн эрх зүйн маргаан гэж үзэхээс илүүтэйгээр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн харилцаа, хамгааллын хэрэгцээг цогцоор нь харгалзан шийдвэрлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой.
-Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаагаа эхэлнэ. Нийслэл дэх гэж тодотгосны учир юу вэ?
- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Монгол Улсад анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх тус шүүх нь Нийслэлийн Багануур дүүргээс бусад Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалан ажиллана.Ази тивийн хувьд гэр бүлийн дагнасан шүүхийн тогтолцоо анх Япон Улсад 1949 онд бий болсон бол БНСУ-ын дагнасан гэр бүлийн шүүх болох Сөүл хотын Гэр бүлийн шүүх 1963 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдсан, Азийн хоёрдахь дагнасан гэр бүлийн шүүх бөгөөд гэр бүлийн болон өсвөр насны хүний хэргийг дагнан шийдвэрлэх тогтолцоог нэгтгэн хэрэгжүүлж ирсэн байдаг. Монгол Улсын хувьд гэрлэлт цуцлуулах зэрэг гэр бүлийн хэргийн дийлэнх буюу ойролцоогоор 60 хувь нь нийслэлийн хэмжээнд шийдвэрлэгддэго тул хэргийн ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт үндэслэн нийслэлд анхны дагнасан тойргийн шүүхийг байгуулахаар болсон. Тус шүүх болон Багануур дүүргийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Харин хөдөө, орон нутагт гэр бүлийн хэргийн тоо харьцангуй бага тул одоогоор тусгайлан дагнасан шүүх байгуулахгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн ердийн шүүх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэнэ.Энэ нь орон нутагт гэр бүлийн хэргийг мэргэшсэн байдлаар шийдвэрлэх шаардлагагүй гэсэн үг биш юм. Харин дагнасан шүүх байгуулах хэмжээнд хэргийн ачаалал, нөөцийн хэрэгцээ бүрдээгүй тул гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүхийн ажилтныг бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр байна. БНСУ-ын туршлага ч үүнтэй төстэй. Тус улс анхны гэр бүлийн шүүхээ 1963 онд зөвхөн Сөүл хотод байгуулж, улмаар хэргийн хэрэгцээ, ачаалалд үндэслэн бусад бүс нутагт үе шаттайгаар өргөжүүлсэн. Тухайлбал, Бусан хотод 2011 онд, Дэжон, Дэгү, Гуанжү хотод 2012 онд гэр бүлийн шүүхүүд байгуулагдсан байна. Харин гэр бүлийн шүүх байгуулагдаагүй бүс нутагт тухайн дүүргийн шүүх болон салбар шүүх нь гэр бүлийн болон өсвөр насны хүний хэргийг хянан шийдвэрлэдэг хэвээр байна.
-Дагнасан шүүхийн үйл ажиллагааны онцлог, давуу тал?
-Шүүгчийн өөрийн санаачилгаар хийх ажиллагаа буюу хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зорилгоор гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн талуудын оролцоогоор хязгаарлахгүй, шүүхийн санаачилгаар хэрэгжүүлэх ажиллагаа болон хүүхэд хамгааллын тогтолцоо нэгдмэл байдлаар ажиллах шинэ зохицуулалтыг бий болгож байна. Шаардлагатай тохиолдолд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан аюулын зэргийн, 32 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын үнэлгээ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.2.3-т заасан эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээг шүүгч өөрийн санаачилгаар хийлгүүлэхээр даалгах тухай захирамж гаргах, холбогдох байгууллага, хувь хүнээс дансны мэдээлэл, хөрөнгийн байдал, орлого, боловсролын байдал болон бусад шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт, баримт гаргуулах, мэдүүлэг авах арга хэмжээг авдаг болж байгаа юм.
-Хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хүүхэд, гэр бүлийг хамгаалах урьдчилсан арга хэмжээ хэрхэн зохицуулагдаж байгаа вэ?
-Шүүгч дараах арга хэмжээг өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө урьдчилан авч болно гэж тусгасан. Урьдчилсан арга хэмжээ тогтоосон шүүгчийн захирамжийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл зохигчийн хүсэлтээр шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шийтгэвэр гарган зөрчил гаргасан зохигч, түүний төлөөлөгчийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр торгож, албадан ирүүлэх захирамж гаргаж болно. Урьдчилсан арга хэмжээ тогтоосон шүүгчийн захирамжийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн санал, эсхүл зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зөрчил гаргасан зохигч, түүний төлөөлөгчид 250 хүртэлх нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр оногдуулж, шаардлагатай тохиолдолд албадан ирүүлэх тухай захирамж гаргаж болно.Ийнхүү гэр бүлийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүүхэд, гэр бүлийн гишүүнийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэтгэлгийг тасралтгүй олгуулах зэрэг яаралтай хамгааллын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн шүүхийн урьдчилсан арга хэмжээг биелүүлээгүй этгээдэд шүүгч цаг алдалгүй хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий болж байна.
-Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрх гэж багтсан байсан. Ямар тохиолдолд шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхтэй юм бол?
-Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эцэг, эх, эсхүл 14 нас хүрсэн хүүхэд өөрөө, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, хүүхдийн суралцаж буй сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхээс эцсийн шийдвэр гарахаас өмнө хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хөндсөн ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг шүүхэд гаргах эрхтэй. Ингэснээр эцэг, эх, хууль ёсны төлөөлөгчөөс гадна хүүхэд хамгааллын байгууллага, мэргэжлийн байгууллага болон бусад холбогдох этгээд шүүхийн ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалахаар идэвхтэй оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах нэмэлт баталгаа бүрдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 157 (7899)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn