Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

52 мин
Нийтэлсэн: Админ
 27 мин унших

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны “Эрдэнэ зуу” хийд үүсэн байгуулагдсаны 440 жил зэрэг түүхт ойнууд давхцаж байна. Энэ ойн хүрээнд “Хархорумын олон улсын эрдмийн чуулган” болон Монгол уламжлалт тэмцээний зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарсан.

“Хархорумын эрдмийн чуулган” болон Монгол уламжлалт тэмцээн наймдугаар сарын 13, 14-нд  Өвөрхангай аймагт Орхоны хөндийд боллоо.

“Хархорумын олон улсын эрдмийн чуулган” нь “Монголын их амар амгалангаар орших ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдвийн хүрээнд болж, монголын болон гадаадын 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ. Уг чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаярын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Намбарын Энхбаяр 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, 

Хархорум хотын Зөвлөлийн дарга

 

Эрхэм хүндэт эрдэмтэд, судлаачид аа,

Ноёд, хатагтай нар аа,

Хүн төрөлхтний соёл иргэншил бүр нэгэн мөрөөдлийг орхилгүй тээж ирсэн байдаг билээ: энэ бол төгс төгөлдөр хот байгуулах тухай мөрөөдөл юм. 

Платон «Төр улс» хэмээх зохиолдоо мэргэн ухаанаар удирдуулсан төгс төгөлдөр хотын төсөөллөө бичсэн байдаг бол 1516 онд Томас Мор энэ мөрөөдөлд «Утопи» буюу «Бүх юм нь төгс төгөлдөр газар» хэмээх нэрийг өгсөн юм. 

Халиф аль-Мансур Багдадыг төгс төгөлдөр дугуй хэлбэртэйгээр байгуулсан байна. Хятадад Чанъань хотыг огторгуйн зураглал мэт төсөөлөн төлөвлөсөн бол Ром өөрийгөө шууд «Мөнхийн хот» хэмээн нэрлэсэн.

Өнөөдөр би энэ агуу мөрөөдлийн хамгийн зоримог туршилтуудын нэг нь гантиг чулуун дунд бус, харин голдуу морьт цэргээрээ дурсагддаг нүүдэлчин гүрний Их удирдагчийн ухаан санаанд эхлээд бууж, түүхт Орхоны хөндийн хээр талд бодитойгоор хэрэгжсэн тухай ярилцая гэж бодлоо. 

Миний илтгэл бол Өрнө дахинд «Karakorum» хэмээн алдаршсан Их Монгол Улсын нийслэл «Хархорум бол төгс төгөлдөр хот мөн» хэмээх эргэцүүлэл юм.

Энэ хотыг тал нутгийн түүхийн сонин үзэгдэл төдийгөөр бус, харин улс төрийн сэтгэлгээний хамгийн эртний асуултад буюу нэг нэгнээсээ олон талаар ялгаатай үй олон хүмүүс нэгэн ёс журмын дор хэрхэн эв найртай амьдрах вэ? гэсэн асуултад өгсөн тодорхой хариулт хэмээн судлах учиртай.

Платон (Силанионы эхийн хуулбар, МЭӨ IV зуун, Капитолийн музей) ба «Утопи» арлын зураг, анхны хэвлэл, 1516 он.

Энэ удаад би хариултыг зөвхөн үзэл санааны бус, эдийн засгийн талаас нь, энэ хотыг тэжээж, санхүүжүүлж, зохицуулж байсан механизмын талаас нь буюу олон талаас нь авч үзэхийг хичээх болно. Учир нь төгс төгөлдөр хот гэдэг нь зөвхөн үзэл санаа бус, харин өдөр бүр ажилладаг тогтолцоо, арга механизм мөн билээ. Одоо энэ хоёр шалгуураар Хархорумыг шалгая.

Төгс төгөлдөр хотуудын хоорондын харьцуулал

Чингис хааны өмнө тулгарсан асуулт 


1206 онд буюу одоогоос 820 жилийн өмнө Онон мөрний хөвөөнд болсон Их хуралдай Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжилж, ийнхүү Их Монгол Улс мэндлэх суурь тавигджээ. Энэ нь цэргийн төдийгүй эдийн засгийн агуу өөрчлөлт байлаа. «Монголын нууц товчоо»-ны ерэн таван мянгат бүр нэгэн зэрэг цэргийн нэгж, татварын бүртгэл, нутаг бэлчээрийн нэгдэл байв. Тал нутгийн баялаг нь газар бус таван хошуу мал байсан тул анхны татвар малд шууд ногдож, зуун толгойноос нэгийг нь авдаг байжээ.  
Нүүдлийн аж ахуй худалдаагүйгээр оршиж чадахгүй: Чингис хааны чөлөөт худалдааны саналын дагуу явуулсан цуваа 1218 онд Отрар хотноо хядагдсан нь их дайны шалтгаан болсон билээ, энэ бол угтаа чөлөөт худалдааны төлөө эхэлсэн дайн юм.  
1220 он гэхэд Их хааны цэрэг умард Хятадын Алтан улсыг сөхрүүлж, Хорезмын гүрнийг нураан унагасан байв.  
Энэ үеэс эхлэн байлдан дагуулах асуудал аажмаар ач холбогдлоо алдаж, агуу гүрнийг удирдан зохицуулах зорилго болон хувирчээ. Зөвлөх түшээ Елюй Чуцай энэ тухай: «Эзэнт гүрнийг морин нуруун дээрээс байлдан дагуулж болох ч, морин нуруун дээрээс удирдаж үл болно» хэмээн айлджээ.  
Ийнхүү төрд институц хэрэгтэй болж, институцэд түшиц болох төв хэрэгтэй болсон байна. Улмаар 1220 онд Чингис хаан нийслэл хот байгуулах зарлиг буулгаж, босгох газрыг нь Орхоны хөндий хэмээн сонгожээ. 
 

Чингис хаан (Юань Тайзу) Юань улсын хаадын хөрөг цомгоос, Тайбэй хотын Гүгун музей

Мөнхийн эрэлд 


Тэр он жилүүдэд Их хаан өөрөө мөнх оршихуйн тухай эргэцүүлж байлаа. Их эзэнт гүрнээ удирдан зохицуулахын тулд өөрт нь урт удаан наслах шаардлага буй болсон хэмээн бодсон байхыг үгүйсгэх аргагүй. 
1219 онд Тэрбээр урт наслахын нууцыг эзэмшсэн гэгдэх Даогийн багш Чанчун бумбад урилгын захидал илгээжээ. Хадгалагдан үлдсэн тэр захидлаас Их хааны өөрийн «хөрөг» тодрон төсөөлөгдөнө. Тэрээр илгээсэн захидалдаа: «Би хоньчин, адуучин ардтайгаа адилхан хувцаслаж, адилхан хооллодог. Цэргүүдээ ах дүү мэт үздэг» хэмээн бичжээ. 
Далан насыг давсан Чанчун бумба Их эзэнт гүрний уудам нутгийг гурван жилийн турш туулж, 1222 онд Их хааны өргөөнд хүрч очив. Тэр жил Чингис хаан одооны Афганистаны Гиндүкүш уулын дэргэд буусан байлаа. Түүний асуусан анхны асуулт нь: «Та мөнхийн аршаан авчирсан уу?» байлаа. Чанчун бумба Их хааныг хуурч зүрхэлсэнгүй: «Биеийг тэтгэх арга бий ч мөнх наслуулах эм үгүй. Хүн биеэ бус нэрээ мөнхөлж болно; нэрийг энх амгаланг тогтоож, түмэн олныг баясгах сайн үйлс бүтээж мөнхөлнө» гэжээ. 
Мөнхийн ус авчрах байх хэмээн бодож гурван жил хүлээсэн Их хаан ийм хариу сонсоод уурлаж уцаарласангүй, харин Чанчун бумбын үнэнч шударгыг магтан сайшааж, улмаар Дао-гийн шашны лам нарыг алба гувчуураас чөлөөлжээ.  
Энэ түүхэн учрал хожим өрнөсөн үйл хэргүүдэд нөлөөлсөн гэж үзэж болно: Хүн биеэрээ мөнх наслахгүй ч сайн үйлс бүтээвэл нэр алдар нь урт удаан хугацаанд дуурсагдаж мөнхөрнө гэсэн мэргэн үг Их хааны бодол санааг өөрчилж Тэрээр өөрөө мөнх наслахын тухай бодохын оронд Их эзэнт гүрнээ удирдах ёс журмын тухай эрэгцүүлж, улмаар түүхчид хожим Ромын жишгээр «Пакс Монголика» хэмээн нэрлэх болсон «Монголын их амар амгалангаар орших ёс» буй болжээ. 
 

Мянган жилийн голомт: Күлтэгиний хөшөө (730 аад он) Хар балгас Уйгарын нийслэл.

Яагаад Орхоны хөндий вэ? 


Яагаад нийслэл хотоо умард Хятад, Төв Азийн баян хотуудын дунд биш, чухамхүү Орхоны хөндийд босгохоор шийдсэн бэ? хэмээх асуулт тавигдах нь зүйн хэрэг. Орхоны хөндий мянга мянган жилийн турш тал нутгийн төрийн голомт байсаар иржээ.  
НТӨ III зуунд Хүннү нар хүчээ энэ нутагт төвлөрүүлж байв. Түрэгийн хаад Өтүкэнийг дархан шүтээнээ болгож, 730-аад онд Күлтэгин, Билгэ хааны алдарт хөшөөдийг энд босгожээ. Эдгээр гэрэлт хөшөөд нэгэн зарчмыг захиж үлдээсэн байна: «Эзэд нь энэхүү голомт нутагтаа орд өргөөгөө байлгаж байвал улс гүрэн нь мөнх оршино».  
Дараа нь Уйгарууд нийслэл Орду-Балыкаа буюу Хар балгас хэмээн нэрлэгддэг нийслэлээ Та бидний хуралдаж буй энэ ордноос холгүй газар байгуулсан юм. Тиймээс Чингис хааны буулгасан 1220 оны зарлиг бол үнэн хэрэгтээ Монголын төр мянган  жилийн тал нутгийн төрт ёсны залгамжлагч мөн гэсэн Тунхаглал байлаа. 2004 онд ЮНЕСКО Орхоны хөндийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэхдээ энэ үнэнийг өөрийн хэллэгээр хүлээн зөвшөөрсөн юм. 

Орхоны хөндий, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв (2004).

Өгэдэй хааны бүтээн байгуулсан хот 


Чингис хаан нийслэл хот байгуулах зарлигаа буулгаж, түүнийг босгох газраа сонгоод хотын хэрэм босохоос өмнө буюу 1227 онд насан эцэслэжээ. Нийслэлийг угсаа залгамжлагч хөвгүүн Өгэдэй хаан бүтээжээ. 1235 онд Тэрээр хотын хэрэм болон Түмэн амгалан ордныг босгосон байна. Энд нэгэн чухал баримтыг дурдах нь зүйтэй хэмээн бодогдов. 1235 онд Тэрбээр Их хуралдай хуралдуулж, хамтын шийдвэр гаргуулдаг уламжлалыг хүндэтгэн баримталж олон асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дотор Хархорум нийслэл хотын тухай асуудал байсан хэмээн бодож байна. 
Хамтын шийдвэрийг хэлэлцэн гаргаж, гаргасан шийдвэрээ ягштал баримталж хэрэгжүүлдэг байсан зарчмыг үндэслэн эрэгцүүлвэл нүүдэлчдийн Их хуралдай өнөөгийн Парламентат ёсын нэгэн эх сурвалж байжээ хэмээн дүгнэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу. Тийм учир «Монголын За бол хууль» гэсэн үг байдаг бизээ. 
Хархорум хотын бүтээн байгуулалтад Их эзэнт гүрний өнцөг булан бүрээс цугласан урчууд, инженерүүд, түшмэд оролцсон байна. Энэ бол Дундад зууны олон улсын шинжтэй хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг байлаа.  
Нэг хүний амьдралын гуравны нэгтэй тэнцэх цаг хугацаа буюу ганцхан үеийн дотор задгай талын дунд дөрвөн хаалгатай, хаалга бүрийнхээ гадна захтай хэрэмт нийслэл  хот боссон байна. Их түүхч Жүвэйни дэлхийн баялаг Хархорум хот руу урсан цутгаж байсныг тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг билээ, тодруулвал өдөр бүр таван зуун тэрэг хүнс хот руу орж ирдэг байжээ. 

Байлдан эзлэхээс татвар хураах руу: Эдийн засгийн их эргэлт 


Тэгвэл энэ их үйл хэрэг яаж, юугаар санхүүжив? гэсэн асуулт тавья. 
«Дээрэмдэж олз цуглуулснаас татвар авдаг байх нь хавьгүй их өгөөжтэй» гэсэн үнэн эдийн засгийн харилцаанд зонхилох байр суурь эзэлж эхэлсэн нь их бүтээн байгуулалтын санхүүжилтийн найдвартай эх үүсвэр болсон байна. 
Умард Хятадын тариаланг бэлчээр болгох саналыг Елюй Чуцай эсэргүүцэж, тогтмол татварын давуу талыг туршилтаар буюу мөнгө, тариа, торго зэрэг арилжаа худалдааны хэрэгслүүд, бараа таваараар батлан харуулжээ.  
Ийнхүү Өгэдэй хааны үеэс Их эзэнт гүрэн тогтмол, системтэй татварын засаглалд шилжив. Ордон босгох ба татвар хураахын тулд дэвтэр хөтлөх хоёр анхнаасаа нэг төслийн хоёр тал байлаа. 
Их эзэнт гүрэн Солонгосын хойгоос Дунай мөрөн хүртэл нэг зарчмаар ажилладаг арга хэрэгслээ нэвтрүүлсэн байна. Энэ арга хэрэгслийг Тоолох, Холбох, Төлөх гэсэн гурван үйл үгээр илэрхийлж болно.  
Тоолохын тухайд. Мөнх хаан 1252 оноос өрх бүрийг нэр, ажлаар нь нэгдсэн бүртгэлд оруулснаар татвар ногдуулах нь сайн бүртгэлийн асуудал болон хувирчээ; хувчир нь зуун толгой малаас нэг малын татвар авдаг байсан зарчим суурин иргэдийн хувьд хөрөнгөд нь адилтган шилжүүлснээр авдаг татвар болж өргөжив; хот бүрд төвөөс даругач суулгадаг байжээ. Энэ нэр найман зууныг дамжин өнөөдөр Та бидний хэрэглэдэг «дарга» хэмээх үг болон хувирсан байна.  
Холбохын тухайд. Өртөөний сүлжээ сарыг хоногоор, хоногийг цагаар товчилдог болов. Өгэдэй хаан өртөөний сүлжээг хөгжүүлснийгээ болон олон тооны худаг гаргасныгаа насны гавьяаныхаа тоонд оруулан дурдсан байдаг. Алс холын аян замд айх аюулгүй зорчдог байсан эрхийг өнөөгийн дипломат паспортын өвөг гэрэгэ нээж, худалдаа наймааны тамга хэмээх үг Евразийн олон хэлэнд нэвтэрчээ.  
Төлөхийн тухайд. Мөнгөн ембүү нийтлэг хэмжүүр болж, улмаар Хубилай хааны итгэлд суурилсан цаасан мөнгө худалдааны хэрэгслийн хувьд алдарт Марко Пологийн гайхшралыг төрүүлж байлаа. Үүн дээр нэмж дурдвал бүх шашны байгууллагыг татвар, албанаас чөлөөлж, олон мянган урчууд төрийн дархны газарт алтан утастай торго нэхэж, Орхоны хөндийн тариалангийн суурингууд нийслэл хотоо тэжээж байлаа. 
 

