Т.САЙХАН
Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг. Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган орж, ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэх товтой байв. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ахмадууд маань Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан

- 2022 оноос хойш төсөв батлах бүрд, төсвийн тодотгол болгоноор ахмадуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Ахмадууд маань XX, XXI зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан. Төсвийн тодотголоор ахмадын тэтгэврийг нэмснээр хоёр сарын дараа инфляцын түвшин 0.1-0.2 хувиар өснө гэсэн тооцоо гарсан. Тиймээс ахмадын тэтгэврийг нэмснээр инфляц өснө гэх буруу ойлголтоо авч хаях хэрэгтэй. Тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нд нэмнэ гэж шийдвэр гаргасан. Гэтэл энэ хугацаанд Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй. Мөн төрийн мэдээллийн сэтгүүлд хэвлэх ёстой. Хугацаа алдах магадлал өндөр байна. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулиуд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авсан

-Өнгөрсөн долоо хоногт Боловсролын сайд сургуулиудын хувьсах зардлын талаар мэдээлэл хийсэн ч “байгаа оноогүй”. Харин манайхны судалснаар Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой ИЗИС, “Рояал” академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авсан байна. Ерөнхий сайд “Би төрөөс ганц ч төгрөг авч байгаагүй” гэх яриа нь худал болох нь харагдаж байна. АН-ын дарга О.Цогтгэрэлтэй холбоотой асуудал бол "ТЭСО групп" тус цэцэрлэгийг таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулж улсад ашиглуулж байна. Туршлагатай улс төрч байж Л.Энх-Амгалан сайд яагаад сөрөг хүчинд чиглэсэн худал мэдээлэл тарааж буйг гайхаж байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Намайг албан тушаалаас чөлөөлж болно, миний үзэл бодол, үнэт зүйлийг өөрчилж чадахгүй

-Энэ бол нэг сайдыг чөлөөлөх тухай асуудал биш. Би хууль бус үйлдэл, хулгай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэл хийсэн. Хууль бус үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө нэг бүү хэл хэчнээн удаа ч чөлөөлөгдсөн надад харамсах зүйл байхгүй. Хууль зүйн салбар улс орныхоо эрх ашгийг худалдсан, зарим “ялзарсан” цагдаа, шүүхийн байгууллагын удирдлагуудаар дамжуулаад төр нь барьцаанд орчихсон. Засгийн газар нь хүртэл өнөөдөр дуугарч чадахаа больтлоо барьцаалагдсан байна гэж төсөөлөөгүй. Өнөөдөр намайг албан тушаалаас чөлөөлж болно. Гэхдээ миний үзэл бодол, үнэт зүйлийг хэн ч хэзээ ч чөлөөлж чадахгүй. Цаашид үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлуудаар олон түвшинд мэдээлэл хийх, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга жилд 20 орчим их наяд төгрөг төсвөөс гадуур зарцуулж байна

- Төрийн өмчит компаниудын худалдан авалт, үйл ажиллагаанд сүүлийн 10 жилээр буюу 2016-2026 оны хооронд УИХ-ын Хянан шалгах үр хороо байгуулах санаачилга гаргаж, бүлгийн гишүүддээ танилцууллаа. Бүлгийн гишүүд дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд удахгүй өргөн барих тов авах хүсэлтээ өгнө. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэг жил 20 орчим их наяд төгрөг төсвөөс гадуур зарцуулж байна гэж мэдээлсэн. 2016-2026 оны хооронд төрийн нээлттэй мэдээллийн санд байгаа бүх мэдээллийг татаж аваад үзэхэд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 127194 тендер зарлагдсан байна. Нийт 133,1 их наяд төгрөгийн тендер зарлагдсан. Ардын намынхан 10 хувийн авлигаа авсан бол 13.1 их наяд төгрөг авлигад явсан. Үйл ажиллагааны зардал нь худалдан авалтаасаа 2.5 дахин өндөр буюу 250 орчим их наяд төгрөгийн зардал гарсан байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Улсын аварга малчин тэмдгийг жилд нэг хүртэл иргэнд олгоно

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Төрийн шагналын тухай” хуулийн төсөл боловсруулж, “Улсын аварга малчин” тэмдгийг жилд "нэг хүртэл иргэнд" олгохоор тусгажээ. Төслийн тайлбар хэсэгт төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тогтоож, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилготой гэж тусгасан байна. Мөн “Улсын аварга малчин”-д нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанар, ашиг шимийг сайжруулсан, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан зэрэг шаардлагыг хангасан байхаар заажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn