“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

1 цаг 17 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.Гарьд

Төв шуудангийн урдах талбайд өнөөдрийг хүртэл 27 жил байрласан С.Зориг агсны хөшөөг шөнө дөлөөр нүүлгэсэн. Гэвч олон нийт маргааш нь мэдчихсэн. Ихэд дургүйцсэн. Түүний дараа Хотын даргын шийдвэр, цагдаагийн хяналт дор буцааж байрлуулсан. Ийм явдал өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд өрнөв. Хөшөөг нууцаар нүүлгэн шилжүүлсэн хэргийн эзнээр МАН, АН бие бие буруутгаж, эцэстээ АН-ын фракц хоорондын асуудал болоод зогсож байх шиг байна. Яг үнэндээ, хөшөө байрлаж байсан болон нүүлгэж аваачсан газрууд АН-тай холбоотой байсан нь үнэн юм. Гэхдээ, С.Зориг агсны хөшөөг нууцаар нүүлгэж, илээр буцааж байрлуулсан нь улстөрчдийн ярьж бичицгээгээд байгаа шиг улс төрийн асуудал огт биш юм. Харин тус газрыг өөрийн болгосон “Бодь”-ийн Д.Баясгалан гэдэг хүн тэр газар дээрээ тауэр босгох гэсэн оролдлоготой л холбоотой юм. 


Ер нь бол, сүүлийн 10 гаруй жилд Монгол Улс даварсан хэдэн бизнесмэнтэй болсон. Орохгүй салбар, авахгүй баялаг гэж үгүй. Нэгэнт эрх мэдлийг дамжуулан атгаж, бүтэхгүй ажилгүй болсноор Улаанбаатар хотын төвийн хамаг л өнгөтэй өөдтэй газрыг хаман авч, сүүл рүүгээ тауэр барьж өрсөлддөг болсон. Эцэстээ С.Зоригийн хөшөөг ачиж ийш тйиш зөөж яваа нь тэдэнд “Болохгүй”  гэж болгоомжлох ганц ч зүйл үлдээгүйг нотолж буй хэрэг юм.

Гэтэл Ардчиллын анхдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэсэн хөшөө Төв шуудангийн урдах талбайд байрлаад 27 жилийг үдсэн байдаг. С.Зоригийн дурсгалд зориулсан хөшөөг босгох санаачилга 1998 оны аравдугаар сарын 3-нд олон нийт, журмын нөхдөөс нь гарч гарч, Худалдаа хөгжлийн банканд түүний нэр дээр данс нээж орон даяар хандив цуглуулж эхэлсэн байна. Аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар зөвхөн хотын иргэдээс 1.2 сая гаруй төгрөгийн хандив цуглаж байжээ. Ийнхүү боссон зардлаар уран барималч Б.Дэнзэнгийн бүтээсэн загвар бүхий тус хөшөөний нүүр, гар зэрэг хэсгийг Унгарт, их биеийг нь Хятадад цутгуулж, угсруулаад 1999 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголд авчирсан. Ингээд С.Зоригийн 37 насны төрсөн өдрөөр буюу 1999 оны дөрөвдүгээр сарын 20-нд хөшөөг нь Төв шуудангийн урд талбайд албан ёсоор нээж байжээ. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны хөшөөг иргэд, олон нийтийн санаачилга, хандиваар босгосон учраас төр, эсвэл аль нэг улс төрийн нам, хүчин өмчлөх эрхгүй юм.
Нөгөө талаас, ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүдэд 1990 онд тухайн үеийн төр, засгаас нэр бүхий гурван байрлалд байр олгосон байдаг. С.Зориг агсны хөшөө байрлаж буй газрын дэргэдэх байрыг 1996 оны наймдугаар сарын 16-нд Улаанбаатар хотын АДХГЗ-ны 191 дүгээр тогтоолоор МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголий” сонины барилгыг Шинэ дэвшилт холбоо, МҮДН-д балансаас балансад шилжүүлсэн байна. Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны наймдугаар сарын 3-ны 399 дүгээр тогтоолоор Соёлын яамны Үндэсний хөгжим, хувцас, хэрэгслийн үйлдвэр байрлаж байсан байрыг МоАХ, МоАН-д балансаас балансад шилжүүлжээ. Энэ хоёроос гадна Соёлын төв өргөөний “хүзүүвч” хэсгийн барилгыг Ардчилсан социалист хөдөлгөөн, МСДН-ынханд өгчээ.

Уг нь1990 оны тавдугаар сард батлагдсан Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу Сайд нарын зөвлөлөөс “Шинээр байгуулагдсан ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүд, намуудад ажлын байр олгох үндсэн зорилго нь Монгол Улсад олон намын тогтолцоог бодитоор бүрдүүлэх, намуудыг тэгш эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулах ажлын байр, байршлаар хангах замаар улс төрийн ардчилсан шинэчлэлийг баталгаажуулах явдал” гэж байгаад дээрх шийдвэрүүдийг гаргаж байжээ. Гэвч ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүд маань тэдгээр байрандаа улс төрийн үйл ажиллагаа явуулалгүй, бүгдийг нь зарж үрээд дуусгажээ. Тухайлбал, Шинэ дэвшилт холбоо, МҮДН-ын байр нь газрын хамт “Бодь”-ийн Д.Баясгаланд, МоАХ, МоАН-д өгсөн байр нь газрын хамт “Женко” Х.Баттулгад очсон байна. 
Ер нь бол, С.Зориг агсны хөшөө нь Монголын ард түмний хандиваар боссон. Мөн “Бодь”-ийн Д.Баясгалангийн эзэмшилд очсон газар нь Монголын төрөөс Шинэ дэвшилт холбоо, МҮДН-д “Улс төрийн үйл ажиллагаа явуулаарай” гэж олгосон. Тиймээс уг газрыг нийтийн эзэмшилд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зөвд нийцнэ. Улмаар талбайг нь “Зоригийн талбай” гэж нэрлэх санаачилгыг АН-ынхан ч юм уу гаргавал бүр болоод явчихна. Тэгээд 1921 оны Ардын хувьсгалын баатар Д.Сүхбаатарын талбайг хэмжээгээрээ гүйцэхгүй ч 1990 оны Ардчиллын баатар С.Зоригийн талбайтай больё л доо, хэдүүлээ. Энэ шийдвэрийг Хотын дарга Б.Пүрэвдагва гаргах боломжтой.

Түүний уржигдар, өчигдрийн байр сууриуд ийм шийдвэр гаргахад бэлэн байгааг харуулж байна. Тэрээр хөшөөг буцааж байрлуулахдаа “Намайг хотын дарга байгаа цагт С.Зоригийн хөшөөний талбай дээр барилга байгууламж баригдахгүй. Хулгайн сэдэлтэйгээр нүүлгэсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцааж тавих үүргийг ЦЕГ-т үүрэг болгож байна. Монголын ардчиллыг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчилал С.Зоригтойгоо хамт байх ёстой” гэсэн. Өчигдөр Сүхбаатарын талбайд хотын удирдлагуудын шуурхай хурлыг хийх үеэрээ “Ямар бөх зүрхтэй юм бэ, төр, нийгмийн зүтгэлтний хөшөөг дур мэдэн зөөж байдаг” гээд С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгож, нийслэлийн өмчийг хамгаалах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл ногдуулсан. Хэрэв Б.Пүрэвдагва ингэж чадвал Хотын даргаар ажилласных нь томоохон өв болж үлдэнэ. Түүний өмнөх Хотын дарга нар энэ мэт газрыг чөлөөлж, оронд нь өөр газар нөхөж олгоод, оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан олон жишээ бий. Тухайлбал, Су.Батболд хотын дарга байхдаа үүх соёлын өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд хууль бусаар эзэмшиж байгаа 3600 метр квадрат газрыг чөлөөлж, 270 метр квадрат талбай бүхийн хоёр давхар барилгыг албада нураах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн. Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Туушин зочид буудал нийтийн эзэмшил рүү түрж гарц орцоо барьсныг чөлөөлж явган хүний зорчих замыг нээсэн. Хотын дарга С.Амарсайхан хууль бусаар болон зориулалтын бусаар ашиглагдаж байсан нийт 158 газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэн бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, спорт талбай байгуулах ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн.

Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх газарт усан оргилуур барьж, мөн түүний замын урдах газарт өдгөө Ухамсрын хөшөө бүхий талбайг нийтийн эзэмшлийнх болгож тохижуулсан. Хотын дарга Д.Сумьяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг өргөжүүлсэн. Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүсийг иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгож тохижуулсан. Хотын дарга Х.Нямбаатар Урт цагаан, Гандан орчмын 55 га газрыг үе шаттайгаар бүхэлд нь чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн нь өдгөө ажил хэрэг болоод явж байна. Магадгүй, ийм шийдвэр гаргахад Б.Пүрэвдагва хөшигний ард нэлээдгүй саад, хүндрэлтэй тулж мэднэ. Гэхдээ өмнөх дарга нар нь тэр бүгдийг даваад л гарч шийдсэн байдаг. Ямар сайндаа С.Амарсайхан сүүлд “Намайг усан оргилуураар шүүмжилдэг. Хэн намайг яагаад харлуулаад байгааг би мэднэ. Харин тэр байгууламжийг тухайн газарт яаран барьж, юунаас хамгаалсныг хүмүүс мэдэхгүй” гэсэн бүгт тайлбар хэлж байв. Гэхдээ л цаг хугацаа өнгөрөх тусам нийтийн эрх ашгийн төлөө гаргасан энэ мэтийн түүх тухайн Хотын даргын өв болж үлддэг. Тиймээс, Б.Пүрэвдагва зориг гаргаж С.Зоригийн хөшөөг тойрсон газрыг нийтийн эзэмшилд аваад, дээр нь цэцэрлэгт хүрээлэн юм уу, дурсгалын талбай байгуулчих хэрэгтэй. “Ингэвэл яах вэ” гээд хотын иргэдээсээ асуугаад үз, лавтай дэмжинэ. Хэвлэлүүд ч асууя. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 143 (7885)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана

Н.Алтаншагай: 30 жилийн түүхт “Бөх билэгт” дэвжээ уламжлалаа амжилтаар түүчээлэхийн төлөө ажиллана

1 цаг 7 мин
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

1 цаг 17 мин
“Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаяр БНХАУ-аас 1000 тонн барьцалдуулагчийг нууц гэрээгээр авчээ

“Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаяр БНХАУ-аас 1000 тонн барьцалдуулагчийг нууц гэрээгээр авчээ

13 цаг 28 мин
“Нутаг заагдсан” С.Зориг

“Нутаг заагдсан” С.Зориг

Өчигдөр 06 цаг 10 мин
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Өчигдөр 06 цаг 00 мин
Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

2026-07-31
Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

2026-07-31
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

2026-07-31
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

2026-07-31
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

2026-07-30