Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлын хөндөж, Ерөнхий сайд Н.Учралтай чуулганы танхимд нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9.0 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.5 их наяд төгрөг болж, урсгал зардал 7.0 их наядаас 33.5 их наяд төгрөгт хүрсэн ч өрхийн бодит орлого ердөө 62.0 хувиар өссөн тухай статистик мэдээллийг танилцуулж, энэ зөрүүгийн цаана төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудал оршиж буйг шүүмжилсэн юм. Монгол Улсын төсөв бодлогод бус зардалд суурилах болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байгаа уул уурхайгаас хэт хамааралтай өрөөсгөл бүтэцтэй холбоотойг тодорхой тайлбарлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2027 онд ДНБ-ий 2.0 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувь хүргэж бууруулах зорилт тавьжээ. Төсвийн реформын эхлүүлж, үүний хүрээнд төрийн өмчит компанийн ноогдол ашгийг төсөвт татан төвлөрүүлж, төсвийн гадуур явдаг хөрөнгийг ил тод болгож эхэлснийг Ерөнхий сайд хариултдаа онцолсон байна.
Эх сурвалж: polit.mn