Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

2024-05-20
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Орхон аймгийн “Баян-Өндөр мед” эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын дурангийн их эмч Т.Цэрэнтогтохыг  урьж, ярилцлаа.

 

“Хүний эмч гэдэг цогц ойлголтыг эрүүл салбарт нэвтрүүлэх нь чухал байна”

 

-Хүн болгон хөгжлийн бодлого ярьж байгаа энэ үед би ч гэсэн салбартаа тулгамдаж байгаа асуудлын тухай байр сууриа илэрхийлж, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах нь зүйтэй гэж бодлоо. Эрүүл мэндийн салбарт  эмчилгээний цогц ойлголт гэдэг зүйл байхгүй болчихлоо.  Уг нь бид хүний биеийг цогцоор нь судалж шинжилж байж, тухайн хүний эрүүл мэндийг хамгаалах юм. Өөрөөр хэлбэл,  улаан хоолой, ходоод, зүрх, уушгины эмч гэж тус тусдаа асуудлыг авч үзэх биш. Яг хүний эмч гэдэг цогц ойлголтыг эрүүл салбарт нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй байна. Манай улсын боловсрол, эрүүл мэндийн систем өөрөө гажуудалтай байгаа учраас энэ цогц үйлчилгээ рүү тав алхаж байж хүрэх байсан бол 2-3 алхам дээрээ зогсчхоод үүндээ ханачихсан.  Болж бүтэж байна гэж бодоод хөдөлдөггүй.  Гэтэл өвчлөл нэмэгдсээр байна.   Тухайлбал, элэгний хавдраараа бид дэлхийд тэргүүлдэг байсан бол одоо ходоодны хавдраараа тэргүүлдэг болчихлоо. Маш харамсалтай байна.  Тэгэхээр төр засгийнхан, шийдвэр гаргагчдадаа  эрүүл мэндийн цогц ойлголтыг бодлогын түвшинд авч хэрэгжүүлээч гэдгийг уриалмаар байна.

 

“Ходоодны хавдрыг дурангаар эмчлэх чиглэлд мэргэшин ажиллаж байна”

 

- Би 2005 онд АШУҮИС-ийг төгссөн.  Тэр үед миний мөрөөдөл элэгний “С” вирусийн эсрэг эм бүтээх байлаа. Яагаад гэхээр элэгний өвчлөлөөр манайд маш олон хүн нас барж байсан. Би хажуудаа элэгний “С” вирусийн зураг тавьчихаад яг энэ вирусийг л устгах эм бүтээнэ гэж бодож хичээлээ уншдаг оюутан байсан.  Тэгээд “элэгний” М.Шагдарсүрэн эмчийн шавь болж, энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийсэн.  Улмаар БНСУ-д ургамлаас эм гаргаж авдаг технологийг заадаг тэргүүлэх сургуульд очиж хоёр жил сурсан. Энэ үедээ миний мөрөөдөл их хол гэдгийг олж харсан л даа.  Манайд эм бүтээх технологи, тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадал бага.  Тэгээд ч эм бүтээх нь маш том институтын хэмжээнд багаар хийдэг ажил юм гэдгийг ойлгосон.  Ингээд Монголдоо ирээд мөрөөдөл, зорилгоо өөрчилсөн.   Миний зорилго ходоодны хавдрын өвчлөлийн тоог бууруулах болсон юм.  Яг энэ чиглэлээрээ суралцаж, дурангаар ходоодны өвчлөлийг оношилж, эмчилж байна.  Мөн  илэрсэн хавдрыг дотор талаас нь хуулж, шулж авч эмчилдэг болсон.  Одоо энэ чиглэлээрээ мэргэшин ажиллаж байна.

 

“Орхон аймаг хавдрын эрт илрүүлэлтээрээ тэргүүлж байна”

 

-Би ходоодны хавдрыг бууруулах чиглэлд гурван том ажил санаачлан хэрэгжүүлээд байна.  Нэгдүгээрт, япончуудтай хамтран хелико бактерийн суурь судалгаа, шинжилгээний ажлыг ес дэх жилдээ хийж байна. 1000 гаруй хүний дунд явуулсан суурь судалгаагаар хамгийн их хавдартай газруудад хелико бактерийн нөлөөлөл, тархалт ямар байгааг судалсан.  Судалгаанд Улаанбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь аймгийн иргэд хамрагдлаа. Увс, Хөвсгөлд ходоодны хавдар их мөртлөө хелико бактерийн нөлөө харьцангуй бага буюу 78 хувьтай.  Харин Хэнтий, Өмнөговьд хавдар багатай мөртлөө хелико бактер 90 хувьтай байна. Япончуудтай хамтран хийсэн энэ судалгаан дээрээ үндэслэн хелико бактерийн тархалт, шалтгаан нөхцөлийг тодруулж, докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна.  Хоёрдугаарт, би 100 мянган хүнтэй Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байна.  Энд ходоод, улаан хоолой, элэгний хавдрыг зэрэг бууруулж болох загварыг гаргахаар зорьж байна.  Ямар ч гэсэн таван жил хугацаа зарцуулжээ. 30 гаруй мянган хүнд лекц уншлаа.  20 гаруй мянган хүнийг вакцинжууллаа.  Элэгний өвчтэй хүн өөрийгөө хэрхэн хянах тухай аргачлалыг бий болголоо. Мөн “В” вирустэй ээжээс төрж байгаа хүүхдийг вакцинжуулдаг үйл явцыг Эрдэнэтээс эхлүүлсэн.  Энэ ажлуудын минь үр дүн эхнээсээ гараад эхэлсэн.  Эрт үеийн хавдрын илрүүлэлт Орхон аймагт бусад аймгаас өндөр байна.  Түүнчлэн  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдсан үр дүнгээрээ Орхон аймаг тэргүүлсэн.  Вакцинжуулалтын тоо, С вирус эмчилсэн тоо, хяналтын систем зэргээрээ тэргүүлсэн.  Гуравдугаарт, би хавдрыг бууруулах зорилтынхоо хүрээнд цахим орчинд нэлээд идэвхтэй ажилладаг.  Өөрийн мэдлэг мэдээллийг хүмүүстэй хуваалцах ёстой гэж бодсон.  Бид алдаагаа өөр зүйлээс хайгаад байдаг гэтэл алдаа нь энд байна шүү гэдгийг хүмүүст ойлгуулах орон зай бий болгохыг хичээсэн.  Хавдар туссаны дараа биш сэргийлэх чиглэлд мэдлэг мэдээллийг хуваалцаж байна.  Яагаад бид витамин Д хэрэглэх ёстой юм.  Ясны бүтцээ хэрхэн сайжруулах уу,  Хордлого авлаа гэсэн түүнийгээ хэрхэн зөв тайлах ёстой юм.  Хордлого өөрөө хавдрын өвчлөмтгий байдлыг үүсгэж байдаг шүү дээ. Дээр нь нэмээд уламжлалт эм эмчилгээ гээд яг өөрийн чиглэлийн мэдээллийг хүргэж байна. Монголд жилдээ нийт 6000 мянган хавдар оношлогдож байна. Үүний 4000 орчим нь улаан хоолой, ходоод, элэгний хавдар байдаг.  Энэ гурван хавдрыг зэрэг бууруулах  цогц аргыг гаргаж, хэрэгжүүлэх боломжтой.   Зөвхөн нэгэнтэй нь тэмцээд үр дүнгүй байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа шүү дээ.  Би Орхон аймагт таван жил ажиллаад, судалгаа шинжилгээ хийж, улаан хоолой, ходоод, элэгний хавдрыг цогцоор нь эмчлэх загварыг ерөнхийд нь гаргасан.  Яг хэрэгжүүлэх гэхээр манайд тогтолцоо нь байдаггүй.   Тэгээд төр засгийн бодлого тодорхойлогчид танилцуулахаар гарц гаргалаа хардаггүй.  ЭМЯ-нд энэ загвар судалгаагаа танилцуулах гэж зөндөө явсан.  Үр дүнд хүрээгүй. Болоод бүтээд байгаа юм шиг санадаг.  Гэтэл өвчлөлийн тоо нэмэгдээд, ходоодны хавдраараа бид дэлхийд нэгдүгээрт оччихлоо.

 

Яагаад бид ходоодны хавдраар дэлхийд тэргүүлчихэв?

 

-Нэгдүгээрт, хувь хүний мэдлэг мэдээлэл хангалтгүй байна.  Жилийн дөрвөн улиралтай, өвөрмөц цаг ууртай газарт бид амьдардаг.   Хүнд хоолны хэрэглээтэй байх нь зүйн хэрэг.  Гэхдээ түүнийгээ зохист хэмжээнд барьж байж, хүн өөртөө дасан зохицох чадварыг бий болгож, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.   Харамсалтай нь, бид өөрсдийн нөхцөл байдлаа зөвөөр таньж чаддаггүй.  Махаа хэтрүүлдэг, шарж хэрэглэдэг, оройдоо их иддэг ч юм уу алдаанууд гаргасаар байна.  Идэж байгаа хоол хүнснийхээ зохист байдалд нь анхаарах биш түүнээсээ мэдрэмж авахын төлөө иддэг энэ хандлага өвчлөлд нэрмээс болж байна.   Хоёрдугаарт, ходоод бол сэтгэлийн толь эрхтэн.  Нийгмийн уур амьсгал ямар  байна, ард түмэн бухимдуу байна уу,  иргэдийн амьдрах итгэл , тэмүүлэл ямар байна гэдэг нь ердөө л ходоодны өвчлөл дээр илэрдэг.  Өөрөөр хэлбэл, стрессийн мэдрэмж шууд ходоодны цочрол, агшилтыг бий болгодог гэсэн үг.  Дараагийн нэг асуудал нь маш хожуу илэрдэг.  Хавдрын эс бий болчихсон байхад дөрвөн жилийн дараа хавдар илэрдэг. Ходоодны хавдар өвддөггүй, мэдрэгддэггүй, хөндий рүүгээ түрж ургадаг.   Хамгийн эхэнд “Би уг нь хоёр аяга хоол иддэг байсан юм.  Одоо нэг аяга иддэг болчихлоо” гэдэг ерөөсөө л энэ мэдрэмж байдаг.  Одоогоор ходоодны хавдар 1200 орчим оношлогдож байна.  Улаан хоолой 400 орчим. Үүний бараг 90 хувь нь хожуу үедээ ирж байна.  Ийм өрөвдмөөр амьдарч байна бид.    Үүний тал хувь иргэдийн мэдээлэл дутуутай холбоотой бол тал хувь нь ердөө л төр засгийн алдаатай бодлоготой холбоотой гэж би харж байна.   Мэддэг хүмүүс төр түшилцэж, тэнд суухгүй байгаа учраас учир холбогдлыг нь мэдэхгүй хүмүүс яг үнэндээ юу ч хийхгүй байна.

 

“Өвөрмөц улиралтай оронд амьдарч байгаагаа бид бодох хэрэгтэй”

 

- Хоол хүнсийг ерөнхийд нь удамшилд ээлтэй, удамшил ээлгүй гэж хоёр ангилж болно. Ходоод гэдсээ хямраахгүй, өвчин үүсгэх суурь болгохгүйгээр эрүүл хооллохын тулд хамгийн эхлээд анхаарах ёстой зүйл бол эцэг өвгөдөөсөө идэж дадсан хоол хүнс юм.  Өөрөөс маань дээш таван үеэрээ идэж дадсан хоол хүнсийг удамшилд ээлтэй хүнс гэнэ.  Үүнийг монгол домчийн сударт ч бичсэн байдаг. Шинжлэх ухааны хувьд ч идэж дадсан хоол хүнсний орц найрлагын мэдээлэл бидний эс эдэд байдаг учраас тэрхүү хоолыг  ходоод, цөс, нойр булчирхай амархан таниад төвөггүй боловсруулж, шингээдэг гэсэн үг.  Харин идэж дадаагүй хоол хүнсийг эрхтнүүд яаж боловсруулахаа мэдэхгүй тул хэсэгтээ л гэдэс цанхайх цаашлаад хоолны хордлого авах зэргээр хямардаг.  Шингээж чадахгүй хүнсээр байнга хоолловол эрхтэн системд мэдээллийн гажигтай эс үүсгэх эрсдэлтэй. Ингэж үүссэн эс нь эсрэгээр ажиллаж, хэтдээ хорт хавдар үүсгэхэд нөлөөлөх суурь шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй. Кимчи, хийжүүлсэн ундаа, хиам гээд удамшилд ээлгүй хүнсний төлөөллүүдээс шууд татгалзах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна.  Дараагийн нэг асуудал нь монголчуудын хувцаслалтын соёл, биеэ авч яваа байдал, идэш ууш өөрөө эргээд хэдэн мянган жилээрээ зохицож ирсэн зүйл.  Харамсалтай нь, бид халуун орны кино үзэж, халуун орны хүмүүстэй өөрсдийгөө жишиж ойлгож байна. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж бодолтой байхыг хүсье. Яагаад гэвэл нэг хавар даарснаас үүдэлтэй өвчлөл удаан эдгэрдэг.  Учир нь таны бие өөрөө маш их ядарчихсан байгаа. Тийм учраас өвчин илүү их шунаж, эдгэрэх явц удна. Ядруу биед тань дараа болох нөлөө их учраас тэр тусмаа биеэ бөөцийлж, хамгаалж байгаарай. Хаврын цагт хүний хөгшрөлт хурдасдагаараа бусад улирлаас онцлогтой. Хүний тамирыг шавхсан, хөгшрөлт хурдасдаг улирал гэсэн үг. Хэрэв хавар өвчин олбол даамжирч, эдгэрэх нь удаан. Ийм өвөрмөц улиралтай оронд бид амьдарч байгаагаа бодох хэрэгтэй. Мөн хүн бүр өврийн аягатай явдаг монгол уламжлалаа сэргээх ёстой юм байна.  Ингэж чадвал амнаас ам дамжсан халдвар, амьсгалын замын нөлөөлөл, хелико бактер зэрэг бусад сөрөг нөлөөллөөс сэргийлэх нэг шийдэл болно. Ингэснээр, Нэгдүгээрт, хүн идэж ууж байгаа зүйлээ мэдэрч хэмжээ хязгаартай идэх мэдрэмжийг далд ухамсарт суулгах чухал. “Би өөрийнхөө аягаар оройд нэг аяга цай уудаг юм аа, нэг аяга шөлтэй хоол идэхээр яг болчихдог” гэдэг мэдрэмжийг өөртөө суулгахыг л хэлээд байгаа хэрэг. Хоёрдугаарт, юу идэхээсээ урьтаж, яаж идэхдээ анхаардаг болцгооё.Эхлээд хоолоо сайтар зажилж идэж хэвшүүлье. Гүйлсэн булчирхай шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэж, шүлсээр дамжуулж хоолыг хоргүйжүүлэх, хоолны шингэцийг сайжруулдаг.  Хоолоо сайн зажилж амтыг нь мэдрэх тусам “Ийм амттай хоол надад таалагддаг, миний биед зохицолтой, сайн шингэдэг юм байна” гэсэн ойлголтоор дамжуулаад ямар хүнсийг түлхүү идэхээ олж чадна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)

 

Г.Шижирбат ялна

Г.Шижирбат ялна

Уржигдар 18 цаг 08 мин
Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Уржигдар 15 цаг 52 мин
Ерөнхийлөгч М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гаргажээ

М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Уржигдар 15 цаг 12 мин
СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

Уржигдар 15 цаг 07 мин
Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Уржигдар 13 цаг 59 мин
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

Уржигдар 06 цаг 00 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

Уржигдар 06 цаг 00 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

Уржигдар 06 цаг 00 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

Уржигдар 06 цаг 00 мин