Г.Пүрэвдорж: Бид цахилгаан станц барьж байж хараат байдлаас гарна

2023-10-04
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

 

-Монгол Улс эрчим хүчний хараат улс. Гэхдээ бид энэ байдлаас гарах боломж бололцоог байнга эрэлхийлж ирсэн.  Ер нь хараат байдлаас гарах боломж, арга зам нь юу вэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын үндэсний эрчим хүчний найдвартай ажиллагаа техник, эдийн засгийн хувьд алдагдаад олон жил боллоо. Цаашид энэ байдал хэдэн жил үргэлжлэх нь тодорхойгүй байна. Үүнийг би өмнө нь олон удаа ярьж  хэлж байсан.  Монгол Улс эрчим хүчний хараат улс мөн үү гэвэл мөн. Учир нь эрчим хүч гэсэн ойлголтод улс орноо түлш, цахилгаан, дулаанаар хангах, импортлох, экспортлох гээд цогц асуудлууд багтана. Гэтэл бид  бүх шингэн түлшээ гаднаас авч байна.  Цахилгаан хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө авч байна. Баруун болон Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чадлын дутагдлыг нөхөх, нэгдсэн сүлжээний давтамжийг ОХУ-ын эрчим хүчний тусламжтайгаар тохируулга хийж байна. 2022 онд Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний цахилгааны оргил ачаалал 1469 МВт-д хүрсэн, үүний 260 МBт буюу 17 хувийг импортоор хааж, 48 МВт-ын хөнгөлөлт хийж байсан бол өнгөрсөн өвөл оргил ачаалал 1474 МВт болж 81 МВт-ын хөнгөлөлт хийж байв.

Манай экспортын гол үйлдвэрлэл явагдаж эхлээд байгаа Өмнөд бүсийн цахилгааны оргил ачаалал 228.65 МВт-ынхаа 173 МВт-ыг нь импортоор хангаж байна. Оюутолгой цахилгааны хэрэгцээг үндсэндээ Хятадаас авч хангаж байна. Ер нь бол нийтдээ 2.1 тэрбум кВт· буюу 20.9 хувийг импортоор авч байна. Энэ бүх үзүүлэлтүүдийг жил болгон гаргаж ил тод мэдээлсээр ирсэн.  УИХ, Засгийн газрын түвшинд сайн мэдэж байгаа. Саяхан ОХУ импортын шингэн түлшээр хангаж байх орны тоонд манай улсыг оруулаагүй гэсэн албан ёсны мэдээлэл гарлаа. Мөн манайд өгдөг экспортын цахилгааны үнийг нэмэхээр болж байх шиг. Бид эрчим хүчний тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж чадахгүй байна. Үндсэндээ бүхий л зүйлийн импортлогч орон болжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай болчихлоо. Харин нэг сайн зүйл нь  манай малчид нарны эрчим хүчийг ашиглаж байна.  Гаднаас ямар нэгэн  хараат бусаар гэрэлтэй, гар утас, телевиз зэрэг цахилгаан хэрэгсэлтэй амьдарч байгаа нь сайшаалтай.  Хараат гэх сайнгүй байдлаас гарахыг манай эрчим хүчнийхэн хүссээр, санал санаачилга гаргаж үүнийг яаж шийдвэрлэх  талаар асуудал дэвшүүлсээр ирсэн дээ.   Нар, салхины цахилгаан станцуудаас бусад нь хэрэгжээгүй. Нар, салхины цахилгаан станцууд яаж хэрэгжив гэвэл үйлдвэрлэсэн эрчим хүчээ за­раад хөрөнгө оруулалтаа нөхөж чадах тийм хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгсөн юм.  2020 онд Салхины цахилгаан станцууд Төвийн бүсийн цахилгааны оргил ачаалалд 107 МВт-аар буюу 7.2 хувийг хангаж чаджээ.

-Бид энэ боломж бололцоо, гарц гаргалгаагаа яаж ашиглах вэ?

-Нэгдүгээрт, Эрчим хүчний салбарыг алдагдалгүй ажилладаг болгох хэрэгтэй. Ингэснээр тулгамдаад байгаа ажилчдын цалин, нийгмийн асуудал, цахилгаан станцууд, дамжуулах түгээх шугам сүлжээгээ засаж сэлбэн найдвартай ажиллагааг хангах нэг нөхцөл болно. Үнэ тарифыг нэмэх үү, эсвэл алдагдлыг нөхөх үү гэдгийг сонгож Засгийн газар шийдэж хэрэгжүүлэх ёстой. Энэ нь бүр нарийндаа эрчим хүчний салбарын шийдэх асуудал биш л дээ. Алдагдалгүй ажиллах саналаа УИХ, Засгийн газарт олон удаа өгсөн шүү дээ. Үе үеийн УИХ, Засгийн газар л ард түмнээ бодсон нэрийн дор бүрэн шийдэлгүй аргацаасаар өдий хүрлээ. 

Саяхан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо санаачлан “Тэвчээрийн тог тасарлаа” гэсэн нэрийн дор Монголын эрчим хүчний салбарын ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Эдийн засаг санхүүгийн хувьд алдагдалтай, хэрэглэгчийг цахилгаан дулаанаар бүрэн хангаж чадахгүй болж дутагдалд орсон.  Хэлсээр ярьсаар байтал УИХ, Засгийн газраас   дорвитой арга хэмжээ авсангүй.  Иргэдийн ярьдгаар гал унтраах байдлаар хандсаар байгаа тул салбар бүхэлдээ, ажиллагсад хүнд байдалд орж байна.  Яг үнэндээ цалин хүрэлцэхгүй байна, нийгмийн асуудал хоцорлоо,  аюулгүй ажиллагааг тоног төхөөрөмж минь хангаж чадахаа болилоо. Үүнийг хэрэглэгчдэдээ зөөлнөөр хэлсэн. Төр засагтаа анхааруулсан. Ажилчдын тэвчээр тасарвал хүнд л юм болно. Эцсийн дүндээ ажилдаа үнэнч ханддаг мэргэжлийн чадварлаг ажилтан хүн л хүнд байдлаас аварна шүү дээ. Үүнийг УИХ, Засгийн газар мэдэж байгаа гэж найдаж байна. 

Хоёрдугаарт, Юуны түрүүнд чадлын дутагдалгүй болж эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох ёстой юм. Тэгвэл хараат байдал үгүй болно. Найдвартай ажиллагаа хангагдана. Шинэ сэргэлтийн бодлого бүрэн дүүрэн хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Одоо биеийн хүчээр хийдэг ажил явахаа байсан шүү. Цахилгааны хүчээр хөдөлмөрийг хэдэн арав, зуу дахин хөнгөвчилж болно. Утаанаас салж болно гээд тоочоод байвал урт цуваа үүснэ. Үүнийг хүн бүхэнд мэддэг. Тэгвэл одоо яах вэ гэвэл шийдэл хэлье. Одоогийн нөхцөл байдлыг бүхэлд үнэлэн үзвэл, юуны төлөө нүүрсний арвин нөөцтэй билээ.  Нүүрсээр ажилладаг 1000 МВт-аас доошгүй чадалтай Дулааны цахилгаан станцыг  Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр барих хэрэгтэй. Энд гадны хөрөнгө олох найдвар маш бага. Бараг үгүй байх. Чадлын дутагдалтай, эрчим хүчний хэрэглээ жил тутам долоон хувиас дээш өсөж байхад хөрөнгө оруулалтаа 8-10 жилд нөхнө гэдгийг өөрийн хийж байсан ТЭЗҮ, судалгааныхаа ажлын үндсэн дээр хэлж байгаа юм. Гуравдугаарт,  Эрчим хүчнийхэн сүржигнэлээ, өөрсдөө юу хийж байсан юм бэ гээд цахим мэдээллийн орчинд санал бодлоо илэрхийлж байх юм. Тэгвэл, иргэн та, аж ахуйн нэгж бүр эрчим хүчээ хэмнэх, болж өгвөл оргил ачааллын үед буюу 17-22 цагийн хооронд зайлшгүй бус хэрэглээгээ багасгавал таны оруулах хувь нэмэр байх болно шүү. Манай салбараас үндсэндээ хамааралгүйгээр тэнхээ тамирын хязгаар дуусаад байна шүү. Ийм нөхцөлд мэргэжлийн ажилчдынхаа  ур чадварын хүчээр олон жил сайн ажилласаар, олон өвлийг давсаар ирсэн, одоо ч давах байх. Гэхдээ л бүрэн итгэж чадахгүй байна. Эрчим хүчний хараат орон болсны шинж биз ээ. 

-Эрчим хүчний салбар олон улсад нэлээд эрчимтэй хөгжиж байна.  Ялангуяа урд хөршөөс суралцах зүйл нэлээд байх шиг. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Улс орны аюулгүй байдлын нэг тулгуур нь эрчим хүч байдаг тул хөгжсөн орон бүхэн өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангадаг болохын төлөө чармайж ирсэн  нь мэдээж. Тэд нүүрс, ус, атомын цахилгаан станц байгуулж хараат бус байдлаа хангаж байна. Нүүрс ашигладаг буюу хүлэмжийн хий ялгаруулдаг технологиос татгалзаж байна. Энэ бол дэлхийн асуудал юм. Манай улс үүнээс хоцроогүй, зарим талаар гайхамшигт амжилтад хүрсэн шүү. Нутаг сэлгэн нүүдэг малчдыг нарны эрчим хүч ашиглан цахилгаантай, улмаар орчин үеийн ямар ч мэдээллийн хэрэгслийг ашиглах боломжийг олгов. Үүний ач холбогдлыг дэлгэрүүлэн ярих   нь илүүц байх. Эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 10 хувийг нар, салхи, уснаас  гаргаж байна.  Урьд хөрш Бээжинд утаа гаргадаг бүхнийг хааж байж утаагүй болсон. Хятад улс бүс нутаг, дэлхийн хэмжээнд ажиллахыг зорьж байна. Үүнд бид үр ашигтай оролцохыг хичээх хэрэгтэй.  Товчхондоо шинжлэх ухаанд суурилсан аргаар ажиллах хэрэгтэй.

-Уг нь бид эрчим хүчний асуудлаа ямар нэгэн байдлаар шийдэж чадвал үүнийг дагаад маш олон асуудал шийдэгдэх боломжтой. Агаарын бохирдлоос эхлээд магадгүй улс орны хөгжил шинэ шатанд хүрэх болов уу.  Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Улс орны хөгжил дэвшилд эрчим хүчний хангамж шийдвэрлэх үүрэгтэй. Одоо өвөл эхэллээ. Улаанбаатарт хүндхэн өвөл болох байх. Уг нь эрчим хүчний нөөц чадалтай бол утааг арилгахад ядах юмгүй. Цахилгаан халаагуураар л  шийднэ. Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жилд 400 сая ам.долларын эрүүл мэндийн зардал гардаг гэсэн судалгааг олон улсын байгууллага нэлээд хэдэн жилийн өмнө хийсэн байсан. Одоо ч энэ дүн нэлээд өссөн байх.  Улс орныг цахилгаан, дулаанаар хангах асуудал нь нүүрсний уурхайгаас эхлээд дулааны цахилгаан станц, дамжуулах, түгээх шугам сүлжээнээс бүрдсэн цогцолбор байдаг. Үүнийг салгаж болохгүй.  Эрчим хүчний үйлдвэрлэлийн цогцолбор технологи юм. Олон улсын жишгээр авч үзвэл, Эрчим хүчний салбар нь түлш олборлох, боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх түгээх, борлуулах үйл ажиллагаанд оролцдог бүх салбаруудын нэгдэл. Бидний амьдарч буй энэ цаг үед нийгэм, эдийн засагт хэрэгцээт эрчим хүчийг гарган авахад их хэмжээний түлш хэрэглэж байгаа бөгөөд эрчим хүчний салбар нь бүх улс орны нийгмийн дэд бүтэц, үйлчилгээний чухал хэсэг.  Тэгэхээр том чадлын нүүрсний станцыг бариагүй тохиолдолд манай улс эрчим хүчний асуудлаа бүрэн хэмжээнд сайжруулж чадахгүй. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ хэрэглэгчиддээ найдахаас өөр аргыг би харахгүй байна. Үнэ тарифыг ядаж эрчим хүчний салбар алдагдалгүй ажилладаг хэмжээнд хүргэхийг манай хэрэглэгчид дэмжих хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг нүүрсний уурхайнуудыг ЭХЯ-ны шууд харьяанд оруулах хэрэгтэй.

