Р.Раш: Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэдэг

4 цаг 12 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын болон Засгийн газрын гишүүн асан, МАН-ын ахмад зүтгэлтэн,  Хөдөлмөрийн баатар Р.Раштай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Эрх баригч МАН-ын улс төрийн дотоод уур амьсгал амаргүй байна.  Талцал хуваагдал үргэлжилж, сүүлдээ төрийн ажил гацахад хүрч байна.  Намын  ахмад зүтгэлтний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Маш буруу, муу үр дагавартай асуудал юм. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Мал аж ахуй давамгайлсан манай орны хувьд байгаль цаг уур хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх тал бий. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ базаах хэрэгтэй байна.  Гэтэл яг ийм эгзэгтэй цаг үед биднийг төлөөлөн ажиллах гишүүд маань хоорондоо яс булаацалдсан ноход шиг хэрэлдээд байх юм. Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэдэг үг байдаг.  Маргалдагч талуудыг харахад  асуудал аль аль талдаа л байгаа харагдах юм. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шүү дээ. Тэгэхээр асуудлын буруу, зөв нь аль нэг талдаа байгааг хувь процентоор бол илэрхийлж мэдэхгүй байна.

-Гишүүдийн маргаан намын даргын сунгаанаас эхлээд нэлээд эрчимжсэн.  Тийм үү?

-Тэгсэн. Ерөөсөө улс төрийн намын эцсийн зорилго нь Засгийн эрхийн төлөө байдаг.   Мөн эрх баригч намын дарга гэдэг маш том албан тушаал. Намын боловсон хүчний томилгоог хийнэ. Тэр утгаараа маш их эрх мэдэлтэй.  Манай намын дүрэмд  ялсан намын дарга нь Засгийн газрын тэргүүн байхаар заасан. Гэхдээ намын дүрэм бол бас хууль биш шүү дээ.  Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, тодорхой зохицуулалтыг хийх боломжтой гэж үзэж байгаа.

-Засгийн газрын тэргүүн нь намын дарга байх жишиг парламентын засаглалтай орнуудад байдаг.  Тэр жишгийг МАН-ын зарим гишүүн одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Улс төрийн хурцадмал нөхцөл байдал бий болчихсон энэ нөхцөлд манай намын зарим лидерүүд асуудалд дүгнэлт хийж, эрх ашиг, хүсэл зоригоо хазаарлаж сурах  хэрэгтэй. Заавал аливаа асуудлын цаана нь гарч байж санаа амарна гэх маягаар асуудалд хандаж болохгүй шүү дээ. Ямар нэгэн хэрэгт нэр холбогдсон бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, үнэн мөнөө тогтоолгоод явах нь зөв.  Аливаа асуудлыг шалгаж, нэг талд нь мухарлахгүйгээр үлдээж, цайруулаад л байвал ард түмэн ч төр засагтаа эргэлзэхэд хүрнэ. Тийм учраас аль аль талдаа ухаантай хандах нь  зүйтэй.

-Та ер нь өрнөж буй асуудлаар намын гишүүд, дүү нартайгаа уулзсан уу. Үгээ хэлэв үү?

-Үгүй. Ерөнхийдөө манай нам өнгөрсөн ахуйгаа сонсдоггүй нам шүү дээ.

Би намын их хурлын гишүүн байхаа  болиод нэлээн хэдэн жилийн нүүр үзэж байна. Хүмүүстэй ер нь уулзаагүй, намайг ч уулзъя гэдэггүй юм. Өнгөрсөн рүүгээ өнгийдөггүй, эс тоосон ийм хандлагын сөрөг тал одоо тодорхой хэмжээнд илэрч байна уу даа.  Хүн ахтай дээл захтай гэсэн үг бий. Элээсэн оймс шүү дээ.  Элээсэн оймсыг цоорохоор нь хаядаг юм биш цоорхойг нь цойлдож өмсөх ёстой юм уг нь.

-МАН-ын 100 жил саяхан болж өнгөрсөн. Намын түүхэнд цаг үеийн олон сорилттой тулгарч байсан байх?

-Тэгэлгүй яахав.  Гэхдээ яг өнөөдрийнх шиг сүрхий хагаралдаж, бутарч байсныг би сайн санахгүй юм.  1990-ээд онд манай намын онц их хурал хуралдсан.  Тэр үед ерөөсөө социалист нийгэм биш болчихлоо гээд ардчилсан нийгэмд шилжсэн шүү дээ. Тэгэхэд нам дүгнэлтээ хийж, онц их хурлаа хуралдуулсан. Л.Түдэв гуай, намын дарга байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар Улсын бага хурлыг байгуулж,

Үндсэн хууль боловсруулах үүрэг хүлээж байлаа. Би тэр үед АИХ-ын депутат явсан. Ингээд Улсын бага хурал Үндсэн хууль боловсруулж,  АИХ хэлэлцэж 1992 онд Үндсэн хуулиа баталсан түүхтэй.  МАН-ын намын 100 жил бол  Монгол Улсын хувь заяатай салшгүй холбоотой түүх юм.  Тэгэхээр одоо энэ нам боловсон хүчнээсээ эхлээд үлгэр жишээч байх ёстой. УИХ-д нэр дэвшүүлж байгаа байдлаасаа эхлээд ярих асуудал их л байх юм.  Уг нь төр түшилцээд явчих чадалтай хүмүүс манай намд зөндөө л байна шүү дээ.  Гэтэл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, мөнгө харж хүнээ дэвшүүлж байна.

