Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг”-ийн захиалагчаар Ц.Элбэгдоржийг нэрлэв үү

2024-04-01
Нийтэлсэн: Админ
 20 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд анх удаа том хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.  Тэрээр системийн авлига, С.Зоригийн хэрэг, шүүхийн хонгил, бүлэглэл, МАН-ын хуваагдал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, нийслэлийн газар олголт зэрэг асуудлуудад тодорхой байр сууриудыг илэрхийлжээ.  "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагаас эшлэн хүргэж байна. 

-Би Ерөнхий сайд болоод дөрвөн зүйлийг маш тодорхой амласан.  Нэгдүгээрт, цар тахлыг таван туулна.  Хоёрдугаарт, эдийн засгийг нээж, тэлнэ. Далд эдийн засгийг ил болгоно.  Гуравдугаарт, Авлигатай тэмцэнэ, цахим засаглалыг сайжруулж, ил тод байдлыг хангана. Дөрөвдүгээрт, эдийн засгийн өсөлтийг өрхөөр оруулж, дундаж давхаргыг дэмжиж, үндэсний тогтолцоог бүрдүүлнэ гэж амласан. 

-Цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг нягтлах ёстой гэсэн үүргийг аудитын байгууллага болон хуулийн байгууллагуудад өгсөн.  Баримтаар ямар нэгэн зөрчил илэрвэл энэ асуудалд өршөөлгүй хандах ёстой. 

-Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд нийгэм, олон нийт авлигыг үл тэвчих, үзэн ядах сэтгэл зүйтэй болсон байна. Үүн шиг том үр дүн гэж байхгүй.  Дараагийн нэг асуудал нь эдийн засаг 36 их наядаас ирэх жил бараг 74 их наяд руугаа орох гэж байна.  Энэ бол далд эдийн засаг ил болж байгаатай л холбоотой. 

-Авлигын тогтолцоо нураагүй байгаа. Нурах тал руугаа л хандаж байна. Өмч хувьчлал хийсэн нь зөв, хийгдсэн арга нь буруу байсан.  Уул уурхайн лицензийг олгосон нь зөв, өгсөн аргачлал шударга байсан уу, гэвэл үгүй.  Газар мөн үүнтэй адилхан. Энэ нь нийгмийн баялаг хэт цөөнхөд төвлөрөх, тэгш бус байдал үүсгэж байна. Үүнийг засахаас өөр сонголтгүй, нураахаас өөр аргагүй.  Нөгөө талаас миний буруу л  даа.   Энэ асуудлуудыг гарган тавьж, нийгмийн бухимдуулж  байгаа нь.

-30 жилийн дотор үүсэн бий болсон авлигын систем гурав, дөрвөн жилийн дотор нуран унахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Үндсэн хуульд бий.  Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй.  “Эрдэнэт”-ийн 49-ийн гэх хэрэг шүүх дээр долоон жил боллоо.  Гэтэл зарим хэрэг шүүх дээр нэг жилийн хугацаанд л шийдэгдчихэж байна.  Яагаад тэгш хандаж чадахгүй байна гэдгийн хариултыг л олон нийт нэхээд байгаа юм.  

-Шүүх засаглалд гүйцэтгэх засаглал шүүмжлэлтэй хандана гэдэг Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд зохисгүй асуудал мөн.  Гэхдээ энэ системийн авлига 30 жил бугширчихсан байгаа, хоёр удаа Төв талбайд үүнийг эсэргүүцсэн жагсаалтай нүүр тулсан Ерөнхий сайдын хувьд би эрх зүйт төр, Үндсэн хуулийн тогтолцоог хамгаалахын төлөө л алхмуудыг хийж байна. 

-Шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүй ч гэсэн гэмт хэрэгтэй холбоотой баримтуудыг гаргаж тавих субъект бол Засгийн газар мөн. 

-30 жилийн дараа би гудамжинд явахдаа чулуу шидүүлчихгүйхэн шиг алхах ийм эрх чөлөөний төлөө л тэмцээд байгаа хүн шүү дээ.  Хов болж үлдэхгүйн төлөө би явж байгаа. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг би гаргаж тавьсан.  Энэ бол ардчилсан нийгмийн алдаагаа засаж байгаа амьд үйл явц.  Бүх л улс магадгүй үүнийг туулж, хөгжилд хүрсэн байх. 

-Миний цаг хугацаа өнөөдөр үнэлэгдэхгүй.  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэн нь ямар эерэг өвийг, хэн нь сөрөг өвийг үлдээв гэдэг нь одоо л яригдаж байна шүү дээ. 

-Өнгөрсөн 30 жилд ололт амжилт зөндөө байсан. Нээлттэй гадаад харилцаа, хувийн өмч гээд л.  Гэхдээ энэ дундаас нэг дүгнэгдээгүй үлдсэн зүйл нь системийн авлигын асуудал.  

-С.Зоригийн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна.  Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар  нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. 

-1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн.  МҮАН болон Социал демикрат намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан.  Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон.   Энэ нь тухайн үеийн удигдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг.  Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог.  Өөрөөр хэлбэл, идеологийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 

-1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан.   Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар дол дугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон.  Энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм.  Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон.  

-Тухайн үед  Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан.  Ялж яваад ялагдсан.  Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм.  Тухайн үед Оюутолгой, Таван толгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм.  Хэн нь Эрдэнэтийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. 

-Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон.  Наймдугаар сард нь  “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон.  Үүнээс хойш том асуудлууд үүссэн.  Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн.  Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан. 

-Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон.  Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож,  С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ.  Гэвч тэр орой нь  С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. 

-Сүүлд нь  С.Зориг агсныг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа.  С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн.  Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан.  Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна.   Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. 

-Энэ хэрэг дээр хэрэв Чимгээ, Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал.  Ардчилсан  Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. 

-Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан.  С.Зоригийн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг.  Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй. 

-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо  “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй”  гэж хэлсэн байдаг.  

-Ер нь системийн авлига нь 1998 он  буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан.  Гэвч тэр огцорсон, чадаагүй.  Яг энэ систем 2009 онд  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан.  Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн. 

-2012 онд шүүх дээр нэрийг нь өгөөд л МАН-ыг яг дундуур нь хуваасан.  Тэр шүүгчдийн нэр нь Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэг гээд байгаа шүүгчийн нэр яг адилхан байсан. 

-Ерөнхий прокурор нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Д.Дорлигжав, шүүгч нар нь Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар нэмээд гаднаас Б.Хурцыг авчирсан. Энэ системийг бий болгож, хоёр намыг бүхэлд нь мөнхөд  хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл бий болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хүртэл парламентаар оруулахгүйгээр шийдсэн байдаг. 

- “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэхээр Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна.  Долоон жил боллоо. 

- Ч.Сайханбилэг яг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй.  Тухайн үед  Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч,  Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо.  Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ байсан. “Эрдэнэбилэг нарын ийм хүмүүс бидний зүгээс хийнэ.  Чи үүнийг хийж чадах уу” гэдэг асуудал.  Өөрөө үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг.  Ерөнхий сайдаа нөгөө бүлэглэл тэгж дарамталж чадаж байсан байна. 

-Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас гурван эх үүсвэрээр дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-н хүртэл 400 орчим сая ам.долларыг дансанд төвлөрүүлээд гурван гүйлгээгээр Орос руу шилжүүлж байгаа ийм асуудал.  Үүнийг парламент хэлэлцэх бүрэн боломжтой байсан. Тухайн үед АН ялагдах магадлалтай гэдгийг  Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан.  Ч.Сайханбилэг ч түүнд сонин биш байсан.  Гагцхүү “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой энэ хэлцлийг сонгуулиас өмнө  Ч.Сайханбилэгээр дамжуулан дуусгах ийм л зорилготой байсан. 

-Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг ш дээ.  Тэр бол С.Зоригийн хэргийг шийдчихсэн, Эрдэнэтийн 49-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн.  Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биений хэлэмж шүү дээ. 

-2015 онд Сү.Батболд даргын төрсөн өдөр МАН-ыг шүүх дээр хоёр хуваасан.  МАХН-ыг шүүх дээр бүртгэсэн.  Тэр орой Ерөнхий шүүгч Зориг,  Ерөнхий прокурор Дорлигжав, ТЕГ-ын дарга Хурц, ЕТГ-ын дарга Цагаан,  АН-ын дарга Алтанхуяг болон бусад хүмүүс Их тэнгэрт уулзсан байдаг.  Энд Элбэгдорж “Би та нарт шүүх дээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү” гэж хэлсэн байдаг.  Тэнд байсан хүмүүс үнэнээ яриасай гэж бодож байна. 

-Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дүгнэхэд аль аль намын лидерүүд бодитой болсон зүйлийг үнэнээсээ яриасай. Би бол худлаа юм яриагүй, хэзээ ч баримтгүй зүйл ярьж байгаагүй.  Тэр үед хууль зөрчин шүүх дээр шийдвэр гаргаж, хундага тулгаж, үүний тохироо нь юу байсан гэхээр  АН сонгуульд ялах,  МАХН-тай хамтарч Засгийн эрхийг барих, Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой бонд босгох тэр бондуудыг хувааж авах ийм л тохироо явагдсан. 

-Хуулийн байгууллагынхан хоорондоо крантны ус гойжуулж байгаад ярьдаг тийм түвшинд очсон байлаа.  Сонгуулийн өмнө хэдэн бичлэг задардаг байлаа.  Одоо бол хуулийн байгууллагууд хуулийн хүрээнд ажилладаг, тийм даалгавар өгдөг хүн байхгүй байгаа учраас өнөөдөр сонгууль дөхөж байхад ямар нэгэн бичлэг задрахгүй байгаа биз дээ.  

-Манай намаас энэ тоглоомонд оролцсон хүн бол манай М.Энхболд дарга.  Дунд нь зуучилсан хүн бол Бадамжунай.  Манай Улаанбаатар хотод баригдсан хорооллуудаас стандартаа барьж, зөвшөөрлөө авсан  газар бараг байхгүй. Бүгд л авлигаа өгч, байшингаа бариад дараа нь зөвшөөрлөө нөхөж авсан байшингууд л байна. 

-Богд уулын хорооллууд бүгдээрээ отог шүү дээ. Отог гэдэг нь майхан л буулгаж болдог аялал жуулчлалын  газар гэсэн үг.  Гэтэл отогууд маань нүдэн дээр сүндэрлэсээр байгаа төлөвлөлтгүй хороолол болчихлоо.

-Зөвшөөрөлгүй олгосон газар бүхний цаана өнөөдөр нийслэлчүүд цагаа алдаж байна.  Бид хордож байна.  Үүнд дүгнэлт хийхийн тулд бид зайлшгүй нээж ярихаас өөр аргагүй.  Дахиад бөөн бухамдал, дахиад л баахан хүнтэй муудалцах болно.  Гэхдээ тэр газрыг хэн авах нь надад сонин биш.  Хууль бус гэдгийг дүгнэж зогсоох нь л чухал байна.

-2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн өсөлт мэдрэгдэнгүүт Чингис, Евро, Мазаалай зэрэг бондууд босгосон.  Санаа нь зөв.  Харамсалтай нь төслүүдийг ТЭЗҮ-үүдээр нь хуваагаагүй, шууд намын фракцуудаараа хуваасан.  Н.Алтанхуягт тэр бондуудыг ганцаараа авах нь эрх байгаагүй, зарцуулах ч эрх байгаагүй. Нөгөө л бүлэглэл.

-Н.Алтанхуяг дарга бол олон нарийвчлалтай зүйлийг мэдэх хүн. Яагаад гэвэл асуудал дунд байсан шүү дээ.  Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зүйлүүдийг ярихгүй байгаад би гайхдаг.

-2022 онд ОУВС-гаас Хөгжлийн банк дампуурал зарлахаас өөр аргагүй боллоо гэдгийг мэдэгдсэн. Зээл аваад төлөхгүй байгаа компанийн удирдлагууд улс төрд нөлөө бүхий этгээдүүд байсан учраас олон нийтэд нээлттэй зарласан, хуулийн байгууллагад өгсөн.  Засгийн газар дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй байсан.

-Системийн авлигынхан одоо нэг л зүйлийг ярьж байна.  “Энэ сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ гэдэг нөхөр алга болчиж магадгүй.  Тэгвэл бүгдээрээ дараагийн Ерөнхий сайдтай нь улс төрийн тохиролцоонд орж болох байх.  Мөнгө байгаа юм. Эрх биш болох байлгүй дээ” гээд л сууж байгаа ийм л хүмүүс.

-“Карма хаалга андуурдаггүй” гэдэг нэг үг байдаг.  Хүн яаж ч тойроод өмнө хийсэн муу үйлтэйгээ заавал таарна.  Энэ хэргүүдийг  шийдэхгүйгээр шүүхийг бариад өнөөдөртөө аргалаад явж болно.  Л.Оюун-Эрдэнийг ч дуугүй болгож болно.  Гэхдээ ирээдүй чинь одоо байгаагаасаа нэхэл хатуутай байх вий дээ.

-Хотын утаа, бохирдол, түгжрэл, нийтийн тээвэр, газар олголт гээд системийн авлигын шинж тэмдэг шүү.  Өөрөөр хэлбэл, явж байгаа буруу систем дээр ургаж байгаа шинж тэмдэг.  Ногоон автобусны асуудал байна.  Автобус бүх л цаг үед шууд  гэрээгээр явж ирсэн нь өнөөдөр дэлбэрч байна.  Энэ удаа Улсын төсөв дээр аваачиж тавьснаас л энэ хэрэг илэрсэн.   Тэгэхээр улс нийслэлээсээ арай хяналт өндөр байна гэсэн үг.

-Миний ойлгож байгаагаар Ногоон автобусны асуудал прокурор дээр байгаа юм билээ.  Тэгэхээр удахгүй буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээх байх.   Нийтийн тээвэр хэнээс хэн дээр очив.  Худалдан авалтууд нь яагаад шууд гэрээгээр явдаг байв. Яагаад хуульгүй хот болчихов доо. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Хотын дарга хоёр дандаа өөр фракцын хүмүүс байж хүчний харилцаагаа тэнцүүлж ирсэн байна.

-2001 он хүртэл БХБЯ-ны харьяа Геодиз зураг зүйн газар газартай холбоотой асуудлууд дээр дүгнэлт гаргадаг байсан.  Гэтэл энэ газрыг  тухайн үеийн хотын фракц яамтай нь хамт авснаар Засгийн газар газар төлөвлөлт дээр нийслэлийн өмнө хүчин мөхөстсөн байдаг.  Яваандаа энэ хотын фракц нь өөрөө Засгийн газар болж хувирсан.

-Хотын суурь асуудал бол дахиад л нөгөө системийн авлига.   Энэ авлигын асуудлыг Х.Нямбаатар сайд мэдэхийн дээдээр мэддэг хүн.  Зарим нэг талдаа надаас ч илүү мэдээлэлтэй байгаа.  Тэгэхээр хотын асуудлыг Х.Нямбаатар л шийдвэл шийдэж чадна.

-Өмнө нь хотыг нүүлгэх асуудал олон удаа яригдаж байсан ч шийдэгдээгүй.  Яагаад гэхээр улстөрчид энэ асуудалд манлайлах хэрэгтэй.  Бид үлдье та нар нүү гээд байж болохгүй.  Тэгэхээр Засгийн газар түүний харьяа байгууллагууд энэ асуудлыг манлайлна.

-“Е-Монголиа” бол цахим шилжилт биш байсан.  Төрийн төвлөрсөн эрх мэдлийг цахимд байршуулах явц байсан.  Одоо иргэд сэтгэл хангалуун байгаа нь тэр эрх мэдлийг задарсныг мэдэрч байгаа мэдрэмж юм.

-Э.Бат-Үүл гэдэг хүн анх 1997, 1998 оны үед юу ярьж байсан одоо яг л тэрийгээ ярьж байгаа хүн.  Ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн маш цөөхөн хүний нэг байх.

-Ц.Элбэгдорж манай намын даргын төрсөн өдрөөр манай намыг хуваагаад хундага тулгаж байхад, долдугаар сарын 1-ний дараа манай намыг татан буулгах талаар яригдаж байхад,  Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг уншаад зогсож байхад хамгаалж зогссон Ардчилсан хувьсгалын удирдагч бол Э.Бат-Үүл байсан.

-Энэ хүний идеологийг би маш өөр өнцгөөр хардаг.  Магадгүй тухайн үед Э.Бат-Үүл дарга ийм шийдвэрүүдийг гаргаагүй бол өнөөдөр намын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг хоёр хуваагаад сонгуульд оролцвол надад үгүй мөн их ашигтайяа.  Яг л 2012 оны сценарийг буцаагаад өөрсдөд нь тавиад “Улс төр ийм л байдаг юм даа. Хоржоонтой шүү” гээд Женкогийнх нь намыг бүртгэчихэж болж байна.  Гэтэл Э.Бат-Үүлийн гаргасан идеологи ямар ч хүнд үед энэ намыг хуваахгүйгээр даван туулуулах улс төрийн дэмжлэг болж байна.

-Нам хуваагдана гэдэг ямар байдгийг 12 жил мэдэрсэн.  Нэг салаад явчихсан хүмүүсийг эргээд нийлүүлнэ гэдэг хүнд асуудал гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг нь би.

-Сонгуулийн холимог тогтолцоо бол АН-ын олон жил ярьсан идеологи.  Эрх баригч МАН-д хамгийн халгаатай тогтолцоо шүү дээ.  Гэхдээ энэ тогтолцоо болон 126 гишүүнээр дамжуулж, Монголын парламент илүү олон намын тогтолцоотой хэвээр үлдэх,  АН институцийн хувьд цаг үеийн хүнд сорилтыг давах, Монголын ардчилал хамгаалагдах, нүдний цөцгий мэт хамгаалагдах ёстой парламентын засаглал хэзээ ч үгүйсгэгдэж үл чадах, үл болох үнэ цэнтэй институц учраас ингэж хандаж байгаа.  

- Аливаа хүн үйлдлээрээ л илэрдэг.  Үүл гэдэг хүн үйлдлээрээ л илэрсэн нь энэ.  Үүл гэдэг хүн Ерөнхийлөгч ч байж үзээгүй л дээ, болъё гэвэл болох л байсан байх.

-Нүүрстэй холбоотой асуудлыг задална гэдгээ мэдэгдээд,  “Эрдэнэс Тавантолгой”-д онц дэглэм тогтоочихоод би Хөвсгөл явчихсан.   Тэнд очоод маш их зүйл бодсон.   Нийгэм, олон нийттэйгээ Засгийн газар хамт байх нь чухал байсан.  Тэгэхгүй бол авлигын тэмцэл, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, авлигын эсрэг ялын бодлогыг  чангатгах гээд амаргүй байсан.  Тэгээд 5Ш ажиллагааг эхлүүлсэн.

-Үүнээс Боловсролын зээлийн сангийн асуудал гарч ирж, хүмүүс эргэн төлж эхэлсэн. Ил тод болж, улс төрийн хамаарал бүхий этгээдүүд оролцох боломжгүй болсон.  Цаашид сангууд, тендерүүдтэй холбоотой асуудалд улстөрчид оролцдог байдал эрх зүйн хувьд ч ёс зүйн хувьд ч хаагдсан.

-Далд эдийн засгийг ил болгосноор төрийн албан хаагчдын цалинг нэмэгдсэн. Үнэн.  Цаашид ч нэмнэ, үнэн.  Яагаад гэхээр тэд далд эдийн засгийн ил болгоход гүйцэтгэлийн түвшинд ажилласан хүмүүс.  Тэд авлигын эсрэг тэмцэлд хамт зогссон хүмүүс.  Цар тахлын үед галын нэгдүгээр эгнээнд байсан хүмүүс.  Тэд эдийн засгийн өсөлтөөс хүртэх эрхтэй.

- Авлигын асуудалд бүхий л төлөөлөлтэй уулзахдаа ганцхан зарчим илэрхийлсэн. Тухайлсан хүн ярихгүй, ерөнхий зарчим баримталж байгаа.  Ерөнхий зарчмаасаа бол хэзээ ч ухрахгүй. Парламентад намайг огцруулах онцгой бүрэн эрх бий. Гарын үсэг цуглуулаад огцруулж болно.  Тэр хүртлээ энэ үзэл санаандаа байна. Хэрэв гомдох шалтгаан байгаа бол кноп дарж байгаа нэг ч парламентын гишүүнд болон нөхөддөө битгий гомд, зөвхөн Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд л гомд гэж би хэлж байсан.

- Төрийн сүлдэнд тангараг өргөсөн нийтийн үйлчлэгч буюу нийтийн албан хаагч шүү дээ би.  Нийт улсын ашиг сонирхлыг биелүүлэхийн төлөө өөрийн амьдралыг хойш тавина гэсэн тангараг шүү дээ энэ.

- АН, ХҮН зэрэг бусад намуудад улс төрийн тогтолцооны өөрчлөлтөд /Үндсэн хуулийн өөрчлөлт/ хамт байсанд талархал илэрхийлье.  Нам доторх зөвшилцөл бол байж болох асуудал.  Үнэт зүйл, үзэл баримтлал өөр улс төрийн намуудтай зөвшилцөнө гэдэг парламентын засаглалын хамгийн ярвигтай бөгөөд хамгийн гайхалтай зүйл юм.  Үндсэн хуулийн тоо тогтолцооны асуудал хүнд байсан нь үнэн. Бид нэг л зүйл дээр нэгдсэн.  Дэлхийн хоёр том хөрштэй, нэг км-ийн ч өөр орон зайгүйгээр хиллэдэг Монгол Улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, парламентын ардчиллыг яаж хамгаалан авч үлдэх вэ гэдэг ирэх 30 жилийн том сорилт мөн.

-Энэ өөрчлөлтөөр ирэх 30 жилийн тогтолцоог яаж шинээр эхлэх үү.  Авлигатай тэмцээд байдаг хөрс нь хэвээрээ байгаад байвал яах юм.   Энэ өөрчлөлт бол парламентын ардчилал руу нэг том алхсан, парламентыг бэхжүүлсэн, төлөөллийн оролцоог хангасан ийм том реформ болсон.  Хэн нэгэн давамгайлж засаглах боломж үлэмж хэмжээгээр хумигдсан.

-Улс төрийн намууддаа уриалж байна. 48 хүний жагсаалт бол нийгмийн төлөөллийн жагсаалт юм.  Парламентын олон ургалч байдлын үзэл санаа.  Жагсаалтыг мөнгөтэй болгож байгаа намыг сонгохгүй байх хэрэгтэй.

-Сонгуулийн тойргийг бүсчилсэн.  Иргэдэд өмнө нь гурван сонголт байсан бол одоо 10 сонголт болсон.  Ингэснээр улстөрчийнхөө хувьд танигдсан, үзэл санааныхаа хувьд танигдсан хүмүүс илүү сонгогдох магадлалтай болсон.

-Цаашид эдийн засгийн өсөлтийг яаж өрхийн хаалгаар оруулах уу, гал тогооны ширээн дээр аваачих уу гэдэг чухал байна. Баялгийн сангийн тухай хууль батлагдвал Оюутолгойн 34 хувь иргэдийн хуримтлалын нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг болно.  “Эрдэнэт”-ийн 34 хувь, Салхитын мөнгөний ордны 34 хувь, бусад ирээдүйд ашиглах уул уурхайн төслүүдийн 34 хүртэлх хувь нь Үндэсний баялгийн сангийн дөрвөн дансанд хуримтлагдана.

-Төрийн ордны гаднах уур амьсгал, доторх уур амьсгал урвуу хамааралтай.  Олон улс, төрийн ордон, олон нийт энэ гурвын уулзах цэг нь Засгийн газар.  Би Төрийн ордны уур амьсгал гэхээсээ илүүтэй, олон нийт, тэр дундаа ирээдүйн олон нийтийн уур амьсгал дээр л бооцоогоо тавьчихсан хүн.

-Оюутолгой ордын баялгийг хэрхэн ашиглаж байгаа вэ гэдэг гэрээ асуудалтай.  Дубайн гэрээ Засгийн газар, парламентаар ч ороогүй.  Үүний цаана авлига байж магад гээд хуулийн байгууллагад хандсан.   Тодорхой тохиролцоо хийгдсэн.  Тавантолгойн цахилгаан станцыг барих боломж бүрдсэн.  Гэхдээ энэ бол Оюутолгой төслийн маргааны нэг л хуудас, эхлэл нь юм.

-Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй хийсэн процесс Эрдэнэтийн 49 хувьтай яг адилхан.  Нөгөө л Ц.Элбэгдорж.  Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг холдуулж байгаад Ч.Сайханбилэгийг томилж байгаад, хөшигний ард явуулсан 49-ийн хэлцэлтэй яг ижил.  Оролцогчид нь адилхан, арга нь ижил, сонгууль ч дөхсөн байсан.  Үүнийг хийх нь өөрөө Ц.Элбэгдоржийн захиалга байсан гэж шууд үзэж болно.

-Баялаг тойрсон энэ асуудалд Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхийлөгчийнхөө сонгуулийн санхүүжилтийг босгохдоо л шууд өрөнд орчихсон.  Цагаан суварга ч үүнтэй холбоотой. Эрдэнэтийн 49 ч үүнтэй холбоотой, Дубайн гэрээ ч үүнтэй холбоотой, Хөгжлийн банкны зарим эх үүсвэр ч үүнтэй холбоотой. Эдийн засгийн өршөөлийн ил тод байдлын тухай хууль ч үүнтэй холбоотой.  Тэнд өршөөгдсөн хүмүүс ч яг үүнтэй холбоотой.  Үүнийг л би системийн авлигын суурь, нам дамжсан МАНАН бүлэг гэж яриад байгаа юм.

-Маш энгийнээр тайлбарлахад яагаад авлигын хэргүүд шүүх дээр гацчихав.  Яагаад зөвхөн Ц.Элбэгдоржтой хамаатай, түүний хамаарал бүхий хүмүүсийн хэрэг шүүх дээрээс явахгүй байна вэ гэхээр Чимгээ, Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн  тэр шүүгчид яг хэвээрээ байгаа учраас юм.

-Энэ бүлэглэл, мөнгөний систем хүчтэй хэвээрээ байгаа учраас авлигын эсрэг тэмцэл ярвигтай байна.  Яг л энэ технологиор тэд цаг маш их хожсон.  Одоо ч хожихыг хүсэж байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 63 (7307)

УИХ-ын эмэгтэй гишүүд ягаан өнгөөр жигдэрчээ

Тодруулбал, Улс төрийн намуудын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг эмэгтэй гишүүд нэгдэн санаалчилсны хүрээнд ийн жигдэрчээ.

3 цаг 31 мин
Г.Дамдинням: Төрийн өмчит компаниуд дээр байгаа дарга нарын тавиулуудаа цэгцэлж чадах уу?

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниуд дээр байгаа дарга нарын тавиулуудаа цэгцэлж чадах уу?

9 цаг 47 мин
П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргаж байна, зүхвэл зүхэг

П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргаж байна, зүхвэл зүхэг

9 цаг 54 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчид бараалхжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгчид бараалхжээ

10 цаг 3 мин
Л.Гантөмөр: Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй

Л.Гантөмөр: Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй

10 цаг 6 мин
“Эрдэнэт” үйлдвэр: Л.Гантөмөр VS Д.Үүрийнтуяа

Д.Үүрийнтуяа: “Эрдэнэт” үйлдвэр 49 хувиа зарчихсан, энэ асуудлыг шийдээгүй байхад 10 хувийг нь олон нийтийн оролцоотой болгох боломжгүй

10 цаг 18 мин
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны онцлох ажлууд

2024 оныг “Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх жил” болгон зарласнаар 1.117.000 даатгуулагч даатгуулж, нийгмийн даатгалын санд  4613.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 663.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд нийт 4211.0 тэрбум төгрөг зарцуулж үйлчилгээ үзүүллээ.

13 цаг 6 мин
О.Дөлгөөн & Kim Go-eun

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, с

13 цаг 6 мин
Гацуурын гэрэл галын эрсдэл дагуулж байна

Хүүхэд насны дурсамжаараа хүн насан туршдаа тэжээгдэж амьдардаг.

13 цаг 6 мин
ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-2

Хэдэн жилийн өмнө хэчнээн гар дамжаад сүүлдээ улс даяар дуулиан шуугиан тарьж байсан “О

13 цаг 6 мин