“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

1 цаг 35 мин
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч, бас олон шавь төрүүлсэн багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн /1946-2010/-г онцолж байна.  Тэрээр 1946 оны дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ.  Өнөөдөр Монголын театрын музейд үр хүүхдүүд, шавь нар, хамтран зүтгэгчид нь үзэсгэлэн-өдөрлөг зохион байгуулж байна. Энэ эрхэмийн тухай сэтгүүлч Д.Отгонбаярын 2016 онд бичсэн  “Найруулагч багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн /1946-2010/  номоос шавь нарынх нь дурсамжийг хүргэж байна.

*   *   *   

Энд хаалга хаагдаж байхад, тэнд нээгдэж байдаг”.

Алаглаж эрээнтсэн амьдралын энгийн үнэнийг хэлсэн энэ үг лугаа адил Хүүхэд, залуучуудын театрын хаалга Лхаасүрэнгийн ард сэтгэлийг  нь зуран уран хаагдаж байхад УБДС гэдэг эрдмийн өргөө түүнд үүдээ дэлгэн өгчээ. Энэ өргөөний хаалгаар Лхаасүрэн найруулагч алхан орсон тэр өдрийг хожмын зарим шавь нар нь “Монголын урлагт гэгээн зам татуулсан сайхан үйл явдал төдийгүй нэгэн цагт учрах ёстой багш, шавь нарыг уулзуулах хувь тавилангийн зурлага байсан” хэмээн хэлдэг. УБДС-ийн кино драмын ангид 1983 онд элссэн хүүхдүүд Лхаасүрэнгийн анхны шавь нар. Лхаасүрэнг багш болж чадна гэж харсан Отгонсүрэн ректор алдаагүй байлаа. Кино драмын ангид багшлах болсон Лхаасүрэн эхлээд учраа олох гэж жаахан будилсан авч удахгүй жигдрээд шавь нарынхаа хайртай багш нь болоод явчихаж. УБДС-ийн харьяа байсан кино драмын анги  нийгэмд гарсан шинэчлэл өөрчлөлтийг дагаад Соёл урлагийн дээд сургууль, улмаар Соёл урлагийн их сургууль болон өргөжжээ. Сургуулийнхаа энэ өргөжин тэлсэн өөрчлөлт хөгжлийн алхам бүрт хамт байсан Лхаа багш 1987, 1992, 1995 /Эрдэнэтийн студи/, 1996, 2000, 2002, 2005 он гээд Лхаа багшийн гэсэн тодотголтой ангиуд төгсжээ. Харин 2008 онд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрөө төгсгөж чадалгүй өөр багшид шилжүүлсэн байна. Гэхдээ ангийн төгсөгчид, “Би Лхаасүрэнгийн шавь” гэж өнөөдөр бардамхан хэлж чадаж байгаа тэр хүмүүс, уран бүтээлчид бол Лхаасүрэнгийн гуч шахам жил багшилсан ажлын үр дүн. Үүнийг яруу найрагч Д.Энхболдбаатар нэгэнтээ “Лхаасүрэнгийн хамгийн том туурвил бол түүний шавь нар” хэмээн 1997 онд бичиж байсан нь чухамхүү голыг нь олж хэлсэн үг. 

Сайн найруулагч хүн мэргэжлийнхээ чиглэлээр сайн багш болох нь тодорхой гэж бодож болох. Гэхдээ сайн найруулагч болгон бас сайн багш болж шавь нартаа хүндлэгдэж дурсагдахгүй байх нь цөөнгүй. Мэргэжлийнхээ хичээлд шавь нартаа хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, хэлэх гэсэн юмаа үл мартагдахаар хэлж чаддаг байсан Лхаа шавь нартаа “Эхлээд хүн бай” гэж хэлдэг байсан. Хэлдэг байсан энэ үгийнхээ биелэл нь өөрөө байсан гэдгийг түүний хуучны ярилцлагууд, шавь нарын нь сэтгэлийн үгнээс харж болох мэт. Монголчууд хэлдэг дээ, хүн шиг бай, эхлээд хүн бол гэхчлэн. Хүн ямар мэргэжилтэй, ямар ажил хийдэг, юу чаддаг байхаас үл хамаараад хүн шиг хүн байж чадаж байна уу гэдэг хамгийн том шалгуур.

Лхаасүрэнгийн хамгийн анхны шавь нарын нэг Егүзэрийн Баярмагнай өдгөө Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Багштайгаа хамт очиж энэ театрыг байгуулалцаад дараа нь тэндээ бууриа сахиж үлдсэн найруулагч Е.Баярмагнай:

-“Хүнд их сайн, тусархуу. Дандаа л хүний төлөө, бидний төлөө явна. Эрдэнэтэд очиход биднийг ямар ч гэсэн байртай болгоно гээд бүх хүнийг байртай болгож байлаа. Нэг орцыг тэр чигээр нь бидэнд өгч байсан. Би тухайн үед хоёр өрөө байр авсан одоо ч тэрэндээ амьдарч байна.  Одоо хаа нэгэн газар байр өгөөд  л ажил хий гэх газар ховор шүү дээ” гэж ярьж байна.

Дагуулж очсон шавь нараа байртай болгочих гээд Эрдэнэтийн дарга нарыг тойгдож байсан Лхаа сургууль дээрээ хэн нэгэнтэй элдэв сайн муу үг хэлэлцэх бол шалтгаан нь хэн нэгэн шавьтай нь холбоотой байж таардаг байж. 1992 оны ангийн нь төгсөгч жүжигчин Д.Бямбацогт:-“Зөөлөн талдаа хүн байсан юм. Хатуу ширүүн биш. Жентельмен. Багшийн нэг онцлог гэвэл үзэл бодлын хувьд тэрслүү талдаа хүн. Гэхдээ хүн болгонд албаар тэрслэх гэж тэрсэлдээд байдаг юм биш. Удирдлагууд, дарга нартай эвээ олохдоо тааруу, даргад дургүй, сонин. Тэгэхдээ багш ингэж даргад дургүй юм шиг харагдаад, удирдлагатай муудалцахдаа дандаа  бид нарыг өмөөрч хэрэлддэг байсан юм шүү. Оюутнуудаа өмөөрч муудалцдаг байсан”.

Найруулагч Ч.Түвшин:

-“Их өөрийнхөө үзэл бодолд үнэнч бөгөөд хэв шинжит байдалд дургуй, захиргаадалтаас дээгүүр урлагаа тавьдаг, зарим сэтэртэнгүүдийн хараалыг идсэн Лхаа багш маань олон шавьтай ажээ. Тэр шавь нар нь ч гэсэн багшийгаа байгаа дээр гээд эрхэлсэн үү, эсвэл ирээдүйд чансаатай уран бүтээлчид болно гэж итгэсэн үү, ямартай ч  авъяастай гэж бодсоноо арай өөрөөр илэрхийлж сурчээ. Цаагуураа л нэг егөө хоржоонтой хэллэгтэй ч хүнд өөрт нь сайныг хүссэн санаа дагуулсан багшийн маань үг үйлдлүүдээс шавь нар нь нэг афоризм сурсан нь: “Би малчин биш” гэдэг үг байлаа. Энэ нь малнуудтай харьцах дургүй байдгаа илэрхийлэхийн сацуу хамтрагчаа, сурагчаа мал байхыг эсэргүүцэж буй багшийн үзэл байлаа. Биднийг ном уншихыг шаардаж байсан нь энэ бүгдийг үсэглүүлэх гэж бодсоных байх даа. Эрих Фромын “Эрх чөлөөнөөс дайжихуй” Сервантесын “Кихот ноён ” К.Гольдони “Феодал буюу садар эрийг номхотгосон нь” гэх мэт хүн төрөлхтөний үнэт өвүүдээс багш минь мал малчин хоёрын тухай хэдийнээ ойлгосноо л хэлдэг байж”.

Яагаад шавь нараа өмөөрөөд хүнтэй муудалцаад байдаг байсан тухайгаа нас барахаасаа өмнөхөн 2009 онд өгсөн ярилцлагадаа Лхаасүрэн “Манай жүжигчний ангийн оюутнууд чинь хэцүү шүү. Хэцүү гэдэг муу муухайгаар биш юм. Охид нь өвлийн хүйтэнд нүцгэн гуялчихаад, хөвгүүд нь танигдахын аргагүй тахиа шиг янз бүрээр үсээ будаад ирнэ. Тэд аав ээждээ "Биднийг багш тэг гэсэн” гээд зальдчихдаг юм байна. Биднийг бол яаж ч маллах гээд чадахгүй л дээ. Тэдэнтэйгээ би мэргэжлийн хичээлээ заахаас өмнө зарга хийнэ шүү дээ. Нүдийг нь, байгаа байдлыг нь хараад л “Чи цайгаа уугаагүй байна. Нойргүй хоносон байна. Биеэ бодсонгүй, ийм байж мэргэжлийн хичээлд суугаад юм хийж чадах уу" гээд л. Харин жүжгийн бус багш нар шавь нарт маань их дургүй. Тэд маань авъяастаа эрддэг ч юм уу ерөнхий эрдмийн хичээлдээ суугаагүй ч юм уу, тааруу дүн авчихна. Бид харин тийм шавь нараа өмгөөлж хамгаална шүү дээ. Авъяас гэдэг чинь заалгаж тархинд суулгадаггүй, төрөлхийн эрдэм юм. Шавь нараасаа болоод ямар ч гэмгүй атлаа ерөнхий эрдмийн болон мэргэжлийн багш бид хоорондоо сайхан муудалцана шүү дээ” гэж сэтгэлээ уудалжээ.  Хичээл таслах болгондоо хэн нэгэн хамаатнаа нас барсан гэж хэлсээр байгаад сүүлдээ бараг үхэх хамаатангүй болчихсон оюутан байх. Ийм нөхрийг Лхаасүрэн “ингэж худлаа хэлж чадаж байна гэдэг чинь бас л нэг юм байна гэсэн үг” гээд хаацайлаад хамгаалахаар бусад багш нар яаж ойлгох вэ дээ, муудалцаж л таарна.

Ингэж шавь нарынхаа төлөө, авъяастныг арчилж тордож, хөгжүүлэхийн төлөө зүтгэж байснаараа Лхаасүрэн багшийн хувьд сонирхолтой хүн байж. Найдандорж найруулагч “Амбий, Бооёо хоёрыг хөөнө гээд. Сахилгагүй, биеэ тоосон, хичээл тасласан гээд олон “ял” мань хоёр дээр бууж, ингээд хурлаар ороход нь Лхаа багшийн асуусан ганцхан асуулт л тэр хоёрын хувь заяаг эргүүлчихэж. “Тэгээд танай ангиас ямар жүжигчин төгсөх юм. Чи Монголын урлагт ямар жүжигчин бэлтгэж өгөх гээд байгаа юм, Найдандоржоо. Тэгээд л нөгөө хоёр нь үлдэж төгсөж байсан гэж нэгэнтээ өгсөн ярилцлага даа дурдсан байх ажээ. Одоо тэр явдлын тухай СУИС-ийнхан дунд домог мэт ярих аж.

Охин Энхтүвшин:

-Миний аав хүн чанар эрхэмлэдэг, хүнд итгэдэг, хүнийг сайн ойлгодог, эхнэр хүүхдүүддээ болон шавь нартаа сайн зөвлөх нь байсан. Аав гэртээ байх нь их ховор. Байнга л ажилтай, шавь нарынхаа төлөө санаа тавьж тэр нөхөр сургуулиасаа хасагдах гээд байна, энэ нь төлбөргүйгээс хөөгдөх гээд байна яаж туслах вэ гэж явдаг байсан.

О.Батсүх:

-Сайн найруулагч, сайн багш. Би Лхаасүрэн гэдэг хүнийг хүүхдийн театраасаа гараад багш болохоор ирснийг нь Монголын урлагт тохиосон нэгэн азтай тохиол, учрал гэж боддог. Авъяаслаг энэ найруулагч багш болсноороо Монголын урлагт маш олон уран бүтээлчийг төрүүлж, нээж өгсөн. Ингэхэд нь түүний найруулагч мэргэжил, найруулагчийн хувьд олж хардаг онцлог чанар нь нөлөөлсөн. Сайн багш болоход нь найруулагч мэргэжил л өөрт нь маш их тус болж байсан юм байна даа гэж боддог гэж ярилаа. 

