Ерөнхийлөгчийг УИХ-уу, Ерөнхийлөгч Засгийн газрыг уу?!

2025-08-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Зовлонгийнхоо угийг мэддэг атлаа түүнтэйгээ эвлэрч зовоод явдаг нь хүний зан гэлтэй. Түүн шиг, Монголын улс төрд тогтворгүй байдал, тэмцэл зөрчлийн эх үндэс нь эрх мэдлийн хуваарилалт л байдаг. Үндсэн хуулиар тогтоодог энэ хуваарилалтыг хэн ч өөрчилж, зүй ёсонд нь оруулалгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, 1992 онд “...Хэн ч атаман биш” гэх үндсэн зарчимтай батлагдсан Үндсэн хууль өнөөдөр үйлчилж байгаа юм. Чухамдаа, Монголын төрийн зовлонгийн үндэс нь энэ.

Үндсэн хуульд “...Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ” гэдэг атлаа өнөөгийн УИХ дээд байтугай дэд хэмжээний эрх мэдэл үүрч чадахгүй байна.

Нөгөө талд, Үндсэн хуулийн “...Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” Ерөнхийлөгч УИХ-тай ижилхэн ард түмнээс сонгогддог бөгөөд амьдрал дээр Дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхийдөө, засгийн эрх мэдлийг хуваан барьсан хоёр том субьект болчихоод байгаа юм. Үүнийг тухайн албан тушаалыг хашиж буй хүнд наахаас илүүтэйгээр Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон хэрж зөрчилдсөн эрх мэдлийн хуваарилалттай холбох нь зөв болно.

Үндсэн хуулийг 1992 онд баталснаас хойш олон удаа оролдоод, гурван удаа 2000, 2019, 2023 онуудад өөрчлөлт хийж чадсан. Уг нь, 2000 оны нэмэлт өөрчлөлт УИХ-Засгийн газар, 2019 оны нэмэлт өөрчлөлт Ерөнхийлөгч-Засгийн газар, 2023 оны нэмэлт өөрчлөлт УИХ гэсэн субьектууд руу чиглэсэн хандлагатай байв. Гэвч, эдгээр өөрчлөлтөөр дээрх үндсэн зөрчлөө арилгаж чадаагүй юм. Ийм дүгнэлтийг өнөөгийн улс төрийн нөхцөл байдал өгч байна.

Мөн, судлаач Л.Мөнх-Эрдэнэ 2022 онд бүтээлдээ “...Эдгээр эрх мэдэл хэрэгжүүлэгчдийг хооронд нь зүүх, хэлхэх зарчим нь бас энд тэндээс авсан холимог, тиймээс зөрчилдсөн. Засгийн газрыг УИХ байгуулдаг нь зөвлөлийн засаглалынх. Гэхдээ кабинет нь парламентын сонгуулийн үрээр байгуулагдаж түүний итгэл дээр орших парламентын засаглалын үзэл санаагаар бэхлэгдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүд нь “Хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”, Ерөнхийлөгч нь “УИХ-ын хууль, шийдвэрт хориг тавих”, “Үндсэн хуулийн Цэц нь УИХ-ын хууль, шийдвэр болон Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэрийг хүчингүй болгох” зэрэг нь засаглалыг салгах зарчмын буюу бүхэлдээ Ерөнхийлөгчийн засаглалын элемент. Мөн дээрээс нь монарх-хаан буюу “Төрийн тэргүүн”, эсвэл супер-Ерөнхийлөгчийн засаглалын элемент болох намын улс төрөөс ангид, улс үндэсний эв нэгдэл, эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, төрийн байгууллагуудын дээр оршиж тэдний зөрчил маргаанд арбитр, зохицуулагч хийх Төрийн тэргүүнтэй байх, тэр нь Засгийн газрыг байгуулахад оролцох, шүүгчдийг томилох зэрэг Англи, Франц, Германы үндсэн хуулийн үзэл санаа ч тусгагдсан. Эдгээр байгууллагуудыг байгуулах арга зам нь мөн холимог төдийгүй эсрэг тэсрэг, зөрчилдсөн. ...Тиймээс нийлүүлсэн эд эрхтний хувьд ч, зүүж, холбосон зарчмын хувьд ч, байгуулах арга замын хувьд ч энд тэндээс олсон, авсан эрээвэр хураавар, Франкенштейн” гэсэн нь чухам оносон дүгнэлт юм.

Ер нь бол, түүхэн баримтуудаас харахад Үндсэн хуулийг 1991 оны сүүлчээр хэлэлцэх үед “…Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах уу” гэдэг дээр ихээхэн маргаж байв. Тухайн үед АИХ-ын депутатууд “…Ерөнхийлөгчийн засаглал зөв”, “…Парламентын засаглал чухал” гэдэг дээр тэнцүү байр суурьтай байжээ. “...Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентынх уу” гэдгээр санал хураахад депутатуудын санал тэнцжээ. Тиймээс, Ерөнхийлөгчийн саналыг сонсохоор болсон байгаа юм. Тэгэхэд, Ерөнхийлөгч П.Очирбат 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд “...Ерөнхийлөгчийн засаглалыг бид яагаад авахгүй юм бэ гэхээр энд олон зүйлүүд бий шүү дээ. Өнгөрсөн далаад жил төр засгийг удирдсан удирдлагын сайн, муу туршлагаас үзэхэд нэг хүний засаглал байж болшгүй. Тэгэхээр энэ болгоныг бодоод, ер нь ардчиллын замд анх хөл тавьж байгаагийнхаа хувьд бид энэ ардчилсан парламентынхаа ёсыг дагаад төрийнхөө, улсынхаа бодлогыг парламенттай зангидаж, жинхэнэ төрийн бодлого боловсорч байх ёстой юм биш үү” гэжээ. Мөн маргааш нь “...Эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдвэл яасан юм бэ гэсэн саналыг дахиад хэлмээр байна” гэсэн байдаг. Ерөнхийлөгч ингэж хайнааг хагалж Монгол Улс Парламентын засаглалыг сонгож байжээ.

Нөгөөтэйгүүр, сүүлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдтэй хамт Ерөнхийлөгч, эсвэл УИХ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал зайлшгүй хөндөдөж ирсэн. Энэ нь “...Монголын улстөрчид аль нэг дээр нь жин дарж байж төр тогтвортой байна” гэдгийг ойлгоод байгаа хэрэг л дээ. Гэхдээ, яаж ийгээд замын дундаас алга болчихдог.

Тухайлбал, 2019 оны нэмэлт өөрчлөлт 2017 онд ид яригдаж байв. Тэгэхэд 1992 онд Үндсэн хуулийг батлалцсан депутатууд “...Парламентын дээд, доод танхимтай болох, парламентын засаглалыг бэхжүүлэх, шүүх байгууллагын хараат бус байдлыг одоогийнхоос илүү хангах талыг түлхүү тусгах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх нь зүйтэй” гэсэн саналуудыг гаргаж байв.  Энэ явсаар санал болж АН-аас гарч ирсэн. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэх үүрэг Ажлын хэсэгт “...Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх систем рүү орох хэрэгтэй” гэсэн албан бичгийг хүргүүлж байжээ. Гэхдээ энэ нь дан ганц АН-ын ч санал байгаагүй бололтой. МАН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “...Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх АН-ын санал орж ирсэнгүй. Гараа өргөөд 100 хувь дэмжих ийм санал байсан. АН-ын саналыг яагаад гацаачихав. Уг нь намчирхалгүйгээр, улстөржихгүйгээр нэгдсэн байр суурь, ойлголцолд хүрч шийдвэрлэх асуудал байсан. 1992 оноос хойшх таван Ерөнхийлөгч муу байсан гэж бид хэлж болохгүй. Тэгэхээр хүндээ бус тогтолцоондоо асуудал байгааг илтгэнэ. Тогтолцоо нь хүнээ эвдээд байна. Үүнийг цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх систем рүү орох хэрэгтэй” гэж байв.

Тэгвэл, УИХ маань 2023 оны нэмэлт өөрчлөлтөөр үнэмлэхүй жин дарах, бяр нэмэх заалтуудыг Үндсэн хуульд оруулж авсан. Холимог тогтолцоогоор нийгмийн бүлэг бүрээс төлөөлсөн 126 гишүүнтэй болсон. Харин тэд, аливаа асуудал дээр Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагын хэмжээнд байж чадаж байна уу. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд жил гаруй болж буй УИХ учраас өнөөдөр дүгнэхэд хангалттай “дата” үүссэн байх учиртай. Гэвч, яг санал асуувал УИХ уначихаар л царайтай байна.

Энэ талаас нь харвал “...Ерөнхийлөгчийн засаглал яагаад буруу гэж” гэмээр байгаа юм. Эхний ээлжид, УИХ хуулиа тогтоож, Ерөнхийлөгч Засгийн газраа байгуулаад явбал эрх мэдлийн ялгаа зааг үүснэ. Олон жил явж ирсэн “улс төрийн хайнаа” ч хагарна.

Тийм учраас Монголын улс төрийн нам, хүчнүүд, улстөрчид нэгэн ширээний ард сууж “...Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох уу”, эсвэл “...Ерөнхийлөгч Засгийн газрыг томилдог болгох уу” гэдэг дээр зоригтойхон шийдчих хэрэгтэй. Цаг нь ч болсон байна.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 146 (7643)

 

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин