
Б.ОРГИЛ
“И Монголиа” системийн 5.0 хувилбараа танилцуулаад удаагүй байна. Мөн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих “Виртуал бүс” байгуулах шийдвэр гаргасан. Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай ярилцлаа.
- E-mongolia системийн 5.0 хувилбараа танилцуулж байгаад танай яамны болон И-Монгол академийн хамт олонд баяр хүргэе. Энэ удаагийн шинэчлэгдсэн хувилбар юугаараа давуу талтай вэ?
-Баярлалаа. Жил бүр шинэчлэгддэг, улам сайжирдаг, илүү олон боломжуудыг санал болгодог технологи, аппликэйшнийг нэрлэ гэвэл та бид магадгүй iphone, samsung тэгээд E-mongolia платформыг нэрлэх байх. Энэ удаагийн шинэчлэл өргөн хүрээтэй хийгдэж дан ганц төрийн үйлчилгээний бус төрийн мэдээллийн нэгдсэн суваг болж, танилт нэвтрэлтийг шинэ шатанд гаргаж, жинхэнэ утгаар платформ тал руугаа хөгжсөн хувилбар боллоо.
Портал буюу веб хувилбар дээр гэхэд төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудас gov.mn системийг нэгтгэлээ. Ингэснээр Засгийн газрын болон Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын веб сайтууд, үйлчилгээнүүд нэг цонхонд төвлөрч байна. Энэ нь иргэд төрийн мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгоод зогсохгүй цаашлаад их өгөгдөл үүсэх суурийг бүрдүүлж байгаа юм. Байгууллага бүр тусдаа веб сайт хийлгэж, тусдаа үйлчилгээгээ цахимжуулдаг явдал нь төсвийн зардлыг нэмэгдүүлж, хэдий цахим орчинд байсан ч нэг байгууллагын хаалганаас гараад нөгөө байгууллагын хаалга татдаг уламжлалт хэлбэрээс чанарын ялгаагүй, зардал, чирэгдэл ихтэй, ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг бий болгож байв. Энэ байдлыг засаж залруулснаар иргэн нэг дороос төрийн бүх байгууллагын мэдээ, мэдээлэл, үйлчилгээг түргэн шуурхай, хялбар авах боломжийг олгож байгаа юм.
Мобайл хувилбарын хувьд дэлхий нийтийн тренд болж байгаа хиймэл оюуны технологийг илүү шингээсэн, AI хөтөчийг нэвтрүүллээ.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл үүсдэг байсан. E-mongolia системийн 5.0 хувилбар үүнийг шийдэж чадсан болов уу?
-Яг үнэн. E-mongolia системийн 5.0 хувилбарын бас нэг томоохон шийдэл нь танилт, нэвтрэлтийг шинэ шатанд гаргалаа. Таны хэлсэнчлэн гадаадад ажиллаж, амьдардаг 200,000 гаруй иргэн маань Монгол утасны дугааргүйгээс болж e-mongolia руу нэвтэрч чаддаггүй, үүнээс үүдэн төрийн үйлчилгээ авч чаддаггүй байсан. Төрийн үүрэг бол иргэнээ хаана байгаагаас үл хамаарч бүх төрлийн төрийн үйлчилгээг саадгүй авах боломжийг бүрдүүлэх юм. Бид танилт нэвтрэлтийн ДАН системийн шинэ хувилбарыг хөгжүүлснээр утасны дугааргүй байсан ч илүү хялбар бүртгэл, нэвтрэлт хийх боломжийг бүрдүүллээ. ДАН системийг сайжруулснаар ганц E-mongolia бус төр, хувийн хэвшлийн нийлсэн 500 гаруй системд саадгүй бүртгүүлэх, хялбараар нэвтрэх боломж бүрдэж байна.
-Далайцтай шинэчлэлүүд хийгдсэн гэдэг нь таны ярианаас ойлгогдлоо. Магадгүй цар хүрээний хувьд жижиг байж болох ч иргэд бидэнд зайлшгүй хэрэгтэй шинэ үйлчилгээ, шинэчлэлүүдээс дурдвал?
-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь та банкны картаа холбоод сөх, цахилгаан, дулааны төлбөрөө апп-аараа төлөх боломжтой болж байна. Өмнө нь лавлагаа тодорхойлолтыг зөвхөн анги хэлээр авдаг байсан бол одоо Англи, Франц, Хятад, Орос, Солонгос зэрэг Монголчууд олноор оршин суудаг таван улсын хэлээр авах боломж бүрдлээ. Хүүхдийнхээ гадаад пасспортыг заавал нэг цэгийн үйлчилгээний төв дээр очилгүйгээр утаснаасаа захиалах боломжтой болсон гэх мэт иргэндээ хүрсэн үйлчилгээ, шинэчлэлүүдийг нэвтрүүллээ.
