Ш.Ёл: Дорнод аймагт дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна

5 цаг 48 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Зууны мэдээ сонин энэ удаагийн “Засаг дарга ярьж байна” буландаа Зүүн бүсийн зөвлөлийн дарга, засаг дарга Ш.Ёлыг урьж ярилцлаа.

 

-Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн үзүүлэлт ямар байна вэ. Хөгжлийн төлөвлөгөөндөө баримталж буй таны бодлого юу вэ?

-Сайхан намаржиж байна уу. Дорнод аймаг нь Монгол Улсын зүүн захад оршдог газар нутгийн хэмжээгээр улсдаа гуравдугаарт ордог. 84.6 мянган хүн амтай. Агаарын, төмөр болон авто замын долоон боомтоор ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. Эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Мөн аж үйлдвэр, суурь дэд бүтэц илүү хөгжсөн гэдгээрээ онцлог.

Бид төрийн бодлоготойгоо уялдуулан аймгийнхаа эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг хөдөө аж ахуй, түүхэн болон хил дамнасан аялал жуулчлал, эрдэс баялгийн салбар гэж тодорхойлдог.  Аймгийн нөөц, давуу талууддаа түшиглэн жил бүр тодорхой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа. 2024 онд манай аймаг эдийн засгийн бодлого, өрсөлдөх  чадварын ерөнхий үнэлгээгээр зургаадугаар байр, эдийн засгийн чадвараар дөрөвдүгээр байрт байна. Түүнчлэн бүсийн хэмжээнд хүн амын төвлөрөл, эрчим хүч, дулаан, ажлын байрны хүртээмж зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Иймд энэхүү амжилтаа улам ахиулахын тулд тэргүүлэх  салбаруудын хөгжлийг эрчимжүүлж, үүнийг дагасан дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэл, мэргэжлийн боловсон хүчний нөөц, эдийн засгийн урсгалыг дотооддоо үлдээж, солонгоруулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд зүүн бүс, тэр дундаа Дорнод аймагт зуншлага сайн байсан. Монгол Улсын Засгийн газраас зүүн аймгуудаас хадлан тэжээлээ бэлтгэх шийдвэр гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар та мэдээлэл өгвөл?

-Тэгэлгүй яах вэ энэ жилийн хувьд зүүн бүсийн аймгууд тэр дундаа манай аймагт зуншлага сайхан болж, намрын ургац арвин байлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа иргэн, малчин бүр ханцуй шамлан ороод байна. Энэ жил манай аймагт гурван сая толгой мал өвөлжих бөгөөд бид өвөл, хаврыг эрсдэл багатай давах үүднээс нийт малынхаа 20 орчим хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн.

Дотоодоосоо махны нөөцийг бүрэн хангаж, үлдсэнийг бусад аймаг, Улаанбаатар хотод нийлүүлэх юм. Харин аймгийн өвс, тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлээд байна. Тодруулбал,  500 тн өвс, 80 тн тэжээл, 65 тн эрдэс тэжээлийг бэлтгэсэн. Улсын хэмжээний хадлангийн талбайн 50 орчим хувь нь манай аймагт байдаг. Энэ онд нийт 123 мянган га талбайд 360 гаруй иргэн, аж ахуйн нэгж хадлан бэлтгэж байгаагаас зуншлага тааруу байсан төвийн болон баруун бүсийн аймгуудаас 52 иргэн, аж ахуйн нэгж 40.3 мянган га талбайд хадлан бэлтгэж байгаа юм. Энэ жилийн өвөлжилт хүндэрч болзошгүй тул хаана хаанаа л бэлтгэл ажлаа шамдан базааж байна даа.

-Танай аймгийн хувьд төсвөө хэрхэн бүрдүүлдэг вэ. Мөн 2024, 2025 онуудад ямар салбарт илүүтэй хөрөнгө оруулав. Хэр үр дүнтэй байв?

-Мэдээж эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох хөдөө аж ахуй, түүхэн болон хил дамнасан аялал жуулчлал, эрдэс баялгийн салбаруудын орлогоос болон татварын хуулийн хүрээнд төсөв бүрддэг. Өөрөөр хэлбэл, манай аймаг нь орон нутгийн төсвөө өөрөө бүрдүүлдэг бөгөөд улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймгийн нэг. Ийнхүү аймгийнхаа төсвөөр бид иргэдийнхээ аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, хөгжил, хамгаалал, нийгмийн баталгааг дэмжихэд анхааран ажиллаж байгаа юм.

Улс орны стратегийн чухал салбар болох эрчим хүчний салбарт гэхэд “ДБЭХС” ТӨХК-ийн 50 мвт өргөтгөлийг 2024 онд ашиглалтад оруулж нийт хүчин чадал 86 мвт болсон. Зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Сүхбаатар аймгуудын айл, өрхүүд, аж ахуйн нэгжүүд, томоохон үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангасаар байна. Дорнод аймагт тулгамдаж байсан суурь дэд бүтцийн асуудлууд болох 1970 оноос хойш шинэчлэгдээгүй байсан цэвэр усны болон дулааны төв магистрал шугам сүлжээг шинэчлэх ажлыг бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн, хэрэгжүүлж байгаа ба ирэх онд ашиглалтад орно.

Мөн аймгийн төвийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан шинэ суурьшлын бүс буюу 1800 шинэ орон сууцны бүсийг бий болгож байна. Энэхүү хорооллын цахилгаан эрчим хүч,  дулаан дамжуулах шугам сүлжээ цэвэр бохир усны шугам сүлжээ, автозам зэрэг суурь дэд бүтцийн ажлууд хэрэгжиж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтууд хэрэгжиж дууссанаар хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, орон нутгийг зорин ирж буй иргэдийг амьдралын чанарыг дээшлүүлэх, залуу гэр бүлүүд хямд өртөг бүхий орон сууцтай болоход ихээхэн дэмжлэг болох юм. Түүнчлэн улсын төсвийн 89.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Уул сумын төвөөс Ульхан боомт хүртэлх 50км авто замын ажил нийт 68 хувьтай хэрэгжиж байгаа ба ирэх онд ашиглалтад орно.

Улсын төсвийн 74.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул чиглэлийн 68.3км хатуу хучилттай авто замын ажил 90 хувьтай хэрэгжиж байгаа ба энэ онд ашиглалтад орно. Мөн Улсын төсвийн 187 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга боомт чиглэлийн 124,5км хатуу хучилттай авто замын ажил нийт 48 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь зүүн бүс, цаашлаад Монгол Улсын тээвэр логистикийн зангилаа,хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Харин аймаг орон нутгийн зүгээс сумдад нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зарчмаар сумдын мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд аймгаас бодлогоор дэмжин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд аймаг, сумын хамтарсан төсвөөс бүх суманд “Нутгийн ирээдүй” орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа юм.

-Бусад аймаг, бүс нутагтай ямар хамтын ажиллагаатай байна. Хилийн бүс нутаг учир хөрш зэргэлдээ орнуудтай гадаад харилцаа хэрхэн өргөжиж байна вэ?

-Дорнод нь зүүн захын аймаг тул Монгол Улсыг зүүн хойд Азитай холбох хамгийн ойрын гарц болдог. Энэ утгаараа хил дамнасан бүс нутгийн эдийн засаг, эрдэс баялгийн экспорт, тээвэр ложистик, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, өндөр чадавх бүхий бүс нутаг юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудыг чиглэсэн автозамуудыг барих, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх,  БНХАУ-аас ОХУ-ыг холбох босоо тэнхлэгийн төмөр зам барьж, Европ-Азийг холбох транзит тээврийн шинэ гарцыг бий болгох ажлыг төлөвлөсөн. Цаашлаад Монгол Улсын Дорнод аймагт бүсийн тээвэр логистикийн төвийг байгуулах, мал эмнэлгийн хорио цээрийн бүс, олон улсын агаарын нислэг үйлдэх 4С ангиллын нисэх онгоцны буудал барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх болно. Энэхүү бүтээн байгуулалтыг дагасан салбарууд эрчимтэй хөгжих боломж бүрдэж байгаа тул бид бүс нутаг хоорондын болон ялангуяа гуравдагч орны хамтын ажиллагааг илүү чухалчилж байгаа. Тухайлбал Дорнод аймаг нь хөрш зэргэлдээ бүс нутаг болох ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, Агийн Буриадын тойрог, Бүгд Найрамдах  Буриад Улс болон  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Манжуур хот, Хянган аймаг, Ляонин муж болно. Мөн гуравдагч улс болох Солонгос, Япон, Унгар болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, консул, олон улсын төсөл хөтөлбөр болох НҮБ, Дэлхийн Зөн, Жайка, Энхтайваны Корпус зэрэг олон улсын байгууллагуудтай эдийн засаг, нийгэм, соёл, спорт, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт хамтарч Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд найрсаг хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэхээр ажиллаж байна.

-Аливаа улс орон, орон нутгийн хөгжил хүний хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Та дээр дурдахдаа хүнээ хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлж байна гэсэн үүнийг тодруулбал?

-Иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажлуудаас гадна нэн тэргүүнд хүний хөгжил, хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн салбарын хөгжлийг тусгайлан анхаарч байна. Ингэхдээ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн салбарт жил бүр нэмэгдүүлж байгаа. Дорнод аймгийн нийт хүн амын 37.4 хувийг хүүхэд,  27.1 хувийг залуучууд эзэлдэг. Энэ утгаараа хүний хөгжлийг гол бодлогоо  болгож, нийгмийн салбартаа жишиг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр өнгөрөгч онд наймаас зургаадугаар байрт эрэмбэлэгдэн ажилтаа ахиулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 207 (7704)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Арваннэгдүгээр сарын бөхийн барилдааны хуваарь

Арваннэгдүгээр сарын бөхийн барилдааны хуваарь

1 цаг 5 мин
Ш.Ёл: Дорнод аймагт дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна

Зууны мэдээ сонин энэ удаагийн “Засаг дарга ярьж байна” буландаа Зүүн бүсийн зөвлөлийн дарга, засаг дарга Ш.Ёлыг урьж ярилцлаа.

5 цаг 48 мин
УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ?!

Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу. Үүнд хариулт олддоггүйтэй адил “...УИХ, МАН хоёрын аль

5 цаг 48 мин
Х.Булгантуяаг эгүүлэн татна гэсэн маргаан өрнөж, Ерөнхий сайд гишүүдэд асуугдав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дэд дарга Б.Пүрэвдорж удирдан явуулж байгаа.  Баасан гарагийн чуулганы эхэнд МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгосон бүлгийн шийдвэрийг танилцуулав.

5 цаг 48 мин
Итгэж болохгүй шүү, энэ бол цахим залилан

Итгэлд автаж, мөнгөө алдсан тохиолдлууд

22 цаг 6 мин
Шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ

Шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх журмын

23 цаг 3 мин
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?

23 цаг 20 мин
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авлаа

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авлаа

2025-10-31
Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Оюутолгойн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

2025-10-31