Ц.МЯГМАРБАЯР
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулж ярилцав.
-Орон сууцны байшингийн доорх газрын өмчлөх эрхийн талаар оршин суугчид,барилгын компаниуд, төрийнхний дунд маргаан дагуулсаар ирсэн асуудлыг энэ хуулиар бүрэн зохицуулагдана гэж ойлгож байна?
- Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслөөр танилцуулга, хэлэлцүүлэг хийлээ.
Энэ хууль нь СӨХ гэдэг байгууллагын хууль биш та бидний өмчийг үнэ цэнтэй байлгаж зөв зүйтэй менежмент хийх тухай хууль юм гэдгийг тодотгож хэлье. Бүр тодруулбал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй шууд холбоотой.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд өмчлөх эрхээ баталгаажуулах юм. Түүнчлэн тэдний хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгийн ашиглалт, менежментийг хэрхэн боловсронгуй болгох чиглэлээр хийсэн хуулийн төсөл. СӨХ гэдэг байгууллагын тухай хууль биш. Хүний өмчийг эрсдэлд орохоос сэргийлж баталгаажуулж буй мөн Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх, эдийн засгийн орчин, хууль эрх зүйн баталгааг төрөөс хүлээсэн үүргийн хүрээнд бий болгох зорилгоор боловсруулсан хуулийн төсөл. Бид бүгдээрээ л орон сууцанд амьдарч байна. Өглөө босоод гэрийн хаалга, орцны хаалгаар гарах бүрд ойр орчин дахь хог хаягдал, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, авто машины зогсоол зэргийн эмх замбараагүй байдал нүдэнд харагдаж бухимдал үүнээс л үүсдэг. Мэдээж улс, оронд том зорилго, зорилт болох Зэс хайлуулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Нефтийн үйлдвэрүүдээ барих асуудал нэгдүгээрт ч үүний зэрэгцээ бидний дэргэд байгаа дээрх олон асуудал нийгмийн бухимдал үүсгэж байдаг. Тэгвэл үүнийг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах л шаардлагатай. Тиймээс бид олон улсын сайн жишээг судалж иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж энэ хуулийн төслөө боловсруулснаа өнөөдөр оролцогч талууд болон иргэдийнхээ саналыг авахаар эхний хэлэлцүүлгийг ийнхүү хийж байна. ХЗДХ-ийн сайд сонгуульд оролцохоос эхлээд Орон сууцны байруудын доор байгаа газрын дундаа хамтран өмчлөх кундамонтой холбоотой асуудлыг шийдвэрлэх амлалтыг өгч байсан. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх зорилгоор энэ хуулийн төслөө боловсруулсан юм. Хүний өмчлөх эрхийг баталгаажуулж өгч байгаагаар онцлог. Өөрөөр хэлбэл барилга баригдах, байшингийн суурь тавигдаж эхлэх үед нэг гоё юм яриад дараа нь барилгын компаниуд оршин суугчид, төр гурваны дунд газрын асуудалд бөөн маргаан үүсдэг. Энэ мэт өмчийн маргаантай асуудлыг дундаа хамтран өмчлөх хуулиар хууль ёсны оршин суугчдад өмчлүүлэх юм аа. Ингэж хуульчилж өгснөөр барилгын компаниуд хэзээ, хэрхэн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Дундаа хамтран өмчлөх эрхийг хангах нарийн зохицуулалтыг оруулж өгч байгаа юм.
-Хуулийн төслөөр нарийвчилсан зүйлүүдийг хэчнээн зүйл заалтаар зохицуулж байна. Тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль бол 20 гаруйхан зүйлтэй ерөнхий хууль. Ийм ерөнхий хуулийн хүрээнд эдгээр олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тухайлбал, Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөгч этгээдийн тухайн эд хөрөнгөө уг газар дээр ашиглах эрх дуусгавар болно" гэж заасан.Нийтийн зориулалттай орон сууц байрлаж буй газрын гэрээний ашиглах хугацаа дууссан тохиолдолд сууц өмчлөгч нь уг эд хөрөнгийг тухайн газар дээр ашиглах эрхээ үргэлжлүүлэх баталгаагүй болж буй байдалтай байгаа юм.
Тэгвэл шинээр боловсруулсан хуулийн төсөл 15 бүлэгтэй 84 заалт, дагалдах 14 хуультай. Хуулийн хүрээнд асуудлыг нэлээд нарийн зохицуулалтуудаар тусгасан. Тулгамдсан асуудлыг бүгдийг нарийвчлан тусгаад байна. Тухайлбал, Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгын дагуу тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бодитой бий болоод байна. Ингэснээр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй болсон. Тэгэхээр энэ хуулийн төсөлд цаашид дундын өмчлөлийн эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгэж үр ашигтай менежмент хийх боломжийг нь бий болгоно. Сурталчилгааны самбар байршуулах, В1 талбайг түрээслэх зэрэг олон боломж бий. Иймд СӨХ-д хуулийн этгээдийн эрх олгож, эдийн засгийн боломжийг эрж, хайн ажиллах хэрэгтэй. Мөн барилга баригдсан газрын эзэмших эрхийг иргэд оршин суугчид дундаа хамтран эзэмших эрх үүснэ. Түүнчлэн орон сууцны байшингийн орчны газартай холбоотой маргаан сүүлийн жилүүдэд ихэссэн. 2018-2022 онд Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай нийт 5360 нэхэмжлэл гаргасан байна. Нэмээд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй. Тиймээс хуулиар үүрэг, хариуцлагыг тодорхой болгохоор зорьж байгаа. Мөн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сантай холбоотой маргаан их гардаг. Бүх гишүүдийн хурлын ирц хүрдэггүй тул бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл шийдвэрлэх асуудлыг гүйцэтгэх захирал шийдвэрлэх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа түгээмэл гарч байна.Нөгөөтээгүүр, Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд тул улсын бүртгэлд бүртгэх боломжгүй зэрэг олон тулгамдсан асуудлыг энэ хууль батлагдвал шийдвэрлэнэ. Түүнчлэн хуулиар цаашид оршин суугчид газраа дундаа хамтран өмчилдөг болсноор үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусгавар болоход дараа нь дахин эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг оршин суугчид олгоно. Ингэснээр үр хүүхдэдээ өвлүүлэх, захиран зарцуулах эрх баталгаажиж байгаа юм.
-Гэрийн тэжээвэр амьтан тэжээвэл эсвэл авто машины зогсоол дээр машинаа тавивал нэмж төлбөр төлнө түүнчлэн газрын маргаан шүүх дээр их байдаг гэсэн байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр байгаа вэ?
-Ер нь гэрийн тэжээвэр амьтан тэжээх эрх нь иргэдэд бий. Гэхдээ аюулгүй байдлыг хангах талаас нь цэвэрлэгээ, орчин тойрныг бохирдуулах зэргээр асуудал үүсдэг. Үүн дээр зарим СӨХ төлбөр авна гэдэг ч иргэд төлбөрөө ихэнхдээ өгдөггүй. Хэдийгээр мал амьтны тухай хуулиар зохицуулсан дүрэм, журмыг барих хэдий ч оршин суугчдын аюулгүй байдлыг хангах гэдэг үүднээс төлбөр авах нь зөв. Нэмэлт зардал гарч байгаа учраас. Мөн газрын шүүхэд нэхэмжлэлээр үүссэн маргаантай асуудал сүүлийн дөрвөн жилд 5-6 мянгаар тоологдож байна. Энэ тоо нарийвчилсан мэдээллээр бол бүр нэмэгдэнэ. Эдгээр маргааны дийлэнх нь орон сууцны байшингийн дор байгаа болон дээр байгаа орчны эдэлбэр газартай холбоотой маргаан тасрахгүй байна. Тиймээс үүнийг энэ хуулиар бүрэн зохицуулсан. Өөрөөр хэлбэл дундаа хамтран өмчлөх иргэдийн эрхийг баталгаажуулж өгнө. Үүнийг ярихаар гадаадын иргэнд газар өмчлүүлэх гэж байна гэдэг. Тийм зүйл бол байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар гадаадын иргэнд газар өмчлүүлэх эрх байхгүй. Гадаадын иргэдэд хамааралгүй асуудал. Харин Монгол Улсын иргэд өмчилж авсан орон сууцныхаа байшингийн доор байгаа болон орчны газраа дундаа хамтран өмчилнө. Үүнд мөн барилгын компаниудын үүргийг тодорхой болгож өгсөн. Тодорхой болгоогүйгээс нөгөө газрынхаа хажууд дахин нэг барилга барьчихдаг.Тэгэхээр орчны эдэлбэр газрыг хэдий хугацаанд иргэдэд шилжүүлж өгөх вэ гэдгийг нарийн зааж өгсөн. Дундаа хамтран эзэмших газрыг шилжүүлэхдээ тухайн сууцны иргэдийг төлөөлж байгаа хуулийн этгээд болох СӨХ болон хэнд шилжүүлэх вэ гэдгийг ч нарийн тусгасан.Түүнчлэн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хогийн цэг, зогсоол зэргийн стандартыг нэг болгож өгсөн. Тодорхой стандартгүйгээс дийлэнх хэсэг нь орчиндоо аятай тухтай амьдарч чадахгүй байна.Тиймээс хуулиар нэг стандарттай болгож өргөжүүлж, хариуцлагажуулж байна. Мөн долоодугаар бүлэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын санг байгуулах тухай зааж өгсөн. Хуулийг олон нийтээр хэлэлцүүлж улмаар УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 12 (7754)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn