Т.БАТСАЙХАН
Сонгууль дөхөх бүрд “шинэчлэгддэг” хууль бол сонгуулийн хууль. Үүнийг эрх баригчид сайжруулалт, боловсронгуй болголт гэж нэрлэдэг ч бодит байдал дээр энэ нь эрх мэдлээ хадгалах, улс төрийн тооцооллоо баталгаажуулах алхам байсаар ирсэн.
Сүүлийн хэдэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс харахад л ойлгомжтой.
2012 онд - Холимог тогтолцоо нэвтрүүлж, намын жагсаалт анх удаа орж ирэв. Энэ нь парламентын бүрэлдэхүүнд шинэ хүчнүүдийг оруулсан ч удалгүй “тогтворгүй парламент”-ын шалтгаан болж байсан гэхэд болно.
2016 он - Холимог тогтолцоог бүрэн халж, цэвэр мажоритар системд шилжив. Үр дүнд нь нэг нам нийт саналын 45 орчим хувийг авч, парламентын 80 гаруй хувийг эзэлсэн нь мөн л сонин үзэгдэл байв.
2020 он - Тойргийн тоо, хилийг дахин зурж, цар тахлын нэрийн дор сурталчилгааны хугацаа, хэлбэрийг хязгаарлав. Сонгуулийн өрсөлдөөн бодитоор тэгш байсан эсэх нь өнөөдөр ч маргаантай байсаар ирлээ.
2024 он - Холимог тогтолцоог дахин сэргээж, сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, парламентын гишүүдийн тоог нэмэв. Төлөөллийг сайжруулна гэсэн тайлбар өгсөн ч бодит зорилго нь том намуудад илүү ашигтай байсан байж мэднэ.
Харин 2028 оны сонгуулийн “зураг” ямар байх бол. Эрх баригчид болоод улс төрийн намууд дотооддоо одоогоос сонгуулийн хууль ямар байх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгон шалгаруулах гэдэг дээр ажиллаад эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулна гэж заасан. Тэгэхээр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн хуулийн өөрчлөлт яригдаж таарна.
Улс төрийн хүрээнд бүсчилсэн тойргийг халж, нэг аймаг нэг тойрог болно гэх яриа бий. Энэ нь ч үнэний ортой байж мэднэ. Бүсчилсэн том тойрогт залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох эрх зөрчигдөж байгааг өнгөрсөн хугацаанд шүүмжилж ирсэн. Эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм. Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэж байгааг өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид ярьж байна. Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм. Бензин, шатахуунаас эхлээд ухуулагч нарын цалин хөлс гээд асуудал их байгаа. Тэгэхээр ирэх сонгуулиар бүсчилсэн хэлбэрийг “халах” өөрчлөлтийг хуульд оруулж магадгүй байна.
Мөн МАН-ын дарга Н.Учрал ирэх парламентын сонгуулиар намын жагсаалтад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Тэрээр “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурваас дээш жил ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьж ажиллана” гэсэн. Өмнө нь намын даргаар сонгогдох үеэрээ ч "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" гэсэн өгүүлбэр унагаасан. Тэгэхээр ирэх сонгуулиар МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болж байна. Өмнө нь эрх баригч намын жагсаалт том, мөнгөтэй улстөрчид, бизнесийн бүлэглэлийнх нь болдог “дүрэм"-тэй байв. Харин МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ жагсаалтынхаа эхний хэсэгт экспертүүд, хоёр дахь хэсгийг түншлэлд, гурав дахь хэсгийг шинэ үеийн залууст өгч байгаагаа зарлаж, 48 хүний нэрийг танилцуулж байв. Энэ жагсаалтаас 18 хүн гишүүн болсон. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал гэсэн гишүүдтэй болсон. Тэгвэл МАН-ын 13 дугаар их хурлын үеэр УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Жагсаалтын гишүүд тэнгэрийн амьтад шиг л байна. Намын гишүүд нүүр хийх газаргүй болж байна. Тааралдсан хүн танай нам чинь ийм. Тийм гэж байна. Дарга нар минь, амлалтдаа хүрэхгүй бол ширүүн юм болох ээ” хэмээж байсан. Намын жагсаалтыг намын шинэчилсэн дүрмээр зохицуулж болох ч жагсаалтын нэр дэвшигчидтэй холбоотой заалтыг ч Сонгуулийн хуульд оруулж мэдэх юм.
Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт есөн удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг. 2024 оны сонгуулийн хувьд жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байв.
Ямартай ч 2026 он эхлэхтэй зэрэгцэн улс төрийн намууд дотоод зохион байгуулалтдаа анхаарч ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ ч дэлгээд эхэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 22 (7764)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn