“Алтан цом” Ховдын их гурвалгүй үргэлжилнэ

2022-12-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Дэмбэрэлням

 

Монголын үндэсний бөхийн холбоо “SPS” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны II шат амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг наймд Увс, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Булган, Төв аймгийн баг шалгарав. Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн арслан О.Наранбаатар, Т.Довчинсэмбээ нараас бүрдсэн Өвөрхангайн баг Улаанбаатар хотын багтай учраа таарч 25 барилдаан хийснээс 22 давсан амжилт үзүүлэв. 
Энэ нь II шатанд өрсөлдөгч багаа хамгийн хол давааны зөрүүтэй хожсон юм. Мөн энэ шатанд Увс аймгийн багаас даян аварга Н.Батсуурь Япон руу тэмцээнд оролцохоор явсан учир барилдаагүй. Түүний оронд улсын гарьд Ө.Бат-Орших барилдсан юм. Мөн бэртлийн улмаас барилдаагүй цэргийн арслан Л.Отгонбаатарыг орлож улсын арслан Р.Пүрэвдагва барилдсан нь барилдааныг үзүүштэй болгож байлаа. 

 

Хөлбөмбөг үзэж буй юм шиг уур амьсгал

 

II шатны сугалаа болсон өдрөөс бөхийн хорхойтнууд үзэгчдийн дунд том хүлээлт үүссэн. Энэ нь Архангай, Ховд аймгийн багийн өрсөлдөөн хэрхэн өрнөх бол гэсэн таамаг байлаа. 10 хоногийн өмнөөс л үзэгчид аль баг нь ялах талаар таамаг дэвшүүлцгээж байв. Зарим нь “Арай эрт таарлаа даа” гэж халаглаж ч байсан. Ингээд хүлээсэн өдөр ирж барилдаан эхэллээ. 12 шилдэг бөхийн 25 барилдааныг үзэхээр Монгол бөхийн өргөөний 2500 суудал битүү дүүрчээ. Барилдаан эхний тойргоосоо үзэгчдийг шуугиулж суудлаас нь өндөлзүүлж эхлэв. Эхний тойрогт аймгийн арслан Э.Мөнхжаргал шинэ аварга О.Хангайг сугадаж мушгиад өвдөг шороодууллаа. Хоёрдугаар тойрог Ховдынхны хувьд тааварлашгүй муу болсон юм. Уран барилдаант харцага Б.Зоригтбаатар баруун халз хутгаад Б.Бат-Өлзий зааныг давж энэ тойрогт багтаа ялалт авчирсан. Архангайн дэмжигчид бөхчүүдийн нэр бичсэн баннер, зураг авчирч багаа зохион байгуулалттай их спортын фэнүүд шиг дэмжиж байлаа. Харин Ховд аймаг нэгдсэн зохион байгуулалтгүй ч даваа авах бүрт уухайн түрлэг тасрахгүй байв. Нэг хөгжөөн дэмжигч бүжиглэж байгаа харагдсан. 
Гуравдугаар тойргийн онцлох барилдаан нь улсын гарди М.Бадарч, Б.Бат-Өлзий заануудын хооронд болсон. Өмнө 11 удаа учраа таарч заан зургаад нь давж байсан бол энэ удаа М.Бадарч гарди баруун хөлийг нь шүүрч өргөж даваад хоорондын харьцаагаа тэнцүүлэв. Тус тойрогт Б.Зоригтбаатар өнөө цагийн манлай заан Б.Пүрэвсайханыг давснаар багтаа ялалт авчирсан. Дөрөвдүгээр тойргийн шуугиан нь аймгийн арслан Э.Мөнхжаргал байлаа. Тэрбээр улсын заан Б.Бат-Өлзийг зүүн этэж тэнцвэр алдуулаад хутгаж давснаар багтаа энэ тойрогт илүүрхэх давааг авчирсан юм. О.Хангай аварга, Б.Бат-Өлзий заан хоёрыг нэг өдөр давдаг бөх тун ховор. Э.Мөнхжаргал энэ амжилтыг  үзүүлээд зогсохгүй Ховдын хүчирхэг багийн эсрэг дөрөв давсан юм. 
Эцсийн тойргийн өмнө Архангайн баг 12:9-өөр тэргүүлээд эхэлсэн. Тэд сүүлийн тойрогт нэг давахад ялалтыг авахаар болсон байв. Баг тус бүрт хоёр дасгалжуулагч зөвлөгөө өгч байлаа. Архангайн фэнүүд баяраа тэмдэглэцгээж бүгд гар утасныхаа гэрлийг асаан нутгийнхаа сүлд дууг дуулж, хоёр багийн бөхчүүд дасгалжуулагч багш нартайгаа ярилцах нь дэлхийн том ордонд хөлбөмбөг үзэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Сүүлийн тойрогт Ховдынхон тун сайн барилдаж дөрвөн даваа авч ойртуулсан. Гэвч энэ өдрийн гол баатар Б.Зоригтбаатар харцага аймгийн арслан Ц.Төмөрцоожийг давж багтаа ялалт авчирав. Үзэгчдийн нүргээн үнэн зоригт харцагын барилдаан үндэсний бөх сонирхогчдын тансаглал гэлтэй. Ингээд Архангай аймгийн баг шигшээ наймд шалгарч, О.Хангай аваргаар ахлуулсан Ховдын баг хасагдлаа.

 

Ц.Бямба-Отгон харцага нэг ч унаагүй тэргүүлж байна

 

“Алтан цом”-ын төлөөх барилдааны эхний хоёр тойргийн дараах байдлаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон нэг ч уналгүй 10 давснаар нийт бөхийг тэргүүлж байна. Түүн шиг нэг ч унаагүй өөр нэг бөх байгаа нь шинэхэн гавьяат М.Лхагвагэрэл заан юм. Тэрбээр эхний тойрогтоо барилдаагүй ч хоёрдугаар тойрогтоо тав барилдаж өвдөг шороодоогүй. Отгон харцага Ц.Бямба-Отгоны араас есөн даваа нэг унаатай улсын аварга О.Хангай,  начин Б.Чимидвандан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат, аймгийн арслан О.Наранбаатар нар бичигдэж байна. 
Хоёр тойрогт баг тус бүр 50 барилдаан хийсэн. Үүнээс Завхан аймгийн баг 44 давж тэргүүлэв. Шинэ заанаар удирдуулсан энэ баг нэгдүгээр тойрогтоо нэг ч уналгүй 25 давсан. Энэ тохиолдол одоогоор дахин давтагдаагүй байна. Завхан аймгийн багийн араас Өвөрхангай аймгийн баг 41 даваагаар удааллаа. Үндэсний “Алтан цом”-ын төлөөх барилдааны II шат ийнхүү өндөрлөлөө. Үлдсэн найман баг 2023 оны хоёр, дөрөв, зургадугаар сард тойргийн журмаар тус бүр долоон барилдаан хийж аваргаа тодруулна. Аварга болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)

Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

56 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

1 цаг 1 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

1 цаг 6 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

1 цаг 6 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

1 цаг 11 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

1 цаг 16 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

1 цаг 21 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

1 цаг 26 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

16 цаг 6 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

16 цаг 14 мин