Туйлын туяа үзэж 20 мянган км аялсан тэмдэглэл

1 цаг 43 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Автомашинтай аялагч Г.ЗУУНДАРЬ

2023 оны зургаадугаар сард Дагвадорж найз маань европын 15 орноор, 30 мянга километр замыг автомашинаар туулах аялалдаа хамт явах санал тавьж байлаа. Аяллын гол зорилго нь бүх замаа өөрсдийн машинаар туулах байсан бөгөөд тэр үеэс хойш бид өөрсдийгөө “Дэлхийгээр автомашинтай аялагчид” хэмээн нэрлэж, аяллынхаа мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хуваалцаж эхэлсэн юм. Тэр аяллаас хойш хоёр жилийн хугацаанд “Дараагийн удаа хаашаа, ямар чиглэлд автомашинтайгаа аялах вэ” гэсэн яриа бидний дунд тасраагүй. Ингээд 2025 оны есдүгээр сард Ч.Батболд найз маань “Та хоёр дараагийн аяллаа төлөвлөсөн үү. Хамтдаа нэг том аялалд гарвал ямар вэ” гэсэн санал гаргав. Бид ч дуртайяа хүлээн авч, удалгүй уулзан, олон санаа дэвшүүлж, аялалынхаа талаар удаан ярилцлаа.

Хаашаа явах вэ.  Өвлийн улиралд замын нөхцөл байдал ямар байх бол.  Машинаа хэрхэн бэлтгэх вэ.  Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлье гэвэл хэнийг нэмэх вэ.  Аяллын чиглэлээс шалтгаалж хэд хоног явах, ямар зардал гарах зэргийг нухацтай хэлэлцсэн. Ер нь хотын аялалд төлөвлөлт, зорилго их чухал л даа..

Нэгэн орой Д.Дагвадорж найз минь “ОХУ-ын хойд хэсэг, Норвегийн хил орчимд хүрч, туйлын туяа үзэж болох юм байна” гэсэн санал гаргалаа. Туйлын туяа гэж юу билээ. Анх сонсоход их л сонирхолтой санагдаж байсан.  Тийшээ хэдэн мянган километр явах бол.  ОХУ-ын одоогийн нөхцөл байдал дайнтай байгаа учраас  хэцүү байгаа юу гэсэн эргэлзээ төрүүлсэн асуудлууд ээлж дараалан хөвөрсөөр.   Гэвч эцэст нь бид зориг шулуудсан юм.

Багтаа Г.Наранбат дүүгээ оруулан дөврөн хүний бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлж, хоёр сарын турш бэлтгэл ханган, өвлийн авто аялалд шаардлагатай бүхнийг базаалаа.

Ингээд 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө бид дөрөв “Estima” авто машинаараа 20 хоногийн хугацаанд 20 мянган километр зам туулахаар Улаанбаатар хотоос хөдөллөө. Зорилго маань туйлын туяа үзэх, өвлийн Орос орны уур амьсгал, шинэ жилийн баярын өнгийг мэдрэх байв.

Өглөө эрт уулзаж, хотын түгжрэл эхлэхээс өмнө хотоос гарлаа. Зам зуур дэлгүүрээр орж, хэрэгцээт зүйлсээ нэмж аваад хилийн зүг давхив.

Дарханы замын олон тойргийг эс тооцвол эхний 200 км-ийг харьцангуй хурдтай тууллаа. Дархан хотод Батболдын авто клубын гишүүн Хосоотой уулзаж, халуун кофегоор дайлуулан, цааш хөдөлсөн юм.

Алтанбулаг боомтод хооллож, зарим нь рубль солиулж аваад Монголын хилээр саадгүй гарлаа. Харин ОХУ-ын хил дээр шалгалт эхэлж, ачаагаа хэдэнтээ буулгаж, бичиг баримт бөглөж, нэлээдгүй хугацаа зарцуулсан. Хүйтний эрч ч чангарч, гадаа удаан зогсох амаргүй байв. Орос хэлтэй хүнгүй тул багагүй будилсан ч авто замын даатгалаа хийлгэж, орос дугаар авч, аяллаа үргэлжлүүллээ.

Хилээс Улаан-Үд хүрэх замд Г.Наранбат дүүгийн маань авч гарсан адууны чанасан мах биднийг жинхэнэ баярлуулсан. Өвлийн идэшний үе таарсан тул чанасан мах, борц гээд хоолны бэлтгэл хангалттай.

Бидний дайран өнгөрсөн эхний томоохон хот бол Улаан-Үд. Өвлийн улиралд утаа анзаарагдахуйц санагдсан ч бидний хувьд зам урт тул сааталгүй үргэлжлэв. Төлөвлөсөн хугацаандаа багтахын тулд өдөрт дунджаар 1000 км явах шаардлагатай байлаа. Эхний өдөр зочид буудлууд дүүрсэн тул машиндаа хоноглов. Өмнө нь ОХУ-аар дамжин Европ руу аялахдаа машиндаа хонож байсан туршлагатай тул энэ удаа ч санаа зовсонгүй.

Өвлийн улиралд аялж буй ч ОХУ-ын авто замын цэвэрлэгээ, арчилгаа үнэхээр сайн байлаа. Гулгаа үүсэх эрсдэлтэй хэсгүүдийг ч сайтар цэвэрлэсэн нь бидэнд өдөрт 1000 км зам туулах боломж олгов.

Манай багийн гишүүдийн тус тусын үүрэг ч аяндаа тодорхой болж эхлэв. Дагвадорж жолоогоо барина. Би хажууд нь яриа өрнүүлж, жолоочийн нойрыг үргээнэ. Батболд аяллын бичлэг, сошиал хариуцна. Харин Наранбат маань хоол, цай, идэх уух зүйлсийг базааж, биднийг өлсгөхгүй явах үүрэг хүлээцгээв.

Хоёр дахь өдрөөс бид зам дагуу хээрийн хоол хийж үзэхээр өндөг шарж, зайдас чанах гэж оролдсон ч хүйтэнд газ бээрч, хоол бэлтгэх амаргүй байлаа. Тиймээс цаашид зам дагуух хоолны газруудаар орж цайлах, машиндаа бол хиам, талх, амттанаа идэж байхаар болов. Өвлийн хүйтэнд задгай талбайд хоол хийх амаргүй гэдгийг биеэр мэдэрсэн нь тэр.

Дагвадорж маршрутаа гаргаж, хаана хүрч хонох, хэд хоноод хүнсээ базаах, аль хотод юу үзэхээ нарийн төлөвлөсөн. Дэлгүүрүүдээр ороход дайны уур амьсгал мэдрэгдэх зүйлгүй, лангуу дүүрэн, сонголт ч арвин байв.

1500 км зам туулах хугацаанд дайран өнгөрсөн хот, тосгод шинэ жилийн баярт бэлтгэж, төв талбай, гудамж талбайгаа гэрлэн чимэглэлээр гоёжээ. Цасанд хучигдсан байшингууд, дээврээсээ унжсан мөсөн гоёл, өнгөлөг гэрлүүд холын замд яваа бидэнд дулаахан сэтгэгдэл төрүүлж байлаа.

Хүмүүс өвлийн улиралд дулаан орон руу аялдаг бол бид эсрэгээрээ хойд мөсөн далайг чиглэн, улам хүйтэн зүг рүү зорьж явна. Замд тохиолдсон сонин сайхнаа цахим хуудсаараа дамжуулан хүргэхээр Монголоос гарахдаа дата авсан  ч ажилласангүй. Харин хил дээрээс авсан орос дугаар маань жинхэнэ аминд орсон юм.  Орос дугаар дата хязгааргүй байсан нь бидний хувьд жинхэнэ аврал болов. “Интернэтээ цацаад яваарай” хэмээн Дагвадоржоосоо гуйж, утсаа ээлжлэн холбож авна. Хот хооронд явахад заримдаа сүлжээ тасрах ч алсхан суурин харагдмагц “Энэ ямар хот вэ” гэхээсээ урьтаж “Сүлжээ орж байна” гэж баярлана.

Сүлжээ оронгуут ар гэрийнхэн рүүгээ мэдээ өгнө, зарим нь цахим хуудаснаа аяллын бичлэгээ оруулна. Интернэт гэдэг зүйл холын замд биднийг гэр бүлтэй маань холбож, аяллынхаа мөч бүрийг бусадтай хуваалцах гүүр болж байлаа.

Биднийг мэдээлэл оруулах бүрд “Сайн явж байна уу?”, “Дайн ямар байна?”, “Шатахуун, хоол хүнс олдож байна уу?” гэх асуултууд ар араасаа ирнэ. Үнэндээ дайн болж буй улс орноор явж байгаа гэх боловч бидний замд шатахуунгүй, хоол хүнсгүй болсон тохиолдол огт таарсангүй. Шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж, бид ч замаа саадгүй туулсаар байв.

ОХУ-ын зүүн урд хэсгээс Москва хот  руу дөхөх тусам хотуудын өнгө төрх улам өөрчлөгдөж, барилга байгууламж, зам харгуй, орчин нөхцөл илүү хөгжингүй, цэгцтэй харагдаж эхэлсэн. Бид Уралын нуруунд аль болох хурдан хүрэхийг зорьж, өдрийн ихэнх цагийг зам дээр өнгөрүүлж байлаа.

2023 онд аялж явахдаа зарим газрын ариун цэврийн өрөө, үйлчилгээ нэлээд хүндрэлтэй санагдаж байсан. Харин энэ удаад бараг шатахуун түгээх станц бүр цэвэрхэн ариун цэврийн өрөө, түргэн хоолны хэсэг, хүнсний дэлгүүртэй болжээ. Том оврын автомашины зогсоолууд нь ч тохижсон нь урт замд яваа бидэнд тун таатай санагдав.

