Хотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!

2026-01-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Хотын дарга нар иргэдэд хуулийг дагуу эзэмшүүлж, өмчлүүлдэг 0.07 га газар олгохыг бараг дөрвөн жилийн турш хориглосон. Анх 2021 онд тэгж шийдэж байв. Тухайн үед Хотын дарга Д.Сумьяабазар “…Газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотойгоор иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй” үзсэнээ олон нийтэд мэдэгдэж байсан юм.

Ингэхдээ, Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгож байлаа. Үнэндээ, энэ нь тодорхой захиргааны актгүй ч иргэдийн 0.07 га газар олголтыг хориглосон хэвээр 2025 оныг дуусгасан. Тэр хооронд Засгийн газрын тогтоолоор хэдэн иргэнд хэчнээн хэмжээний газар олгохыг төлөвлөдөг ч тэр нь хэрэгжихгүй явж ирсэн. Тухайлбал, 2024 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Засгийн газрын 137 дугаар тогтоолоор 9549 иргэнд 1213.9 га газрыг улсын хэмжээнд өмчлүүлэхээр баталсан. Гэхдээ, албаны хүмүүс “…Одоогоор манай улсын хэмжээнд төлөвлөлтөд орсон, хэсэгчилсэн төлөвлөгөөтэй газрын нөөц бага байгаа учраас улсын хэмжээнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажил хязгаарлалттай байгаа” гээд таг зогсчихож байсан.

Харин Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан.

Энэ дагуу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхлэхээр болоод байгаа юм.

Гэтэл Хотын дарга нар иргэдэд 0.07 га газар олгохыг хориглосон үед Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн ноцтой асуудал гарсан. Тодруулбал, Хотын даргын орлогч Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-д 5.4 га газар олгожээ. Тус компаниас 2022 оны наймдугаар сарын 12-нд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын зүүн урд талд 5.4 га газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг гаргажээ. Ганцхан өгүүлбэртэй уг хүсэлтийг Хотын дарга нар ёсоор болгож шийдсэн. Тэгэхдээ, Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-д уг 5.4 га газрыг амины орон сууцны зориулалтаар олгожээ. Улмаар тус компанийн хүсэлтийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 28 дугаар хурлаар 2025 оны зургадугаар сарын 12-нд хэлэлцээд “Үйлчилгээтэй орон сууцны цогцолбор” барих загвар зургийг нь баталсан. Тэгээд, уг 5.4 га газарт орон сууцны хороолол бариад эхэлжээ. Одоо барилгын ажил нь нэлээд явцтай үргэлжилж байна.

5.4 га газар гэдэг бол 0.07 га-гаар олгоход 77 иргэн, айл өрхөд олгох боломжтой. Гэхдээ, хотын жирийн иргэдэд Яармагийн Морин тойруулгын орчимд газар олгоно гэдэг гонжийнжоо. Ямар ч хүсэлтийг яаж ч өгөөд гоьдсоны гарз болно.

Ийм дабл стандарт хэрэгжээд 2-3 жил өнгөрөх гэж байна. Гэвч Хотын одоогийн дарга “харахгүй”, АТГ ч “анзаарахгүй” байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Уг нь, дээрх үйлдэл нь албан тушаалтнуудын аранга болдог Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ил цагаан зөрччихсөн. Авлигын эсрэг хуулийн 3.1.1-т “…Авлига гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ”, 3.1.2-т “…Ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ”, 3.1.3-т “…Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хэлнэ”, 3.1.4-т “…Давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ” гээд тодорхойлчихсон.

Мөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

3.1.2-т “…Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ”,

3.1.3.-т "…Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ”, 3.1.5-д “…Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ”, 3.1.6-д “…Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гээд заачихсан.

Тиймээс, Хотын дарга Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа нараас “…Хотын даргын орлогч асан Б.Одсүрэнгийн хамааралтай компани 5.4 га газар эзэмшсэн нь энэ хоёр хуулийг зөрчсөн үү. Эсвэл хуулийн хүрээнийх үү” хэмээн асуух шаардлага үүсэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 7 (7749)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21