АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд анхны “бэлэг”-ээ илгээв үү?

1 цаг 51 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.Очир 

Багцаа баримжаа харвал, өнгөрсөн хавраас эхлээд Монголын улс төрд үргэлжилж буй үл ойлголцлыг дан ганц МАН-тай холбож ярьсаар, дүгнэсээр ирсэн. Тодруулбал, “...Эрх баригч МАН-ын дарга хэн болох вэ” гэдэг нь асуудал дагуулж намынх нь улс төрөөс халиад төрийг бужигнуулаад авсан. Харин өчигдрөөс “...Энэ бүхэн дан ганц МАН-ынхны бужигнаан биш байж” гэдэг нь харагдаад эхэллээ. АН ч үүнд өндөр хэмжээний ашиг сонирхолтойгоор оролцож ирсэн байж мэдэхээр байна. Тодруулбал, МАН дөнгөж даргатай болж, шинээр сонгогдсон Н.Учрал тамгаа аваад ганц бүтэн өдөр өнгөрөв үү, үгүй юу УИХ дахь АН-ын бүлгээс түүнд чиглэн зориулсан шийдвэр гаргалаа. АН-ынхан “...Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төслийг санаачилжээ.
Энэ тухайд АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ. “…АН хамтарсан Засгийн газарт орохгүй” гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. “…Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагая” гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан” гэв.
Ямартай ч АН-ынхан удахгүй хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар болсон байна. Тэдний тухайд өргөн бариагүй, тэр байтугай бэлэн болоогүй төслөө олон нийтэд танилцуулсан нь учиртай. Учир нь, УИХ дахь МАН-ын “бүдүүн” бүлэг өнгөрсөн зунаас хойш тэхий дундуураа хуваагдсан. Түүнээс хойш УИХ-аар орж буй аливаа асуудлын хайныг АН-ынхан хагалдаг болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гарах шийдвэрийг, ялангуяа намрын чуулган эхэлснээс хойшх асуудлууд дээр АН-ынхны байр суурь жин дарах болсон. 
Гэвч, МАН-ын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, намын даргаа сонгосон. Н.Учрал МАН-ын дарга болохдоо Их хурлын нийт төлөөлөгчдийн бараг 95 хувийнх нь саналыг авсан байгаа юм. Түүнээс харвал тус намынхан дотроо учраа олсон бололтой байна. Тэгэхээр хуваагдаад байсан УИХ дахь бүлэг нь тэр хурлаар нэгэн цул болж, буцаад “бүдүүрсэн” байх магадлалтай. Тэгсэн бол цаашид УИХ дээр асуудал АН-тай, АН-гүй шийдэгдэнэ. 
АН-аас УИХ-ын даргын томилгоотой холбоотой удахгүй өргөн барих хуулийн төслийг УИХ дээр хэрхэн шийдэгдэх талаарх таамаг энэ.
Харин “…АН яагаад ийм хуулийн төслийг гэнэт санаачлах болов оо” гэдэг анхаарал татаж байгаа юм. Үндсэндээ, улс төрийн шийдвэр гэж болохуйц энэ санаачилга нь МАН-ын шинэ дарга Н.Учралд зориулагдсан нь тодорхой байна. Тэр тусмаа, МАН-ын даргад нэр дэвшсэн Н.Учрал Их хурал дээрээ “…Г.Занданшатарын Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн. Энэ нь олон нийтэд мэдээлэгдсэн. МАН-ын Их хурлаас өмнө “…МАН-ын дараагийн дарга болох хүн Ерөнхий сайд бус УИХ-ын даргаар ажиллана” гэж улс төрийн хүрээнд яригдсан. Яригдаад удсан. Эдгээрийн хойно АН-аас ийм санаачилга гарч байна. Тэгэхээр энэ нь Н.Учралын УИХ-ын дарга болохыг хааж буй хэрэг бололтой. Бас “…МАН-ын улс төрийн тохироонд АН хаалт хийлээ” гэж ч болно. Зарим нь “...АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд барьж буй анхны бэлэг нь энэ боллоо” гэж байна. Тэгж харж болох л юм. О.Цогтгэрэл өнгөрсөн зун, наймдугаар сарын сүүлчээр АН-ын даргаар сонгогдсон. Түүнийг АН-ын дарга болоход МАН-ынхан үндсэндээ даргагүй болчихсон байсан. Түүнээс хойш МАН-ын дотоод зөрчил улам ширүүсэж, АН-д улс төр хийхэд аятайхан байсаар ирсэн. Харин Н.Учралыг бараг бүгдээрээ дэмжиж намын дарга болгосноос харвал МАН-ын дотоод “цаг агаар” тогтуун болсон байж болзошгүй байгаа юм. Тиймээс О.Цогтгэрэл сөрөг хүчний намын даргын хувьд ийм шийдэлд хүрсэн байхыг үгүйсгэхгүй юм. 
Ер нь бол, “…Н.Учрал Ерөнхий сайд болохгүй гэж тохирчээ” гэдэг мэдээлэл МАН-ын Их хурал болж, намын даргад нэр дэвшихээс нь өмнө яригдаж байв. Харин түүнийг “…УИХ-ын дарга болох уу, аль эсвэл Тэргүүн Шадар сайд хэвээрээ үргэлжлүүлэн ажиллах уу” гэдэг талаар ямар нэг зүйл яригдаагүй юм. 
Гэвч, аль ч утгаараа АН-ын энэ санаачилсан хуулийн төсөл МАН-ын дарга Н.Учралын УИХ-ын даргад нэр дэвших эсэхэд хаалт болж байна. Дээр хэлсэнчлэн МАН “бүдүүн” бүлгээрээ намын даргаа УИХ-ын даргад зүтгүүлээд сонгочих боломжтой. Гэвч энэ нь улс төрийн соёл, УИХ-ын хүлээн зөвшөөрөгдөх байдал зэрэг талаасаа зохимжгүй юм. 
Мөн МАН-ын дарга Н.Учрал Тэргүүн Шадар сайдын үүрэгт ажлаа үргэлжлүүлэхээс татгалзаж л таарах болов уу. Намын дарга нь өөрийнхөө намын Засгийн газарт хоёр дахь, гурав дахь “хүн” болоод сууж байх нь зохимжгүй л дээ.
Тэгэхээр Н.Учрал МАН дээрээ “...Намын дарга” гэсэн сэтэртэй ч намын бүх асуудлыг генсек Я.Содбаатар шийддэг, УИХ-д болохоор “сул” гишүүнээр үлдчих тал бий.
Явж явж нөгөө талаасаа АН-ын энэ хуулийн төсөл МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болоод, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах үгүйгээ үзэхийг шахаж байж мэдэх юм. Зарим туршлагатай улстөрчид, намынх нь залуус ч “...Намын дарга Н.Учрал Ерөнхий сайд болох ёстой” гээд эхэлсэн байна. Тэгээд бас Н.Учрал МАН-ын даргад нэр дэвших үедээ “...МАН-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн олон зорилтуудыг мартаж болохгүй гэж шүүмжилж байгаатай санал нэг байна. Тийм учраас МАН-ын гишүүдээ сонсоно. Ард түмнээ сонсоно. Итгэл алдарсан итгэлийг эргүүлж олж авна. Тийм учраас хариуцлагатай ажиллах болно. Ингэхдээ МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигч дээрээ түшиглэж ажиллая гэж бодож байна. Бүх түвшинд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн оролцоог тэгш хангана. Намын дэргэдэх төрийн бус байгуллага болох эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадын байгууллагын чадавхийг бэхжүүлнэ. Тооноор орж ирээд нэр дэвшдэг, намын ажил амьдрал, төрийн ажлын туршлага муутай хүмүүст бүх шатанд улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна, авлига ашиг сонирхлын олон хэргүүдтэй нэр холбогдож байна. Цөөн хүний асуудлаас болоод 300 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн нэр хүнд унаж байгаад бид үнэлэлт дүгнэлт хийх ёстой” гэснээс гадна “…Намын мөрийн хөтөлбөрөөс 72 хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Сая “Таван жилийн үндсэн чиглэл” дээр ч тусгасан. “…Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэж ард иргэддээ амлачихаад мөрийн хөтөлбөр дээрээ үнэлгээ хийж чадахгүй байна. Тийм учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр үнэлгээ хийх баг байгуулна. Үнэлээд тухайн салбарт мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа бол салбарынх нь Засгийн газрын гишүүнд, төрийн захиргааны төв байгууллагад намын зүгээс улс төрийн дэмжлэгээр томилогдсон сонгуульт албан тушаалтнуудтай хариуцлага ярина” гэснийг сайтар анхаарах хэрэгтэй.
Товчхондоо, Н.Учрал бол Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуульд намаа ялуулаад өөрөө Ерөнхий сайдаар томилогдож, 2029 онд намынхаа Их хурлыг хийгээд дахин сунгагдах тухай л бодох ёстой эрх баригч МАН-ын дарга юм л даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 218 (7715)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Америк, Казахстаны цөмийн эрчим хүчний салбар дахь бие биенээ нөхсөн хамтын ажиллагаа

АМЕРИК, Казахстаны цөмийн эрчим хүчний салбар дахь бие биенээ нөхсөн хамтын ажиллагаа

1 цаг 41 мин
АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд анхны “бэлэг”-ээ илгээв үү?

АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд анхны “бэлэг”-ээ илгээв үү?

1 цаг 51 мин
Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга нь парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой

Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой

17 цаг 27 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ын зорилоо

19 цаг 56 мин
АН: Улс төрийн намын дарга нь парламентын дарга байж болохгүй

АН: Улс төрийн намын дарга нь парламентын дарга байж болохгүй

20 цаг 13 мин
Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

20 цаг 24 мин
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо

МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо

Өчигдөр 06 цаг 05 мин
Л.Балчинлувсан: Монголд бодлого, стратеги биш, шат шатанд зарчим дутагдаж байна

Л.Балчинлувсан: Монголд бодлого, стратеги биш, шат шатанд зарчим дутагдаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан

Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан билээ.

2025-11-15
Л.Оюун-Эрдэнэ: 31 дүгээр Их хурал эв нэгдлийн Их хурал байх ёстой

МАН-ын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой.

2025-11-15