
-Монголын сансрын нисгэгчийн нэрийг хэлж чадалгүй гадаад томилолтоос хасагдаж байсан-
Д.АРИУН
Оросын олон нэртэй дуучны хит дууны шүлгийг бичсэн Лариса Алексеевна Рубалская 1945 оны есдүгээр сарын 24-нд төржээ. Polit.mn сайт “Төрсөн өдөр” буландаа яруу найрагч, орчуулагч, дууны шүлгүүдээсээ гадна хоолны жорын номоороо эх орон нэгтнүүдийнхээ дунд ихээхэн алдартай энэ хатагтайн намтрыг толилуулж байна.
Лариса Рубалская Москвад төрсөн. Ахлах сургуулиа төгсөөд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, "Смена" сэтгүүлийн редакцид номын санч, редактор, бичгийн машинчаар ажиллаж байсан гэж зарим хэвлэлийн түүний төрсөн өдөрт зориулсан нийтлэлд дурджээ. Тэрээр 1970 онд Багшийн дээд сургуулийг (Орос хэл, уран зохиолын факультет) төгсөж, 1973 онд Япон хэлний дамжаанд суралцаж, "Спутник" олон улсын залуучуудын аялал жуулчлалын товчоо, Бүх холбооны үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Улсын концертын танхимд хөтөч, тайлбарлагчаар ажиллаж байжээ. Харин 1975-1983 онд Японы NTV телевизийн Москва дахь товчоонд нарийн бичгийн дарга, орчуулагчаар ажилласан. 1983 оноос Японы Асахи сонины Москва дахь төлөөлөгчийн газар ажилласан байна.
Энэ талаараа тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний амьдралын хамгийн сайхан үе Японы томоохон “Асахи” сонины Москва дахь салбарт орчуулагч хийж байсан тэр үе. Япон хэл мэддэгээрээ их бахархдаг байлаа. Би гурван жилийн дотор япон хэлийг Москвагийн ардын боловсролын төвд сурсан. Гадаадын том хэвлэлд ажиллаж байгаа болохоор зөвхөн маргааш хүмүүс олж мэдэх тэр мэдээг би урьд шөнө нь найзууддаа түрүүлж дуулгаж байгаа нь их таалагддаг байлаа” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ түүний ярьснаар ажил нь бол амаргүй байж. Хамгийн анх танилцахдаа япон дарга нь түүнд “Таны үгийн санд боломжгүй гэж үг байж болохгүй. Би даалгавар өгсөн л бол газрын хаанаас ч хамаагүй тэр мэдээллийг олж ирэх ёстой” гэж хэлсэн гэдэг. Япончуудын цаг барих талаар ихэд нямбайг илтгэх нэг жишээг Лариса Рубалская “Бас ажилдаа нэг хором ч хоцорч болохгүй. Нэг удаа ажил тарах дөхөх үед манай нөхөр доор ирээд хүлээж байсан юм. Би бугуйн цагаа хартал манай дарга “Таньд манайд ажиллах таалагдахгүй байна уу. Би өөр хүн хайх уу” гэж асуусан. Гэхдээ бид хоёр харьцаа сайтай байсан. Би сандраад, хариуд нь “Үгүй, үгүй. Би санаандгүй харчихлаа” гэж хариулсан” хэмээн дурсчээ.
Лариса Рубалская залуу наснаасаа бичих дуртай байсан ч эхэндээ харин тодорхой зорилготой уран бүтээл гэж үзэж байгаагүй гэнэ. Ямар нэгэн баяр ёслол, төрсөн өдрөөр найзууд хамтрагчдадаа зориулж шүлэг бичиж ил захидалтай илгээдэг байсныг нь хадгалсан хүмүүс ч байдаг аж. Яруу найрагч уран бүтээлчийн зам руу ороход түүний нөхөр шүдний эмч Давид хөтөлжээ. Тодруулбал, тэр эхнэрээ “Чи ер бусын бичих юм” гэж урамшуулж, “Шүлгээ бич. Орхиж болохгүй” гэж ятгаж, улмаар өөрийн үйлчлүүлэгч хөгжмийн зохиолчийг танилцуулжээ. Тэр нь тухайн цаг үедээ нэртэй хөгжмийн зохиолч Владимир Мигуля байсан аж. Ингэснээр Лариса хөгжмийн зохиолчтой хамтран анхны дуугаа бичжээ. Түүнээс хойш Давид Тухманов, Вячеслав Добрынин, Сергей Березина, Игорь Крутой, Аркадий Укупник, Виктор Чайка нарын олон алдартай хөгжмийн зохиолчтой хамтран ажилласан байна.
Лариса Рубалскаягийн дуунуудыг Алла Пугачева, Филипп Киркоров, Михаил Муромов, Ирина Аллегрова, Валерий Леонтьев, Александр Малинин, Алсу зэрэг оросын шоу ертөнцийн алдартай дуучид дуулжээ.
Нийтдээ яруу найрагч 600 гаруй дууны үг бичсэн гэдэг тоог зарим хэвлэлд бичсэн байдаг. Одоо бол өөрийн ойн тоглолтоо хийнэ гээд түүнийг утасдахад бүгд “Тэгье”, “Дуртайя” гэж хариулдаг. Шоу бизнесийн салбарт тэрээр хүндэтгэл хүлээсэн хүн болсон байна. Түүний нөхөр өвдөж, нас барахад олон уран бүтээлч түүнийг сэтгэл санаагаар дэмжиж байсныг тэр талархан дурсдаг байна.
Япончуудтай ажиллаж байхдаа Рубалская шүлэг бичдэг, бүр дууны шүлэг бичдэг гэдгээ нуудаг байсан гэнэ. Харин Кремльд Ерөнхийлөгч Б.Ельцинтэй хийсэн уулзалтад оролцсон зураг олон нийтэд түгсэнээр япон ажил олгогчид нь түүнийг чөлөөт цагаараа юу хийдгийг мэдэж авчээ. Мэдэхдээ харин бүр баяр талархалтайгаар хүлээн авч, дараагийн удаад бол концерттэй үед ажлаасаа нэг цагийн өмнө тарах боломж олгодог болсон гэж Рубалская ярьсан байдаг.
Лариса Рубалская “Давид их ухаантай хүн байсан. Хэзээ ч хэнтэй ч бүү маргалд гэж надад захьдаг байсан” гэж нөхрийнхөө тухай ярьсан байдаг бол япончууд миний амьдралын хэв маяг, ааш занд их нөлөөлсөн гэж үздэг байна. Ингэснээр тэрээр хэрэглээ багатай, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаг хэв маягтай болжээ.
Лариса Рубалскаягийн амьдралын зарчим нь “Ямар нэгэн зүйлийг өөрчилж чадах бол хичээ, нөлөөлж чадахгүй бол эвлэр”. Бас өөр хүний үзэл санааг заавал сонсохын чухал гэж үздэг. “Зарим хүн утсаар залгачихаад “Чи яаж байна” гэж асуухгүй өөрийгөө л яриад байдаг” нь түүнд таалагддаггүй. Бас тэрээр “Би амьдралдаа боломжгүй гэх ойлголтыг оруулдаггүй” гэж хэлсэн нь бий.
Лариса Рубалская хуучин тогтолцооны үед гадаадад явах ямар хэцүү байсан талаар дурсахдаа “Намайг Зөвлөлтөөс гадагшаа гаргахгүй удсан. Эхлээд нөхөргүй гээд гаргаагүй. Капиталист оронд очоод нөхөрт гараад үлдчихнэ гэж айдаг байсан үе л дээ. Нөхөрт гарсны дараа намайг бас явуулаагүй. Учир нь тэр үед тусгай комиссор ордог. Тэд нар янз бүрийн асуулт асуудаг байлаа. Тэгсэн би Монголын анхны сансрын нисэгчийн нэрийг хэлж чадаагүй. Тэгээд намайг гадаад явуулах эрхгүй гэж үзсэн” хэмээн ярьсан байдаг.
Харин “Странная женщина” гэдэг дууны шүлэг нь түүнийг анх Японы Иокогамад очих үед “төрсөн” аж. “Би Большой театрын орчуулагчаар явсан юм. Бид Находкоос завиар ирсэн. Эрэг дээр ирсэн эхний хормоос эхлээд л би бүр болж буй зүйлд итгэж өгөхгүй, явж чадахгүй байсан...Тэгээд нэлээн хугацааны дараа Иокогамад ирлээ. Бүгд буудлын өрөөндөө яваад орчихсон. Би ганцаараа гадаа гартал нээх гоё үнэртэй цагаан цэцэгнүүд байна. Би харсан зүг рүүгээ удаан алхсан. Төөрчихгүйн тулд дандаа чигээрээ яваад байлаа. Замын турш тэр ард хоцорсон цагаан цэцэгсийн үнэр үнэртэж байв. Харанхуй шөнө байсан болохоор эргэн тойронд гэрэлтэй дэлгүүрийн цонхнууд харагдана. Тэгэхэд толгойд дууны үг орж ирж билээ. Эргээд буудал руугаа буцаад алхаж байх 30 минут хооронд дуу бэлэн болсон байсан. Өрөөндөө орж ирээд цаасан дээр буулгасан даа” гэж ярьжээ.
“Странная женщина” дууг дуучин Михаил Муром анх телевизийн нэвтрүүлэгт дуулсан байна. Түүнийг дуулж байхад зураглаач 35 орчим насны бүсгүй дээр камераа тогтоосон. Тэр эмэгтэй гараараа нүүрээ дараад уйлж байхыг хараад Лариса Рубалская энэ дуугаа үнэхээр сайн бичжээ гэдгээ ойлгосон гэдэг. Маргааш өдрөөс нь эхлээд энэ дуу радиогоор өдөрт бараг 16 удаа явж, өнөө ч энэ дуу нь сонсогчтой хэвээр байна.
Эртний найз Виктория Токареватайгаа нэг удаа утсаар ярьж байхдаа Лариса “Нас ахиад байна” гэж хэлжээ. Хариуд нь найз нь “Лариска, хөгшрөлт гэж байдаггүй, залуу насны тоормоз л гэж бий” гэж хэлсэн гэнэ. Өнөөдөр Лариса Рубалская 80 насны төрсөн өдрөө холбооны томоохон сувгаар олон уран бүтээлч оролцсон гэгээлэг нэвтрүүлэгт оролцон тэмдэглэж байна.
Эх сурвалж: polit.mn