-Та Үндсэн хуулиа батлалцаж явсан депутатуудын нэг.  Сая парламентын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг цэцээс гаргалаа. Энэ процессыг та юу гэж харж байна вэ?

-Би парламентын засаглалынхаа талд байж, энэ тогтолцоог хайрлаж явдаг хүн. Парламентын нэр хүнд өө сэвгүй, өндөг шиг байх ёстой. Бид парламентдаа хүндэтгэлтэй хандаж тэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм. Сая бол яах уу, цэц дүгнэлтээ танилцуулсан. Гэхдээ үүнээс болж парламентын засаглалын нэр хүнд унах ёсгүй. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг юм шүү дээ. Хөх тэнгэр байдаггүй юм. Герман руу манай нэг цэцийн гишүүн яваад тэнд тийм яриа болсныг ирж яриад Монголд нутагшуулчихсан гэх үү дээ. Манайхан аливаа юмыг өлгөж авахдаа сайн улс юм. Тэгэхээр миний хувьд одоогийн парламент сайн байгаасай. Нэр хүндтэй байгаасай.  Парламентын гишүүн хүн ямар нэгэн алдаа хийвэл дор нь засаад сайжирчихдаг байгаасай. Цаашид парламентын засаглал бэхжиж хөгжөөсэй гэж боддог.

-Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан.  Энэ өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зохицуулалт хийсэн. Та Засгийн газрын гишүүн байсан хүн. Энэ хэр зөв зохицуулалт болсон юм бэ?

-Ер нь Үндсэн хуульдаа ямар нэгэн байдлаар гар хүрч, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг үзэл санаатай явдаг хүн би. Үлгэр жишээ Үндсэн хууль гэхэд Америкийнх байна. Бид хэдэн зуун жилийн настай гээд л үлгэр жишээ аваад ярьдаг биз дээ. Гэтэл Үндсэн хуулийг өөрийн улс төрийн ашиг сонирхолд нийцүүлж өөрчлөх асуудал ажиглагдах боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад л Засгийн газрын гишүүдээ парламентын гишүүдээс сонгож байна. Хүмүүс давхар дээл гэж ярьдаг. Давхар дээл гэдэг ч монгол үг биш л дээ. Буруу л юм  өрнөөд байгаа юм.  Монгол хүн хэзээ ч дээлээ давхарлаж өмсдөггүй.  Бүүр нэг аргаа бараад шуурганд уруудаж байгаа хүн л давхар дээл өмсөх юм даа. Тэгэхээр монгол бэлгэдлээ бодсон ч энэ буруу.  Богд хаант Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар нь бодлогын таван яамтай байсан гэдэг шүү дээ.  Өнөөдөр бодлогын таван яам дээрээ эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэдэг ч юм уу үндсэн яамдаа оруулаад бусдыг нь болих хэрэгтэй.

-Засгийн газрын бүтэц том байна гэсэн үг үү?

-Бүтэц томоос гадна гишүүн болгон сайд болох гээд зүтгээд байна шүү дээ. Сүүлдээ өөрсдөдөө яам нэмж байгуулаад сайд болж байна. Энэ нь эргээд парламентынхаа чадамжид муугаар нөлөөлж байна шүү дээ. Сайд нар бол сайдынхаа ажилтай л ноцолдоно. Би Тээврийн сайдаар ажиллаж байсан хүн шүү дээ. Тэгэхээр одоо парламентын үйл ажиллагааг харахаар сайдаар ажиллаж байгаа хүмүүс нь ирцэндээ орохдоо тааруу. Дуудаад л байдаг, дуудаад л байдаг сайдынхаа ажлыг амжуулаад явах тал бий.  Сайд, гишүүн хавсарч хийхийн ганцхан хэрэгтэй юм байдаг.  Тэр нь оруулсан асуудал нь парламент дээр барагтай бол унадаггүй. Түүнээс биш гишүүн биш сайд асуудлаа парламент руу оруулахаар дээрэлхээд байдаг тал бий.   Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд Засгийн газар нь яах аргагүй, парламентынхаа дээр маягтай харагдаад байна.  Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох байгууллагынхаа дээр болчихно гэдэг чинь буруу шүү.  Яах уу 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь чухал гэдэг агуулга байсан. Сайд нар нь гишүүн байхаа болих хэрэгтэй. Тэгвэл гишүүн болгон би сайд болно гэж зүтгэхгүй шүү дээ. Энэ нь Засгийн газар тогтвортой ажиллах гэж суурь болно. Өнөөдөр Засгийн газар ямар ч гэсэн дэнжигнээд үлдлээ. Гэхдээ зовлонтой л байна. Хийх ажил их байна. Хөдөө орон нутаг, нийгмийн асуудлуудыг хар. Иргэдийн орлого хэд билээ.  Гадаад худалдааны үр ашиг хэд байгаа бол. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, Хятадын худалдан авах чадал ямар байна. Ер нь бид нүүрснээс  хамааралтай амьдраад байгаа шүү дээ.  Энэ мэтчилэн зовлонтой асуудал олон байна. Бодлого боловсруулж байгаа улсууд нэгийг бодож байгаа байлгүй дээ.