Замд тааралдсан хот бүр өөрийн гэсэн өнгө төрх, түүхийг өгүүлнэ. Анх удаа дайран өнгөрч буй бидний хувьд өдөр бүр шинэ сэтгэгдэл, шинэ мэдрэмж төрж, аялал маань улам амттай болж байлаа.

Уралын нурууны зүүн талд орших Екатеринбург хотод оройхон ирж, төв талбайгаар нь зочлов. Шинэ жил айсуйг илтгэх олон гацуур, гэрлэн чимэглэл хотыг бүхэлд нь баярын уур амьсгалд умбуулжээ. Өвлийн шөнө, цас, гэрлэн чимэглэл хосолсон тэр дүр зураг үнэхээр үзэсгэлэнтэй. Гэвч шинэ оноо гэр бүлтэйгээ биш, холын замд, бүүр огт өөр хотод  угтах гэж буйгаа бодохоор сэтгэлд багахан гуниг төрөх нь ч байлаа.

Цааш хөдөлж, Уралын нурууны дунд орших Европ Азийн зааг дээр хүрч зургаа татуулан, Казань хотын зүг давхилаа. Энэ хүртэл бид 4500 орчим километр зам туулаад байв. Цагийн зөрүү нэмэгдэж, гадаах хүйтний эрч арай суларч, аяллын хэмнэлд бүрэн дасжээ.

Урт замд хамт яваа хүмүүс юу эсийг ярилцах вэ дээ. Амьдрал ахуй, гэр бүл, ажил төрөл, цаашлаад улс төр, түүх гээд сэдэв дуусахгүй. Заримдаа маргалдана, заримдаа нэгнээсээ шинэ зүйл сурна. Батболд найз маань түүхийн талаар нэлээд ярьж, “Түүхээ мэддэг байх хэрэгтэй” хэмээн захина.

2023 онд Казаньд нэг хоног саатаж, Кремлийг нь үзэж, хотын түүх соёлыг сонирхож байсан дурсамж надад тодхон үлджээ. Энэ удаа Батболд, Наранбат хоёртоо “Зун ийм байсан, өвөл ийм болдог юм” хэмээн харьцуулж ярьж, хотын төвөөр богинохон аялал хийв.

Бид өдөрт дунджаар 1000 орчим километр зам туулж байсан тул дайран өнгөрөх хот бүрдээ ихдээ хоёр, гурван цаг л саатна. Энэ хугацаанд тухайн хотын хүмүүс хамгийн их үздэг, онцлог  газруудыг амжиж сонирхоод цааш хөдөлнө.

Хоол идэхээр зогсоход “Энэ газар гайгүй болов уу” гэж ярилцаад л орно. Хоолны цэсийг харахад ихэнх нэршил нь танил. Өлссөн хүмүүс өөр өөрийн сонголтоор халуун хоол, цай авч амтархан иднэ. Холын замд идсэн хоол бүр онцгой амттай санагдана.

Миний хувьд аль болох загас идэхийг хичээнэ. Харин Наранбат “Лусын амьтан идэхгүй” гээд татгалзана. Бид ч түүнийг шоолж, “Лусын амьтан идэх үү” хэмээн наргина. Наранбат бид хоёр ах дүүс. Насанд хүрч, тус тусын амьдралаа зохиосноос хойш ингэж удаан хугацаанд хамт аялсан нь ховор. Хүүхэд байхад л аав, ээжтэйгээ хөдөө явдаг байсан сан. Энэ удаагийн аялалд дүүтэйгээ хамт замд гарсан нь надад үнэхээр дотно, сайхан мэдрэмж төрүүлж байлаа.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Туйлын туяа үзэж 20 мянган км аялсан тэмдэглэл

2023 оны зургаадугаар сард Дагвадорж найз маань европын 15 орноор, 30 мянга километр замыг автомашинаар туулах аяла

1 цаг 43 мин
Дэслэгч генерал Д.Даваа хоёр дахь удаагаа Элчин сайдаар томилогдов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын

1 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт

1 цаг 43 мин
АНУ-Израиль VS Иран: Эдийн засаг, аюулгүй байдлын хямрал гүнзгийрч байна

Өнгөрсөн бямба гарагт АНУ, Израилийн зүгээс Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв

Өнгөрсөн баасан гарагт хаврын улс төр албан ёсоор хөшгөө нээв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
"126 авлигач ба нэг лидер"

“…УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзжээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Т.Ганболд жүжигчин болжээ

Т.Ганболд жүжигчин болжээ

Уржигдар 14 цаг 02 мин
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ намайг хилсээр ялуулсан, Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана

Уржигдар 13 цаг 27 мин
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

Уржигдар 13 цаг 04 мин
Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирэв

Эрх баригч нам өнөөдөр бага хурлаа хийж морь жилийн улс төрөө эхлүүллээ. Бага хур

2026-02-27