"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүүжүүлдэг төртэй болохыг мөрөөдөж байна"

45 мин
Нийтэлсэн: Админ
 23 мин унших

 Төмөрбаатарын Батсайхан 

Монгол орны ундны усан дахь ураны агууламж, тархалтыг анх удаа үндэсний эрдэмтэд иж бүрэн судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн сан бүрдүүллээ. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н.Тэгшбаяр нарын хамтарсан  энэхүү бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажТөрийн шагнал хүртээсэн юм.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “ Төрийн хишигтэн” буландаа Төрийн шагналт эрдэмтдийг урьж,  ярилцлаа.

 

“Ус бол тухайн газрын эрдэс баялгийн “толь” болдог”

-Монгол орны ундны усан дахь ураны агууламжийг тодорхойлох судалгааны ажлын тань гол ач холбогдол юу байв. Усан дахь ураны хэмжээг мэдсэнээр эрүүл мэнд, геологийн судалгаанд ямар шинэ боломжууд нээгдэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү: 


-Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ундны усны судалгааг хийж ирсэн. Усан дахь ураны агууламжийн судалгааг манай улсын эрдэмтэд өмнө нь хийж байгаагүй. Гадаадын, тухайлбал Орос, Америкийн зарим судлаач баруун аймгуудын нуурын ус, Дорноговь болон Улаанбаатар хотын зарим газрын усан дахь ураны хэмжээг 2008-2010 оны үед ирж хагас дутуу судалсан. Үндэсний мэргэжилтнүүдийн оролцоотой иж бүрэн судалгаа хийгдээгүй байсан. Бидний судалгааны нэг гол үр дүн нь Монгол орны усан дахь ураны агууламжийг анх удаа тодорхойлсон явдал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн усны ураны мэдээлэлтэй болж байна гэсэн үг. Үүнээс гадна бид нэг усны сорьцоос олон үзүүлэлтийг тодорхойлсон. Нэг сорьцод ойролцоогоор 20 орчим үзүүлэлт гардаг. Тиймээс мянган сорьц авсан гэж үзвэл нийт 20 мянга орчим мэдээллийн сан бүрдэж байгаа юм. Энэ нь зөвхөн уран бус усны ион, физик-химийн үзүүлэлтүүд, зарим онцгой элементүүд, эрдэсжилтийн талаар чухал өгөгдөл болж байна. Ус бол сайн уусгагч бодис. Хөрс, чулуулагт байгаа төрөл бүрийн эрдэс, давсыг өөртөө уусган авч байдаг. Уран ч мөн адил хөрсөнд ихэвчлэн давсны хэлбэрээр оршдог учраас усанд тодорхой хэмжээгээр шилжин ордог. Тиймээс ус нь тухайн орчны газрын доорх эрдэс баялгийн нэг төрлийн “толь” болдог гэж хэлж болно. Зөвхөн уран гэлтгүй хар тугалга, мышяк, селени, магни, кальци, кадми, манганы, хөнгөн цагаан, иод, фосфор зэрэг олон төрлийн бодисын мэдээллийг ус өөртөө агуулж байдаг. Тиймээс усны найрлагыг судалснаар тухайн газрын геологийн онцлог, газрын хэвлий, гүний усны судлын талаарх мэдээллийг авах боломжтой. Энэ нь уранаас дутахааргүй харин ч бүр илүү ач холбогдолтой гэдгийг зориуд тэмдэглэе.  Усан дахь эрдэс, элементүүдийн агууламжийг тогтоосноор геологи хайгуулын ажилд туслах материал болж чадна. Усанд тухайн орон нутгийн хөрс, чулуулагт байгаа эрдсүүдийн ул мөр тодорхой байдаг. Хэрэв усанд ураны агууламж өндөр байвал тухайн нутагт ураны илэрц, биет, потенциал орд байх магадлал нэмэгдэнэ.Бид Улаанбаатар хотын усанд радоны судалгааг хийсэн. Радоны агууламжид маш тогтвортой улирлын хэлбэлзэл байгааг үзүүлж онолын тайлбар дэвшүүлсэн. Радон нь уранаас үүсдэг байгалийн цацраг идэвхт хий бөгөөд цацрагийн нөлөөллийн хувьд уранаас илүү анхаарах шаардлагатай байдаг. Радон жишээ нь Баян-Өлгий, Өмнөговь аймгийн усанд илэрсэн байна. Энд радоны ванн хийж хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжтой. Радоны судалгаа газрын хагарал, газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгнө.  

 

МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа:


-Энэ судалгааны ажлын эхлэл 2005-2006 оноос тавигдсан гэж хэлж болно. Тухайн үед би Япон улсад докторын дараах судалгаанд ажиллаж байхдаа байгаль орчны усанд уран агуулагдаж байдгийг анзаарч, энэ чиглэлээр сонирхон судалж эхэлсэн.
Японд байх хугацаандаа Бороо голын усанд уран агуулагдаж байгааг судалж мэдсэн нь цаашид Монгол орны усны ураны судалгааг хийх санааны эхлэл болсон.
Харин 2011 онд Америкийн эрдэмтэд Монголд ирж, усан дахь ураныг тодорхойлох судалгаа хийхэд манай улсад тухайн үед шаардлагатай багаж, тоног төхөөрөмж болон дээж боловсруулах аргачлал хангалтгүй байгааг хэлж байсан. Гэхдээ тэр үеэс Монгол Улсад судалгааны шинэ боломжууд бүрдэж эхэлсэн. Тухайлбал, Геологийн төв лаборатори болон бусад байгууллагуудад индукцийн холбоост плазмын масс спектрометр буюу ICP-MS зэрэг орчин үеийн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжүүд нэвтэрсэн. Ингэснээр усан дахь маш бага хэмжээний ураны агууламжийг тодорхойлох боломж бүрдсэн.Судалгааны хамгийн чухал хэсэг нь зөвхөн багаж төхөөрөмжтэй болох биш, дээж боловсруулах аргачлалыг зөв сонгох явдал байсан. Бид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж, бусад орны эрдэмтдийн хэрэглэж байсан аргачлалыг дагаж, эхний ээлжид Улаанбаатар хотын усны дээж дээр туршилт хийсэн.Өмнө нь хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулж, ижил үр дүн гарч байгаа эсэхийг шалгасан. Үүнийг шинжлэх ухаанд “кросс чек” буюу үр дүнг давхар баталгаажуулах арга гэж хэлдэг.Ингээд бид химийн шинжилгээний аргачлалаа баталгаажуулж, Монголын нөхцөлд энэ төрлийн судалгааг өөрсдөө хийх боломжтой гэдгийг харуулсан. Дараагийн шатанд судалгааны цар хүрээг өргөжүүлсэн. Зөвхөн химийн талаас бус газарзүйн онцлогтой нь холбон судлах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, тухайн газрын хөрс, газрын хагарал, усны судал, геологийн тогтоцтой ураны тархалтыг уялдуулан авч үзсэн.Энэ чиглэлээр Оросын эрдэмтдийн хийсэн хөрсний цацрагийн судалгаатай харьцуулж үзэхэд сонирхолтой үр дүн гарсан. Тухайлбал, хөрсний ураны агууламж өндөр гэж тогтоогдсон зарим бүс нутагт усны ураны агууламж мөн өндөр гарсан. Энэ нь усны ураны судалгааг зөвхөн нэг үзүүлэлтээр бус геологи, газарзүйн нөхцөлтэй нь хамтатган судлах шаардлагатайг харуулсан.Тиймээс судалгааны хүрээг Монгол орны хэмжээнд өргөжүүлэх санаа гарч, доктор Н.Тэгшбаярын докторын ажлын үндэс болсон. Түүний судалгааны ажлын эхлэл 2013 оноос тавигдсан гэж хэлж болно.Цаашид олон аймаг, сумдын ундны усны дээжийг авч, лабораторийн шинжилгээ хийж, Монгол орны усан дахь ураны тархалтын ерөнхий зураглалыг гаргах ажил хийгдсэн.
Судалгааг эхлүүлж байх үед буюу 2015 онд Монгол Улсын ундны усны стандартад нэг литр усанд 15 микрограмм хүртэлх ураны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнд тооцогдож байсан.Харин дараа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тулгуурлан энэ хэмжээг 30 микрограмм болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх дээд хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Үүний улмаас өмнөх судалгааны үр дүнг шинэ стандарттай харьцуулахад олон үзүүлэлт 30 микрограммаас доош гарсан мэт харагдах болсон. Гэхдээ энэ нь ураны асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Судалгааны мэдээлэл, хяналт, цаашдын мониторинг зайлшгүй шаардлагатай хэвээр байна.