-Та чуулганы нэгдсэн хуралдаан үзэж байна уу. 126 гишүүнтэй болсон энэ удаагийн парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би 126 гишүүнтэй болсонд жаахан дурамжхан байсан хүн.  Намын асуудал болоод улсын хөгжилд хувь нэмэр оруулаагүй нөхдүүд жагсаалтаар гараад ирсэн. Харин эргээд харахад өнөөдрийн залуучууд маань үгээ хэлж байна. Тэд л амьдрал ярьж байна.  Тэд л парламентыг амь оруулж байна уу даа гэж харж байна.  Залуучуудын үгийг сонсохгүйгээр хүчээр “багалзуурдана” гэвэл буруу.  Залуу ахмад дунд үеэ зөв хослуулж барих нь зөв байна.  Дараагийн нэг юм бол энэ парламентад гишүүдийн багц, лобби гэдэг зүйл битгий байгаасай. Ингээд ирэхлээр УИХ-ын  гишүүн хүн нэг их мөнгөтэй хүн шиг харагддаг.  Мөн төсвийн хуваарилалтаа зөв хийгээсэй. Одоо энэ  Өмнөговь Улаанбаатарын автозамыг хар л даа. Шүүр шанага шиг болсон. Гэтэл баруун аймагт хамаг хөрөнгөө хаяад өдөрт хэдхэн машин явж өнгөрдөг газар авто замын сүлжээ бариулчхаад байна шүү дээ. Энэ зөв юм уу.  Энэ чинь төсвийн хуваарилалт буруу байгаа байхгүй юу.

-МАН өмнөх парламентуудад сөрөг хүчин болж байсан.  Парламентын нэг чухал бүрэлдэхүүн нь сөрөг хүчин байдаг шүү дээ.  Одоогийн АН-ын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Би АН-ыг хүчтэй нам байгаасай гэж боддог.  Сөрөг хүчин хүчгүй бол тэдэнтэй тэдэнгүй гар өргөөд л дайраад өнгөрнө шүү дээ. Тэгэхлээр тэр дуу хоолой байх ёстой. Тодорхой хэмжээний хүч байх ёстой.  Сөрөг хүчин гэж нэрлээд байгааг харин зөв ч юм уу, буруу ч юм уу гэж надад бас бодогддог л юм.  Юм болгон дээр дандаа сөрнө гэж байхгүй шүү дээ. Ер нь АН байхгүйгээр  МАН сайн сайхан явна гэж байхгүй.  Олон намын тогтолцоо бол ерөөсөө парламентын амь нь юм шүү дээ. Тэгээд намууд өөрсдөө сайн байх хэрэгтэй шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Р.Раш: Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэдэг

УИХ-ын болон Засгийн газрын гишүүн асан, МАН-ын ахмад зүтгэлтэн,  Хөдөлмөрийн баатар Р.Раштай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 12 мин
Ухаахудагийн Түр хорооны асуудлыг УИХ дээр “бойкотлоод” хэлэлцэхгүй байгаа юу

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн Тавантолгой ордын Ухаахудаг хэсэгтэй

4 цаг 12 мин
О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж хоёрын хэн нь АН-даа хүчтэй вэ?

Уг нь МАН-ын асуудлаар АН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаж зарлаад сү

4 цаг 12 мин
УИХ-ын даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар “өрсөлдөж” байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан 2025 оны ара

4 цаг 12 мин
МАН-ын бүлгийн хуралд 35 гишүүн суужээ

МАН-ын бүлгийн хуралд 35 гишүүн гишүүн суужээ

18 цаг 58 мин
Г.Дамдинням:Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн шатахууны нийлүүлэлт хэвийн болно

Г.Дамдинням:Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн шатахууны нийлүүлэлт хэвийн болно

19 цаг 10 мин
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ

19 цаг 19 мин
Хүүхдийн мөнгийг хасаж багш, эмч нарын цалин нэмэх санал гаргажээ

Хүүхдийн мөнгийг хасаж багш, эмч нарын цалин нэмэх санал гаргажээ

19 цаг 21 мин
“ГОВЬ” ХК-ИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛЖ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БОЛОХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

“ГОВЬ” ХК-ИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛЖ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БОЛОХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

20 цаг 51 мин
МАН-ын хагарал АН-д халдах уу?

Өдийг бодоход намраар болсон МАН-ын даргын сонгууль энэ намыг хоёр хуваасан. Лав УИХ д

Өчигдөр 06 цаг 00 мин