“...Төмөр замын гэрээ юу, нүүрсний гэрээ юу” гэдгийг Ц.Туваан сайд тодорхой тайлбарлаж чадахгүй байна

2025-01-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

УИХ-аар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр нэг зүйл яригдсан нь анхаарал татлаа.

ЭЗБХ-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “…Төслөөс харахад тэгш гэрээ биш байна. Найман зүйл дээр сайжруулахгүй бол дэмжих боломжгүй. УИХ-ын тогтоолын гол агуулга бол хил холболтын төмөр зам л чухал байсан. Гэтэл энэ заалтад нүүрсний гэрээ, уурхай нь чухал юм шиг, тэрийгээ хийхгүй бол төмөр замыг барихгүй гэсэн агуулгатай байна. Уурхайн гэрээ хийхгүй бол төмөр замын ажлыг эхлүүлэхгүй гэсэн нөхцөлтэй гэрээ байна. Хятадын компаниудыг дэмжсэн, тус улсад 16 жил нүүрс зарах л гэрээ болсон байна. Үүнийг өөрчлөхгүй бол дэмжих боломжгүй” гэлээ. Үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “…Таны болгоомжлолыг хүлээж авч байна. Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх шатанд хариуцлагатай ажиллана. Янз бүрийн байдлаар алдаа оноо гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлье. Төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг салгаж ойлгохгүй гэсэн логикоор өнгөрсөн 11 жилийн хугацаанд ажлын хэсгүүд ажиллаж ирсэн” гэж хариулав.

Угтаа Д.Энхтүвшин гишүүний асуултад Ц.Туваан сайд тодорхой сайн тайл­бар өгсөнгүй. Тэрээр “...Төмөр замын гэрээ юу, нүүрсний гэрээ юу” гэдгийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна.

Үнэндээ, хоёр улсын Засгийн газрын гэ­рээнд тийм агуулга бий. “Чайна энержи” манайд тавьсан саналдаа үүнийг тодорхой хэлсэн байдаг. Тус компаниас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд ирүүлсэн саналд “…Танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал”, “…Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран уг механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй”, “…Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна”, “…“Чайна энержи” компани Тавантолгойн нүүрсний ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон”, “…Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд оруулсан. Бүтээн байгуулалтын дараа дотоодын нүүрс тээвэрлэлтийн тогтвортой байлгах урьтач нөхцөлийг бий болгож, тээвэрлэх хүчин чадал, урсгалыг үндэслэн худалдааны бусад бизнесийн хэрэгцээг хангахад хүчин чармайлт гаргана” гэжээ. Эцэст нь “...Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” компани өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн байдаг.

Д.Энхтүвшин гишүүний тухайд Ц.Туваан сайдаас хамаагүй өмнө Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгойн ордын ашиглалтын талаар мэддэг болсон. Мэддэг гэхэд ч багадна. Тэрээр, бүр 10 жилийн өмнө өнөөдөр яригдаж байгаа төслийг гүйцэтгэхээр Хятад, Монголын компаниудын нийлж байгуулсан “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлөн сууж байсан юм.

Тодруулбал, Хятадын “Шеньхуа” компани, Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-иуд энэ “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулж байв. “Гашуунсухайт төмөр зам”-д хувь эзэмшигч компанийн төлөөллүүд тухайн үед Ерөнхий сайдыг Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр дагаж очоод “Консорциумын гэрээ”, “20 жилд 1.0 тэрбум тн нүүрс нийлүүлэх гэрээ”, “Боомтын төмөр замыг хэрэгжүүлэх төслийн гэрээ” гэсэн гурван санамж бичиг байгуулж байжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотноо 2014 оны наймдугаар сарын 21-нд үзэглэсэн “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг боловсруулжээ.

Тодруулбал, Бээжингийн са­намж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлж П.Бат-Эрдэнэ, Консорциумыг төлөөлж “Шеньхуа” компанийн Захирлуудын зөв­лөлийн дарга Жан Шию, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Тавантолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр нар гарын үсэг зурж байжээ. Хамгийн гол нь санамж бичигт “…Боомтын төмөр зам нь 1435 мм-ийн стандарт цариг бүхий хил дам­на­с­ан төмөр зам байна. Консорциум нь Боомтын төмөр замын барилгын ажлыг боломжит бүх хүчин чармайлт гар­гаж гүйцэтгэх асуудлаар “Монголын төмөр зам”-тай гэрээ байгуулах бөгөөд Боомтын төмөр замыг барих төслийн сан­хүү­жилт босгох, зураг төслийг бо­ловс­руулах, барилга угсралтыг гүйцэт­гэх үүргийг дангаараа хариуцна. “Монголын төмөр зам”-ын Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж дууссаны дараа боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ” гэсэн байдаг.

Мөн Хятадын “Шеньхуа” компанийн Гао Биня, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарын гарын үсэг зурж байгуулсан санамж бичигт “…Талууд 20 жилийн хугацаанд коксжих нүүрс давамгайлсан нэг тэрбум хүртэл тн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад улсад хамтран нийлүүлэх төлөвлөгөө гарган ажиллахад хүчин чармайлт гаргана. Зах зээлийн нөхцөлтэй уялдуулж олон улсын зах зээлд худалдаалах боломжийг талууд хамтран судална” гэсэн байна.

Ер нь бол, өнөөдөр хоёр улсын Засгийн газрын гэрээнд “…16 жилийн хугацаатай” хэмээн яригдаж байгаа Боомтын төмөр замын холболт болоод Тавантолгой ордын олборлолтын гэрээ нь 10 жилийн өмнө “Энержи ресурс”-ийн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулахад “…20 жилийн хугацаатай” гэж байжээ.

Нэг талаас, өнөөдөр “…Төмөр замын гэрээ гээд байсан чинь Хятадад 16 жил нүүрс зарах л гэрээ болсон байна” гэж шүүмжилж буй Д.Энхтүвшин гишүүн маань 10 жилийн өмнө “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлөөд сууж байсан. Тэр утгаараа, тэрээр төмөр замын гэрээг яагаад нүүрсний гэрээ болоод явдгийг хамгийн сайн мэдэх хүн аж. Тэр үедээ “…20 жилийн хугацаанд коксжих нүүрс давамгайлсан нэг тэрбум хүртэл тн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад улсад хамтран нийлүүлнэ” гэхэд оролцоод явж байсан байна. Нөгөө талаас, 2014 оны “Энержи ресурс”-ийн гэрээ, 2024 онд Засгийн газрын гэрээ хоёрт ялгаа алга л харагдаад байна. Тийм атал яагаад УИХ дээр ийн асуусан хийгээд Ц.Туваан сайд түүнд нь тодорхой тайлбар өгч чадахгүй байсан нь сонин л харагдлаа. Ингэхэд төмөр замын гэрээ яагаад нүүрснийх болоод байдаг юм бэ. Энэ асуултыг Д.Энхтүвшин гишүүнээс ч, Ц.Туваан сайдаас ч олон нийт асуух ёстой юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7514)

 

Ялгаж тодорхойлж чадахгүй байна
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2 цаг 11 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2 цаг 11 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

2025-08-17
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

2025-08-17