Төмөрбаатарын БАТСАЙХАН
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцлаа. “Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага 17.00 цагаас эхэлж, 20.00 цагт үргэлжлэв. Засгийн газрын тэргүүн нь олон нийтийн телевизээр иргэдтэй шууд, ил тод нээлттэй ярилцсан анхны тохиолдол байлаа. Тиймээс “Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагаас онцлох асуулт хариултыг тоймлон хүргэж байна.
“Дэд сайд томилсноор хяналт, бүтээмжийг нэмэгдүүлж байгаа”
Сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл:
-Төсвийн үр ашиггүй зардлыг танахтай холбоотой байр суурийг та удаа дараа илэрхийлж байсан. Үр дүн гарч эхэлсэн үү. Төрийн албан хаагчдын орон тоог цомхотгоно гэж нэг талдаа зорилт тавиад бодлого тодорхойлсон нөгөө талдаа зарим орон тоог сэргээж ажиллуулж байгаа. Тухайлбал, дэд сайдуудын орон тоог та яагаад байх ёстой гэж үзэв?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Тоо баримт худлаа хэлдэггүй. Бодитой үр дүнгүүд гарч эхэлсэн. Би үүрэгт ажлаа авсан зургаадугаар сарын 12-ноос хойш оны эцэст гарч болзошгүй эдийн засгийн нөхцөл байдлыг харж, тодорхой аргаа хэмжээг авч ажилласан. Инфляц 15 хувьд хүрэх, ам.долларын ханш 4000-д хүрэх бодит эрсдэлүүд тулгарсан байсан. Гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл байсан. Нүүрсний үнэ гэхэд хоёр дахин унасан байлаа. Төсөвт 114 ам.доллароор төлөвлөсөн байсан ч бодит гүйцэтгэл 65 ам.доллар болсон. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн ийм хэмжээнд хүрсэн учраас төсвийн зардлыг 2.2 их наяд хүртэл танах төсвийн тодотголыг хийж ажиллалаа. Хэрэв энэ тодотголыг хийгээгүй байсан бол оны эцэст биднийг эдийн засгийн ямар нөхцөл байдал хүндрэх байсан. Тиймээс төрийн бүтцийг цомхон, үр ашигтай болгохын төлөө бодитой алхмууд хийсэн. Ер нь 2.2 их наядаар төсвийг танах амар байгаагүй. Янз бүрийн хэл ам, хэрүүл тэмцэл их байсан. Тэр бүхнийг үл харгалзан энэ ажлыг хийсэн. Энэ хугацаанд 200 орчим газар, хэлтсийн даргын орон тоог цомхотгож, 1000 орчим улс төрийн албан тушаалтныг цөөллөө. Энэ бол инфляц гэдэг нэргүй хулгайчаас иргэдийнхээ орлогыг хамгаалж, эдийн засгийн дарамтыг бууруулахад чиглэсэн шийдвэр юм. Дэд сайд байна гэдэг нэг талаасаа хяналт бий болгож байгаа хэрэг нөгөө талаасаа бүтээмжийг нэмэгдүүлж байгаа. Дэлхийн бүх улсад орлогч сайд нар байж ажил явдаг. Энэ бол улстөржүүлэх сэдэв биш.
“Төсөв дээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх бодлого барина”
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн н.Жамсран:
- Өндөр настны тэтгэврийг нэмэхгүй бол амьдрал хүндэрч байна. Засгийн газар ахмад хүмүүсээ харж үзэхгүй хаячхаад байна. 80 мянган төгрөг нэмсэн. Энэ бол хаана ч хүрэхгүй байна?
Дорнод аймгийн иргэн Б.Амгаланбаатар:
-Төрийн албан хаагчдынхаа цалинг жаахан нэмж өгөх боломж байхгүй юу. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 30 хувь нэмэгдүүллээ. Үр дүнгийн урамшуулал олгоно гэсэн боловч одоог хүртэл ойлгоогүй байна?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
- Цар тахлаас хойших үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд ихээхэн дарамт учруулж байна. Энэ үнэн, санал нэг байна. Эдийн засаг өсөж, төсөв тэлж байх үед цалин тэтгэврийг хангалттай нэмж чадаагүй. Багш эмч нарын цалинг 30 хувь нэмнэ гэсэн ч биелээгүй. Энэ нь энэ жилийн төсөв дээр ихээхэн том ачаа болж орж ирсэн. 1.1 их наяд төгрөгөөр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ гэж заасан. Энэ жилийн инфляцын түвшинг зургаан хувиар төсөвт төлөвлөсөн. Тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлж, төсөвт 478 тэрбум суулгаад байна. Энэ асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Доод тэтгэврийг илүү нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд доод тэтгэврийг 11.2 хувиар нэмэгдүүлж, нэгэн жигд 80 мянган төгрөгөөр нэмж байгаа. Тэтгэврийг хувиар нэмэгдүүлэхээр өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийнх өндөр нэмэгддэг. Бага тэтгэвэр авдаг нь баг нэмэгддэг. Тэгэхээр 478 тэрбум төгрөгөө жигд хуваарилахаар болсон. Ерөнхийдөө ирэх таван жилийн хугацаанд Засгийн газраас тэтгэврийг 70 хувь нэмэгдүүлэх төлөвлөгөөг батлаад байгаа. 259 мянган иргэд тэтгэврийн зээлтэй байна. Цаашид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах чиглэлд ажиллана.
-Багш эмч нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд 1.1 их наяд төгрөг зарцуулахаар төсөв суулгасан. Төсвийн орлого нэмэгдэж, үүнээс илүү боломж байсан бол бид нэмэхээр байлаа. Гэвч бодит байдал тэс өөр. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Ямартай ч манай Засгийн газар унаж байсан эдийн засгийг тогтворжуулж чадсан. Мөнгө хэвлээд хоосон нэмэгдэл үүсгэж болно. Гэтэл араас нь явж байгаа инфляц үүнийг гүйцчихээр иргэдийн орлого нэмэгдсэн ямар ч үр дүн гарахгүй. Иргэд маань хохирно. Ийм учраас бодит боломждоо тулгуурлаж, эдийн засгийн тооцоо судалгаатай хөдлөх нь чухал байна.
“Аливаа асуудал хүндээ ч тогтолцоондоо ч байна”
Хан-Уул дүүргийн иргэн Батболд:
-Таван толгой тойрсон 70 их наядын нүүрсний хулгайн асуудлаа хэрхэн шийдэх вэ. Ашигт малтмалын хайгуулын лицензыг мэргэжлийн бус хүмүүст өгөхөө хэзээ зогсоох юм бэ. Их замбараагүй байна. Засаг төрийн хямрал бол нүүрлэчихлээ. УИХ яг иргэдийнхээ өмнөөс ажилламаар байна. Гүйцэтгэх засаглалын хүч сул байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Баялгийн хулгайтай тэмцэх бол манай Засгийн газрын тэргүүлэх зорилт байгаа. Таван толгой дээр онцгой дэглэм тогтоосноор экспорт 16.6 дахин нэмэгдэж, үр ашиг хоёр дахин сайжирсан. Нүүрсний үнэ унасан ч тэтгэвэр, цалин нэмэх эх үүсвэр ингэж бий болсон. Гэхдээ манай дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 100 их наяд хүрэхгүй. 100 их наядын ДНБ-тэй улс 70 их наядыг алдах боломжгүй. Манай нийт нүүрсний экспортын хэмжээ 15 тэрбум ам.доллар. Хулгай байгаа юу гэвэл байгаа. Татвар, гааль гээд ер нь цэгцлэх ажил ид өрнөж байна. Цэгцрэх хөдөлгөөний хүрээнд асуудал нэг л өдөр өргөс авсан мэт зүгээр болчихгүй. Тогтолцооны шинж чанартай асуудлууд ч байна. Хүндээ ч тогтолцоондоо ч байна. Тэгэхээр энэ хоёр асуудлыг нэг мөр шийдэх зорилгоор бид цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээнд Баялагтаа эзэн байх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Засгийн газар 300 хоногийн ажлын төлөвлөгөө гаргасан үүнд ард иргэдийн байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлж, хуримтлалын сангийн дансанд байгаа мөнгийг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох хуримтлалыг нэг сая төгрөгт хүргэж ажиллана. Баялаг хулгайд биш баялгийн санд төвлөрч ард иргэдэд очдог байх ёстой. Гэхдээ бэлэн мөнгө тараах бодлогыг дэмжихгүй. Энэ нь инфляцыг хөөрөгдөж, валютын тодорхой хувь гадагшаа урсах орчин нөхцөлийг бий болгож байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулна. Авлигатай холбоотойгоор 300 гаруй холбогдогчтой 58 авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байна. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгө хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжлээд байгаа гэсэн мэдээлэл байна.
“Газар өмчлүүлэх эрхийг эрх тэгш, шударгаар шийдвэрлэнэ”
Баянзүрх дүүргийн иргэн Хулан:
-Иргэн бүрд 0.7 га газар өгнө гэсэн Засгийн газрын хөтөлбөр байдаг. Залуу гэр бүлийн хувьд газар өмчлөх хүсэлтээ олон удаа явуулсан, хөөцөлдсөн. Засгийн газрын хөтөлбөрүүд яагаад ямар нэгэн систем дээр очоод гацчихдаг юм бэ. Чаддаг танилтай хүмүүс нь газар авч яг зорилтот хүмүүстэй хүрэхгүй байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Засгийн газраас 0.7 га газрыг аваагүй иргэдэд газар өмчлүүлэх эрхийг эрх тэгш, шударгаар шийдвэрлэх болно. Ерөнхий сайдын хувьд холбогдох хүмүүст үүрэг өгсөн. Орон нутагт газар олгох эрх мэдлийг шилжүүлж байна. Аймгийн төвүүдэд газар олгохтой холбоотой харилцааг хуулиар зохицуулж өгнө. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад, Сэлэнгэ аймагт газар тариалан эрхлэх газрыг олгохын тулд хуулиар хялбаршуулсан байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал Орхон, Эрдэнэт хот болон Сэлэнгэ аймагт очоод суурьшин жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх, хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх хүсэл сонирхолтой иргэдэд тухайн үйлдвэрлэлтэй холбоотой газрыг шийдвэрлэж өгөхөөр зорьж байгаа. Ингээд аливаа асуудлыг тал бүрийн олон талын ач холбогдолтой шийдвэрлэн ажилласнаар, Улаанбаатар хотын төвлөрөл саарч, утаа, агаарын бохирдол буурах, цаашлаад хүн амын хэт төвлөрөл нийслэлд үүсээд байх бус орон нутагтаа ажиллаж, амьдрах нийгмийн баталгаа, ажлын байр, орон сууцжуулах төслүүдийг бүтээн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 11 (7753)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn