Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг зарлаж буй хэрэг үү?!

2025-08-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БАЯР

 

Монголын төр шинэ гүйцэтгэх засаглалтай хоёр сар шахам зүтгэлээ. “Үйлчлүүлэгчид” нь баяр наадам, амралт зугаалга гээд одоогоор ажил төрлийг нь дүгнэх завгүй л байна. Хэдхэн хоногийн дараа их ажлын улирал эхэлснээр энд тэндээс дүгнэлтүүд хөвөрнө.

Гэхдээ, сүүлийн 2-3 өдөрт анхаарал татсан зарим үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанын дараа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ. Тэрээр “…2024-2028 оны Үндсэн чиглэлийн төсөлд төрийн өмчит 20 компани багтсан.  “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ, Төрийн банк зэргээс 10-66 хүртэлх хувийг Монголын болон гадаадын биржээр оруулж, хувьцааг нээлттэй болгох саналыг орууллаа. Ингэснээр төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.

Хамгийн гол нь, Б.Цэнгэлийн “…“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ компаниудыг гадаадын юм уу, дотоодын компанид хувьчилна” гэсэн нь анхаарал татав.

Үүнийхээ шалтгааныг тэрээр “…Судалгаа хийхэд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ зэрэг төрийн өмчит компанийн захирлуудын цалин бусад компани, салбарын дунджаас өндөр байна” гэж тайлбарлав.

Харин цайруулгыг нь “…3.74 их наяд төгрөг олно” гэж хийв.

Гэсэн хэдий ч, эдгээр компанийн хувьд Монголын төр огт өөр байр суурь, зарчмыг баримталдаг. Ялангуяа, Засгийн газрын байр суурь тодорхой, түүнийг нь олон нийт дэмждэг байв. Саяхан л “…Эдгээр компанийг төрийн буюу нийтийн өмчид байлгах нь зүйтэй” гэдэг байсан. Тэр дундаа, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “…МАНАН бүлэглэл буюу эдгээр төрийн өмчийг хувьдаа авсан бүлэглэлтэй тэмцэнэ” гэж байнга мэдэгддэг байв. Тэрээр 2021 оны дөрөвдүгээр сард “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэсэн.

2022 оны арванхоёрдугаар сард “…Том асуудлууд ерөнхийдөө жигдэрч байна. Манай экспортын 90 хувь уул уурхайн түүхий эд дээр тогтож байна.  Энэ нь уул уурхайд хэн ойрхон байна. Мөнгө тэнд байна. Тэр мөнгөөр улс орны төр засгийг тогтворгүй байлгах эрх ашиг явагдаж байна. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниуд дээр хяналт шалгалт хийсэн. Хуулийн байгууллагууд ажиллаж байна. Гэвч энэ хяналт шалгалтыг юу ч биш болгох ашиг сонирхол нуугдаж байна.  Оюу толгой, Хөгжлийн банк, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг шийдсэн шигээ нүүрсний хулгайн хэргийг шийднэ” гэв.

Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнэ “…Эдгээр үйлдвэрүүдтэй холбоотой асуудал шүүх дээр гацлаа” гэж байнга шүүмжилдэг байв. Тухайлбал, 2023 оны арваннэгдүгээр сард “…Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “Сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна” гэж байв.

Түүнээс гадна, Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлаар ярихдаа “…Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтээс дэмжлэг хүснэ, хамт тэмцэнэ” гэдэг л байв. Улмаар, огцрох үеэрээ “…Ордон дотор хүч алдаж байгаагаа мэдэрч байна” гэсэн. Мөн, “…Хэрэв миний хувьд өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус худалдан авалтын схемийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд илчилж, “Хөтөлийн цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлалыг буцаахгүй байх байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний худалдан авалтын оффтейк гэрээг илчилж, биржийн худалдааг зохион байгуулж, гаднын менежментийг зарлахгүй байх байсан. Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийг олон нийтэд ил тод болгож чадахгүй байх байсан. Оюу толгойн Дубайн гэрээг цуцалж, 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх олон улсын шүүхийн асуудлыг эхлүүлэхгүй байх байсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, стратегийн ордуудын 34 хувьтай холбоотой гал атгасан хэлцлийг ч эхлүүлж чадахгүй байсан” гэсэн нь бий.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгойн Дубайн гэрээ, нүүрсний хулгай гээд том хулгайтай холбоотой олон хүн хил давж зугтсан. Тэдэнд зориулсан “Шувуу” арга хэмжээг хүртэл Засгийн газраас зохион байгуулж байлаа.

Тэгвэл, уржигдар Засгийн газрын хуралдаанаар “…“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ компаниудыг гадаадын юм уу, дотоодын компанид хувьчилна” гэж ярьсан нь Л.Оюун-Эрдэнийг огцорсноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж буйг илтгэж байх шиг байна. Яг л, арав гаруй жилийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж байгаад Дубайн гэрээг явуулсан шиг түүх давтагдах гэж байгаа бололтой.

Нэмээд, Б.Хурц яриад гараад ирлээ. Яахав, Л.Оюун-Эрдэнэ рүү бодож санаж явдгаа шидэж байна. Мань эрийн тухайд Л.Оюун-Эрдэнийг тэгэхээс ч аргагүй. Тэрээр Б.Хурцад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. “2017 оны арванхоёрдугаар сард Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр “…Тусгай албаны хүн бизнес эрхэлж болох уу. Ийм зүйл олон улсын протоколоор байж болохгүй. Уул уурхай, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой олон том төсөлтэй Б.Хурц гэдэг хүн холбогддог” гэж байв. 2021 оны гуравдугаар сард С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоронд хоригдож байсан Т.Чимгээтэй очиж уулзсаныхаа дараа “…Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй” гэж тайлбар хийсэн. Бас 2021 оны тавдугаар сард “…Цаашдаа Монгол Улсад хүнийг хэзээ ч эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, ял завшдаггүй, шүүх дарга, энгийн иргэнд өөр ханддаггүй байгаасай гэж бодож байна. Б.Баасанцогт, Б.Хурц нар шиг хүмүүс дахин битгий төрөөсэй” гэсэн байдаг. Хамгийн гол нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр яллагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахад Л.Оюун-Эрдэнэ онцгой роль гүйцэтгэсэн. Тэднийг суллахад Б.Хурц “…Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээн олон хууль зөрчинө лээ. Зөрчих ч гэж зөрчүүлж байгаа юм л даа” гэж хэвлэлд ярьсан. Гэсэн ч, Б.Хурц нарт “…Бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр шүүхээс ял шийтгэсэн. Энэ тухайд Л.Оюун-Эрдэнэ сүүлд “…Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. “…С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ” гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй” гэсэн байдаг. Гэвч, тэр өдөр нь болоогүй бололтой. Магадгүй, цаашдаа болохгүй ч байж мэднэ. Учир нь, Б.Хурц яриад гарч ирлээ. Наад зах нь, “…Бараг л илэрчихлээ” гэгдэж байсан С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувь заяа ч өөр тийш эргэж байж мэдэхээр нөхцөл үүсэв. Цаашлаад, өнгөрсөн жилүүдэд “…Бүлэглэл” хэмээн дуудуулж, эзэн суусан бүх “юм”-наасаа хагацаад байсан нөхдүүд ингэж амь орж, өндийв бололтой.

Товчхондоо, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ компаниудын хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг л зарлаж байгаа хэрэг бололтой. Дашрамд хэлэхэд, эдгээр төрийн өмчит үйлдвэрүүд, компаниудыг авах эзэд нь ч хэдийнэ тодорсон дуулдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 145 (7642)

 

лалар гэж
Оюунэрдэнийг зайлуулж байгаад одоо бүх хулгайгаа хийж эхэлж байна шд. Тэрийг нь Хүүк толгойлоод л аан кк. ЭмСиЭс Ухаа худагийн төрийн хувийг өгөх нь байтугай засаг огцруулж өөрийн нутгийнхаа Занданшатар гэгч утсан күүклээ ЕС болгочихлоо. Одоо бүх зүйл Оджаргалын тооцож төлөвлөсний дагуу явах болно. Сахал Эрдэнэбилэг төрд хураалгасан бүх юмаа буцааж авна. Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой, Хөтөл, Багануур за ер нь бүх төрийн өмчит уул уурханй компаниудыг эд нар өөрийн мэдлийн компаниудаараа хувааж авна. Эбэ, Сайханбилэг Америкаас буцаж ирнэ. Хүрэлсүх ялаас мултална. Ингээд дахиад гуч, дөчин жил бид үмхий нүхэн дотроо хэвтэнэ.
Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

3 цаг 0 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

11 цаг 34 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

11 цаг 34 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

11 цаг 34 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

11 цаг 34 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

23 цаг 15 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин