Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
Анадолу агентлагийн фактбокс тойм
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр хэлэлцээрийн төсөлд Ормузын хоолойг нээнэ гэж тусгасан бол Ираны талын мэдээллээр дамжин өнгөрүүлэхээр зөвшөөрөгдсөн хөлөг онгоцны тоог 30 хоногийн дотор дайны өмнөх хэмжээнд сэргээнэ гэж заажээ. Axios агентлаг хэлэлцээрийн төсөлд цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүй байх Ираны амлалтыг тусгасан гэж мэдээлсэн бол Ираны хэвлэлээр Техеран цөмийн хөтөлбөрийн талаар ямар ч үүрэг хүлээж аваагүй тухай мэдээлэв. АНУ болон Исламын Бүгд Найрамдах Иран улсын аль аль нь дайныг зогсоох хэлэлцээрт хүрэх яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсан гэж мэдэгдсэн ч талууд хэлэлцээрийн төсөлд оруулсан нөхцлүүдийн талаарх байр суурь, томьёоллоо өөр өөрөөр ярьж, бичиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Ирантай хийж буй дайныг зогсоох хэлэлцээрийн нөхцлүүдийг “нэлээн сайн хэлэлцсэн", эцэслэхийг хүлээж байна гэж мэдэгдсэн юм. Ням гарагийн өглөө Ираны Тасним мэдээллийн агентлаг мөн хэлэлцээрийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлжээ. Гэвч талуудын тохиролцсон нөхцлүүдийн зарим хэсэг нь зөрөөтэй байх шиг ажиглагдаж байна. АНУ болон Ираны хэлэлцээрийн нөхцлүүдийг гол асуудлуудаар нь дараах байдлаар харьцуулж үзүүлэв.
Ормузын хоолой
Вашингтон, Техран хоёрын гарын үсэг зурахад ойрхон байгаа хэлэлцээрт гал зогсоох тохиролцоог 60 хоногоор сунгах, энэ хугацаанд Ормузын хоолойг нээхээр тусгасан тухай АНУ-ын албаны эх сурвалжийг иш татан Axios агентлаг мэдээлэв. 60 хоногийн хугацаанд Ормузын хоолойг ямар ч төлбөр хураамжгүйгээр нээж, Иран далайн усан замаар хязгаарлалтгүй нэвтрүүлэхийн тулд тус бүсийн далайн усанд хаясан минаг устгах үүрэг хүлээх юм. Үүний хариуд Вашингтон Ираны боомтуудад тогтоосон хоригоо цуцална гэж тус мэдээлэлд дурджээ. Нью Йорк Таймс сонин мөн Техеран дайн зогсоож, Ормузын хоолойг нээх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслөөр тохиролцоонд хүрсэн гэж Ираны өндөр албан тушаалтай гурван эх сурвалжийг иш татан мэдээлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээ амжилттай болвол Ормузын хоолойг "бүрэн нээлттэй" болгож, дамжин өнгөрөх тээвэрт ямар ч төлбөр хураамж тогтоохгүй, хязгаарлалтгүйгээр нэвтрэх боломжтой болно гэж ням гарагт мэдэгдэв. Түүний хэлсэн санаа нь Ормузын хоолойг Иран улс бүрэн эзэмшдэггүй. Тус хоолой нь олон улсын усан зам гэж АНУ үзэж байгааг илэрхийлсэн алхам байв. Харин Ираны Тасним мэдээллийн агентлаг хэрэв талууд тохиролцоонд хүрвэл Ормузын хоолой дайны өмнөх байдалд бүрэн эргэн орохгүй гэж мэдээлжээ. Тодруулбал, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх зөвшөөрөлтэй хөлөг онгоцны тоог 30 хоногийн дотор дайны өмнөх түвшинд хүргэх үүргийг Иран өөртөө авч байгаа бололтой байна. Техеран далайн боомтуудад нь тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг АНУ-аас шаардаж, хэрэв хориг хэвээр байвал Ормузын хоолойд ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн байр суурьтай байна. Харин АНУ-ын зүгээс Иран Ормузын хоолойн усан замд тавьсан минээ хурдан цэвэрлэж, далайн тээвэрлэлтийг аль болох яаравчлан сэргээх нь хориг арга хэмжээг эрт цуцлах нөхцөл болно гэж асуудлыг сөргүүлэн тавьж байна.
Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, хориг арга хэмжээг цуцлах нь
Иран улс гадаад дахь хөрөнгөө нэн даруй чөлөөлүүлэх, хориг арга хэмжээг бүрмөсөн цуцлуулахыг эрмэлзэж байгаа боловч АНУ Иран тодорхой асуудлууд дээр буулт хийсэн нөхцөлд царцаагдсан хөрөнгийг чөлөөлж, хоригийг цуцлана гэсэн байр суурьтай байгааг Axios-ийн мэдээнд дурджээ. Санал болгож буй 60 хоногийн хэлэлцээрийн төсөлд АНУ Иранд газрын тосоо чөлөөтэй борлуулах боломжийг олгох үүднээс хориг арга хэмжээнээс түр хугацаанд чөлөөлөх санал тавьж байна. Хориг арга хэмжээнээс түр чөлөөлөх асуудлыг Иран Ормузын хоолойг нээх, далайн усан дахь минаг цэвэрлэх, далайн тээвэрт тавьсан хязгаарлалтаа цуцлах эсэхтэй шууд уяж байна гэсэн үг. Техераны талаас эдгээр арга хэмжээг авмагц Вашингтон Ираны далайн боомтуудад тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах нөхцөл тавьж байна. Гэвч Техеран Ираны царцаагдсан хөрөнгийн ядаж нэг хэсгийг нэн даруй чөлөөлөхгүй бол тохиролцоонд хүрэхгүй гэж мэдэгджээ. Газрын тосыг хориг арга хэмжээнээс түр чөлөөлөх тухай АНУ-ын хамгийн сүүлд тавьсан саналыг хэлэлцсэн ч Ираны тал хориг арга хэмжээнээс бүрэн чөлөөлөхийг шаардсан болохыг Ираны хэвлэлүүд баталсан байна.
Цөмийн зэвсгийн асуудлаарх нөхцөл
Хэлэлцээрийн төсөлд Иран цөмийн зэвсэгтэй болохгүй гэсэн амлалт, уран баяжуулалтаа зогсоох, өндөр баяжуулсан ураны нөөцөө устгах талаар яриа хэлэлцээ хийх заалтууд багтсан гэж Axios мэдээлжээ. Гэвч Ираны хэвлэлд Техеран цөмийн хөтөлбөрийнхөө талаар ямар нэгэн үүрэг, нөхцөл хүлээн аваагүй болохыг мэдээлсэн байна. Таснимын мэдээлснээр, хэлэлцээрийн төсөлд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар 60 хоногийн хугацаанд яриа хэлэлцээ хийх тухай л тусгаж байгаа юм байна.
Гал зогсоох хугацааг сунгах
АНУ болон Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр дайныг зогсоосноор Ливан зэрэг бүх фронтод дайсагнасан ажиллагаа зогсох юм байна. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Бакай бямба гарагт мэдэгдэхдээ Техеран Ливан зэрэг бүх фронтод дайсагнасан ажиллагааг зогсоохыг нэн чухалчилж авч үзэж байгааг онцолжээ.
Одоогийн нөхцөл байдал
АНУ болон Израил өнгөрсөн хоёрдугаар сард Ираны эсрэг агаарын цохилт өгснөөс хойш бүс нутгийн хурцадмал байдал улам даамжирсан. Техеран Израил болон Арабын булангийн АНУ-ын холбоотон улсуудад агаарын цохилт өгөх замаар хариу арга хэмжээ авч, Ормузын хоолойг хаасан юм. Пакистаны зуучлалаар дөрөвдүгээр сарын 8-нд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн, саяхан Трамп гал зогсоох хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар сунгасан юм. Вашингтон, Техераны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 11-12-нд Пакистаны нийслэл Исламабад хотод нүүр тулсан хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй өндөрлөсөн. Пакистаны армийн командлагч Асим Мунир Техеранд айлчилсны дараа Трампын бямба гарагийн мэдэгдэл гарсан юм. Мунир Исламабадын зуучлах дипломат ажиллагаанд шууд оролцож байгаагын хувиар сүүлийн хэдэн долоо хоногт Иранд хоёрдахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: https://www.aa.com.tr/en/middle-east/factbox-iranian-us-versions-of-potential-agreement-proposals/3947540
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn