“Рио Тинто”, “Гленкор” хоёр нэгдвэл Оюу толгой төсөлд яаж нөлөөлөх вэ?!

2026-01-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ОЧИР

 

Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани “Гленкор” компанийн хувьцааг худалдан авах хэлэлцээр хийж буйгаа өнгөрсөн долоо хоногт албан ёсны вэбсайтаараа мэдэгджээ. Монголчууд “Рио Тинто”-гийн талаар ерөнхийд нь гадарлана. Тус компани өдгөө дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани гэж эрэмбэлэгддэг. Ойролцоогоор 40 оронд үйл ажиллагаа явуулдаг. Тус компани төмрийн хүдэр, зэс, нүүрс, уран, хөнгөн цагаан, алмаз, алт олборлодог бөгөөд титаны давхар исэл үйлдвэрлэдэг уул уурхай, металлын компаниудын нэг юм. Харин “Гленкор” бол Англи-Швейцарийн эрчим хүч, суурь металл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч, уул уурхайн бас нэг томоохон компани юм.

“Рио Тинто” мэдэгдэлдээ “…Компаниуд бие даасан хөрөнгө болон бүх үйл ажиллагаагаа нэг болгоно. Ингэхдээ “Рио Тинто” нь “Гленкор”-ыг худалдаж авч, хоорондын төлбөрөө хувьцаагаар хийнэ” гэжээ. Эх сурвалжууд “…“Рио Тинто”, “Гленкор” компаниуд гэрээний талаар эртнээс үе шаттай хэлэлцээ хийсэн. Гэвч хэлэлцээр одоо хүртэл үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Үнэхээр ч хоёр компани 2014-1”2015 онд, дараа нь 2022-2023 онд яг ийм хэлэлцээрт орж байсан ч бүтэлтэй болоогүй юм. Учир нь “Гленкор” нүүрсний худалдаа дээр гол анхаарлаа тавьдаг бол “Рио Тинто” энэ зах зээлээс гараад цөөнгүй жилийг үдсэн. Мөн, хоёр компанийн соёл нь тэс өөр зүй тогтолтой. Гэхдээ, хоёулаа дэлхийн хамгийн шилдэг зэсийн уурхайнуудын заримыг эзэмшдэг. Тэр нь энэ хэлэлцээрийн гол утга учир нь болж байна. Гэхдээ дээрх хоёр компанийн зүгээс албан ёсоор нарийн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж.

Үүнээс гадна, олон улсын, ялангуяа барууны хэвлэлүүд уг үйл явдлыг “…“Рио Тинто” компани “Гленкор” компанийн хувьцааг худалдан авна” гэж байна. Тухайлбал, “Ройтерс” агентлаг “…Уул уурхайн “Рио Тинто” компани “Гленкор” компанийг худалдаж авахаар хэлэлцээр хийж байна. Энэхүү боломжит хэлэлцээр нь дэлхийн салбарын шинэ тэргүүлэгчийг бий болгож, зэсийн зах зээлийг улам бүр нэгтгэх боломжтой” гэсэн. Харин Оросын хэвлэлүүд “…Хоёр компани нэгдэнэ” хэмээн мэдээлж байна.

“Рио Тинто”, “Гленкор” компаниудын хэлэлцээр ямар шийдэлд хүрэх нь 2026 оны хоёрдугаар сарын 5-нд тодорхой болно. Их Британийн хуулийн дагуу “Рио Тинто” компани тухайн өдрийн Лондонгийн цагаар 17:00 цаг гэхэд “Гленкор” компанид “цаашдын хамтын ажиллагаа”-ны саналаа тавих, эсвэл хэлэлцээрийг зогсоохын аль нэгийг мэдэгдэх ёстой юм байна. Энэ нь дэлхийн уул уурхай, эдийн засгийн шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй юм. Учир нь, өнгөрсөн долоо хоногт компанийн Лондонгийн арилжааны бирж дээрх үед зах зээлийн үнэлгээ нь 142 тэрбум ам.доллар орчим байсан. Тэгэхэд “Гленкор” компанийнх 65 тэрбум ам.доллар орчим үнэтэй байв. Хэрвээ тус хоёр компани нэгдэх буюу хувьцааны худалдаа хийвэл дэлхийд тэргүүлэх уул уурхайн BHP-ийн дээр гарна. BHP бол төмрийн хүдэр, зэс, нүүрс олборлох, борлуулах чиглэлээр мэргэшсэн Австралийн олон улсын уул уурхай, металлын компани юм. Тус компани 126 тэрбум орчим ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Ер нь бол “… “Рио Тинто”, “Гленкор” компаниуд нийлэх юм бол дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг байгуулах боломжтой. Энэ нь салбарын хүчний тэнцвэрийг мэдэгдэхүйц өөрчлөх болно. Тиймээс, цаашид BHP болон бусад тоглогчдыг нэгтгэх алхам болохыг үгүйсгэхгүй” хэмээн шинжээчид дүгнэж байна.

