Талбайд жагсаал үргэлжилж, Төрийн ордонд Ерөнхий сайдад итгэх эсэх асуудлаар санал хураав

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 26 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” асуудлыг хэлэлцсэн. Эрх  баригч намын бүлэг санал хураалт явуулаагүй.  Харин АН-ын бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэдгээ мэдэгдэж, санал хураалтад  оролцохгүй байх шийдвэр гаргасан юм.  Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэнээр “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад нийт 23 гишүүн оролцсоноос 17 нь итгэл үзүүлэх ёстой гэж үзсэн бол зургаа нь дэмжээгүй юм.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цагт зарласан ч байнгын хороо, УИХ дахь  намын бүлэг хуралдсан тул товлосноосоо хоёр цаг орчмоор хоцорч эхлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүн оролцох ёстойгоос 107 гишүүн иржээ.  Харин хамтарсан Загийн газарт ажилладаг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан нар ирээгүй тул чуулганы хуралдааныг тасалсан гэдэг мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргажээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тоймлон хүргэж байна.

 

“Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлье”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.  Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм. Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс.  Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотнын олон сорилттой нүүр тулах болно.

Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна.  Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс миний бие ард түмний төлөөлөл болсон  парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод, нээлттэй хариулах болно. Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог.  Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг би Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Бид 1992 оноос хойш анх удаагаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай ярих гэж байна. Сонгодог парламент гэдэг утгаараа санал хураалт, асуултыг дэлгэрэнгүй ярих ёстой. Бид ард түмний төлөөлөл. Ордны хөшигний ард улс төр хийдгээ больцгооё. Ил тод нээлттэй асуудлыг ярьдаг байх ёстой. Шүүмжлэлтэй ханддаг асуудал олон байна. Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтоогүй. Иргэд эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Энэ бол тогтолцооны алдаа. Эмийн сонсгол хүртэл зохион байгуулсан. Хөлдүү шингэн залгаж дусал хийж байна. Энэ салбарыг хаяж болохгүй. Эрүүл хүн байж улс орон хөгжинө. Тийм учраас би сонгодог парламентын үлгэрлэл болоод санал хураалт нээлттэй байгаасай. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлье.

 

“Засгийн газрыг огцруулахад геополитикийн тогтворгүй байдал үүснэ,  тиймээс би өргөдлөө өгөөгүй”

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Асуудал орлогоо нотол гэж гарсан. Энэ асуудал дээр МАН-ын бага хурал шийдвэр гаргасан. Энэ хэр үндэслэлтэй болсон юм бэ. Өнөөдөр хамтарсан Засгийн газар буруу, муухай байсан гэж байна. Засаг байгуулахдаа намууд хамтрахдаа 578 зүйл заалттай гэрээ байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг уриа бүхий мөрийн хөтөлбөрийг байгуулсан. Ардчилсан нам, МАН-ын мөрийн хөтөлбөрийн ижилсэл 86 хувиар нийцэж байсан учраас АН-ын төлөөллийн  төв байгууллага хамтрах нь зүйтэй гэж шийдсэн. Хоёрт, 123 гишүүнтэй парламент болсон нь талцахаас илүү нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө хамтраад явъя гэдэг үзэл баримтлал дээр тулгуурласан. Л.Гантөмөр эдийн засгийн том хөтөлбөрүүдийг хариуцаж, гал атгаж ажилласан. Ц.Туваан, Ц.Баатархүү, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Р.Эрдэнэбүрэн, Э.Одбаяр, О.Алтангэрэл сайд нар хариуцлагатай сайн ажиллаж, эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн.  АН Засгийн газарт хамтарч улс оронд сөрөг үр дагавар бий болгосон гэдэг пиарыг юу гэж бодож байна вэ. Орлогоо нотлох асуудал байсан бол би жагсагчидтай уулзах байсан гэлээ. Тэр шалтгаануудаа тодорхой тайлбарлаж өгөөч.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ажиллахад давуу болон сул тал гардаг юм билээ. Бүх сайд нэг баг болж ажилласан. Том төслүүд 10 сарын дотор хөдөлгөж чадсан. Сул тал нь сайд болоогүй далд гомдол зангирдаг юм байна. Энэ нь том асуудал болж байна. Томилгоо зэрэг нь улс төрийн сөрөг үр дагавар дагуулж байна. Ардчилсан намд хэт хөтлөгдөж байна гэх мэт энэ бүхэн суурь шалтгааны нэг. Сүүлд ганцаардаж, тайлбарлаад тайлбарлаад ойлгохгүй болсон. Гэхдээ энэ асуудлыг авч үзэхэд 23 настай, тусдаа амьдарч байгаа хүү нь хэн нэгэнд хайр сэтгэлтэй болж, бөгж авч өгсний төлөө Засгийн газрыг огцруулахад цаашдаа энэ олон геополитикийн тогтворгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Ардчилсан намын бүх сайдуудад талархаж байгаа шүү.

Шадар сайд Т.Доржханд:

-Ерөнхий сайд аа, Хамтарсан Засгийн газарт ороод 10 сарын дараа чуулганы микрофоноос асуух гэж байна. Хамтарсан засагт ороход асуудал нь өөр юм билээ. Гүтгүүлдэг, харлуулдаг. Харин өнөөдөр эрх чөлөөгөө эдэлж байна. Шулуухан асууна. Ерөнхий сайдыг өргөдлөө өгч болохгүй. УИХ-д асуудал оруулаа, итгэх үү үгүй юү гэдгийг нь асуу гэж шахсан хүн нь би байгаа юм. Засгаас өнөөдөр гарахад амархан. Гэхдээ улс орон маань яах билээ. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, наашаа харсан байсан. Одоо энэ хөрөнгө оруулалтууд яах юм бэ. Би Африкийн 40, Латин Америкийн 10 улсад очиж ажилласан. Дандаа хөгжиж буй улс орнууд. Нийт 200 улсын 40 нь баялагтай. Баялагтай улсын зовлон нь бизнесменүүд нь ганц хүнтэй харьцдаг. Олон хүнтэй харьцдаггүй юм. Тийм учраас авторатори дэглэмтэй улс байдаг. Монгол Улс ийшээ яваад байна. Харагдаад байна. Ерөнхий сайд аа та маш том эрх ашиг байсан гэдгээ ил тод хэл.

 

“Засаглалын тогтворгүй байдал, хэт улстөржилт парламентын засаглалд ноцтой хор хөнөөл авчирч магадгүй”

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Парламентын засаглалаа хамгаалж үлдэх агуулгаар 126 гишүүнтэй холимог тогтолцоотой болох ёстой гэж үзсэн. Санал гээгддэг учраас мажоритар тогтолцоо дэлхий дээр хумигдаж байгаа юм билээ. 126 парламент бүрдээд дараа дараагийн Засгийн газарт ямар асуудал байх вэ гэдэг дээр бид хариуцлагатай хандах ёстой. 126 гишүүнтэй болоод дордлоо, төрийн ажил гацлаа гэдэг агуулга явбал Т.Доржханд даргын яриад байгаа зүйл рүү явахад ойрхон. Тиймээс бид долоо хэмжиж нэг огтлох ёстой. Ардчиллын том дархлаа бол парламентын засаглал. Бид хоёр том гүрний дунд байгаа. Тиймээс засаглалын тогтворгүй байдал, хэт улстөржилт парламентын засаглалд ноцтой хор хөнөөл авчирч магадгүй. 126 гишүүнтэй парламенттай болсондоо талархах ёстой. Одоо бид хамгаалах ёстой.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Нэг жилийнхээ босгон дээр яагаад ийм том сорилтод оров. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, огцрох түвшинд хүрсэн нь хүүхдийн цүнхний төдий асуудал мөн үү, биш үү. Өнгөрсөн жилийн яг өдийд Монгол орон даяар сонгуулийн уухай хадаагаад тал нутгаар давхиж байсан. Иргэн бизнесүүдэд илүү том боломж олгоно гэдгийг АН, МАН, ХҮН нам хэлж байсан. Гэтэл явж ирсэн чиглэл нь ард иргэд хэрэггүй, дарга нар хөгжүүлнэ гэсэн. Үүний үр дүнд ядуурал өссөн. Энэ шалтгаан нэг жилийн босгон дээр илэрч байна. Энэ бол алдаа байсан. Хоёрт, Өнгөрсөн хугацаанд АН-аас найман сайд ажилласан бөгөөд маш хүнд нөхцөлд ажилласан. АН-ын бүлгээс шүүмжлэлтэй хандаж байсан ч улс орны хөгжлийн мега төслүүдийг дэмжсэн. Эндээс нэгийг ч унагаагүй. Үндсэн хуульд эвслийн Засгийн газар гэж байхаас хамтарсан Засгийн газар гэж байдаггүй. Цаашдаа агуулгын хувьд шийдэл гаргах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хүнд цагт энэ асуудлыг шийдэх гэж байна. Дэлхийн хямралтай зэрэгцээд өөрсдийгөө хямраах асуудал руу орж байна. Бодлогын асуудалд, 14 мега төсөл, Баялгийн санг явуулах эсэхэд итгэл үзүүлээч гэж байна. Итгэл үзүүлэхгүй гэвэл энэ том төслүүд Баялгийн санг байгуулахгүй гэх болно. Тийм учраас би итгэл үзүүлнэ. Оюутолгойн гэрээний ашиггүй алдааг засах боломж бий болсон цаг үе.

 

“Та минь яагаад ингэж их удав”

 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Би бол парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр тултал явна. Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ. Хоёрдугаарт, магадгүй 10 сар хамтарсан Засгийн газрын хамгийн бүтээмжтэй цаг хугацаа байж болзошгүй болчихлоо. Улстөржилтийн улмаас эдийн засаг хямрах эрсдэлтэй. Маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа шүү. Бүх юм хугацаатай. Бид хойч үедээ юу хүлээлгэж өгөх вэ. Бид үлдсэн гурван жилд улстөржсөөр байгаад таарах уу. МАН өөрөө гэрээгээ зөрчсөн шүү. Нэг талын шийдвэр гаргасан. Юм үнэнээрээ байсан дээр. Бидэнд эв нэгдэл, бүтээн байгуулалт хэрэгтэй. Олон ажлыг хойш тавьсан шүү дээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Ерөнхий сайдад итгэж байгаа. Хувь хүндээ ч биш түүний ахалж байгаа баг, мөрийн хөтөлбөр, цаашдын бодлогод итгэж байна. Энэ бодлого хэрэгжиж, хамтарсан Засгийн газар тогтвортой байх үүднээс итгэл үзүүлнэ. Нэг асуулт асуухад, та минь яагаад ингэж их удав. Хүмүүсийн дунд ойлгомжгүй нөхцөл байдал үүсч, орлогоо нотолж чадахгүй байгаа учраас огцрох гэж байгаа юм шиг мэдээлэл цацагдаж байна. Энэ бол технологи дээр суурилсан зохион байгуулалт гэж харж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Миний хувьд олон жагсаалтай нүүр тулж байсан. Хоёр ч том жагсаал дээр гарч, жагсагчидтай уулзаж байсан. Тэр бол цар  тахлын үе байсан. Би яагаад тэгсэн гэхээр тухайн үед ордон нэгдмэл байсан. Тийм учраас талбай дээр байгаа залуустай шууд нүүр тулж байсан. Энэ удаа харамсалтай нь ордон хуваагдмал байдалтай байгааг мэдэж байсан. Суурь шалтгаан өөр байсан. Шалтаг байсан. Би гарлаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан. Тийм учраас энийг ярилцсан. Нээлттэй ярилцахгүй байгаа болохоос би намын гишүүд, АН-ын гишүүдтэй уулзахдаа “Ийм хэмжээний буруу ойлголт маш их байна. Би амаа асуулгаж байна” гэж хэлсэн. Би АН, ХҮН намд хайртайдаа цаг гаргаагүй. Ганц ажлууд нь бүтээсэй гэж хүссэн. Би дандаа хариулт хэлсэн ч улам зузаараад л байсан. Гуйж ч үзсэн. Хамгийн том мега төсөл нь явж байгааг ч харахаа больчихдог юм билээ. Уг нь намынхаа бодлого, гол агуулгыг дэмжих чиглэлээр нам сонгодог парламентын жагсаалт гаргадаг ч манай намынхан “Та өөрөө л хийсэн” гэж хэлж байгаа. О.Цогтгэрэл дарга “Танай нам олонх болоогүй байсан бол ийм асуудал болохгүй байсан” гэж хэлсэн. Энэ бол үнэн. Бодох л ёстой асуудал. УИХ-ын даргыг АН-аас тавих асуудал ярьж байсан ч олонх болсон учраас боломжгүй байсан. Анх удаа явж байгаа учраас том агуулгаа бүтэн харахгүй байх шиг байна. Тийм учраас халгаад яах вэ. Дор бүрнээ дүгнэлт хийцгээе. Надад албан тушаалд хорогдох зүйл байхгүй. Ард түмэн сонголтоо хийчихсэн. Зөв агуулгаар цаашаа яваасай гэж бодож байгаа болохоос царай алдсан зүйл алга. Энэ өөрөө итгэл учраас одоо байгаагаас дордох эрсдэл байгаа учраас олон талаас бодолцоосой.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Нийгэмд Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэсэн далд санаархал нь Засгийн газрыг огцруулах шалтгаан болсон гэсэн яриа гараад байна. Энэ бодитой аюул уу. Таны хувьд хамгийн амаргүй байсан бодитой аюул чинь юу вэ?

 

“Ордонд хүч алдаж байна, энэ өөрөө дарангуйллыг бий болгодог”

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Ухаа худагтай асуудлыг УИХ руу тогтоол болгоод өргөн барьсан. Энэ асуудал том доргилт өгсөн. Яалтчгүй улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь Эрдэнэтийн 49 хувь дээр Эрдэнэбилэг гэдэг хүнтэй тулж байсан. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй. Гашуунсухайт Ганцмодны боомттой холбоотой асуудал дээр хоёр улсын Засгийн газар нэг компанийг оруулахгүйгээр тохиролцсон. Энэ том доргилт болсон. Том юм, хүчтэй юм. Үүн дээр нөлөө бүхий улстөрчид нийлээд блоколчихлоор Төрийн ордонд хүч алдаж байна. Олон нийтийн анхаарал сул, зуны дэлгэр цагт энэ үйл явдал болж байна. Олон жил бугшсан асуудлаа бидний хувьд бүтэн шийдвэрлэж чадахгүй байдал руу улс төрийн зураг орж байна. Харамсалтай байна. Энэ нь өөрөө улс төрийн дарангуйллыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй байх. Асуудлыг мэдэж байгаа хэрнээ ард нь тохироо хийх. Ийм л асуудлаас урьдчилсан сэргийлэх гэж парламентыг өргөтгөсөн. Мэдээж энэ нь зөв, бурууг цаг хугацаа харуулна. Буцаад олигарх бүтэц, нэг хоёр хүний тохиураар шийдвэр гаргадаг Монголын төр үүсвэл эд хөрөнгө эрх мэдэл хэт цөөнхөд төвлөрөөд нийгмийн том донсолгоо болж хувирна. Энэ чинь парламентын засаглалыг хүчгүйдүүлнэ. Парламент асуудлаа шийдх хэмжээний бядгүй болно. Гүйцэтгэх засаглал нь хүчгүй болно. Тиймээс эрхэм гишүүд та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, гал авч байгаа ганц хоёр хүнээ зэмлэхэд зэмлэж, дэмжихэд нь дэмжиж ажиллах нь цаашдын Монголын ирээдүйд чухал шүү.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

 -Өнөө шөнө ард түмэнд амны хишиг байна уу гэдгийг шийднэ. Баялгийн сангийн хуулийг 64-тэй бүлэг байхдаа АН-ын 4-5 гишүүн оруулж байж 40-ийн босго давуулж байсан түүх хоёр жилийн өмнө шүү. Тийм учраас баялагтай эзэн болгох амлалтыг хийхэд 68-ын бүлэг чадахгүй, хамтрах нь зөв гэж шийдсэн. Хамтарсан Засгийн газрыг дэмжсэн. Одоо ч дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх бид хилээ төмөр замаар холбосон бол эдийн засаг өнөөдрийнхөөс арай өөр байх байсан. Гэсэн ч энэ ажлыг хамтарсан газар хийж чадсан. Уул уурхайтай холбоотой томоохон асуудал гарч ирэхээр л маш их улс төрждөг. Хорин жил гацсан ураны төслийг хөдөлгөж чадсан учраас итгэл хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. УИХ өнөөдөр ерөнхий сайд танд итгэл хүлээлгэвэл ойрын 3-6 сард ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Төлөвлөсөн нийгмийн даатгал, татварын цогц реформыг бүлгүүдэд танилцуулаад эхэлсэн байгаа. Энэ нь прогрессив такс гэж нэрлэгддэг дэвшилтэд татвар. Орлогын тэгш бус байдлыг багасгадаг татвар. Өргөн барихад бэлэн болчихсон байгаа. Иргэд хүлээлттэй байгаа.Германы татварын систем. Гурваас дөрвөн удаагийн хувилбарын танилцуулгыг хийсэн байгаа. Түүнчлэн 2025 оны боловсролын жил болгон зарласан. Нэлээдгүй их хэмжээний санхүүжилт тус салбарт тавигдана. Туулын хурдны зам улс төржихгүй явах хэрэгтэй. Мөн хоёр тойрог зам шийдэгдсэн тохиолдолд түгжрэл 50 хувиар буурна. Бодлогын тогтвортой байдал ихээхэн чухал. Уул уурхайн АМНАТ-ийн асуудал Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн байх ёстой гэдгийг хувийн хэвшлийнхэн зөвшөөрсөн.

 

“Үзэл бодол, үзэл баримтлалдаа үнэнч үлдэх нь ялалт юм”

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг ээдрээтэй, эрсдэлтэй цаг үед бид ажиллаж амьдарч байна. Ийм цаг үед аль болох эв нэгдлийг барьж, зөвшилцөж, ойлгож, асуудлыг шийдэж явмаар байна. Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үг битгий хэлээрэй гэдэг үг бий. Мөн идэж байгаа хоол руугаа нулимдаггүй гэдэг. Үүнийг бодож, саналаа хэлээсэй. Олон Засгийн газар огцорч, олон зөрчил бий болж байхад ажиллаж байсан. Өнгөрсөн 2012-2016 онд олонх цөөнх болж хоорондоо маргалдаж, үл ойлголцож олон жил тэмцэл хийж байсан. Бас 2016-2020 онд МАН 65 суудалтай мөртлөө 32, 33 болж хуваагдан хэдэн жилийг ардаа орхисон. Тийм болохоор үл ойлголцол, үзэн ядалт болж улс орны бүрэн эрхт байдалд тусгаар тогтнолд ноцтой аюул занал болох хэмжээнд хүрчих вий гэдгийг бодох хэрэгтэй. Эцсийн эцэст санал хураалтаар л асуудал шийдэгдэх учраас хүлээцтэй бодож, үгээ хэлцгээе.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Нэг жил хүрэхгүй хугацаанд сүрхий хамтран ажиллаж байгаад Засгийн газраараа оролдож байгаа нь харамсалтай байна. Бидний бодож байгаа, энд ярьж байгаа зүйл талбай дээрх залуусын бодол тэмээ, ямаа шиг өөр болоод байна. Талбай дээр огцрох амархан, цүнх, орлогоо нотол гэж ярьж байхад энд парламентын засаг солих гэж байгаа ч юм шиг, янз бүрийн бүлэглэл байгаа юм шиг ярьж байна. Тийм болохоор Ерөнхий сайдаа Гашуунсухайд-Ганцмод боомтын хэлэлцээрийг хийхэд гурван том довтолгоо ирж байсан гэсэн. Энэ үнэн юм уу. АТГ-т хэн нэгнийг зодуулахад чиглэл өгсөн юм уу. Энэ үнэн үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудал бол их төвөгтэй сэдэв юм билээ. Манайх төмөр зам тавьчихаар үнийн хувьд ОХУ болон БНХАУ-ын Баяннуур талд байгаа тодорхой компаниуд өрсөлдөх чадваргүй болох юм билээ. Өөрөөр хэлбэл, их овроор зөөгөөд эхлэхээр. Сая бид хил гарч тэр компаниудтай уулзахад аль аль намын хүмүүс байсан. Бид хоёрт, 10 жилийн өмнөх гэрээгээ хэвээр хадгалаад явна, бид төр засаг болон улс төрд лобби хийж чадна гэдэг дотоодын компанийн групп нэгдэл буюу MMC. Энэ нэгдэл нь “Чайна энержи” группийг ятгаад байдаг юм билээ. Бизнес төлөвлөгөө нь Тавантолгой нь хамт байх ёстой, жижиг Тавантолгой нь хамт байх ёстой бөгөөд хоёр улсын засгийн газар хоорондоо холбогдоод бүтэхгүй гэдэг. Мөн автомашины бизнес эрхэлж байгаа улстөрчид байна. Төмөр зам тавьчихаар машины тээвэрлэлт зогсоно. Эрх ашиг хөндөгдсөн асуудлыг 90 хувьтай баталсан. Гашуунсухайтад сая очоод ирэхэд бас нэг асуудал боллоо. Би энийг зохион байгуулалттай гэж харж байна. Ёстой “Монголын андгай За” байх ёстой. БНХАУ-ын тал анхааралтай ажиглаж, маш их анхаарал тавьж байгаа. 

 

“Бид Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс”

 

УИХ-ын гишүүн М.Ганхөлөг:

-Бид үнэхээр вакумжиж байна. Залуусын жагсаалын мөн чанарыг сайн ойлгохгүй байна. Хэн нэгний цүнх савнаас илүүтэй 30 жил бидний үеийн залуусын нийгмээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шударга бус байдлыг өөрсдийнхөө илэрхийлж байгааг бид буруу ойлгож байна. Илэрхийлж байгаа арга барил нь бидэнд ойлгомжгүй байж болно. Гэхдээ үүний цаана нийгэмд болж бүтэхгүй олон асуудал байгааг залуус хэлж байна. Энийг нь явцуу байдлаар ашиглаж байгааг үгүйсгэхгүй. Залуусаа ойлгодоггүй төр, төр засгаа тогтвортой явж байгаагаа ойлгуулж чадахгүй байна. Ерөнхий сайд нээлттэй ярьж байгаа ч асуултад тодорхой хариулахгүй байна. Сонгодог парламентад аюул учруулж байгаа асуудлын цаана яг ямар хүмүүс байгаа юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би тодорхой, эмоцигүй, сэтгэл хөдлөлгүй ярих нь зөв гэж бодож байгаа. Залуусын жагсаал хийж байгаа асуудлыг би маш эергээр харж байгаа. Энэ орлогын тэгш бус байдал үүсэж, төр засаг сонсохгүй байна, татвар, нийгмийн даатгалын дарамт их байна, шинэ үеийнхний хүсэл эрмэлзэл өөр болсныг анхаарч байна уу гэдэг асуудлыг хэлж, ярьж байна. Бид санал нэг байна. Тийм учраас жагсаалтай холбоотой асуудалд эерэг талаас харж байгаа. Гэхдээ харамсалтай нь бид залуустаа ойлгогдохгүй хэлээр ярьж байгаа нь буруу байх шиг байна. Бид амьхандаа 14 мега төслөө хэрэгжүүлж, татварын дарамтыг бууруулах гээд байгаа юм. Энгийн хэлээр ойлгуулж чадахгүй байгаа нь үнэн.  Бид Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Ард түмнээсээ сонгогддог Ерөнхийлөгчтэй. Би энэ асуудлыг 2019 онд ярьж байсан. Парламент, Засгийн газар томилдог бас мөрийн хөтөлбөртэй. Хоорондоо ажил үүрэг нь давхцаж, буруу зөрүү ойлголт төрөх асуудал байна. Бид парламентын засаглалтай бол нэг талд нь гаргах ёстой. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв. Би байнга илэрхийлж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг УИХ олон талаас нь ярьж, цаашдын сонгууль дээр ярих хэрэгтэй. Би Ерөнхийлөгчийн засаглалыг бүр буруу гэж хэлээгүй. Байдаг л зүйл. Замын голоор яваад байгаа юм шиг асуудал байгаа. Парламент илүү ярих нь чухал. 1991 онд санал хураалт болж, Ерөнхийлөгч, парламентын засаглал дээр 48 хувийн санал тэнцэж, ажил үүрэг давхацсан. 2019 оны Үндсэн хууль олон санал хийгээд дараагийн сонгууль дээрээ намууд мэтгэлцээд явах нь зөв. Би энийг нуугаад яах вэ. Болзошгүй үр дагаврыг урьдчилсан сануулах нь миний үүрэг.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Залуус итгэл үнэмшилтэй, үзэл бодолтой байгаагаа илэрхийлж байна. Манай намын гишүүд ч илэрхийлж байна. Гэтэл тэдний байр суурийг мөнгө санхүү, эдийн засагтай холбож байгаа нь итгэл найдварыг бөхөөж байна. Жишээ нь Ч.Лодойсамбуу гишүүн бусад гишүүдээ кнопоо худалддаг гэх мэдэгдэл хийсэн. М.Нарантуяа гишүүн жагсагч залуусыг жагсаалыг 50 сая төгрөгөөр багцлагдсан гээд мэдэгдчихлээ. Яагаад бид энэ процессыг ойлгож, нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм бэ? Та хоёр маань хэлсэн үгээ нотолж чадахгүй бол уучлалт гуйх ёстой. Би 126 гишүүн болон гадаах залууст итгэж байна. Тэнд миний 22 настай охин ч бий. Ямар нэг шүүлтүүр тавьж бодож болохгүй. Парламент засаглал ил тод байх ёстой том дохио боллоо гэж би бодож байна.  Хоёрдугаарт, Ерөнхий сайд та МАН-ын бага хурлын гишүүдэд хандаж үгээ хэлээч.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ганцаараа шийдвэр гаргах шиг амар зүйл байхгүй. Гэхдээ суурь асуудлаа яръя. Бага хурал 11 цаг хуралдсан. Томоохон гомдлууд орон нутаг болон парламентын гишүүдийн дунд үүсжээ гэдэг нь тодорхой болсон. Ерөнхий сайдын хувьд яаран шийдвэр гаргаж болохгүй гэж маш олон бага хурлын гишүүн хэлсэн. Хамтраад засаглах нь энэ цаг үед зөв гэж би бодож байна. Гэвч энийг хүлээн зөвшөөрөхгүй цаг үе иржээ гэдгийг ч ойлгосон. Л.Оюун-Эрдэнэ байх байхгүйдээ биш юм билээ. Тийм учраас итгэл үзүүлэх тухай энэ асуудлыг хөндсөн юм. Бидний итгэл найдвар бол ирээдүйн хөгжил, зөв дүгнэлт байх юм. Нийгэмд олон сегмент байдаг. Тэднийг парламентад оруулж ирэх хуулийг бид хийсэн. Одоо энэ төлөөллийн хэлцлийг үүсгэх ёстой. Энэ нь 126 гишүүнтэй парламентын механизм юм.

 

“Найз охин нь бие давхар болсон учраас сэтгэл хөдлөлтэй хандсан”

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Ардчилсан нам гэрээгээ огт зөрчөөгүй шүү. Хамтарсан гэрээг эрхэмлэн дээдэлж, ажил хэрэг болгохоор цаг наргүй ажилласан. МАН-ын бага хурлын 303 гишүүн энэ гэрээг уншиж, дүгнэсэн гэдэгт итгэхгүй байна. Хоёрт, хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталж, олон том төслийг эхлүүлсэн. Өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж чадсан. Э.Одбаярын газраас Дархан-Уул аймгийн сүүлийн дөрвөн жилийн тендер худалдан авалттай холбоотой бүх баримтыг шалгаж, 64 тэрбумын зөрчил илэрсэн юм билээ. Тэр акт бичгээ тухайн аймгийн ИТХ хэлэлцүүлдэггүй. Ийм асуудал их гарч байна. Энэ бас МАН-ын бага хурлын гишүүдийн дургүйг их хүргэсэн байх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Орлого нотлохтой холбоотой асуудлыг ТББХ дээр бас хэлсэн. Би АТГ-т 2025 оны тавдугаар сарын 23-нд бүх баримтаа бүрдүүлээд өгчихсөн. ХОМ жил бүр гаргаж өгсөн. Энэ бүгд цахим сайтад ил байгаа. Нийт 30 хоног шалгаж дүгнэлт гаргадаг. Би хүүтэйгээ уулзсан, 17 сая төгрөгөөр бөгж авч өгсөн нь үнэн. Тэр материал нь АТГ-т очсон байгаа. Мөн 500 мянган төгрөгөөр бугуйвч авч өгсөн. Найз охин нь бие давхар болсон учраас сэтгэл хөдлөлтэй хандсан. Ийм л зүйл болсон. Аав ээжтэйгээ уулзаж чадаагүй байгаа. Асуудал нэг талд гарсны дараа бас нэг уулзах бодолтой байна. Энэ зүйлийг тайлбарласан. Нягтлан шалгаж байхад урдуур нь ороод хэвлэлд яриа өгөхийг бодсонгүй. 126 гишүүний итгэл найдварын асуудал байна. Мэдээж  бид цар тахал, дайн, тариф гээд эдийн засаг хямардаг. Ийм асуудал ирж байгаа учраас бүр илүү нягт, нэгмдэл ажиллах нь чухал.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг ил тодоор санал хураахыг УИХ-ын гишүүд дэмжээсэй. Энэ горимын санал гаргаж нууцаар битгий хийгээрэй. Үндсэн хууль дээр ил санал хураалт явуулахаар бичсэн байдаг. Хуульд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж тусгасан. Энэ зарчмын дагуу шийдье. Өөрөөр шийдвэл өөр асуудал руу явна. Эхлээд Дэгийн тухай хуулиа унших ёстой байсан. Үндсэн хуульд заасан зүйлийг горимын санал гаргаж байгаад нууцаар хураалгаж байна. Энэ бол буруу шүү дээ. Үндсэн хуулиас давсан Дэгийн тухай хууль гэж байхгүй. АН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг ойлгож байна. Гэхдээ Дэгийн тухай хуулийн 7.5 зүйлд Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцсэн эсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүд хуралдаанд оролцохгүй байх буюу орхиж гарахыг хориглоно гэж заасан байдаг. Дэмжих дэмжихгүй нь тусдаа асуудал. Тийм учраас ил санал хураах хэрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ямар ч шийдвэр гарсан сэтгэл зүйн бэлтгэлтэй байна. Харин энэ тэмцлээсээ ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан, төрийг тэр чигт нь блок үүсгэж хянасан олон асуудал байна. Зарим гишүүд надтай уулзаж, хэлж байсан. Тийм учраас миний итгэл үнэмшил Монголын нийгэм баялгийн асуудал иргэдэд хүртээмжтэй байх, ил тод байх тэмцэл албан тушаалтай, тушаалгүй үргэлжилнэ. Нэг зүйлийг парламентын гишүүдэд уриалахад, бид эрх ашгийн эрэмбийг том агуулгаар нь дэнслэхдээ дандаа алддаг. Тиймээс С.Зоригийн хэлсэн улсын эрх ашгаа эхэнд, намаа хоёр, хувийн эрх ашгаа гуравт тавиач гэсэн. Бид яг л энэ дээр алдаж байна. Жижиг сажиг томилгоо, сайд болсон хүн бяр ороод алхаа гишгээ нь өөр болж, дараагийн намын дарга, сонгуулийн эрх ашиг нэгдэж байгааг мэдсээр байж, зогсоох түвшинд хүрсэн. Бид эрэмбэлэхгүй бол нэг удаа асуудал шийдэгдэх  ч дараагийн удаа хэвээрээ л байж байна.

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Парламентын гишүүд бид юун дээр шийдвэр гаргах вэ гэдэг нь логикийн хувьд ойлгомжгүй байна. Олон нийт орлогоо нотлохыг шаардсан. МАН-ын бага хурлаар хамтарсан засгийн газрын асуудал яригдсан. Харин одоо чуулганы хуралдаанаар итгэл үзүүлэх бодлогын дэмжлэг үзүүлэх эсэхийг хэлэлцээд байна. Бид АТГ-ыг ажлыг хийхгүй. Бид бодлогыг чинь дэмжээд л төсвөө батлаад л явж байгаа. Улс төрийн нөхцөл байдлын үүднээс итгэл хүлээлгээч гэж тогтоолын төсөлдөө бичсэн байна. Үнэхээр төрийн засаглалын асуудал хөндөгдөж байгаа юм бол үүнийг ил тод ярих шаардлагатай байна. Парламент ардчлалын тогтолцоог хөндсөн акц байгаа бол үүнийгээ дэлгэрэнгүй яримаар байна. Таны хариултаас сайн ойлголт авч чадахгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Даваа гарагт бүлгийн хурал болсон. Ардчилсан намтай холбоотой асуудал үүссэн. Улс төрийн шийдвэр гаргах нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээд Ерөнхийлөгчтэй уулзсан. Олон нийтийн сэтгэлзүй ийм байна. Ажлаа өгөх нь зүйтэй, асуудалгүй гэдгээ хэлсэн. Олон талаас нь ярьсан. Хамтарсан засгийн газрын асуудал учраас намын бага хурал дээрээ энэ асуудлаа яръя гэсэн. Ингээд арван цаг ярьсан. Хамтраад байгаа мөртлөө сөрөг хүчин хийгээд байна гэдэг асуудал яригдсан. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга хийх талаар гэрээнд тусгаагүй. Үүнд санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн. Л.Гантөмөр даргыг Ардчилсан намынхан ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д өгөх гээд хардаад байна гэж ойлгосон. Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нарын санал зөрөлдсөн бас асуудал байгаа. Мөн сайд нар нам намаараа багцалж санал өгөх асуудал байдлыг дэвэргэсэн. Олон хардалт байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс  ах хүний хувьд надад зөвлөгөө өгсөн. Хоёр ч удаа уулзсан. Олон нийт уур бухимдалтай байна. Асуудал болох вий гэсэн. Энэ нь ч хардлага төрүүлсэн байх.

Дугаар шилжих мөчид буюу өчигдөр 21:30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байв.   Чуулганд 53 гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж хариулт авахаар тэмдэглэгдсэн юм. Мөн Төв талбайд “Огцрох амархан” жагсаал орой болтол үргэлжилсэн.  УИХ-ын чуулганы протоколыг дараагийн дугаартаа үргэлжлүүлэн хүргэнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 103 (7600)

 

Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

6 цаг 19 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

17 цаг 41 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

17 цаг 41 мин
Хотыг задлах “20 минут” реформын хөрсөн дээр буусан шийдэл “UC” эмнэлэг

Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.

Өчигдөр 15 цаг 24 мин
Энэ зун цаг агаар ямар байх вэ?

Энэ зун цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 11 цаг 19 мин
Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

Өчигдөр 10 цаг 04 мин
Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгайлж хүмүүс буцааж өгөх ёстой

У.Хүрэлсүх: Баялгийн санг би санаачилсан юм, ард түмний баялгийг хулгай хийж авсан хүмүүс буцааж өгөх ёстой

Өчигдөр 09 цаг 51 мин
УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

Өчигдөр 09 цаг 41 мин