Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

36 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ГАРЬД

 

Оюу толгой төсөл ойрын өдрүүдэд тал бүрээсээ “мөлжүүлж” байна. Угтаа, энэ сайн хэрэг юм. Учир нь, “...Төрийн нууц”, “...Түшээдийн цээжинд үлдсэн нууц”, “...Хөрөнгө оруулагчийн бизнесийн нууц” гээд өнгөрсөн 16 жилийн туршид Оюу толгой үндсэндээ нууцын дардастай явж ирснийг ил болгох цаг нь ирсэн. Яг үнэндээ, эдгээр нууцаар халхавчилснаас үүдээд Оюу толгойн гэрээний эргэн тойрон дахь нууцыг Монголын ард түмэн байтугай, төр ч мэдэх ёстойгоо мэддэггүй байна.

Ямартай ч, 16 жил явсны эцэст Оюу толгой төслийг тойрсон эрх ашгийн “трио” буюу гурван тал хоорондоо мөргөлдөж байна. Энэхүү эрх ашгийн “трио” нь эхлээд Оюу толгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”, удаах нь Оюу толгойн гэрээг хийсэн Монголын Засгийн газрын түшээд, гуравт нь Оюу толгойн эзэд бөгөөд энэ орд, төслөөс хувь ашиг хүртэх учиртай Монголын ард түмэн юм. Өнөөдөр хөрөнгө оруулагчид нэгэнт хангасан эрхээ хангасан хэвээр үлдэхийг, уг гэрээг хийсэн түшээд “...Монголд ашигтай” гэж итгүүлсээр байхыг, харин Монголын ард түмэн 16 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн Оюу толгойн ордоос хувь хүртэхийг хүсэж байгаа юм. Тиймээс Оюу толгойн гэрээг 2009 онд байгуулахдаа, түү­нээс хойш бага зэрэг хөндөх бүртээ дэлхийд хэрэглэдэг жам ёсны хуулийн дагуу хийсэн үү. Ер нь энэ гэрээ онолд хэрхэн нийцдэг вэ. Ийм асуудлууд зүй ёсоор хөндөгдөж байна.

Уг нь, Монгол Улс 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Эхэндээ “…Энэ бол улс орны эдийн засагт асар их боломж авчрах төсөл” хэмээж байсан. Гэвч 16 жил үргэлжилсэн олборлолт, ашиглалтын дараа Монголын талын 34 хувийн эзэмшлийн бодит өгөөж “тэг” хэвээр л байна. Ухаад үзвэл, энэ нь хөрөнгө оруулалтын эхний зардлыг Монголын талын өр хэлбэрээр тооцсон санхүүгийн бүтэц, зардлын хэтрэлт, мэдээллийн ил тод бус байдал, арбитрын дарамт, тогтвортой байдлын заалтаар дамжсан хууль тогтоох бүрэн эрхийн хязгаарлалт зэргээс болжээ. Харамсалтай нь, эдгээр хүчин зүйл нь “…Оюу толгой төсөл зөвхөн эдийн засгийн төдийгүй геополитикийн болон улс төрийн эдийн засгийн бие биедээ нөлөөлсөн асимметрик бүтцийг агуулсан” гэдгийг нотлон харуулж буй юм.

Ер нь бол, Оюу толгой төсөл нь Монголд одоогоор “…XXI зууны хамгийн эхний бөгөөд хамгийн том зэс, алтны хөрөнгө оруулалт болсон. Гэсэн хэдий ч уг гэрээг байгуулсан Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” группын хоорондын түншлэлийн эдийн засаг, улс төрийн бүтэц олон жилийн турш маргааны гол сэдэв байсаар ирлээ.

Хэдийгээр “Рио Тинто”-г “…Оюу толгой ордыг хүчээр түрэмгийлэн ашиглаж, тухайн улсад эдийн засгийн болон улс төрийн тогтолцоо албадан байгуулсан империалист хүч” гэж шууд нэрлэх боломжгүй ч уг ордыг ашиглах хэлэлцээ, санхүүжилт, мэдээллийн урсгал, арбитрын стратеги, “тогтвортой байдлын заалт”-аар дамжуулсан бүрэн эрхийн хязгаарлалт зэрэг нь орчин үеийн корпорацийн нео-империализмын онолд тодорхойлогддог шинжүүдийг тодорхой хэмжээнд агуулсан байгаа юм. Тодруулбал, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Рио Тинто”-гийн Оюу толгойтой холбоотой бүхий л шийдвэрүүд Монгол Улсын бодлогын маневрын орон зайг системтэйгээр хумьж, санхүүгийн хамаарал үүсгэж, мэдээллийн тэгш бус байдлыг бий болгосон. Үүнийг “…Оюу толгойн гэрээ нь нео-империалист бүтцийн тод шинж хэлбэртэй байна” гэж үзэхээр болсон байна.