Гэрэгэ (пайз) Мөнх тэнгэрийн нэрийг дурдсан төмөр, мөнгөн шигтгээтэй зорчих эрхийн тэмдэг, XIII зууны сүүлч (Метрополитен музей); Хархорумын археологийн зураглал (Монгол Германы экспедиц, 2021).

Хархорум бол Их эзэнт гүрний улс төрийн болон эдийн засгийн зүрх 


Энэ хотод ойр орчмын тэжээгч бүс дутагдаж байсан нь үнэн. Энэ хүндрэлийг ихээхэн өвөрмөц аргаар шийдсэн тухай Жүвэйни бичиж үлдээсэн байна: Өгэдэй хаан худалдаачдын барааг хэлсэн үнээс нь илүү үнээр авахыг тушаадаг байжээ. Энэ нь нэг талаасаа Их хааны өглөгч сэтгэл мөн, нөгөө талаас нь авч үзвэл алслагдмал газрын сөрөг хүчин зүйлийг даван гарахын тулд зах зээлийн эрэлтийг зориуд бий болгож байсан урамшуулал юм. Өнөөдөртэй адилтгавал «татваргүй бүс нутаг» зэрэг урамшуулалтай адилтгаж болно.  
Таван зуун тэрэг дүүрэн бараа таваар орж ирж байсан тухай тэмдэглэл түүхчийн уран хэллэг гэж бодлоо гэхэд ерөнхий утга нь үнэн юм: Хархорум бол тив дэлхийн орлогоор амьдардаг нэн чухал хот байжээ. Энэ хотын хамгийн монгол шинж нь түүний өглөгч шинж чанарт оршино. Энд цугласан баялаг эргэж тарна: Хархорум бол талын өглөгч ёсыг дэлхийн Их эзэнт гүрний орлогод тулгуурлан ажиллуулсан механизм бүхий хот байлаа. 

Виллем Рубрукийн нүдээр 


Их эзэн хааны зарлиг гарч хэрэгжиж эхэлснээс хойш нэг үеийн дараа Пакс Монголика хэмээх ёс журам хэрхэн хэрэгждэгийг Европ хүн нүдээрээ үзсэн байдаг. 1253 онд Францын IX Людовик хаан фламанд лам Виллем Рубрукийг Их хааны өргөөнд илгээжээ; тэрбээр есөн мянган километр зам туулаад 1254 оны хавар Хархорумд хүрэлцэн ирэв. Аялалын тайлан «Итинерариум» нь Дундад зууны аялалын тэмдэглэлийн оргилуудын нэг бөгөөд хожмын археологийн малтлагаар дахин дахин нотлогджээ. 
Хэрмэн дотор арван хоёр «онгон шүтээнтэн»-ий сүм, лалын хоёр сүм, христийн нэг сүм зэрэгцэн оршиж байсан гэж бичсэн байна. Өнөөдөр хүн төрөлхтөн шашин шашны нэр барьж нэг нэгнээ үзэн яддаг цаг үед амьдарч буй Та бидэнд дээрх тэмдэглэл гайхалтай санагдана. Эдийн засагчийн нүдээр уншвал бас нэг зүйл тодорно: дөрвөн хаалганы дөрвөн төрөлжсөн зах: зүүнд үр тариа, баруунд бог мал буюу хонь ямаа, өмнөдөд бод мал буюу үхэр, тэрэг, умардад адуу арилжаалдаг байжээ. лалын худалдаачид, хятад урчуудын хоёр том хороолол байсан хэмээх тэмдэглэл сэтгэлд хамгийн бодитой түүхэн зураг болж бууна. Рубрукийн зураглалд санамсаргүй зүйл гэж огт үгүй. 
Тэрбээр түмэн амгалангийн ордны үүдэнд хотын хамгийн алдартай гайхамшиг Мөнгөн мод байсныг харж дүрсэлжээ. Унгарын аян дайны үеэр Белград хотноо олзлогдсон Парисын уран дархан Гийом Бушегийн бүтээсэн энэхүү модны их биеийг алтадмал дөрвөн могой ороож; дөрвөн цоргоор усан үзмийн дарс, тунгаасан айраг, балан ундаа, будааны дарс урсаж; оройд нь бүрээгээ өргөсөн Тэнгэрийн элч зогсоно. Ундаа багасах бүрд модны дотор нуугдсан хүн бүрээг хангинуулна. Энэ модны ур хийц үнэхээр нарийн байсан, бэлгэдэл нь бүр чухал байжээ: Энэ бол газар тэнгэрийг холбосон Евразийн Амьдралын мод юм; энэ мод зочид гийчдээ дайлдаг монгол зочломтгой ёс; Тэнгэрийн элч ба луу санагдуулах могойнууд нь Өрнө, Дорнын аль алиных нь соёл, ёсыг илэрхийлсэн байна. Нэгэн бүтээлд ийм олон шинж шингээсэн нь Мөнгөн модны нууц мөн бөгөөд Мөнгөн мод Хархорум хот космополитан хот байсны нотолгоо юм. 
Рубрук: ордныг нь эс тооцвол энэ хот Парисын ойролцоох Сен-Дени тосгоноос том биш хэмээн бичжээ. Ингэж тэмдэглэн үлдээснийг уншаад эмзэглэх хэрэггүй: бодит түүх бодитоороо байх ёстой, Хархорум хотын хэрэм, байшин барилга хэмжээний хувьд түүний бичсэнээр байсан нь үнэн. Гэхдээ хотыг ганцхан биет хэмжээгээр нь бус харин нөлөөллийн хүрээгээр нь хэмжвэл зөв болно. Хархорумд гарсан шийдвэрүүд Дунай дээрх их цэргийг хөдөлгөж, Персийн татварын дэвтрийн хуудсуудыг эргүүлж байлаа; Ромын Папын элч, Оросын ноёд, Ойрхи Дорнодын султанууд, Хятадын түшмэд бүгд энэ хотыг зорьж алс холын замыг туулж ирдэг байжээ.  
Хотын агуу нь хэрмийнх нь өндөр, уртад бус, тэнд гарч байгаа шийдвэрийнх нь хүрэх газарт оршдог. Хархорум бодит биеэрээ даруухан ч тэр үед үзүүлж байсан нөлөөгөөрөө Дэлхийн нийслэл, хамгийн багаар бодоход «Пакс Монголика» ёс үйлчилж байсан тэр том ертөнцийн нийслэл байжээ. 
 

Мөнгөн мод
Рубрукийн 1254 оны гэрчлэлд үндэслэсэн түүхэн дүрслэл. Эх бүтээл өнөөдөр үлдээгүй.

Нэг төр, олон зам мөр 


1254 оны тавдугаар сард Мөнх хааны ордонд Христ, Ислам, Буддын шашинтнуудын хооронд тогтсон дүрэм журамтай, шүүгчтэй албан ёсны мэтгэлцээн болж, Рубрук түүнд биечлэн оролцжээ. Их хаан: «Тэнгэр гарт өөр өөр хуруу заяасны нэгэн адил хүмүүнд өөр өөр зам мөрийг заяажээ» хэмээн айлдсан байдаг. Энэ үг XIII зууны Хархорумд хэлэгджээ. Ийнхүү Тэнгэрийн тухай, Тэнгэрийн үзлийн тухай Рубрук бичиж үлдээсэн нь Орхоны хөндийд нийслэл хотоо байгуулан нэг нэгнийгээ өв залгамжлан тасралтгүй оршиж байсан улсуудын баримталж байсан үзэл баримтлалын тухай үнэ цэнэтэй мэдээлэл хэмээн тооцогдож байна.  
Академич Ш.Бира Монголын Тэнгэрийн үзэл дэлхий дахиныг хамарсан үзэл байсан тухай судалж бүтээлүүдээ туурвисан байдаг билээ. Мөнх тэнгэрийн үзлийн дагуу төр аливаа шашныг илүүд, эсхүл дутууд үздэггүй байжээ. Аливаа шашин эв нэгдлийн эсрэг үл тэрслэх аваас түүнийг бусад шашинтай нэгэн адил ижил тэгш өршөөн хамгаална гэсэн зарчмыг баримталдаг байсан байна.  
Төрийн алба мөн адил ийм зарчмаар бүрдэж, түүний дагуу ажилладаг байсан аж. Хархорум нийслэлд хятад түшмэд, перс санхүүчид, уйгар бичээчид мөр зэрэгцэн алба хааж, Чингис хааны баримталж байсан удирдлагын тогтолцоонд хүнийг гарал үүслээр нь бус харин чадал чадвараар нь өргөмжилдөг ёс тогтсон байлаа. 
Ром «ромжуулах» замаар нэгтгэдэг байсан; Чанъань хятад хот хэвээр үлдсэн; Багдад, Константинополь тус бүр нэг шашинд харьяалагдаж байв. Агуу нийслэлүүдээс ганцхан Хархорум ямар нэгэн соёл иргэншлийг өмчилж, эсхүл түүнд өмчлөгдөж байгаагүй юм: энэ бол дэлхийн олон соёл, шашныг багтаан байгуулсан нийслэл хот байлаа. Төгс хотын тухай асуултад өгсөн хариу бол олон янз байдлыг хүндэтгэсэн эв нэгдэл гэж хэлж болно. 
 

Нэг хэрмийн дотор: Буддын их сүмийн туурь (урьд "Өгэдэйн ордон» гэж үзэж байсан), Дорнын христийн сүмийн болон лалын оршуулгын газрын археологийн баримт -Монгол-Германы судалгаа.

Их Монголын эзэнт гүрэн дайнаар байгуулагдсан; түүний баримталж байсан Pax Mongolica буюу Монголын Их амар амгалангаар орших ёс нь олон соёл, шашин, олон үндэстэн өөр өөрийн өвөрмөц дүр төрхийг хадгалан өргөн уудам нутаг дэвсгэр дээр зэрэгцэн орших бодит шаардлагаас үүдэн буй болсон билээ. Бусдын ёс заншлаа баримтлан амьдрах эрхийг хамгаалах нь хааны үзэмж бус төрийн бодлого байв. Тогтолцоо дээрэм рүү хазайх бүрд төр өөрийгөө засаж байв: Өгэдэй, Мөнх, Газан гурав өр тэглэж, татварын хэмжээг ил зарлаж, бүртгэлээ сэргээжээ. 
Бид түүхээ хасаж ч, хачирлаж ч болохгүй, аль аль нь гуйвуулга болно. Гэхдээ төгс хот гэдэг мандахын  зэрэгцээ  унаж доройтохоос хамгаалагдсан хот гэсэн үг биш. Зөв асуулт нь: ид хүчирхэг үедээ ямар дээд эрмэлзлийг илэрхийлж, тэр нь нэр алдрыг нь мөнхөлж чадсан уу? гэдэгт оршино. Бусад агуу хотуудын нэгэн адил Хархорум хэмээх энэ  түүхэн   хот «чадсан»   гэдэгт би эргэлзэхгүй байна.  
Миний хоёр шалгуур ийнхүү хоёулаа хангагдлаа: Хархорум бол  эртний  асуултад хариулсан үзэл санаа, ид хүчирхэг байсан үедээ дөчин жилийн турш  өдөр бүр ажилласан тогтолцоо хоёулаа мөн байлаа. 
Мөхөл, залгамж амьдрал, дахин нээлт 
1259 онд Мөнх хаан таалал төгсөж, дотоодын дайн дэгджээ. Үүний эдийн засгийн утга учир нь онцолъё: тэр үед Аригбөх нийслэлийг, Хубилай умард Хятадыг барьж байв. Хубилайн шийдвэрлэх зэвсэг нь тулалдаан бус харин Хархорум хот руу “тэжээгч судас”аар ирдэг хүнсний цувааг таслан зогсоосон явдал байлаа. Нийслэл өөрийгөө тэжээж чадахгүй болж, дайны үр дүн ийнхүү шийдэгдсэн юм.  
1260-аад онд Хубилай төв хотоо Шанду, дараа нь өнөөгийн Бээжин болох Дайду руу шилжүүлж, Хархорумын статус орон нутгийн төв болтлоо буурчээ. 1368 онд Юань улс мөхөж, 1380 онд Мин улсын цэрэг энэхүү хотыг галдан сүйтгэсэн юм. Гэвч Их гүрний буй болгосон институцүүд өөрөөс нь илүү урт наслажээ: өртөө, тамга, тооллогын зарчим олон зууныг дамжин Евразид үйлчилсээр байлаа. 
Монголчуудын хувьд энэ түүхэн газар ариун чанараа хэзээ ч алдаагүй. 1586 онд Автай сайн хан Хархорум хотын туурийн захад Эрдэнэ зуу хийдийг их хотын үлдэгдэл чулуугаар босгожээ. Ийнхүү улс төрийн нийслэл оюун санааны нийслэл болон хувирч, зүрх нь ариун газрын хөрсөнд цохилсон хэвээр байлаа.  
С.В.Киселёвын экспедиц (1948–1949)-ийн «Өгэдэйн ордон» гэсэн дүгнэлтийг 2000 оноос хойш ажилласан Монгол-Германы «Каракорум» экспедиц засан залруулжээ. Түмэн амгалант ордон хэмээн гаргасан дүгнэлт үнэн хэрэгтээ Буддын их сүм байсан бөгөөд жинхэнэ ордон Эрдэнэ зуугийн дор байж болзошгүй гэсэн шинэ дүгнэлт гарсан юм. Энэхүү залруулгыг зориуд дурдлаа: «дэлхийн нийслэл»-ийн дийлэнх хэсэг нь хөрсөн дор Та бүхний судалгааг хүлээсээр байгааг сануулж байна. 
 

Эрдэнэ зуу (1586) Хархорумын чулуугаар босгосон хийд эртний нийслэлийнхээ дэргэд: улс төрийн нийслэл оюун санааны нийслэл болсон нь.

XXI зуунд илгээсэн уриалга 


Ингээд Та бид өнөө үедээ эргэн ирлээ.  
2022 оны арван хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн босгох түүхэн зарлиг буулгасан юм. УИХ Хархорум хотыг сэргээн байгуулахыг дэмжсэн хууль баталлаа. Засгийн газар Хархорум хотыг сэргээн байгуулахтай холбогдсон хэд хэдэн шийдвэрийг гаргасан юм. 
Энэхүү үйл хэрэг нэгд, түүхэн хотыг баримт нотолгоонд тулгуурлан эртний дүр төрхтэйгөөр нь сэргээх; хоёрт, түүнийг тойруулан орчин үеийн, хүн төвтэй, ухаалаг, эко хотыг босгох хоёр ажлыг хамтад нь өрнүүлнэ. 
Арга зам нь тоосго өрөхөөс өмнө судалгаа хийхэд оршино. Их хотыг түүхэн эх сурвалж, малтлагад тулгуурлан эхлээд цахим ихэр хэлбэрээр бүтээж, симуляцад оруулж, олон нийтэд танилцуулна; Варшав, Дрезденийн туршлага үүнийг хийж бүтээж болдгийг харуулсан юм. 
Эртний нийслэлийн эдийн засгийн сургамжийг ч мартах ёсгүй: зөвхөн гаднын бараа үйлчилгээний шилжүүлэг буюу импортод дулдуйдан амьдардаг хотын дархлаа сул дорой байдаг. Тиймээс Хархорум хотын эдийн засгийг экспортын чиг баримжаатай болгох нь хамгийн зөв шийдэл болно. 
Хархорум хотыг тойрсон нутгийг 50-100 км-ийн радиустайгаар иж бүрэн судалж, хот ба хөдөөгийн зохистой харилцааг үүсгэхийг зорино. 
Их эзэнт гүрний үед Хархорумд  Их хуралдай хуралдаж, хамтын шийдвэрүүд гаргаж, тэр шийдвэрүүд нь Их эзэнт гүрний өргөн уудам газар нутагт хэрэгждэг байсан түүхийг үндэслэн эдүгээчилж Монгол Улсын Парламент сэргээн босгосон Түмэн амгалангийн ордонд хуран чуулж, түүхэн шийдвэрүүдийг гаргаж, уг шийдвэрүүд Монгол Улсад хэрэгждэг харилцаа сэргэн тогтоно гэдэгт итгэж байна. 
Хархорумын зүрх цохилсон хэвээр байна. Энэ учраас бид энэ дуу чимээг хамгийн сайн сонсдог эрдэмтдийг энэ түүхэн хотын нутагт урин залж авчирсан юм. Эртний Хархорумыг дэлхийн өнцөг булан бүрээс цугласан оюун ухаан бүтээсэн; сэргэлт нь мөн л эрдэмтдийн судалгаагаар эхэлнэ. Үр дүнд нь эртний болон эдүгээгийн Хархорум нэг нэгийгээ тулж түшин түүхэн Орхоны хөндийд босно, тасарсан түүх бүтэн болно. 
Хот мөхдөг ч, агуу санаа мөхдөггүй. Хархорумын хамгийн агуу дурсгал нь ордон, Мөнгөн мод байхын сацуу «Пакс Монголика» хэмээх улс төрийн цогц үзэл байсан юм. Олон ард түмэн олон шашин, олон хэл соёлд тулгуурласан, хэнийг нь ч алагчлалгүй хамгаалдаг нэгэн ёс журмын дор даян дэлхий цэцэглэн хөгжиж чадна.  
Тийм ёс журмыг тогтоож, санхүүжүүлж болдгийг эртний Хархорум хот харуулсан билээ. Найман зууны дараа ч энэ бол музейн асуулт биш юм. Хархорум бол зөвхөн XIII зууны дурсамж биш, XXI зуунд илгээсэн уриалга мөн. 
Анхаарал хандуулсанд баярлалаа. 

Ном зүй 
Эх сурвалж 

1. The Secret History of the Mongols: A Mongolian Epic Chronicle of the Thirteenth Century (Монголын нууц товчоо). Игорь де Рахевильцийн орчуулга, тайлбарын хамт. Лейден: Brill, 2004. 2. Жувайни, Ала ад-Дин Ата-Малик. Genghis Khan: The History of the World Conqueror (Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх). Ж. Э. Бойлийн орчуулга. Манчестер: Manchester University Press, 1958; дахин хэвлэл: Сиэтл: University of Washington Press, 1997. 
3.    Ли Жичан. The Travels of an Alchemist: The Journey of the Taoist Ch’ang-ch’un from China to the Hindukush at the Summons of Chingiz Khan (Нэгэн алхимичийн аян зам). Артур Уэйлийн орчуулга. Лондон: George Routledge & Sons, 1931. 
4.    Марко Поло. The Description of the World (Ертөнцийн дүрслэл). А. К. Моул, Пол Пеллио нарын орчуулга. Лондон: George Routledge & Sons, 1938. 
5.    Рашид ад-Дин. The Successors of Genghis Khan (Чингис хааны залгамжлагчид). Жон Э. Бойлийн орчуулга. Нью-Йорк: Columbia University Press, 1971. 
6.    Виллем Рубрук. The Mission of Friar William of Rubruck: His Journey to the Court of the Great Khan Möngke, 1253–1255. Питер Жексоны орчуулга; Питер Жексон, Дэвид Морган нарын редакц. Лондон: Hakluyt Society, 1990. 
7.    Юань ши (Юань улсын судар) — Хархорумын хэрэм, Түмэн амгалан ордны барилга (1235), өртөө, татварын журамлалын тухай хятад сурвалж. 
Судалгааны бүтээл 
8.    Allsen, Thomas T. Mongol Imperialism: The Policies of the Grand Qan Möngke in China, Russia, and the Islamic Lands, 1251–1259. Беркли: University of California Press, 1987. 
9.    Allsen, Thomas T. Commodity and Exchange in the Mongol Empire: A Cultural History of Islamic Textiles. Кембриж: Cambridge University Press, 1997. 
10.    Allsen, Thomas T. Culture and Conquest in Mongol Eurasia. Кембриж: Cambridge University Press, 2001. 
11.    Atwood, Christopher P. Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Нью-Йорк: Facts On File, 2004. 
12.    Bemmann, Jan, Ulambayar Erdenebat, Ernst Pohl (ред.). Mongolian–German Karakorum Expedition, Vol. 1: Excavations in the Craftsmen Quarter at the Main Road. Висбаден: Reichert Verlag, 2010. 
13.    Бира, Шагдарын. “Mongolian Tenggerism and Modern Globalism: A Retrospective Outlook on Globalisation.” Journal of the Royal Asiatic Society, 3-р цуврал, 14-р боть, №1 (2004): 3–12. 
14.    Endicott-West, Elizabeth. Mongolian Rule in China: Local Administration in the Yuan Dynasty. Кембриж (Массачусетс): Harvard University Press, 1989. 
15.    Hüttel, Hans-Georg, Ulambayar Erdenebat. Karabalgasun and Karakorum: Two Late Nomadic Urban Settlements in the Orkhon Valley. Улаанбаатар: Германы археологийн хүрээлэн, 2009. 
16.    Jackson, Peter. The Mongols and the West, 1221–1410. 2 дахь хэвлэл. Лондон: Routledge, 2018. 
17.    Киселёв, С. В. (ред.). Древнемонгольские города (Эртний монгол хотууд). Москва: Наука, 1965. 
18.    Morgan, David. The Mongols. 2 дахь хэвлэл. Оксфорд: Blackwell, 2007. 
19.    Olschki, Leonardo. Guillaume Boucher: A French Artist at the Court of the Khans. Балтимор: Johns Hopkins Press, 1946. 
20.    Weatherford, Jack. Genghis Khan and the Making of the Modern World (Чингис хаан ба орчин үеийн ертөнцийн үүсэл). Нью-Йорк: Crown, 2004. 
21.    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төв. “Orkhon Valley Cultural Landscape” (Орхоны хөндийн соёлын дурсгалт газар). Дэлхийн өвийн жагсаалт, №1081. 2004 онд бүртгэсэн. 


