П.Наранбаяр: Гүйцэтгэгч компани хүүхдийн сурах эрхийг зөрчиж, хохироож болохгүй

2024-10-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа нийслэлд сургуулийн анги танхимын хүрэлцээгүйгээс болж сурагчдын сурч боловсрох эрх цаашлаад эрүүл мэнд, амь насанд ч аюул учруулж болохуйц байдал үүсээд буйг хөндсөн. Боловсролын салбарт тулгамдаад буй энэ асуудлыг 2024 оны аравдугаар сарын 16-ны дугаартаа “Түмний хүүхдийн эрх "Түрээсийн сургууль"-д зөрчигдөж байна” гарчигтай нийтэлсэн билээ.  Энэ асуудлаар салбар яам ямар бодлого хэрэгжүүлж буйг, Боловсролын сайд П.Наранбаяр ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

-Энэ хичээлийн жил түрээсийн байранд хичээллэж буй ерөнхий боловсролын 30 сургууль байна. Тэдний түрээсэлж буй байранд тавих стандарт, шаардлага, журам гэж байхгүй юм билээ. Ямар шалгуураар дээрх байруудыг түрээслэхээр болсон бэ?

-Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэхтэй холбоотойгоор 2023 онд “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 234 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолд заасны дагуу хичээл, сургалтын зориулалтаар барилга байгууламж түрээслэх процесс явдаг.

Ер нь товчхондоо бол тухайн сургуулийн зүгээс ойр орчмынхоо барилга, байгууламжид судалгаа хийн, хичээл сургалтын зориулалтаар түрээслэх байраа олж, хүсэлтээ Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн Боловсролын газарт өгдөг. Энэ хоёр байгууллагаас ажлын хэсэг тухайн барилгад очин, газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасны үндсэн дээр түрээслэх эсэхийг шийдвэрлэнэ.

Түрээсийн үнэ тарифыг хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд байршил, барилгын нөхцөл байдал гэх мэт тодорхой шалгууруудыг үндэслэн тогтоож байгаа. Эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш, ажилтнууд өөрсдөө түрээсийн байраа сонгоод, мэргэжлийн байгууллагууд ажиллан шаардлага хангаж байна гэж дүгнэвэл түрээсэлдэг гэсэн үг.

-Нийслэлд өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэж буй болон түрээсийн байранд хичээллэж буй сургуулиудын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөнд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын асуудлыг бүрэн шийдэх талаар тусгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор авах шаардлагатай арга хэмжээнд өргөтгөл, шинэ барилга барихаас гадна хичээл, сургалтын зориулалтаар байр түрээслэх ч мөн багтана. Бид арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд гурван ээлжийг халахаар шаардлагатай арга хэмжээг авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал, Тавдугаар  сургуулийн өргөтгөлийн асуудлаар өнгөрсөн наймдугаар сард газар дээр нь ажиллаж, гүйцэтгэгч компанитай уулзсан, ярилцсан, биднээс шаардагдах зүйлсийг шийдсэн. Үр дүнд нь, таван жил удаашраад ашиглалтад орохгүй байсан 640 хүүхдийн суудалтай өргөтгөл өнөөдөр ашиглалтад ороод, сургалтын үйл ажиллагаа явуулаад эхэлж байна.

Мөн есдүгээр сарын сүүлчээр 14 дүгээр сургууль дээр ажиллаж, өргөтгөл нь ашиглалтад ороход цахилгааны асуудал тулгараад байсныг шийдсэнээр өнгөрсөн долоо хоногт 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авлаа.

Энэ мэтчилэн олон талаас хамтран, өөрсдөөсөө шаардагдах зүйлсийг цаг алдалгүй шийдэж, гурван ээлжийг зорьсон хугацаандаа халахаар ажиллаж байна.

-Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 8 бүлэг түрээсийн байранд хичээллэж байна. Тэр байр нь маш жижиг 39-42 хүүхэдтэй ангиудад хүүхэд зөрөх ч зайгүй, ганцхан цонхтой, агаар сэлгэлт, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй ан­гид хичээллэж байгааг та мэдсэн үү?

-Сүхбаатар дүүрэг дэх 16 дугаар сургуулийн хувьд үндсэн сургуулийн барилгын анги танхимын жижиг засварын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард засвар нь дуусах ёстой байсан ч хийсэн компанийн гүйцэтгэл хангалтгүй, шаардлага хангахгүй байсан тул Улсын комисс хүлээж аваагүй юм билээ. Анги танхимын засвараас үүдээд зарим ангид ачаалал үүсэж, одоогийн нөхцөл байдал бий болсон байна.

Гэтэл гүйцэтгэгч компани өдийг хүртэл засвараа гүйцээгээгүй, дуусгахгүй, ажлаа удаашруулсаар байгаа тул үүнийг хуульд заасан чиг үүргийнхээ дагуу нийслэлийн Боловсролын газар хариуцан, ирэх долоо хоног гэхэд дуусгаж хүүхдүүдээ оруулах шаардлагыг гүйцэтгэгчид өгчихсөн байгаа.

Гүйцэтгэгч компани шаардлага биелүүлэхгүй, заасан хугацаанд засвараа дуусгахгүй бол гэрээ цуцлах, нөхөн төлбөр авах хүртэл арга хэмжээ авна.

Дээр дурдсан тавдугаар сургуулийн тохиолдолтой адил. Ингэж улсын төсвийг үргүй зарцуулж, цаг хугацаа алдаж, хүүхдийн сурах эрхийг зөрчиж, хохироосоор байж болохгүй.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын шинэчлэлтэй холбоотой олон заалт орсон. Үүний нэг нь сургалтын орчны стандартыг шинэчилж, эрүүл ахуйг сайжруулах. Үүнд холбогдох ажлуудыг бид үе шаттайгаар төлөвлөн, хэрэгжүүлээд явж байгаа.

-Энэ жил хэдэн сургууль шинээр баригдаж ашиглалтад орсон бэ?

-2024 онд нийслэлд 13, орон нутагт 29 төсөл хэрэгжиж, 15 сургууль, 19 цэцэрлэг, долоон дотуур байр, нэг спорт заал ашиглалтад орсон. Мөн оны эцэст улсын хэмжээнд 11 сургууль, 21 цэцэрлэг, нэг цогцолбор, 11 дотуур байр, дөрвөн спорт заал ашиглалтад орно.

-Өргөтгөл нь баригдаж байгаа ч ашиглалтад орохгүй 3-4 жил болж буй сургуулиуд байна. Тухайлбал, 62 дугаар сургууль 85 хувьтай хэр нь ашиглалтад орохгүй энэ жил дахин түрээсийн байранд хичээллэж байна. Эдгээр сургуулиудын өргөтгөл ямар шалтгаанаар ашиглалтад орохгүй байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэг дэх 62 дугаар сургуулийн асуудлыг иргэд, олон нийт, бид бүгд мэдэж байгаа. Яг л дээр дурдаад байгаатай ижил. Өргөтгөлийн барилгыг барьж буй гүйцэтгэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санхүүгийн чадамжгүй болсон тул гэрээг нь цуцалсан. Одоогоор дахин тендер зарлаж, гүйцэтгэгч шалгаруулахаар үлдэгдэл төсөв нь нийслэлийн төсвийн тодотголд суусан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийг барьж дуусган, ашиглалтад оруулна.

-Ирэх жил дахин шинэ сургууль баригдах уу?

-Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөлд хөрөнгө оруулахаар зарласан тул шинээр сургууль, цэцэрлэг барих төсөв тусгагдаагүй. Гэсэн ч бид ирэх онд 16 сургууль шинээр барихаар Сангийн яаманд саналаа хүргүүлсэн байгаа. Одоо УИХ-ын ээлжит чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцээд дуусмагц шинэ сургууль барих эсэх асуудал шийдэгдэнэ. Үүнээс гадна бидний зүгээс одоогоор ажил нь үргэлжилж байгаа, 2025 онд ашиглалтад орох барилга, байгууламжийн ажлуудаа дуусгана. Энэ ажил бол зогсохгүй, цаг алдалгүй үргэлжлээд явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)

 

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

Эрх баригч намын гишүүд  Засгийн газрын тэргүүнийг огцруулах, УИХ-ын даргад ёс зүйн хариуцлаг

5 цаг 42 мин
“Тэрбум мод”, Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулж ажиллана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Му

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга аль нэг намын Хяналтын ерөнхий хорооны даргыг хавсран гүйцэтгэж болдог юм уу

Хуучин нийгмийн үед “...Нам, засаг минь” гэдэг бараг л маани мэгзэм мэт холбоо нэр бүхий төртэй байла

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлаар УИХ, Засгийн газар, улс төрийн намууд тэг дундуураа хуваагдсан

Өчигдөр 06 цаг 00 мин
Хятад, Монгол, Казахстанд Оросын шинэ дэлгүүрүүд нээгдэж байна

Хятад, Монгол, Казахстанд Оросын шинэ дэлгүүрүүд нээгдэж байна

Уржигдар 20 цаг 25 мин
Монгол Улс цайны зам төслийг дэмжсэнээр эдийн засгийн боломж нэмэгдэнэ гэв

“Алтан зам хөглийн тавцан” ХК-иас Монгол-Орос-Хятад улсыг холбох шинэ боломж болох ИХ цайны зам төслийн талаар мэдээлэл өглөө.

Уржигдар 15 цаг 55 мин
МАН-ын гишүүд бүлгийн хурлыг хуралдуулахыг шаардав

МАН-ын гишүүд бүлгийн хурлыг хуралдуулахыг шаардав

Уржигдар 13 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг улс дахь айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг улс дахь айлчлал эхэллээ

Уржигдар 13 цаг 27 мин
Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг давхар нягтлан шалгах үүргээ чанд биелүүлэхийг редакцуудад санууллаа

Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг давхар нягтлан шалгах үүргээ чанд биелүүлэхийг редакцуудад санууллаа

Уржигдар 13 цаг 10 мин