СУИС-ийн босгыг даваад ороод ирсэн авъяастнуудыг урлагийн төлөө зүтгэх замаас нь хазайлгачихгүй гэж хүнтэй муудалцаж явсан тэрээр бас авъяастай залуучуудыг олж ирдэг байж. Хошин урлагийн өдгөө цагийн нэртэй жүжигчин Эрдэнэзааныг Увсын цэнхэр хязгаараас авчирсан хүн нь Лхаа гэдэг. Бас яруу найрагч, зохиолч Өлзийтөгсийг Дарханд жүжигчний ангид шалгалт өгөхөөр ирэхэд нь буцааж байсан хүн нь Лхаасүрэн багш байжээ.  Хошин урлагийн Маск продакшны Мөнхсайхан, Эрдэнэзаан, найруулагч Батсүх нар бараг л Лхаасүрэн багшийндаа амьдарч байсан гэдэг. Багшийнхаа олон орос номноос ойлгож байгаа үгүйгээ мэдэхгүй уншсан улс байсан гэнэ.

Лхаасүрэн багшийн дүү Дагва-Очир ярихдаа “Ахыг маань нас барах үед олон шавь нар нь ирсэн. Хошин урлагийн МС нэгэнтэй нь хамт надтай хамаг ажлыг нугалалцсан. Тэгэхэд л Мөнхсайхан ярьж байсан юм. Шалгалт болоход Мөнхсайхан байдаггүй, багш нь олж ир гээд л дуудагдаж уулзаж. Сургалтын төлбөр нь хүрэхгүй дутсан ч билүү тийм юмнаас болоод л сургуулиас хөөгдөх дээрээ тулаад шалгалтандаа орж чадаагүй байж. Багшдаа үнэнээ хэлсэн юм билээ. Тэгэхэд, дуудаж уулзаад мөнгө тоолж өгөөд төлбөрөө төлөөд шалгалтандаа ор гээд явуулж байсан гэдэг юм. Тэр үед төлбөр нь хоёр зуун хэдэн төгрөг байсан юм уу даа. Би ийм юм болж байсан гэж яаж мэдэхэв.  МС бурхан болоход нь би багшийн төлөө юм хийх ёстой хүн гээд ажил явдлын хамаг юманд нь оролцож  сайхан тусласан. Одоо энэ залууг жүжиглэж байгааг харахаар  миний ах хэн жүжигчин болж чадах вэ, хэнд ямар авъяас байна вэ гэдгийг харж чадаж байж дээ” гэж бодогддог юм.

Монгол Улсын гавъяат жүжигчин цол 2016 онд хүртсэн, СУИС-ийн багш, УДЭТ-ын жүжигчин Л.Дэмидбаатарыг багшлах ажил руу “уруу татагдсан” нь Лхаасүрэн гэж хүнтэй холбогдоод явчихна.  Л.Дэмидбаатар:

-“Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги гэж байх үед би элсч орсон. Тэр үед оюутан дөрвөн жилд нэг удаа шалгаруулж авдаг байж байгаад хоёр жилд нэг удаа авдаг болсон.  СУИС байгуулагдсан жил төгссөн анхны төгсөгчдийн нэг нь би. Миний багш маш шударга үгтэй хүн байсан. Хүнийг яаж жүжигчин болгох вэ гэдэг дээр сэтгэлээ өгсөн уран бүтээлч. Манай ангиас Ж.Оюундарь гавъяат, жүжигчин Өлзийхүү, Хүрлээ, Бямбацогт, Ганхуяг, Мягмаржав гээд сайхан сайхан жүжигчид төрсөн. Энэ бол манай Лхаасүрэн багшийн хүнээр хүн хийж чаддаг ухааны үр.

Биднийг төгсөхөд дипломын ажлыг маань үзээд ажлын байранд урьдаг байсан юм. Тухайн үеийн соёлын яамны томилолтоор оюутнууд хөдөө орон нутгаас эхлээд газар сайгүй хуваарилагддаг байлаа. Миний хувьд УДЭТ-т ажиллах хувь заяа тохиосон юм. Тэр цагаас хойш 20 гаруй жил өнгөрчээ.

Багшлах болсон  минь Н.Ганхуяг, Л.Лхаасүрэн багш нартай салшгүй холбоотой. Энэ хоёр маань надад хойч үеийн урлагийнхныг бий болгох их үйлсэд зүтгэх боломж олгосонд баярлаж явдаг. Анх СУИС-д багшлах санал ирж байхад надад их хол санагдаж байсан. Харин Лхаа багш маань “Би олон шавь төрүүлсэн. Чамд багш болох нэг юм бий шүү. Багш хүнд сэтгэл, зарчимч зан хоёр л гол байдаг юм” гэж хэлж байсан.  Арван жил төгссөн, цэргээс халагдаж ирсэн ямар ч хүнд жүжигчний мэргэжлийг олгохын тулд сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй гэж багш нар минь зааж сургасан. Үүний дагуу жүжигчний мэргэжлийг өвлүүлэх арга, ажиллагаатай холбогдоод арав гаруй жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн шавьтай болсон”.

Найруулагч О.Батсүх:

-“Би Лхаа багшийн ангид орохоос өмнө Энхжаргал багшийн ангид байсан юм. Энхжаргал багш биднийг сурч байхад 1995 онд орос хэл дээрх мэргэжлийн нэр томьёог монгол болгоё гэдэг санаачилга гаргаад тэрийг нь Лхаа багш дэмжээд манай СУИС-ийн найруулагчийн ангид хурал зохион байгуулсан. Би хурлын протокол бичээд Энхжаргал багшийн хажууд суулаа. Лха багш, УДЭТ-ын дарга байсан Зориг гуай, Б.Мөнхдорж болон бусад найруулагч, багш нар гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хурал болсон. Тэгэхэд Лхаа багш тэр нэр томъёонуудыг монгол болгох талаар хамгийн их бодсон,  бас түүнийгээ ямар оновчтой томъёолж хэлж байгааг хараад биширч байсан. Дараа жил нь би чөлөө аваад Лхаа багшийн ангид орсон. Найруулагчаар суралцъя гэдэг хүсэлт тавьсан. Дандаа жүжигчин бэлтгэж байсан анги ч гэлээ миний хүсэлтийг хүлээж аваад хийж байгаа юмыг чинь харъя гэсэн. Миний сонгож авсан жүжгүүдийг хараад мань хашир “Энэ чинь бас эрэл хайгуултай нөхөр байна, чи найруулагчаар явж болно” гэж хэлж байсан. Анги дотроосоо ганц найруулагчаар төгссөн нь би.

Лхаа багш, манай хадам аав Сумъяа хоёр багын найзууд. Би Лха багшийн ангид ороход манай гэр бүлийн хүн жүжигчнээр орсон байсан. Урлагийн гэр бүлд өссөн хүүхэд авьяас байгаа гээд шалгаруулалтад тэнцээд орсон байдаг. Даруухан охин орж ирж байсан. Би дээрээс орж ирсэн, нэг жил найруулагчийн ангид сурсан хүн чинь даруухан охиныг хараад бас голонгуй л  байсан. Алтан үеийн мундаг найруулагч нар чинь авьяасыг олж харж, алдартныг төрүүлсэн байдаг. Лха багш бол авьяасыг олж харж чаддаг гэдгийг манай эхнэр эхний улирлын шалгалтаар л харуулж байсан. Манай ангийн хамгийн өндөр оноог авч байсан. Одоо Халиун маань надтай хамтраад ажиллаж байна. Одоо бид хоёр энэ мундаг улсын уран бүтээлийг үргэлжлүүлэх гээд хичээж л байна.

Би судалгааны ажил хийгээд Хубилай хааны тухай ном бичсэн. Түүхийн судалгааны олон том эрдэмтнээс миний бүтээл шилдгээр шалгараад  2014 онд Жак Резерфордын нэрэмжит шагнал хүртсэн. Шагнал  авахад Лха багшийн мэргэжилдээ хайртай дуртай тэр чанар л бодогдож байсан. Би арав гаруй жил баримтат киноны чиглэлээр ажиллаж байна. Тухайн юмыг судлах арга системийг Лха багшаасаа л авсан. Судалгааны бүтээл дээр хүртэл Лхаа багшийн найруулагч гэдэг онцлог арга надад сууж үлдсэн байна гэсэн үг.

Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар:

-Монголын урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгосон үе үеийн олон чадварлаг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан эрхэм хүмүүн бол яахын аргагүй гавъяат жүжигчин Л.Лхаасүрэн багш. СУИС-ийн жүжигчин найруулагчийн тэнхмийн багшаар амьдралынхаа эцсийн мөч хүртэл ажиллах явцдаа оюутнуудынхаа ирээдүйн төлөө санаа тавьж, тэднийг театрын дэг жаягт сурган хүмүүжүлэх үйлст хүчин зүтгэж явсныг миний бие тодхон санаж байна. Багш, найруулагч, жүжигчин, хүүхдийн жүжгийн зохиолч, орчуулгач, сурган хүмүүжүүлэгч  гээд хийсэн уран бүтээлийг нь тоочоод барахгүй билээ.

Лхаасүрэн багш хамгийн түрүүнд ангийн эв нэгдэл, нэгдмэл байхыг онцгой анхаарч ангийн сүлд дуу гаргуулж хичээл эхлэх, дуусах болгонд дуулуулна. Мөн хүн байх тухай уйгагүй олон жишээ татан ярина. Бүх хүүхдүүдээрээ оюутан нэг бүрийн овог нэрийг цээжээр хэлүүлж суулгах бөгөөд аливаа юмны үндэс энгийн, хүн тэр болгон анзаараад байдаггүй жижиг зүйлээс эхтэй гэж заана. Тухайн үед эхэл амархан санагдаж байснаа нуух юун. Хожим бодохноо нэр нэгтэй нэгдмэл овогтой болгож байсныг ухаарч билээ.

Ус урсахгүй бол өмхийрдэг шиг, жүжигчин хүн байнгын дасгал сургуулилт хийж мөнхийн хөдөлгөөнд орших ёстой. Өглөө хичээл орохын өмнө ангийг нойтон цэвэрлэгээ хийсэн байх ёстойг шаардана. “Жүжигчин хүн эрүүл мэнд, ахуйн соёлоо эгнэгт бодох нь зүйтэй. Яагаад гэвэл та нар өвдөх эрхгүй мэргэжил сонгосоноо сана. Үзэгчид цагтаа л жүжгээ үздэг. Тиймийн учир уран бүтээлч хүн бэлэн  байж, байнгын тасралтгүй бие даан дасгал сургуулилт хийх нь зөв”. Үүндээ ч манай найруулагчийн ангийг уйгагүй бие халаалт, сунгалтын дасгал, хүчний дасгал хийлгэж, дараа нь мэдрэмжийн дасгалууд нэг нэгээр нь хийлгэн бусад оюутнуудаар алдаа оноог нь хэлүүлж ярилцана. “Найруулагч хүн  шүүмжлэлийн шуурганд өртөхгүйгээр ажлаа хийх боломжгүй юм. Аливаа шүүмжийг зөвөөр тусган авч сайн ажлын алдаа нь юу байна. Муу ажлыг яаж сайжруулж болох талаар үргэлж толгойгоо ажлуулах хэрэгтэй. Энэ тархийг үргэлж ажлуулж байхгүй бол амархан унтах, идэх, залхуурах, бэлэнчлэх, бусдын хийснийг хуулбарлах, даган дуурайх гэх мэтчилэн биеэ оторлох уршигтай” хэмээн сургамжилдаг байлаа. 

 “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг:

-Хичээлээ тараад киноныхоо ажил руу орно. Тэгээд шөнө дунд тарна. Багш хүүхэд бүрийг гэрт нь хүргэж өгнө. Манай ангийнхан их олон тийшээ хол хол гэртэй. Тэгээд заримдаа багшийнд очиж хононо. Кино хийх ажлыг багш л бүгдийг зохицуулж, хамтын хүчээр бэрхшээлийг давж гарсан. Энэ бүтээл багшийн хэлдгээр ёстой “сэтгэлээр бүтсэн”  бүтээл болсон гэж ярьжээ.

Д.Ганцэцэг 2000 онд СУИС-ийг төгссөн шавь нарын нь нэг. Тэрээр ангийнхантайгаа хамт дөнгөж СУИС-ийн оюутан болсон жилээ  “Дурлалын нулимс”  уран сайхны кинонд тоглож байлаа. Оюутан залуусын багштайгаа хамтран хийсэн энэ кино тэдний хувьд нэг ёсны том дадлагын ажил буюу өөрийн биеэр үзэж туулсан туршлага болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Д.Ганцэцэг  Драмын театрын тайзнаа олон сайхан дүр бүтээсэн бол одоо дэлгэцийн бүтээлд түлхүү ажиллаж, өөрийгөө тэс өөрчилсөн, өөр өөр дүрүүдэд чадамгай тоглож байгаа жүжигчин билээ.

Залуу жүжигчин Б.Баярсанаа ОХУ-ын театр, урлагийн академи /ГИТИС/-ийг дүүргэсэн 2007-2011 онд сурч төгссөн, отгон шавь төдийгүй тус сургуульд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний тэтгэлгээр суралцсан азтай бүсгүй. Тэрээр ГИТИС-д суралцахын өмнө СУИС-д хоёр жил суралцсан байна. Энэ тухайгаа тэрээр:2005 онд анх СУИС-д элсэн орж, Л.Лхаасүрэн багшийн удирдлагад суралцсан юм. Тэр үеэс л Монголын театр, урлагийн үе үеийн томчуудын суралцаж төгссөн Москвагийн театр, кино урлагийн академид шалгалт өгөх завшаан тохиолдсон. Монголоос нэлээд дээр үед Л.Ванган, П.Гэндэн агсан болон Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар сурч төгссөн байдаг бол сүүлд буюу 1988 онд гавъяат жүжигчин "Хасар" Жагаа, Г.Урнаа нарын олон сайхан уран бүтээлчид төгсч ирсэн байдаг. Тэдний араас 20 жилийн дараа 2007 онд би элсэн суралцсан. ГИТИС-ийн тухай мэдээлэл анх Л.Лхаасүрэн багшаасаа авч, шалгалтад бэлтгэсэн минь үр дүнд хүрсэн гэж “Зууны мэдээ” сонинд 2015 онд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 “Хүн бүрт гэрэл бий” гэж нэрт сэтгүүлч У.Амарсайхан агсан бичсэн байдаг.  Шавь нартай нь уулзаж явахад Лхаасүрэн гэдэг хүн энэ үг лугаа адил шавь болгондоо байсан тэр гэрлийг улам гялалзуулах гэж, тодруулах гэж, хүчтэй болгох гэж сэтгэл, хөдөлмөрөө зориулсан багш байжээ гэдэг нь улам тодорно. Үүгээрээ тэрээр багш байх гэхээсээ илүүтэйгээр өөрийнх нь хэлснээр хүн байж чаджээ. Тиймээс шавь болгон нь, багшийгаа дурсах өнцөг болгон нь өөр байх аж. Шавьтай хүн дурсагдана гэдэг энэ билээ.


Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

1 цаг 35 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

2 цаг 35 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

2 цаг 35 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

17 цаг 2 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

18 цаг 12 мин
С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

18 цаг 58 мин
Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна

Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна

22 цаг 18 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

22 цаг 23 мин
Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно

Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна.  Тэгвэл Ерөнхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Анхан шатны тусламжийн эргэлзээтэй байдлыг засаж, тодорхой болгох хэрэгтэй

"ТВ-9" телевиз “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭХ

Өчигдөр 06 цаг 00 мин