-Олон чухал үйлчилгээ нэвтэрч, шинэчлэл хийгдсэнийг сонсоход таатай байна. И-Монголиа платформын цаашдын хөгжлийн хандлага, чиглэл дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Бид И-Монголиа платформын 5.0 хувилбарыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд, тус платформын таван жилийн ой дээр танилцуулж байгаадаа таатай байна. Энэ дашрамд “E-mongolia” платформын эхний хувилбараас авхуулаад нээлтээ хийж буй 5.0 хувилбар хүртэл хөгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүнд болон E-mongolia-ийн идэвхтэй хэрэглэгч, төрийн үйлчилгээний цахимжилтыг алга ташин хүлээн авч, дэмжсэн иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. E-mongolia нийгэмд шинэ соёлыг авч ирсэн. Одоогоос 5-10 жилийн өмнөх төрийн үйлчилгээг эргээд санахад итгэмээргүй хувьсал явагдсан байна. E-Mongol болох үзэл санаа, иргэдийн оролцоо, дэмжлэгийн үр дүнд төрийн байгууллагын үүдэнд зогсдог урт дараалал алга болж, төрийн үйлчилгээ алганд багтаж, цахимжилт салбар бүрд эрчимжсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид цаашид ардчиллын амин сүнс болсон иргэдийнхээ оролцоо, санал, санаачилгыг e-mongolia.mn, d-gov.mn зэрэг системүүдээр дамжуулан хангаж, иргэдийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргалтад тусган ажиллах болно.
-Засгийн газрын хуралдаанаар мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих “Виртуал бүс” байгуулах болсноо зарлалаа. Энэ “Виртуал бүс”-ийн талаар танилцуулахгүй юу. Ямар үр өгөөжтэй шийдвэр болов?
-Засгийн газрын хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа. Энэ бүсэд аж ахуйн нэгжүүд бүртгүүлснээр маш олон дэмжлэг авах боломж бүрдэнэ. Жишээ нь, аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх, хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд заасны дагуу Патентжуулах зардалд грант олгох, олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох, Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох зэрэг есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно.
Мөн Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох, зээлийн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх, Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох зэрэг дэмжлэгүүд багтаж байна. Товчхондоо бол, виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна.
-Монгол Улсын Засгийн газраас цаашид улс орны дижитал шилжилтийг эрчимжүүлэх ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Одоогоос таван жилийн өмнө Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 орноос цахим засаглалын хөгжлөөрөө 92 дугаар байранд жагсаж байсан бол өнөөдөр 46 байр урагшилсан үсрэнгүй амжилтыг гаргажээ. Энэ бол төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын зүтгэл, нэгдэж нягтарсны үр дүн юм. Цаашид Монгол Улсын Засгийн газраас энэхүү амжилтаа бататган, цахим шилжилтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байна. Үүний тулд “DIGITAL FIRST” зарчмыг хэрэгжүүлэх буюу салбар бүрт, байгууллага бүр төрийн үйлчилгээг цаасаар бус цахимаар хүргэх, ингэхдээ урд өмнө нь явж ирсэн жишгээс хоёр дахин хурдан хүргэх бодлогыг баримталж байна. Бид ойрын гурван жилийн хугацаанд төрийн нийт үйлчилгээний 90 хувийг цахимжуулах, их, өгөгдөл хиймэл оюуны үндэсний стратегиа батлуулан салбар бүрд бүтээмжийг нэмэгдүүлж, их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Дижитал шилжилтийн тулгын гурван чулуу болох технологи, процесс талдаа анхаарахаас гадна хүнээ мартаж болохгүй. Тиймээс иргэдийнхээ цахим ур чадварын түвшинг дээшлүүлэх ажлыг орон даяар хэрэгжүүлэх болно. Бидний төлөвлөж, хэрэгжүүлж буй ажлууд эцсийн дүндээ Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үр дүнтэй ажлууд байх болно гэдэгт итгэлтэй байна.
-Монголд анх удаа “TECHWEEK 2025” арга хэмжээг энэ сарын 19-өөс 26-ны хооронд орон даяар зохион байгуулж байна. TECHWEEK 2025 арга хэмжээний талаар уншигчдад сонирхуулахгүй юу?
-Харилцаа холбоо, Мэдээлэл технологийн салбар нь Монгол Улс төдийгүй Дэлхий дахины хөгжлийн хурдасгуур болж байгаа энэ цаг үед хувийн хэвшил, төрийн байгууллагууд хамтран Монгол улсын хэмжээнд буюу нийслэл 21 аймагт анх удаа TECHWEEK 2025 арга хэмжээг бүтэн долоо хоногийн туршид зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хувийн хэвшил, олон улсын нэр хүндтэй компаниудад ажиллаж эх орныхоо нэрийг гаргаж яваа технологийн салбарын шилдгүүд нэгдэж байна. Түүнчлэн 21 аймаг, бүсийн хэмжээнд салбарын Инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд, аймаг тус бүртээ технологийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулж салбарынхаа ирээдүйн хөгжилд дуу хоолойгоо хүргэж байгаагаараа онцлогтой. E-mongolia системийн 5.0 хувилбараа таницуулж байгаа нь ч TECHWEEK 2025 арга хэмжээний нэг хэсэг юм.
Монгол Улсын Засгийн газрын “Digital First” бодлогын хүрээнд хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах, санал санаачилгыг хүлээн авах, үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа энэ үед долоо хоногийн туршид зохион байгуулагдах TECHWEEK 2025 арга хэмжээг зохион байгуулж байна.
Бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх арга хэмжээг нэгтгэн ICT Forum 2025-ийг зохион байгуулж шинэлэг санал санаачилгыг дэмжсэн шийдлүүдийг гаргана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 177 (7674)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.