-Хэрэглэгчдэд найдахаас өөр аргагүйд хүрлээ гэж байна.  Ер нь цахилгаан хэмнэх асуудалд иргэд юу хийх боломжтой вэ?

-Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг Засгийн газар онцгой анхаарч тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд, хамрагдахгүй аж ахуйн нэгж, айл өрх үлдэж болохгүй. Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын нэгэн хэсэг нь хоногийн ачааллын графикийг тэгшитгэх байдаг.

  Шөнийн бага ачааллын үед ажиллах үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулахын зэрэгцээ оройн оргил ачааллыг бууруулах нэгэн арга болгон хэрэгжүүлэх боломжтой. Зөвхөн өвлийн их ачааллын үед том чадлын хэрэглэгчдийн ажиллах цагийн графикт өөрчлөлт оруулах, шинэ технологи ашиглах замаар оройн их болон шөнийн бага ачааллыг тэгшитгэх шаардлагатай.

-Хүйтрээд ирэхээр манай эрчим хүчний салбарынхан нэлээд сандардаг. Гал алдахгүйг хичээсээр арай гэж хавартай золгодог энэ байдлаас бид хэрхэн гарах боломжтой вэ?

-Гал алдахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Эрчим хүчнийхээ мэргэшсэн, чадварлаг инженер техникийн ажилтан ажилчиддаа найдаж байна. Харин энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал, ахуй амьдралд анхаарсан арга хэмжээ авч байж итгэл найдвар  хүлээлгэх нь огт тайлбар хэрэггүй зарчим шүү. Үүнийг УИХ, Засгийн газар л хийж чадна.  Саяхан болсон зөвлөгөөн дээр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх эрчим хүчний үнэ тарифыг нэмэх талаар хариулт хэлж чадахгүй байна лээ. Ядаж л орон сууцны айлын дулааны үнийг нэмэх хэрэгтэй.  Хангалттай чадлын нөөцийг бүрдүүлэхгүй бол аргацаасаар ирсэн байдал үргэлжилсээр байх нь мэдээж. Энэ өвөл цахилгаан, дулааны тодорхой хэмжээний хязгаарлалт хийж таарна. Жилээс жилд эдийн засаг, техникийн хувьд улам бүр дордож байгаа нь бодит үнэн. Энэ бол сүрдүүлэг, шантааж биш гэдгийг бүгдээрээ ойлгоосой гэж хүсэж байна. Эрчим хүч хүндэрвэл, шатахуун тасарч байгаа шиг эрчим хүчнийхэн төдийгүй улс орон даяар бүгд л даарч хөрөөд сандрах нь мэдээж.

-Сэргээгдэх эрчим хүч гэж их ярьж байна.  Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай ярилаа.  Энэ мэдэгдэл, Засгийн газрын зорилтыг та хэрхэн харж байна вэ?

-Би сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн судлаач. Энэ салбарын мэргэжилтэн гэж болно. Бид энэ асуудалд гайхамшигтай суурь амжилтад хүрсэн. Манай зарим дарга нар сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн жишиг энэ тэр гээд зүгээр л реклам болгоод байна. Олон улсын зарим нэг тусламж дэмжлэгээр хийсэн төслийн нээлтэд очоод л  эрчим хүчний хангамжийг бүрэн шийдчихсэн мэтээр ярих юм. Шинжлэх ухааны судалгаанд үндэслэн ул суурьтай хандах ёстой юм. Нэгдүгээрт,  сэргээгдэх эрчим хүч бол малчид цахилгаангүй лаа, тосон дэнгийн гэрэлтэй, сумын төвүүд харанхуй байх үед заавал хөгжүүлж хэрэглэх Монгол Улсын асуудал байсан. Хөгжүүлснээр ч өмнө дурдсан сайхан үр дүн, амжилтад хүрсэн.  Хоёрдугаарт,  одоо бол сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлт дэлхий дахины асуудал юм гэж ойлгох нь зүйтэй. Учир нь дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа хүлэмжийн хийг бууруулах, түлш хэмнэх, түлшний нөөцгүй улс оронд бол түүнийгээ орлуулах гээд эрчимтэй хөгжүүлж байгаа. Дэлхий даяар дэмжин хөгжүүлж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүчний оргил ачааллыг хааж чадлын дутагдлаас бүрэн гарах боломж ойрын хэдэн жилд лав үгүй. Харин сайтар судалгаа хийгээд, олон улсын түвшний харилцан ашигтай гэрээ хэлэлцээр байгуулаад  Хятад болон Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд цахилгаан нийлүүлж эрчим хүч экспортлогч орон болох бүрэн боломж бий.  Улс орнууд ч манайхтай хамтрахыг хүсэж байгаа.  Судалгаа, тооцоонуудыг хийж хаана ямар хэрэгцээ байгаа зэргийг  гаргасан байдаг.   Ер нь бол сэргээгдэх эрчим хүч, атом, устөрөгч гээд утаа гаргадаггүй эрчим хүчний нөөц бол сав ертөнцийг амирлуулах ирээдүйн эрчим мөн  гэдгийг онцлон тэмдэглэе.

-Эрчим хүч бол стратегийн чухал ач холбогдолтой салбар.  Энэ салбарт төрийн тушаал  шийдвэр, залгамж чанар их чухал байх.  Улстөржилт, улс төрийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байна вэ? 

-Социализмын үед бол түрүүлэн хөгжүүлэх бодлогоор одоогийн эрчим хүчний суурийг тавьжээ. Энэ сайн суурийн ачаар манай эрчим хүчний салбар өдий зэрэгтэй явж ирлээ. Нэг хэсэг бүх юм хувийн бол сайн болно гэж шуурсан. Гаднын хөрөнгө оруулалт татна энэ тэр гэх зэрэг нь сэргээгдэх эрчим хүчнээс бусад чиглэлээр зарим талаар үр дүнд хүрсэнгүй. Залгамж бодлого нэг хэсэг тасарсан. 2015 онд гарсан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого хэмээх баримт бичгийн хамгийн эхэнд:

“1.1.Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар мөн.

1.2.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилго нь улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, цаашид эрчим хүч экспортлогч орон болоход оршино” гэсэн үг үсэг, сайхан зорилт орсон байв. Энэ зорилт хэрэгжих нь байтугай, одоо яаж онд орох вэ гэдэг дээр тулсаар олон оныг үдлээ.  Одоо эрчим хүчний салбарыг хэвийн болтол нь хувьчлал, хувийн хэвшлийн менежмент сайхан болгоно гэх зэргээр  гоё үгээр хуурч тэвчээр нь шавхагдах гээд байгаа хамт олныг бужигнуулах хэрэггүй. Сайн үр дүн гарахгүй нь мэдэгдээд байгаа. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын эрчим хүчний хангамж хөрш орнуудын хараат, харин эрчим хүчний салбар маань үнэ тариф, шинэ эх үүсвэр байгуулж хүч чадлаа нэмэе гэх зэрэг бүх үйл ажиллагаа  нь төрөөс хараат байна. Иймд УИХ, Засгийн газар гаднын хөрөнгө оруулалт хайж хоосон цаг алдалгүйгээр  1000 МВт-аас их чадалтай нэгэн нүүрсний  Дулааны цахилгаан станцыг өөрийнхөө хөрөнгөөр барьсан цагт таны санаа зовоод байгаа гаднын хараат байдлаас цахилгаан эрчим хүчний  хувьд гарах алхам болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Уржигдар 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Уржигдар 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Уржигдар 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Уржигдар 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Уржигдар 07 цаг 10 мин