Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

37 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Б.ОЧИР

 

Нүүрсний хулгайн тухай “ерөнхий” ойлголт

 

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орлогын 55 орчим хувь нь нүүрснийхээс бүрддэг. Ингэхээр нүүрс бол яахын аргагүй өнөө цагийн Монголын эдийн засаг болчихоод байгаа юм. Нүүрс нэгэнт эдийн засгийн ийм өндөр ач холбогдолтой учир түүний хайгуул, олборлолтоос эхлээд ачигдаад хил давах хүртэл нүүрсний хулгай хэмээх хар сүүдэр дагадаг. Хамгийн гол нь, нүүрсний хулгай гээч бол Монгол Улсад орох ёстой орлогын хулгай юм. Тэр утгаараа, уг хулгайг бүх шатанд нь таслахгүйгээр эдийн засаг асар их хэмжээний хохирол амссаар л байх болно.

Уг нь, нүүрсний ашиг орлогоос хулгайлах үйл явц аль эрт 2005-2006 оноос эхэлсэн байдаг. Гэхдээ энэ хулгайн тухай анх 2018 оноос мэр сэр яригдаж эхлээд 2022 онд олон нийтийн анхааралд орж ирсэн. Нүүрсний хулгайг улстөрчид, хууль хяналтынхан хэд хэдэн янзаар тодорхойлдог.

Америкаас эх үүсвэртэй, өдгөө дэлхийн хамгийн олон хүний энгийн мэдлэгийн цахим эх сурвалж болсон Википедиа-д 2022 онд “… “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас 385 мянга гаруй тонн нүүрсийг хууль бусаар олборлож хилээр гаргасан. …Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих үед нүүрсний хулгай гарсан. …УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хулгайн хохирол 40 их наяд хүрснийг зарласан. …УЕПГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний хулгайг шалгаж эхэлсэн”, 2023 онд “…Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн. …Нүүрсний хулгайн талаар олон нийт мэдэж, хуулийнхан шалгаж, хяналт сайжирснаар Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин нэмэгдсэнийг Засгийн газраас мэдээлсэн” зэрэг мэдээллүүд багтжээ.

Мөн, 2022 оны сүүлчээр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “…АТГ-аас нүүрсний хулгайг илрүүлэхэд үндсэн таван чиглэлээр шалгаж байна. Үүнд, бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон асуудал, нүүрсний гэрээнүүдийн асуудал, тээвэртэй холбоотой асуудал. Үүнд богинын тээвэр, уртын тээвэр, тээвэрлэгч компанийн ард байдаг улс төрийн нөлөө бүхий этгээд, С зөвшөөрлийн асуудал, төслийн санхүүжилтын асуудал” гэсэн. Үүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дэлгэрүүлээд “…Нүүрсний хулгай гэдэг бол нэгдүгээрт, Худалдан авах гэрээн дээр бусдад давуу байдал олгосон эсэх. Хоёрдугаарт, Худалдан авах ажиллагаа буюу тендер дээр бусдад давуу байдал олгосон эсэх. Гуравдугаарт, оффтейк гэрээ байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх. Дөрөвдүгээрт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийг сонгон шалгаруулахдаа давуу байдал үүсгэсэн эсэх зэргийг шалгахад хууль бус зүйл илэрвэл түүнийг хэлнэ” гэсэн. Үндсэндээ нүүрсний хулгайн талаар ийм ойлголт олон нийтэд бий.

 

Одоогоор илэрсэн нүүрсний томоохон хулгайнууд

 

-Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгийг 2008 онд УИХ, Засгийн газрын тогтоолгүйгээр тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд нь гэрээлээд “Энержи ресурс” ХХК-д өгсөн.

-“Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас 385 мянга гаруй тонн нүүрсийг хууль бусаар олборлож хилээр гаргасан.

-“Бодь интернэшнл” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 30 гаруй оффтейк гэрээ

-“Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ба Бортээгийн ордын асуудал

 

Нүүрсний хулгайтай тэмцэгчээс “нүүрсний хулгайч” болдог уу?

 

Хэн нэгэн улстөрч нүүрсний хулгайн талаар тэмцэгчийн байр дээрээс ярьдаг. Гэвч, тодоощрхой хугацааны дараа өөрийг нь өөр хэн нэгэн улстөрч “…Нүүрсний хулгайч” хэмээн зарладаг. Энэ их ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайтай тэмцэгч байснаа төдөлгүй нүүрсний хулгайч болж хувирдаг. Ийм явдал хэд хэдэн улстөрч дээр ажиглагдав.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч байхдаа прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож “…Би Монгол Улсын иргэний хувьд Тавантолгойн орд газрыг гэрээгээр халхавчлан үнэгүй өгөх оролдлого гаргаж, эдийн засгийн асар их боломжтой өгөөжтэй компанийг гаднынханд 100 жилээр өмчлүүлэх оролдлогыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсныг харсан. Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ ордыг 1960-1990 он хүртэл төрийн хөрөнгөөр хайгуул, хийж нөөцийг тогтоож, орон нутгийн чанартай компани байгуулан ажиллаж байсан. Төрийн өмчөөр хайгуул хийж, тогтоогдсон, төрийн өмчийн ордыг хууль бусаар хэн нэгэнд өгч хэрхэвч болохгүй. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газар Тавантолгойг дахиад гаднынханд өгөхөөр зүтгүүлсэн. Гаднынханд 100 жилээр өгөх оролдлого дахиад хийсэн гэсэн үг. Тиймээс Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг тавьж, баримтуудыг Ерөнхий прокурорт өгч байна” гэж байв.

Харин 2022 оны арванхоёрдугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “…Оффтэйк гэрээтэй холбоотой дийлэнх зөвлөмж Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед гарсан. Тухайлбал, 2008 онд хувийн компани Гашуунсухайтын төмөр зам барих гэж байхад зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая ам.доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн л нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далангийн ажил хийгээд зогссон. Дараа нь “Бодь интернэшнл" компаниар төмөр замын ажил гүйцэтгүүлэх зөвлөмж гаргасан хүн нь мөн л Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгуулах ёстой. Нүүрсний хамгийн том хулгайн хэрэгт шалгагдах ёстой хүн нь Ерөнхийлөгч асан, ҮАБЗ-ийг тэргүүлэгч асан Х.Баттулга. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хориотой. Оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга. Х.Баттулга 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой яллагдагчаар татагдаж байсан бүх хэргээ хэрэгсэхгүй болгуулсан тул сэргээх ёстой гэж бодож байна” гэсэн юм.

2022 оны арванхоёрдугаар сард Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “…Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Тавантолгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л.  Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монголын төрийн эмгэнэл” гэж байв. Түүнээс өөр олон улстөрч яг ийм байдалтай байна. Тэд нүүрсний хулгайтай тэмцэгч үү, эсвэл нүүрсний хулгайч уу?!

 

Нүүрсний том хулгайнууд МАН-ын Их хурлын дараа нам жим болсон нь ямар учиртай вэ?

 

Үнэндээ тийм л болчихсон. 2022 оны сүүлчээр огцом өндрөө авч, олны анхааралд ороод байсан нүүрсний хулгайн асуудал жил орчим яригдаж байгаад УИХ-ын 2024 оны сонгуультай хамт үндсэндээ сураг алдарсан. Харин сая МАН-ын даргын сонгуультай хамт дахин босож ирсэн. Энэ үеэр бас л нэр бүхий хэдэн улстөрч нүүрсний хулгайтай нэр холбогдон яригдсан. Хачирхалтай тэд мөн л дээр дурдсанчлан өмнө нь нүүрсний хулгайн эсрэг тэмцэж байсан, аль эсвэл эсрэгээр нэр холбогдож байснаа өдгөө тэмцэгч болж өөрчлөгдсөн байх юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 2022 оны дөрөвдүгээр сард “… Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын гишүүд холбогдсон байгаа. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ”, 2025 оны зургадугаар сард УИХ-ын чуулган дээр “…Ухаахудагийн асуудал том доргилт болдог юм билээ. Яалт ч үгүй улсын хэмжээний бяртай юм. Нөлөө бүхий улстөрчид нь нийлээд блоклочихоор Ордонд хүч алдаж байна”, “…Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс”-тай холбоотойгоор боссон нь үнэн”, 2025 оны арваннэгдүгээр сард “…Ухаахудагийг ярихгүйгээр нүүрс ярих хэрэггүй. “Бодь”-ийн оффтейк бол жинхэнэ нүүрсний хулгай. Том хулгай. Энэ гэрээг ярихгүй бол нүүрсний хулгай яриад хэрэггүй”, 

Мөн УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2022 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “…Ард түмний өмч болох Тавантолгой компани өнөөдөр хэсэг бүлэг хүний өмч болчихсон байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн газар нутгаас ихээхэн хэмжээний нүүрс хулгайлсан бодит үйл явдал. Тус компанийн 385 мянган тонн нүүрсний хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Нүүрсний асуудлаар 15 орчим албан тушаалтныг АТГ-т шалгаж байгаа.  Эцсийн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Үүнээс гадна Ерөнхий сайдын зүгээс ам нөхцлөөр буюу аман дээрээсээ нүүрсээ борлуулж буй байдал нь нүүрсний тээврийн компаниудын лоббигоор хийгдээд байдаг юм биш биздээ. Энэ нүүрсний тээврийн бизнесийг дагаад улсын эдийн засгийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний далд бизнес байгаа юм биш биз. Үүнийг шалгаж илрүүл" гэсэн асуудлыг хөндөж байсан. Тээврийн асуудалтай холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа" Үүнийг Засгийн газар ил болгож, шүгэл үлээж хариуцлага тооцуулахаар ажиллаж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Нүүрсний хулгайг Засгийн газар ил болгосныг олон нийт ойлгох хэрэгтэй” гэж байв.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2025 оны есдүгээр сард “…Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын нийт иргэн, улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10 тэрбум ам.доллар, төгрөгт шилжүүлбэл 35 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү их хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болохуйц “Нүүрс худалдах гэрээ”-г байгуулах тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, гаргасан шийдвэрүүд дээр өөрсдөө гарын үсгээ зуран баталгаажуулсан” гэсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдохоосоо хэдхэн хоногийн өмнө телевизийн ярилцлагад орж “…2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх шийдвэрийг гаргаж “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компанийг үүсгэсэн байгуулсан. Улмаар уг охин компанийн нэр дээр Бортээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Дараа нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор саяын охин компани байгуулах шийдвэрийг хүчингүй болгож татан буулгасан. Хэрвээ Бортээгийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй компани байгуулах хэлбэрээр ажилласан бол “Адменирал” компанийг тойрсон нүүрсний хулгайн асуудал гарахгүй байсан. … Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж ярьж байсан. Тэрээр “…Тэгээд Монгол чинь хүн амын бүтэц нь жижигхэн бүгдээрээ бие биеэ танина. Хаана юу болж байгааг маш сайн мэддэг. Тэгээд маш их хардамтгай. Амараа дарга маань ч гэсэн энийг бас нэлээн сайн цэгцлээд өөрөө манлайлаад явах хэрэгтэй. Би Амараа аргад хэлсэн юм. Нэр холбогдоод буй “Админерал” компаниудаа цуцал гээд. Тэрийг цуцлах хэрэгтэй. Тийм зүйл дахиж явбал нийгэмд маш харамсалтай зүйл болно шүү. Яаж ч болохгүй байдалд орно шүү” гэсэн хэмээж байв.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сард “…Бид нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь, УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан” гэсэн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сард “…Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл. Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа. Ер нь Бодь группын оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна. Нүүрсний оффтейк гэрээнүүд ҮАБЗ-өөр орж, шууд гэрээ хийгдэхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй “Бодь” группын оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд ЗГХЭГ-ын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан” гэж байв.

2025 оны есдүгээр сарын сүүлчээр МАН-ын даргыг сонгох Бага хурал нь болсон. Түүний өмнөхөн, түүнээс хойш бараг сар гаруйн хугацаанд горилогчид нь муудалцаж бараг сар хэртэй Монголыг нүүрсний хулгайгаар амьсгалуулсан. Харин хоёр долоо хоногийн өмнө болсон МАН-ын Их хурлаар шал өөр нэр дэвшигч тодорч, улмаар МАН-ын дарга болсноор нүүрсний хулгайн асуудал дахин намжив. Чухам тиймээс учир мэдэх хүмүүс “…Нүүрсний том хулгай дандаа л төрийн нууцад авсан нүүрсний наймаанаас гарч ирээд байдаг юм. 2022 оноос хойш хэд хэдэн ийм хулгайн материал нийтэд ил болсон. МАН-ынхан энэ намар даргаа сонгох гэж нүүрсний хулгайг нэлээд сайн мөлжих шиг боллоо. Гэхдээ сая Их хурлаа хийж даргаа сонгож аваад өнөөх нүүрсний хулгайг намынхаа нууцад авчихсан юм биш байгаа даа” хэмэнэ ёжтойгоор хардаж байна. Нээрэн л, таг болчихсон, тийм байж болох л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 226 (7723)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

37 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

37 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

17 цаг 58 мин
Скай Ресорт өвлийн улирлын үйл ажиллагаагаа эхлүүлж, “Early Bird” улирлын картыг худалдаанд гаргалаа

Өвлийн спортын  төв Скай Ресорт 2025–2026 оны өвлийн улирлын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, сургалтын зам, чарганы үйлчилгээ, ресторан, кафе болон халуун ундааны цэгүүдийг  нээлээ.

18 цаг 0 мин
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хандаж хэн, юу хэлэв?

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Зүүн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

Өчигдөр 06 цаг 10 мин
“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

НҮБ-аас таван улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулав

Уржигдар 17 цаг 25 мин