Бүр цаашлаад, онолын талаасаа “Рио Тинто”-гийн Оюу толгой дахь үйл ажиллагаа нь уламжлалт империализм, нео-империализм, төв–захын харилцааны онолын хаана нь харьяалагдахыг харах нь чухал юм. Уламжлалт империализмын тухайд нутаг дэвсгэрийн эзлэн түрэмгийлэл, улс төрийн шууд хяналт, цэргийн хүчээр дэмжигдсэн нөөцийн олборлолт, колонийн ашиг сонирхолд нийцсэн захиргааны шинжээр илэрдэг. Гэхдээ “Рио Тинто” нь Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагчаар орж ирснээр Монгол Улсын нутаг дэвсгэр эзлээгүй, улс төрийн шууд хяналт тогтоогоогүй, цэргийн хүчин ашигладаггүй юм. Иймээс уламжлалт утгаар “империалист” гэж нэрлэх боломжгүй гэсэн үг. Гэхдээ, империализмын функциональ шинж, тухайлбал нөөцийн төвлөрсөн олборлолт, эрх зүйн ялгаатай дэглэм тогтоох, эдийн засгийн хамаарал үүсгэх зэрэг нь орчин үеийн корпорацийн түвшинд дахин илэрч байгаа юм.

Харин нео-империализм ба хамаарал-структурын онолын тухайд, эдийн засгийн давамгайлал, улс төрийн шууд бус хяналт буюу колони тогтоохгүй ч гэрээ, санхүү, хууль эрх зүйгээр дамжуулан тусгаар улсын бодлогын орон зайг хязгаарлах, хамаарал бий болгох механизм буюу өрийн дарамт, мэдлэгийн дангааршил, технологийн хяналт, зах зээлд нэвтрэх хязгаарлалт, мөн орчин үеийн корпорациудын “квази-сөрөг эрх мэдэл” буюу томоохон корпорациуд заримдаа жижиг улсуудаас ч илүү хууль эрх зүйн нөөцтэй, санхүүгийн хүчтэй, мэргэжлийн чадавхтай, мэдээллийн монопольтой байдаг. Энэ нь төв–захын загварын бүтцийг хуулбарладаг. Төв буюу ашиг шингээх, зах буюу нөөц нийлүүлж, эрсдэл хүлээнэ гэсэн үг.

Ер нь бол, томоохон олборлогч корпорациудын үйл ажиллагааг сүүлийн 10 жилээр нь харахад, Эквадорт орчны бохирдол, арбитрын дарамт, Индонезид бүрэн эрхийн хязгаарлалт, Танзанид төлбөрийн маргаан, татварын хөнгөлөлт зэрэг тохиолдлууд дэлхийн хэмжээнд ан­хаарал татсан. Үүгээрээ, “коопоратив нео-империализм”-ын жишээ болж академик судалгаанд орсон байна.

Гэтэл “Рио Тинто”-гийн Оюу толгой дахь үйл ажиллагаа дээрхтэй структурын түвшинд төстэй механизмыг илэрхийлж буй юм.

Үүнээс гадна, Оюу Толгойн гэрээг нарийчвлан шинжилсэн дүгнэлтүүдээс харахад, тогтвортой байдлын заалтаар дамжсан бүрэн эрхийн хязгаарлалт хийсэн. Ингэхдээ “Рио Тинто” нь Оюу толгойн гэрээгээр Монгол Улсаас татварын шинэчлэл хийх, байгаль орчны стандарт чангатгах, ашигт малтмалын бодлогоо өөрчлөх зэрэг үндсэн бүрэн эрхүүдээ олон арван жилээр “царцаах”-ыг шаардсан. Тодруулахад, тогтвортой байдлын гэрээ нь хөрөнгө татахад ашиглагддаг ч ядуу орнуудад энэ нь улс төрийн бүрэн эрхийг хязгаарлах корпорацийн механизм болж хувирдаг талтай.

Мөн Арбитрын стратеги ба “хуульчилсан дарамт” үүссэн. “Рио Тинто” компани татварын маргаан бүр дээр олон улсын арбитр ашиглахаа зарлаж, дотоодын шүүхийн эрх мэдлийг тойрч, түүгээрээ Монголын улс төрийн шийдвэр гаргагчдыг дарамталсан. Үүнийг академик судалгаанд “…Эмзэг орны нийгмийн гэрээг эвдэх засаглалын механик” гэж нэрлэдэг байгаа юм.

Дээрээс нь, өрийн бүтэц ба хамаарлын тухайд Монголын 34 хувийн парадокс бий болсон. Монголын тал ийм хэмжээний хувь эзэмшлийнхээ төлөө хөрөнгө оруулалтын зардлыг “Рио Тинто” компанитай байгуулсан өрийн гэрээ, компанийн өөрийн оролцоотой зээл, хүү, зардлыг нөхөх бүтэц болж хувирсан. Ингэснээр Монголын тал ашиг хүртэх хугацаа олон арван жилээр хойшлоход хүрсэн. Зардлын хэтрэлт бүр Монголын өрийг нэмэгдүүлдэг.  Тэр өрийн дарамт нь улс орны бодлогын хараат байдлыг нэмэгдүүлдэг. Шууд хэлэхэд, энэ нь өрийн колоничлолын орчин үеийн хэлбэр гэж үзэж болохуйц бүтэц юм.

Түүнчлэн мэдээллийн монополь, геологийн дата ба техникийн ноёрхол бас нэмэгдэнэ. “Рио Тинто” нь төслийн геологийн загварчлал, техник, инженерийн шийдэл, төсвийн хэтрэлтийн тооцоо, олборлолтын график, ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын хурдыг бүрэн хянадаг. Энэ нь Монгол Улс төслийн бодит өгөгдлийг бие даан баталгаажуулах техникийн болон хүний нөөцийн хүчин чадалгүйгээс болсон. Ингэж ассимметрик мэдээллийн орчин бий болсон гэсэн үг.

Эдгээр дээр Монголын улстөр-эдийн засгийн эмзэг байдал бас тодорхой нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Оюу толгойн гэрээ байгуулагдах үед Монгол Улс санхүүгийн хувьд хөрөнгө татах өндөр хэрэгцээтэй, уул уурхайн аудитын чадавх сул, улс төрийн тогтворгүй байдалтай, олон улсын корпорациудтай харьцах туршлага муутай байсан. Энэ нь хэлэлцээнд асар их асимметрийг бий болгосон байдаг.

Тиймээс “Рио Тинто”-г “…Онцгой муу тоглогч уу” гэх асуулт гарч ирнэ. Судалгаануудаас үзэхэд “…“Рио Тинто” бол системийн нэг хэсэг юм. Тэд дэлхийн олборлох корпорациудын нийтлэг стратегийг ашигладаг. Тэр нь корпорацийн системийн структурын тэгш бус байдалд оршдог” гэж болохоор байна. Гэхдээ “…“Рио Тинто” нь уламжлалт империализмын утгаар империалист компани” гэж нэрлэх боломжгүй юм. Учир нь, тус компани түүхэндээ аль нэг улсын нутаг дэвсгэрийг эзэлж, улс төрийн албан захиргаа тогтоож үзээгүй байгаа юм. Гэвч, Оюу толгойн төсөл дээр тогтвортой байдлын заалтаар Монгол Улстай хамтарсан бүрэн эрхийг хязгаарласан. Өрийн механизмаар Монголын талын өгөөжийг хойшлуулсан. Мэдээллийн монополь бий болгосон. Арбитрын дарамтаар бодлогын орон зайг шахсан. Ашиг хуваарилалтыг асимметрик бүтцээр зохион байгуулсан. Эдгээр стратегиудыг баримталж хэрэгжүүлсэн. Энэ нь шууд утгаараа, орчин үеийн корпорацийн нео-империализм юм. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” нь колоничлолын уламжлалт хэлбэрийг бус, харин нео-империалист эдийн засаг, эрх зүйн бүтцийг Монгол Улсад хэрэгжүүлсэн байна. Хамгийн гол нь энэ дүгнэлтийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон экспертүүд хийжээ. Тиймээс, эхэнд хэлсэнчлэн эрх ашгийн “трио”-гоос ганц “Рио Тинто” л ханатал хангасан болж таарч байна. Үүнийг дагаад, уг гэрээг байгуулсан, дараа нь хөндсөн зассан Монголын төр, засгийн үе үеийн улстөрчид хаяагаа манаж, өөрсдийгөө цагаатган авч гарахыг оролдож байна. Харин Монголын ард түмэн “…Оюу толгойгоос хэзээ нэг цагт ашиг хүртэнэ” гэх итгэлтэйгээр олон сая хувьсагчтай тооны хичээлд суусаар л өнөөдрийг хүрлээ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 232 (7729)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

Оюу толгой төсөл ойрын өдрүүдэд тал бүрээсээ “мөлжүүлж” байна. Угтаа, энэ сайн хэрэг юм. Учир н

36 мин
С.Даваасүрэн: Хагас коксон түлшний чанарт ямар ч эргэлзээ байхгүй

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Дава

36 мин
Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэ

36 мин
Ли Жан Хуа: “Хуулийн байгууллагаар яваад нэмэргүй. Бүгд манай талд байгаа” гэж сүрдүүлсэн

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм”

15 цаг 38 мин
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана

Нийслэлийн бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Улаа

16 цаг 52 мин
МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

18 цаг 11 мин
Путины Энэтхэгт айлчилж буйн гол зорилго: Газрын тос, батлан хамгаалах, геополитик

Дэлхий нийт холбоотон улс орнуудын харилцаанд гарч буй өөрчлөлт, геополитикийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Сонсгол: Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад

Өчигдөр 06 цаг 00 мин
АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн их будилуулж байна

АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн ихээр будилуулж байна

Уржигдар 17 цаг 22 мин
С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

Уржигдар 17 цаг 14 мин