Б.БАЯР
Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч зэгсэн халж мэдэхээр байна. Учир нь, улс төрийн намууд, тэр дундаа МАН, АН-ын гишүүд хөдөө гадаа, хотын ойр хавьд байн байн томоохон уулзалтуудыг хийж байгаа юм. Тэдгээр уулзалтаар, энэ намрын улс төр, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль хоёрын талаар ихээхэн яригдаж байгааг эх сурвалжууд онцолсоор байна. Ерөнхийдөө, улс төрийн намууд, улс төрийн бүлэг фракц бүр намрын чуулганаар эхлэх улс төрд зориулсан “зэвсэг” бэлдэцгээж байгаа бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн зарим нэр бүхий гишүүн ийм зорилго бүхий нэгэн сонсголыг зохион байгуулахаар гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр шүүгч нар яагаад тусгай санал гаргаж, прокурорууд тэр дагуу нь сулласан тухай бичиг баримтуудад нотлон шинжлэх сонсгол хийх санаачилга гарчээ. “Шүүгчийн тусгай санал, прокурорын саналаар С.Баярцогтыг цагаатгасан нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүй ба хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийг зөрчсөн” гэж уг санаачилгыг гаргасан УИХ-ын гишүүд үзэж байгаа юм байна. Сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт дөрвөн жил найман сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын таван хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны тавдугаар сарын 19-нд хянан хэлэлцсэн. Ингээд С.Баярцогтын нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. С.Баярцогтод холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Харин Дээд шүүхийн дээрх хуралдааны үеэр тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ. Хоёр шүүгчийн тусгай саналын дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ 2021 оны долдугаар сарын 19-нд хуралдаж, С.Баярцогт нарын нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгов. Ингээд түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзсэн байдаг. Цаашлаад, АТГ-аас С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ 2022 оны зургадугаар сарын 10-нд НПГ-т хүргүүлэв. Улмаар НПГ-аас 2022 оны зургадугаар сарын 13-нд С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 150 (7892)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn