Б.Зоригтбаяр: Эрдэнэт хотод шинэчлэл бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

40 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаярыг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж ярилцав. 

 

- Орхон аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд аймгийнхаа хөгжлийг хэрхэн харж ямар чиглэлд илүү төвлөрч ажиллаж байна вэ?

- Би 2024 оны арван нэгдүгээр  сарын 4-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа таван гол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд, нэн түрүүнд  чанартай авто замтай хот болохыг зорьсон. Авто замаа өргөтгөх, сайжруулах ажлыг өнгөрсөн онд ч хийсэн, энэ онд ч мөн үргэлжлүүлж байна. Хоёрдугаарт, “Цэвэр агаартай хот” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын асуудал хүчтэй яригдаж байна. Энэ хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашигласан  халаалт дулаалгын системүүдийг нэвтрүүлж эхэллээ. Манайд  аймагтайгаа чацуу 50 жилийн настай ашиглалтын хугацаа дууссан  барилга байшин олон. Тиймээс шинээр баригдаж буй орон сууц, барилгыг дулааны алдагдалгүй барих бодлогыг барьж, энэхүү төслөө хэрэгжүүлж байна. Нийт хүн амын 96 хувь нь хотын төвдөө төвлөрсөн байдаг. Ундны усаа аймгийн төвөөс 70 км-ийн зайнаас татдаг. Тиймээс бид  илүү ухаалаг,  төлөвлөлттэй амьдрах  шаардлага бий болж байна. Тэгэхээр усаа дахин ашигладаг дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн сүүлийн үеийн инновац шингэсэн “Смарт сити” хот  болох зорилготой. Хиймэл оюуныг ашигласан төлөвлөлт хийхийг зорьж,   энэ жилийн тухайд “Смарт сити”-гийн анхны дата “даш борд”-уудыг  хийлгэхийн тулд орон нутгийн төсөвт  зургаан тэрбум төгрөг төсөвлөж тендерийн ажиллагааг эхлүүлсэн.

Төлөвлөлт сайтай ухаалаг хот болохын тулд аймгийнхаа ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна. Мөн “Ногоон хот” болох зорилт дэвшүүлж, айл  өрх бүрийг хашаандаа 3-5ш  мод тарьж, ургуулах  хөдөлгөөнд уриалж байна. Гэр хорооллын айл өрхүүдэд өнгөрсөн намраас эхлэн 50 мянган модны суулгацыг тараах ажлыг эхлүүлсэн. 50 жилээ угтсан нэг ажил маань энэ юм. Энэ жил үлдэгдэл 25 мянган ширхэг тарьц суулгац тараах ажлыг зохион байгууллаа. “Ногоон хот”  болох зорилт 5- 8 жилийн хугацаанд  хэрэгжиж, 2028 он гэхэд  150 мянган модыг  айл өрхүүд хашаандаа тарьж ургуулсан байх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд Орхон аймгийн ойр орчимд 20 сая мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар таван сая мод тариад байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн  хөгжлийн үзэл баримтлалын  хүрээнд Хойд бүсийн тээвэр логистикийн зангилаа төв нь Орхон аймаг. Өөрөөр хэлбэл, төмөр замын баруун хязгаар нь манай аймагт байдаг. Тиймээс хойд бүс болон баруун аймгуудыг импортын бараа бүтээгдэхүүнээр  хангах зорилготой.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын нягтрал ихтэй, байгаль орчинд ээлтэй үйлдвэр үйлчилгээний зохистой бүтцийг бий болох чиглэл өгсний дагуу манай аймагт “ Үйлдвэр технологийн парк” /ҮТП/  барих бүтээн байгуулалтыг “Эрдэнэт” ТӨҮГ үйлдвэр гүйцэтгэж байна. Одоогоор тус паркийн дэд бүтцийн жил 80 гаруй хувьтай байна. Засгийн газар дээр Зэс хайлуулах үйлдвэрийн тендер шалгаруулалт сүүлийн шатандаа явж байна. Хоёр  компани шалгарч үлдсэн байна. Зэс хайлуулах үйлдвэртэй болсноор  Орхон аймаг зэсийн баяжмалыг эцсийн бүтээгдэхүүн болгох улмаар үйлдвэрлэлийг дагалдаад зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг байгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” болон  Засгийн газар уулзалт хийгдэж байгаа.

-Тэгэхээр сүүлийн хоёр жилийн хөрөнгө оруулалт дэд бүтэц, шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бүтээн байгуулалт руу чиглэсэн гэсэн үг үү?

- Орхон аймаг бүсийн болон бусад аймгуудаасаа ДНБ-ий өсөлтөөрөө тэргүүлдэг. Энэ хэрээр хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлт сайтай аймгуудын нэг. 2025 оны байдлаар ДНБ 4.1 их наяд төгрөгт хүрсэн. Сүүлийн 10 жилийн дунджаар  11.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Монгол Улсын ДНБ-ий 4.6 хувийг, хойд бүсийн ДНБ-ий 66.4 хувийг бүрдүүлдэг.

-Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн талаар тодруулж ярина уу?

Хотын суурь болсон инженерийн шугам сүлжээг газар доорх хот гэж ярьдаг. Манай газар доорх инженерийн шугам сүлжээний нийт урт  383120 гаруй километр.

Насжилт, ашиглалтын хугацаа дууссан инженерийн шугам сүлжээгээ  өргөтгөж, шинэчлэхэд анхаарч байна. Өнгөрсөн жил насжилт нь дууссан  нийт шугам сүлжээнийхээ 14.2 хувийн сольсон.  Энэ жил 11.1 хувийг нь шинэчилж, солино. Аймгийн хэмжээнд нийт дулааны 114 км, бохирын 90 км, цэвэр усны 120 км шугам бий.  Эдгээр шугамын  ашиглалтын хугацаа дууссан. Орон нутгийн төсвийн 28 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар 32  байршилд  12.7 км шугам шинэчилсэн.

Хотын суурь болсон инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний асуудал иргэдийн амьдралын чанарт хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс. Хот өргөжин  тэлэхэд  инженерийн шугам сүлжээний найдвартай байдал хамгийн  чухал.  Нүдэнд ил харагдахгүй газар доор байдаг гээд нүдээ аниад, чихээ дараад яваад байж болохгүй. Өнгөрсөн оны инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн үр дүнд  орон сууцны 5824 өрхийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирсан.

 - Танай аймгийн цахилгаан эх үүсвэрийн хүрэлцээ, хангамж, шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд ямар шатандаа байна вэ?

-Эрдэнэт хотын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ жилд өсөн нэмэгдэж байна. Нөгөөтээгүүр, 40 гаруй жилийн насжилттай цахилгаан түгээх шугам сүлжээ, дэд станцуудын тоног төхөөрөмж хуучирсан. Жилээс жилд засвар шинэчлэл шаардах болсон. Мөн гэр хороололд хүчдэлийн уналт байсаар байна. 2025 онд эрчим хүчний хангамжийг сайжруулахаар 78 нэр төрлийн ажлыг орон нутгийн төсвийн 40 гаруй тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн. Үр дүнд гэр хорооллын айл өрхийн  80 орчим хувь нь хүчдэлийн уналтаас ангижирсан.  Орон нутаг бие даан 35/10 кВ-ын Даваат дэд станц, 18.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж ашиглалтад оруулсан нь түүхэн бүтээн байгуулалт болсон.  Дэд станц ашиглалтад орсноор гэр хорооллын 70 орчим хувийг хангадаг байсан Хороолол  дэд станцын хэт ачааллыг бууруулж, цахилгаан тасалдах эрсдэлгүй болсон. Энэ жил  Булагт дэд станцаас Оюут дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, 35/10 кВ -ын тойрог схем үүсгэснээр  хотын цахилгаан хангамж сайжирна.

Дэд бүтэц,  хүний хөгжил зэрэгцэн урагшлах ёстой. Иймд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт өмнөх жилүүдээс түлхүү хөрөнгө оруулалт хийж байна.  Орон нутгийн төсөв, болзошгүй аваарын зардлаас нийт 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байр, сантехник, дээвэр, шал, дулаалга, хана, цонх зэрэг шаардлагатай засваруудыг гүйцэтгэлээ.

Өнгөрсөн хугацаанд төсөв нь царцсанаас барилгын ажил нь зогссон барилга байгууламж манай аймагт бий.  Үүний гурав нь боловсролын салбарынх. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгосон. Энэ  оны улсын төсөвт хоёр багийн сургууль, 16-р сургуулийн спорт заал, 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 7А хорооллын 960 хүүхдийн сургууль, “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүс “Уурхайчин” хороололд 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг барина.  Иймд өрхийг халаах байгальд ээлтэй шийдэл бүхий Их залуу дэд төв, 12.5мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулах болсон. Энэ нь аймгийн сэргээгдэх эрчим хүчний анхны эх үүсвэр болно. 

Эрдэнэт үйлдвэрийн  хамтын ажиллагааны хүрээнд  нийт 78.4 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Бид эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Өнгөрсөн жил 3.2 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ жил 7.2 тэрбум төгрөгийг энэ салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил Засгийн газраас шийдвэр гаргаж  Хойд бүсийн хавдрын оношилгооны дэд төвийг нээсэн. Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд гурван ажлыг төлөвлөсөн.

-Танай аймаг дөрвөл улирлын усан парк байгуулахаар болсон гэсэн. Энэ тухайгаа тодруулж ярина уу?

-Манай аймаг хойд бүсийн аялал жуулчлалын дамжин өнгөрөх төв. Аялагч, жуулчдыг татах үүднээс Монгол Улсад анх удаа дөрвөн улирлын усан паркийн ажлыг эхлүүлж байна. Ингэснээр аялал жуулчлалын гадагш урсах валютын урсгалыг аймагтаа төдийгүй Монголдоо татах зорилгоор энэ төслийг эхлүүлж байна. Түүнчлэн Зүүн Азийн улсууд буюу Солонгос халуун орнуудын спортын зуны бэлтгэлийг аймагтаа авахаар төлөвлөж  хамтран ажилладаг хотуудтайгаа санамж бичиг байгуулаад явж байгаа. Ингэснээр спортын аялал жуулчлал болон эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжиж байгаа юм.

- Танай аймаг Хойд бүсийн дамжин өнгөрөх аймаг гэдгээр авто замаа өргөтгөх, шинэчлэх ажлыг эхлүүлсэн гэж байсан. Энэ ажил хэр явцтай байна вэ ?

-Манай аймгийн өмнөх удирдлагууд  шат дараатайгаар шийдвэр гаргаж А 1001-замыг өргөтгөчихсөн байгаа. Дарханаас Эрдэнэт хүртэлх зам нэлээд  муудсан. А1002 өмнө нь өргөтгөсөн болохоор харьцангуй гайгүй байна. Хоёр жилийн өмнө эхэлсэн энэ замын  өргөтгөлийн засварын ажлыг ирэх сарын 20-ноос өмнө дуусгахаар төлөвлөж байгаа. Аймгийн хэмжээнд 14 байршилд  авто замын шинэчлэл, шинээр байгуулах хучих ажлыг  зохион байгуулж байна. Гурван байршилд  шинээр авто зам одоо барина . Бусад хуучин зам дээр нь нэмэлт хучилт хийнэ.

 -Энэ онд танай аймаг байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа. Ойг тэмдэглэхтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх шиг байна. Ой тэмдэглэх төсвөө хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Бид 50 жилийн ойн хүрээнд 50 ажил төлөвлөсөн. Нийт 68.8 тэрбум төгрөгөөр ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Эрдэнэт үйлдвэрээс 12 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөг, хандиваар нэг тэрбум төгрөг цуглана. Одоогоор 600 орчим сая төгрөг цугласан байна. Ер нь төсвөөс тэрбум төгрөгийн ажлыг төлөвлөсөн байгаа.

-Танай төсвийн орлого бүрдүүлэлт хэр байна. Өөр эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх боломжтой юу. Та эдийн засагч хүний хувьд үүнд санаачилагатай ажиллаж байгаа байх?

- Ер нь манай нийт төсвийн  70 орчим хувь нь Эрдэнэт үйлдвэрээс хамааралтай  30 орчим хувь нь дотоодын үйлдвэрлэгч нар байгаа. Манай аймаг эдийн засгаараа  бусад 21 аймгаа тэргүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ маань 41 сая төгрөг, улсын дунджаас 23.8 дахин илүү. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнээс шалтгаалж байна. Уул уурхайгаасаа ангид тооцохоор 21 аймгаас 19 дүгээрт ордог. ХАА-н эдэлбэр газар багатай учраас ЖДҮ -ийг дэмжсэн, уул уурхайн үйлдвэрээс хараат бус ажлын байр нэмэгдүүлэхээр зорьж байна.   Энэ хүрээнд ЖДҮ-ийн зээлийн  сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарсан. Үүнд ХААХҮЯ  дэмжлэг үзүүлж энэ жилийн тухайд анх удаагаа 3.5 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүү багатай, хугацаа урттай зээл олгоод явж байна. Энэ онд Орхон аймгийн хөрөнгө оруулалт 2025 оноос 2.4 дахин өссөн. Энэ нь аймгийн 50 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, авто замын засвар, орчны тохижилт зэрэг 176 ажлыг хийнэ. Энэ онд 388 тэрбум төгрөг буюу хамгийн их хөрөнгө оруулалтыг хийнэ. Хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга байгууламж гэж үзэхгүй байна. Эдийн засгийн урт хугацааны өгөөж бий болгох дэд бүтцийн капитал гэж үзэх нь зүйтэй. Иймд  сүүлийн жилүүдэд хотын хамгийн том суурь хөгжил болсон дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүч, авто замаа сайжруулахад төсвөө санхүүжилтийг чиглүүлсэн. Манай аймаг, Эрдэнэт үйлдвэр 70 км цаанаас Сэлэнгэ Мөрөнөөс татдаг учраас усны шугамын алдагдал өндөр. Одоогийн байдлаар  15 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс Засгийн газар болон салбар яаманд Усны удирдах төвийг байгуулж алдагдлыг мэргэжлийн байгууллагаар  багасах хүсэлтийг тавьсан.  Хот өөрөө усан хангамжийнхаа асуудлыг шийдвэрлэхээр судалж эхэлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 96 (7838)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр 15.00 цагт эхэлж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг х

40 мин
Б.Зоригтбаяр: Эрдэнэт хотод шинэчлэл бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаярыг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж ярилцав. 

40 мин
Сэрэмжлүүлэг

Цахим орчинд сүүлийн үед “судалгаа бөглөөд урамшуулал аваарай, сугалаа

9 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал: Ард түмэндээ сайн мэдээ дуулгая

Ерөнхий сайд Н.Учрал: Ард түмэндээ сайн мэдээ дуулгая

15 цаг 16 мин
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банк өөрийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ тэр дундаа картын үйлчилгээ, бо

16 цаг 51 мин
Хүүхдийн баярт зориулсан Хөөрхөн бэлгийн багцууд худалдаанд гарлаа

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйтай холбогдуулан гар хийцийн бүтээгдэхүүн

16 цаг 55 мин
LOVOL дугуйт экскаваторыг сарын 0.5 хувийн хүүтэй зээлээр авах боломжтой

Барилга, уул уурхай, зам, дэд бүтцийн салбарт ашиглагддаг LOVOL брэндийн дугуйт экскаваторууды

17 цаг 16 мин
Хүүхдийн баяраар дурсамж үлдээдэг бэлэг сонгоорой

Хүүхдийн баяр бол зөвхөн бэлэг өгөх өдөр биш. Харин хүүхэд бүрийн инээмсэглэл, хөгжил, д

17 цаг 22 мин
Ерөнхийлөгч Трампын “Squid Game”: Солонгосын цөмийн мэтгэлцээнийг дахин сөхөхүй

Софийн их сургуулийн дэд профессор Iskren Ivanov-ын “dailyparliamenttimes.com” сайтад нийтлэгдсэн судалгааны нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Махны үнийн өсөлтөд зориуд санаатайгаар нөлөөлсөн байж болзошгүй байна”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой Засгийн газрын тогтоол баталжээ.

Өчигдөр 06 цаг 00 мин