“Блүүмберг”-ийн шинжээч Грант Споррег “…Хоёр компанийн нэгдэл нь зэсийн тэргүүлэгч уурхайг бий болгоно. Гэхдээ, тодорхой саад бэрхшээлүүдтэй тулна. “Гленкор” бол дэлхийн хамгийн том дулааны нүүрс тээвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Тэд одоогоор “…Үүнээсээ салахыг хүсэхгүй гэж мэдэгдсэн” гэх мэдээлэл байна. Мөн тус компани “Рио Тинто”-гийн олборлодоггүй никель, цайр олборлодог. Ардчилсан Конго улсад зэс, кобальтын уурхайтай. Гэтэл тэр нь “Рио Тинто”-гийн үйл ажиллагаа явуулахаас удаан хугацааны туршид зайлсхийж ирсэн үйл ажиллагаа байдаг. Бас, “Гленкор” нь асар их хэмжээний металл, нүүрс, газрын тос худалдаж авах, борлуулах, тээвэрлэдэг дэлхийн хамгийн том түүхий эдийн худалдааг эрхэлдэг.  Тэдний нэгдэл нь зохицуулагчдын монополийн эсрэг хяналтад орж болзошгүй” гэсэн байна.

Түүнчлэн, Оросын хэвлэлүүдийн мэдээдж буй “өнцөг”-ийг дээр дурдсан нь санаандгүй зүйл биш юм. УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн асуудлаар сонсгол зохион байгуулах үеэр зарим эх сурвалж “…Оюу толгой Оросын мэдэлд очих гэж байгаа” гэдэг мэдээлэл тараасан. Тэр нь, Оросын бизнесмэн Олег Дерипаскагийн үүсгэн байгуулсан, одоо хувь эзэмшдэг “Русал” компани “Рио Тинто” хоёрын гэрээний маргааныг хэлжээ. Гэтэл, “Русал” компани нэгэн цагт “Гленкор” компанийн түнш байсан. Гэхдээ сүүлд хувьцаагаа зарсан. Өөрөөр хэлбэл, “Гленкор” компани нь Олег Дерипаска, эсвэл “Русал” компанитай шууд холбоогүй юм байна.

Харин түүнээс илүүтэй, “…“Рио Тинто”, “Гленкор” компаниуд нэгдэх нь Оюу толгой төсөлд ямар нөлөөлөл үзүүлэх вэ” гэдэг бидний хувьд чухал болно. “Рио Тинто” өчигдрөөс, өнөөдрийг хүртэлх 16-17 жилийн турш Монголыг үл ойшоож ирсэн нь ичээд нуугаад байх зүйл биш болсон. Хэрвээ, тэд нэгдвэл дэлхийд эрэмбээрээ хоёрт байсан “Рио Тинто” хамгийн том нь болно. Тэгж томроод Монголыг урьдахаасаа илүүтэй үл тоох уу. Ер нь, “Шинэ Рио Тинто” Монголд яаж хандах вэ. Тэр нь маш сонин байна. Учир нь, өнөөдөр Лондонгийн арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК “…Монголын Засгийн газар хууль бусаар татварын акт тавьсан” гээд өгчихсөн. Засгийн газар болохоор “… “Рио Тинто” нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа, түүнээс хойш Монголын улстөрчид, албан тушаалтнуудад авлига өгсөн” гэж сөрөг нэхэмжлэл гаргаад оролцогчоор татуулчихсан. Уг нь, энэ шийдэгдэх хугацаа нь улам ойртсон. Дээрээс нь, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “…Оюу толгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ” гэж мэдэгдсэн. Эдгээр нь “Рио Тинто”, “Гленкор” компаниуд нийлэх эсэх хэлэлцээртэй давхацчихлаа даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 8 (7750)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21