 

Доктор Н.Тэгшбаяр: 


-Монгол орны ундны ус, ялангуяа газрын доорх усны цацрагийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны үр дүнд үндэслэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Бид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэхүү судалгааны үр дүн, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцсэн асуудлаар Засгийн газар, холбогдох яамд, мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагад чиглэл, зөвлөмж хүргүүлэх шаардлагатай. Тухайлбал, Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр болон түүнийг дагасан шинэ суурьшлын бүсийн ундны усан дахь ураны агууламжийг нарийвчлан судлах хэрэгтэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл уранаас ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж, түүнтэй холбоотой зардлыг улсын төсөвт тусгах нь зүйтэй. Судалгаагаар хүн ам олноор суурьшсан зарим газрын усан дахь ураны агууламж анхаарал татахуйц хэмжээнд гарсан. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвлөрсөн усан хангамжийн усанд ураны агууламж стандартад заасан хэмжээнээс хэд дахин өндөр гарсан байна. Иймээс эдгээр бүс нутагт ураны эх үүсвэрийг тогтоож, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах шаардлагатай. Ялангуяа бөөр, элэг, ясны өвчлөл болон хавдрын тохиолдлын бүртгэлд дүн шинжилгээ хийж, усны чанартай хамаарал байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Мөн Говьсүмбэр аймгийн Чойр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн зарим хот суурин болон бусад суманд ижил төрлийн эрүүл мэндийн судалгаа хийх шаардлагатай.
Өвөр Жанчивлангийн рашаан сувиллын усанд ураны агууламж стандартаас давсан үзүүлэлт илэрсэн тул тухайн бүс нутагт байнга оршин суудаг нярай, бага насны хүүхэд, жирэмсэн эх, ахмад настны эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Багахангай дүүргийн усны асуудлыг мөн хамтатган авч үзэх шаардлагатай. Нөгөө талаар иргэдийн цацрагийн эрсдэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хэрэглэж буй усныхаа чанар, цацрагийн түвшний мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх нь чухал. 

 

“Уран усанд ямар хэлбэрээр оршдог, хэр уусамтгай байдаг, шилжилт хөдөлгөөн нь ямар зүй тогтолтой вэ гэдгийг физик, химийн үзүүлэлтүүдтэй нь уялдуулан судалсан”

-Тэгэхээр бид өдөр тутам хэрэглэж байгаа ундны усандаа уран агуулсан ус хэрэглэдэг гэсэн үг байх нь.  Үүнийг олон нийт сайн мэддэггүй шүү дээ. Мөн Монгол Улсын ундны усны ураны стандартыг 15 микрограммаас 30 микрограмм болгож өөрчилсөн нь ямар учиртай вэ.  Энэ талаар О.Болормаа доктор тайлбарлаж өгөөч? 

Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү:
-Монгол орны хөрс, чулуулагт уран тодорхой хэмжээгээр агуулагддаг учраас газрын доорх усанд уран байх нь байгалийн жам ёсны үзэгдэл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг литр усанд 30 микрограмм хүртэлх ураны агууламжийг зөвшөөрөгдөх хэмжээнд гэж үздэг. Үүнээс хэд дахин давсан тохиолдолд анхаарах шаардлагатай. Ерөнхийдөө ураны агууламж харьцангуй өндөр байгаа, цаашид анхаарал хандуулах шаардлагатай газруудыг бид мэдэж авсан. Гэхдээ нийт дүнгээрээ Монгол Улсад ундны усан дахь уран ноцтой түвшинд байна гэж хэлэхгүй. Гэхдээ ялангуяа хүн ам олноор суурьшсан газруудыг онцгойлон анхаарах ёстой. Тухайлбал, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн төв Сайншандын төвлөрсөн хангамжийн усанд ураны агууламж харьцангуй өндөр гарсан. Сайншанд, Даланзадгад зэрэг хотуудын хүн амын бөөрний өвчлөл, бусад хүнам  олноор суурьшсан газруудынхтай харьцуулж судлах шаардлага байгаа гэж боддог.   

 

МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа: 
-Монгол Улсын өмнөх стандарт нэг литр усанд 15 микрограмм уран байх хэмжээг зөвшөөрдөг байсан нь олон улсын стандартаас хоёр дахин хатуу үзүүлэлт байсан. Энэ нь ураны агууламж өндөр байх боломжтой зарим бүс нутгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн шийдвэр байсан болов уу гэж боддог. Гэхдээ шинжлэх ухааны судалгаа, олон улсын жишигтэй харьцуулахын тулд ижил хэмжүүр ашиглах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бусад стандартад нэг литр усанд 30 микрограмм хүртэлх ураны агууламжийг зөвшөөрөгдөх хэмжээнд тооцдог. Тиймээс 30 микрограмм болгосон нь стандартыг сулруулсан гэхээсээ илүү олон улсын жишигт нийцүүлсэн алхам гэж ойлгож болно. Өмнө нь бид “яагаад Монголд 15 микрограмм байдаг вэ” гэдгийг тайлбарлах шаардлагатай байсан бол одоо олон улсын нийтлэг стандартаар харьцуулах боломжтой болсон. Гэхдээ энэ нь ураны судалгаа, хяналтыг орхино гэсэн үг биш. Харин ч илүү нарийн судалж, мониторинг хийх шаардлагатайг харуулж байна. Энэ судалгааны бас нэг онцлог нь физик, химийн салбарын эрдэмтэд хамтарч ажилласанд оршиж байгаа. Физикийн эрдэмтэд өмнө нь хөрс, төрөл бүрийн объект дахь уран, радоны агууламжийг тодорхойлж ирсэн. Харин усан дахь ураныг тодорхойлох нь илүү төвөгтэй байдаг. Бид усанд ураныг найдвартай тодорхойлох аргачлалыг бий болгож чадсан учраас энэ ажлыг цаашид өргөжүүлэх боломж бүрдсэн. Химийн шинжилгээний хувьд бид боловсруулсан дээжүүдээ Солонгос, Япон зэрэг оронд параллель шинжлүүлж, үр дүнгээ баталгаажуулсан. Шинжилгээний найдвартай байдал, үнэн зөв байдлыг ингэж шалгаснаар өөрсдийн арга аргачлал олон улсын түвшинд нийцэж байгааг баталсан. Үүний дараа бид судалгааны цар хүрээг нэмэгдүүлж, Монгол орны хэмжээнд хийх боломжтой гэж үзсэн. Судалгааны явцад зөвхөн усан дахь ураны хэмжээг тогтоогоогүй. Уран усанд ямар хэлбэрээр оршдог, хэр уусамтгай байдаг, шилжилт хөдөлгөөн нь ямар зүй тогтолтой вэ гэдгийг физик, химийн үзүүлэлтүүдтэй нь уялдуулан судалсан. Тухайлбал, усны исэлдэн ангижрах чанар, хүчиллэг-шүлтлэгийн түвшин буюу pH, давслаг чанар, цахилгаан дамжуулах чанар зэрэг дөрвөн үндсэн үзүүлэлт нь ураны агууламжийг тодорхойлоход чухал мэдээлэл өгдөг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт эдгээр үндсэн үзүүлэлтийг хэмжихэд усан дахь ураны агууламж стандартаас давсан эсэхийг урьдчилан тооцоолох боломжтой болсон. Үүнийг бид тооцооллын арга, машин сургалтын аргаар хөгжүүлсэн. Ингэснээр өндөр өртөгтэй лабораторийн шинжилгээг заавал бүх дээж дээр хийхгүйгээр ураны агууламжийг урьдчилан үнэлэх боломж бүрдэж байна. Энэ бол эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой. Учир нь Монгол орны олон сумын усны дээжийг нэг бүрчлэн өндөр үнэтэй багажаар шинжлэх нь их хэмжээний зардал шаарддаг. Харин эхний шатанд физик, химийн үндсэн үзүүлэлтүүдийг ашиглан эрсдэлтэй бүсийг тодорхойлох боломжтой болж байна. Мөн усан дахь уранаас гадна бусад хүнд металлын агууламжийг хамтатган судлах шаардлагатай. Уран хүний биед удаан хугацаанд орвол хамгийн түрүүнд бөөрөнд нөлөөлөх эрсдэлтэй. Цаашлаад ураны задралын бүтээгдэхүүнүүдийн нэг нь хар тугалга байдаг учраас хар тугалга, хүнцэл, кадми зэрэг бусад хүнд элементүүдийг мөн хамтад нь авч үзэх хэрэгтэй. Энэ судалгаа бол зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэх зорилготой биш. Цуглуулсан мэдээлэл, аргачлал нь ирээдүйд буюу 10, 20, 30 жилийн дараа ч судлаачид ашиглах суурь материал болж үлдэнэ. Тиймээс энэ бүтээл нь суурь шинжлэх ухааны болон практик хэрэглээний өндөр ач холбогдолтой. Мөн хамгийн чухал нь ураны судалгааг зөвхөн нэг удаагийн шинжилгээгээр хязгаарлахгүй, Монгол орны усны чанар, хүн амын эрүүл мэнд, геологийн онцлогтой холбон цаашид үргэлжлүүлэн судлах боломжийг нээж өгсөн явдал юм.

 

“Монгол хүн урантай усанд дассан, дархлаатай” гэх ойлголт шинжлэх ухааны үндэслэлгүй”

-“Монголчууд урантай ус уугаад л ирсэн, одоо ч зүгээр байна” гэсэн ойлголт байдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ? 


Доктор Н.Тэгшбаяр: 
-Монгол хүн урантай усанд дассан, дархлаатай” гэх ойлголт шинжлэх ухааны үндэслэлгүй. Монголчууд газрын доорх усыг өргөнөөр ашиглаж эхэлсэн хугацаа харьцангуй сүүлийн үеийнх бөгөөд үүнээс өмнө гол, булаг, гадаргын усыг түлхүү хэрэглэж байсан. Тиймээс өнөөгийн нөхцөлд газрын доорх усны нөлөөллийг тусгайлан судлах шаардлагатай.

 

 Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү: 
-Энэ ойлголт зөв биш. Учир нь Монголчууд гүний худгийг сүүлийн 30-40 жилийн хугацаанд ашиглаж эхэлсэн. Үүнээс өмнө хүмүүс гол, булаг, шанд, бороо, цасны усыг түлхүү хэрэглэдэг байсан бөгөөд эдгээр гадаргын усанд уран маш бага буюу бараг байдаггүй. Харин уран нь газрын гүнд, эрдэс чулуулгийн найрлагад хуримтлагдсан байдаг учраас газрын доорх усанд тодорхой хэмжээгээр шилжиж ордог. Тиймээс хэрэв ураны нөлөө хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар илэрдэг бол энэ нь одоо л эхэлж байж мэднэ. Зарим сумдын худагт ураны агууламж өндөр гарсан. Тухайлбал, Төв аймгийн Угтаал, Дорноговь аймгийн Алтан-ширээ, Хөвсгөл сум, Дорнод аймгийн тосгоны худгийн усанд харьцангуй өндөр үзүүлэлт гарсан. Тэр ус хэрэглэж байгаа иргэдийн эрүүл мэндийн байдлыг анхаарах нь зүйтэй. 

 

“Шинжлэх ухаан, судалгааны салбараа тууштай дэмжих бодлого чухал байна” 

 

-Эдийн засгийн ач холбогдол талаасаа ямар үр дүнтэй бүтээл болсон бэ.  Мөн судалгааны ажлынхаа эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэв.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү: 
-Усан дахь ураны агууламжийг тодорхойлох шинжилгээ нь өндөр өртөгтэй байдаг. Нэг сорьцод уран тодорхойлох лабораторийн шинжилгээ ойролцоогоор 100 мянган төгрөгийн зардалтай. Бидний судалгаанаас харахад уран стандартаас давсан агууламжтай худаг, нийт худгийн 10 орчим хувийг эзэлдэг. Тиймээс чухал асуудал нь ураныг нь хэмжихгүйгээр тэр эрсдэлтэй байж болох 10 хувийг нь яаж үнэлж болох вэ гэдэгт байгаа юм. Ийм аргыг бид олсон. Тэр нь усны ион болоод физик-химийн үзүүлэлтийг нь ашиглах явдал. Эдгээр үзүүлэлтийг аль ч аймгийн төв асуудалгүй тодорхойлчихно. Түүнийг аваад машин сургалтын аргаар усны сорьцыг хоёр хуваана. Нэг хэсэг сорьцонд нь уран, стандартаас доогуур, нөгөө хэсэгт нь стандартаас дээгүүр байх магадлалтай. Цааш нийт сорьцыг биш зөвхөн сэжигтэй хэсгийг нь УБ -руу явуулна. Жишээлбэл, жилд 1500 орчим худагт уран тодорхойлох шаардлагатай гэхэд бидний арга, түүнээс 150 орчим худгийг сонгож УБ явуулна. Ингээд бидний боловсруулсан аргаар 135 сая төгрөг хэмнэх боломжтой. Эдийн засгийн ач холбогдол нь энэ. Хүн ам оршин суугаа газар нутагтай холбоотой эндемик өвчлөл гэж байдаг. Энэ нь усны шинжилгээгээр тодорхой харагдсан. Тухайлбал иод байна. Манай орны бараг бүх худгийн усанд байх иодын агууламж байх ёстойгоосоо хэт доогуур. Иймд хоолойн бахлуур өвчин түгээмэл тааралдах нь аргагүй. Бас фосфор байна. Усанд зохих хэмжээгээр байж шүдийг бат бэх байлгана. Гэтэл фосфор, иод хоёулаа хэт бага худгууд олон бий. Би түүнийг  нэрлэж чадна. Тэр сумдын иргэд фосфор болон иодын зохих агуулгатай хоол хүнс хэрэглэх ёстой. Хүн амын эрүүл мэндийн мэдлэг соёл дээшилнэ. Усанд нь магни ихтэй дүүрэг, сумд цөөнгүй. Мөн шүдний өвчлөл  ямар байгааг хянах ёстой. Мангани их гарсан усны сорьцууд бий, нэрлэж болно. Мангани их бол ялангуяа хүүхэд багачуудын суралцах чадварт нөлөөлнө гэж үздэг юм байна. Усны аюулгүй байдал бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү.  

Доктор Н.Тэгшбаяр:
-Санхүүгийн хувьд бид олон бэрхшээлийг даван туулж байж өнөөдрийн үр дүнд хүрсэн. Цаашид ч судалгааны ажил тодорхой хэмжээнд хүндрэлтэй хэвээр байх болно. Гэхдээ хамгийн чухал нь судлаач, эрдэмтдэд судалгаагаа тогтвортой хийх боломжийг бүрдүүлэх явдал юм. Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг нь шинжлэх ухаан, судалгааны салбараа тууштай дэмждэгт оршдог. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4-5 орчим хувийг судалгаа, шинжилгээний ажилд зарцуулж байж өнөөгийн түвшинд хүрсэн. Харин Монгол Улсад энэ үзүүлэлт нэг хувьд ч хүрэхгүй байна. Цаашид ядаж 1-2 хувьд хүргэх шаардлагатай. Улс орны хөгжлийн бодлого судалгаа, шинжлэх ухаанд тулгуурлаж байж урт хугацааны зөв шийдвэр гарна. Өнөөдөр зарим асуудлыг судалгаанд тулгуурлахгүйгээр зөвхөн тухайн үеийн сэтгэл хөдлөл, олон нийтийн хандлагаар шийдэх тохиолдол бий. Энэ нь улс орны урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлнө. Шийдвэр гаргахдаа судлаач, эрдэмтдийн дүгнэлтийг сонсож, аливаа асуудлын мөн чанар, зүй тогтлыг ойлгосны дараа бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Энд зөвхөн ураны агууламжийг харах биш, усны pH буюу хүчиллэг-шүлтлэгийн түвшин, цахилгаан дамжуулах чанар, усанд агуулагдах ионы найрлагын өөрчлөлтийг тогтмол хянах шаардлагатай. Учир нь усны физик, химийн орчин өөрчлөгдөхөд усанд ууссан элементүүдийн шилжилт хөдөлгөөн өөрчлөгддөг. Тиймээс бидний хийсэн судалгаа Монгол орны ундны усан дахь мониторингийн суурийг тавьсан гэж хэлж болно. Цаашид аливаа томоохон төсөл, ялангуяа газрын хэвлийтэй холбоотой үйл ажиллагаанд байгаль орчны суурь судалгаа, тогтмол мониторинг хамгийн чухал байх ёстой.

 

“Аливаа мэдээллийг зөвхөн таамгаар бус, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх нь чухал”

-Энэхүү  хамтарсан судалгаа нь эрдэс баялгийн салбарт ямар ач холбогдолтой вэ.  Мөн цаашид судалгааны ажил хэрхэн үргэлжлэх боломжтой вэ.  Доктор О.Болормаагийн хувьд бас өмнө нь усны чиглэлд сонирхолтой судалгаа шинжилгээний ажлыг хийж байсан шүү дээ.  Энэ талаараа ярихгүй юу?

Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү:
-Өмнө нь хэлсэнчлэн ус бол тухайн газрын эрдэс баялгийн нэг төрлийн “толь” болж өгдөг. Усны найрлагыг тогтоож авсан явдал мониторингийн эхлэлийг тавьж байгаа юм. Одоо манайд уул уурхайн ажил их явагдаж байна. Нэг эрсдэл нь тухайн газар орны усны найрлагад өөрчлөлт оруулж болзошгүй. Тэгвэл бид гүний ус 2010, 2015 оны байдлаар ийм байсан шүү гэж үндэслэлтэй хэлж чадна. Газар доор уусган баяжуулах  аргаар уран олборлох үйл ажиллагаатай холбоотойгоор усанд нь өөрчлөлт гарсан эсэхийг бидний судалгаатай харьцуулаад хэлэх боломж бүрдэж байна. 
Энэ нь уул уурхайн компаниудад тавих шаардлагын шинжлэх ухааны үндэслэгээ болох юм. Бид өөрснөө мэдээлэлгүй байсан бол бусдын мэдээллийг сохроор хүлээн авахаас өөр аргагүй болно шүү дээ. Газар доор уусган олборлох үйл ажиллагааны үед хяналтын цооногуудаас тогтмол сорьц авч, усны өөрчлөлтийг хянах шаардлагатай. Бидний материал бааз нь болно.  

Доктор Н.Тэгшбаяр: 
-Судалгаагаар зарим худгийн усанд ураны агууламж өндөр гарсан. Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Төв аймгийн Угтаалцайдам сум, Дорноговь аймгийн Хөвсгөл, Алтанширээ сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Баруун-Урт хотын орчмын зарим худгийн усанд анхаарал хандуулах шаардлагатай үзүүлэлт илэрсэн. Эдгээр үр дүнг давтан хэмжилтээр баталгаажуулж, шаардлагатай тохиолдолд тухайн худгийн ашиглалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашлаад ураны агууламж өндөр гарсан бусад олон худгийг үе шаттайгаар судлах шаардлагатай. Мөн цаашид худгийн усны шинжилгээнд эрдэс бодис, хатуулаг, нян судлалын үзүүлэлтээс гадна ураны агууламжийг тогтмол тодорхойлдог тогтолцоог бий болгох нь зүйтэй. Энэхүү судалгааны бас нэг ач холбогдол нь Монгол орны газрын хэвлийн талаарх шинэ мэдээлэл өгч буй явдал юм. Усанд агуулагдах ураны мэдээллийг геологи, хайгуулын ажилд ашиглах боломжтой бөгөөд өмнө нь бүртгэгдээгүй байж болзошгүй ураны илрэлийг таамаглах үндэслэл болно. Түүнчлэн Улаанбаатар хотын баруун хэсэгт радоны агууламж харьцангуй өндөр байгааг тогтоосон бөгөөд үүнийг газрын хагаралтай холбоотой байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Иймээс Эмээлт, Өлзийт, Шувуун фабрикийн орчмын газрын хагарлын бүсэд радоны судалгааг өргөжүүлэх шаардлагатай. Цаашид Монгол орны газрын доорх болон ундны усны физик, химийн иж бүрэн судалгааг үргэлжлүүлэх нь шинжлэх ухаан, практикийн өндөр ач холбогдолтой. Усны чанарын мэдээлэл нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй байгаль орчин, геологи, ашигт малтмалын судалгаанд чухал хэрэглэгдэхүүн болно.Эцэст нь орон нутгийн удирдлага хүн амыг ундны усны чанар, цацрагийн түвшний мэдээллээр тогтмол хангаж, эрсдэлтэй тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Ундны усны аюулгүй байдал бол хүний эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдлын чухал асуудал юм.

МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа:
-Усны судалгаа бол бидний багш нарын өвийг үргэлжлүүлсэн шинжлэх ухааны том замнал.  Би МУИС-д 1995 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд химийн салбар, тэр дундаа багажит анализын чиглэлээр судалгаа хийж ирлээ. Миний докторын судалгааны үндсэн чиглэл нь хүний биологийн объектууд болох үс, хумс зэрэгт анализ хийж, тэдгээрийг хүний биед хуримтлагдсан бодисын мэдээллийг илэрхийлэх био-индикатор болгон ашиглах боломжийг тогтоох ажил байсан. Энэ хүрээнд олон төрлийн багажит шинжилгээний арга аргачлалыг боловсруулж, тохируулга хийх, шинжилгээний алдааны эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр ажилласан. Химийн салбарын багажит анализын чиглэл нь физикийн шинжлэх ухаантай ойр байдаг учраас физикч эрдэмтэдтэй хамтран ажиллах, тэдэнтэй ойр байх нөхцөл бүрдсэн гэж боддог. Би Японд байх хугацаандаа ч Монголд хийгдэж буй судалгааны ажлуудтай холбоотой байж, багшийнхаа санал болгосон чиглэлүүдээр хамтарч ажиллаж байсан. Тухайн үед бид хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой судалгаанууд хийж байлаа. Тухайлбал, хувиараа алт олборлогчдын үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдол байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа, мал амьтан болон хүний биед ямар замаар дамжиж байгаа зэрэг асуудлыг судалж байсан. Монголд буцаж ирсний дараа би усны судалгааны чиглэлд илүү гүнзгий орсон. Үүнд миний багш, гавьяат багш А.Мөнгөнцэцэг багшийн нөлөө их байсан.  Багш маань Монгол орны усны судалгааны томоохон ажлуудыг хийж байсан хүн. 


Тухайлбал, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрөн болон баруун бүсийн гол мөрний гидрохимийн судалгаанд оролцож байсан. Тэр багш маань “Монголд ирээд усны судалгаагаа үргэлжлүүлж, энэ чиглэлийг МУИС-ийн Химийн тэнхимд хөгжүүлээрэй” гэж захиж байсан. Энэ нь миний усны судалгааны чиглэлийн нэг үндэс болсон. Үүний дараа Монгол орны ус, байгалийн нөөцтэй холбоотой олон судалгааг хийсэн. Тухайлбал, баруун бүсийн халуун рашааны судалгаагаар докторын ажил амжилттай хамгаалсан шавь төрсөн. Мөн баруун Монголын нуурын экосистемийн судалгааны хүрээнд Тайванийн эрдэмтэд болон Монголын залуу судлаачидтай хамтран ажиллаж, дэлхийд ховор тохиолддог холилддоггүй нуурыг эрж хайсан. Сансрын зураг, газарзүйн мэдээлэлд тулгуурлан Төв Азийн бүс нутагт ийм төрлийн нуур байх боломжтой гэж таамаглаж, олон жилийн турш хайсны эцэст 2015 онд Завхан аймгийн Ойгон нуурыг илрүүлсэн. Улмаар 2016 онд энэхүү судалгаагаа олон улсын шинжлэх ухааны хэвлэлд бүртгүүлсэн. 


Ойгон нуурын гол онцлог нь усны давхаргууд нь хоорондоо холилддоггүй тогтоцтойд оршино. Ийм төрлийн нуур нь усан доороо байгалийн архив хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл, нуурын ёроолын хурдас, тэнд орших бичил биетүүд нь хэдэн зуун, хэдэн мянган жилийн өмнөх цаг уурын нөхцөл, байгаль орчны өөрчлөлтийн талаарх мэдээллийг хадгалж байдаг. Энэ нь ирээдүйд Азийн өндөрлөг бүсийн цаг уурын өөрчлөлт, ган гачиг, түймэр зэрэг байгалийн үзэгдлийг судлах, урьдчилан таамаглахад чухал ач холбогдолтой. Бид Монгол орондоо усан доорх байгалийн архивтай болж байна гэж ойлгож болно. Археологичид газрын хөрснөөс түүхийн олдвор хайдаг бол бид усны ёроолоос байгалийн түүхийн мэдээллийг олж авч байна гэсэн үг. Энэ судалгааны бас нэг онцлог нь Ойгон нуурын усан дахь бичил биетүүдийн нэлээд хэсэг нь дэлхийд өмнө нь бүртгэгдээгүй шинэ төрөл зүйл байсан явдал юм. Мөн Монгол орны халуун рашааны судалгааг өргөжүүлж, ус болон чулуулгийн харилцан үйлчлэл, газрын гүний дулааны онцлогийг судалсан. Энэ нь Монголын баруун бүсийн халуун рашааныг жилийн дөрвөн улиралд ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл болсон. Миний хувьд судалгааны ажлуудаас практикт хэрэгжих боломжтой, цаашид олон салбарт ашиглагдахуйц бүтээлүүдийг онцолж ярьж байна. Учир нь шинжлэх ухааны судалгаа зөвхөн онолын түвшинд үлдэх бус, нийгэм, байгаль орчин, хүний амьдралд бодит үр өгөөж өгөх ёстой гэж үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 144 (7886)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

15 мин
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

35 мин
"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүүжүүлдэг төртэй болохыг мөрөөдөж байна"

"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүүжүүлдэг төртэй болохыг мөрөөдөж байна"

45 мин
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

17 цаг 34 мин
Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана

Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаяр БНХАУ-аас 1000 тонн барьцалдуулагчийг нууц гэрээгээр авчээ

“Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаяр БНХАУ-аас 1000 тонн барьцалдуулагчийг нууц гэрээгээр авчээ

Уржигдар 17 цаг 48 мин
“Нутаг заагдсан” С.Зориг

“Нутаг заагдсан” С.Зориг

Уржигдар 06 цаг 10 мин
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Уржигдар 06 цаг 00 мин
Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

2026-07-31