Э.Энхтөгс
Буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй байгууллагын 170 гаруй тамирчин олимпын 10 дасгалд өрсөлдсөн юм. Үүнээс манай хоёр тамирчин улсынхаа рекордыг тогтоожээ. 10 метрийн хийн урт бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Янжиндулам 417,8 оноогоор рекорд эвдсэн бол 50 метрийн урт бууны төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор өмнөх амжилтаа шинэчилжээ. Манай улсын олимпын найдвар болсон төрөлд буудлага зүй ёсоор ордог. Шагнал гардуулах ёслолын үеэр энэ спортод шимтэн дурлах хүүхэд залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг тэмцээний зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.