 

ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

 

Хархорум, Орхоны хөндий, 
Өвөрхангай аймаг, Монгол Улс

2026 оны наймдугаар сарын 14

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд хуран чуулж, Хархорумын түүхийн талаар эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцлээ. Тус чуулганыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд талархал илэрхийлж байна. 
Тус чуулганд оролцсон эрдэмтэн судлаачид дараах Тунхаглалыг дэвшүүлэн баталж байна. 

1. Хархорум бол монголчуудын үндэслэн байгуулж, олон ард түмний гараар боссон, Евразийн болон нийт хүн төрөлхтний хамтын өв мөн гэдгийг бид тунхаглаж байна. Тус хотод өөр өөр шашин, хэл, соёл, гарал үүсэлтэй ард түмнүүд нэгэн ёс журмын дор эрх тэгш амьдарч, энэ нь тэдний хүч чадлын эх үүсвэр болж байсан агаад үүнийг бид Хархорумын амин сүлд хэмээн нэрлэж байна. 

2. Хархорумын амин сүлдийг амилуулж, эртний хотыг сэргээн босгох ажил зөвхөн түүхэн баримт нотолгоо, цогц судалгаа шинжилгээнд тулгуурлан явагдах ёстой гэж бид үзэж байна. Үүний тулд дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачдаар хянан хэлэлцүүлж, нэгдмэл ойлголт, дүгнэлтэд хүрэхийн зэрэгцээ дэлхий дахины архив, номын сан, музейнүүдэд хадгалагдаж буй Хархорумтай холбоотой эх хэрэглэгдэхүүний нэгдсэн, нээлттэй мэдээллийн сан бүрдүүлэхийг уриалж байна.

3. Хархорум хотыг сэргээн босгох ажлыг эхлүүлэхийн өмнө түүхэн судалгаа, цогц шинжилгээнд суурилсан дижитал ихэр хотыг их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан загварчлан босгож, эртний ба шинэ хотыг хооронд нь уялдуулан холбож, симуляци хийвээс зохино. Судалгаа шинжилгээ — дижитал ихэр хотын загвар — симуляци — баталгаажуулалт — бодит сэргээн байгуулалтын ажил гэсэн дэс дараалал нь аливаа алдаанаас сэргийлэх гол баталгаа бөгөөд энэ нь дэлхийн хот суурины өвийг сэргээх болон хот байгуулалтын арга зүйн шинэ чиг баримжаа болно хэмээн үзэж байна.

4. Хархорум хотыг эртний хотын тууриас тодорхой зайтай газарт сэргээн байгуулах нь зөв бөгөөд тус хот нь эртний хоттойгоо түүх, уламжлал, соёл, орон зайны хувьд уялдаа холбоо, цогц зохирол найралтай байх зарчмыг баримталж, сүүлийн үед бусад улс орны шинэ нийслэл байгуулсан туршлага, алдаа ба онооны сургамжаас нь суралцан, олон улсын консалтинг, хот төлөвлөлт, инженерчлэл, технологи зэрэг салбарын тэргүүлэх компаниудын оролцоонд тулгуурласан ухаалаг, эко, хүн төвтэй хот байх нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байна. 

5. Хархорум хотын түүх, соёл, сэргээн босголтын талаар олон улсын эрдэмтэн судлаачдын санал зөвлөмжийг хэлэлцэж, бүтээн байгуулалтад тусган хэрэгжүүлэх зорилго бүхий Хархорумын олон улсын эрдэмтдийн Чуулганыг гурван жил тутам зохион байгуулахыг дэмжин уриалж байна.

Хархорумын олон улсын эрдмийн Чуулганд оролцогчид


 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 152 (7894)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

37 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

52 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

52 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13